| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00048/и |
| Дугаар | 152/ШШ2024/00097 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00097
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-ийн,
Хариуцагч: С.Г- холбогдох,
Үндсэн зээл 5,600,000 төгрөг, олох байсан орлого 5,920,000 төгрөг, нийт 11,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Э,
Хариуцагч С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Г нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр надтай утсаар ярьсан. Тухайн үед би хөдөө ноолуур авч явсан ба энэ хүнийг би урьд нь бараг таньдаггүй байсан. Гялс төгрөг ББСБ-д эдийн засагч хийж байхад нь би нэг удаа зээл авсан. Над руу утсаар ярихдаа би Улаанбаатар хотод нэг компанитай трансформатор нийлүүлэх гэрээтэй, 2 трансформатор нийлүүлчихсэн. Одоо 4-ийг нийлүүлэх гэрээтэй, олон хүнтэй нийлмээргүй байна. Надад 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. хоёулаа хамтаръя, ашгаа тэнцүү хуваана гэсэн. Би С.Гыг ажил хийдэг, олон хүнтэй харьцдаг, эдийн засагч хүн худлаа хэлэхгүй байх гэж бодоод зөвшөөрсөн. Тухайн үед би ноолуур, мал, мах авах гээд Хаан банкнаас 2,1 хувийн хүүтэй 52,000,000 төгрөгийн зээл авсан мөнгөтэй байсан учир мөнгө нийлүүлсэн. Би мөнгө өгөхдөө 2023 оны 5 дугаар сард 4,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сард 5,600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3,700,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөг, 9 дүгээр сар гэхэд үлдэгдэлгүй бүгдийг нь бэлэн өгнө шүү гэж хэлээд өгсөн. С.Г асуудалгүй өгнө гэж хэлээд авсан боловч хугацаандаа өгөхгүй маргааш, нөгөөдөр өгнө гэж худал хэлж явсаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг дансаар, 700,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг мөн л банкнаас зээл авч байна маргааш өгнө гэж худал хэлсээр өдийг хүрсэн. Сүүлдээ утсаа авахаа больсон. 9,600,000 төгрөгөөр мал авсан бол нэг мал /хонь/-ыг 100,000 төгрөгөөр бодож 96 төлөг авна. Нэг малаас 15,000 төгрөгийн ашиг гарна. 5,000 төгрөг бензин, тос, хоол унд гэх мэт урсгал зардалд, цэвэр ашиг нь 10,000 төгрөг. 96 малыг 10,000 төгрөгөөр бодоход 960,000 төгрөгийн ашиг гарна. 960,000 төгрөгийг 5 сараар бодвол 4,800,000 төгрөг болох байсан. С.Г 10 дугаар сард нийт 4,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,600,000 төгрөгөөр 11, 12 дугаар сард мал авахад 56 малыг 10,000 төгрөгөөр бодоход 560,000 төгрөг болж байна. 2 сараар бодвол 1,120,000 төгрөгийн, нийт 4,800,000+1,120,000=5,920,000 төгрөгийн ашиг олох байжээ. Алданги 5,920,000+5,600,000 төгрөг, үндсэн мөнгө үлдэгдэл 11,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 8 сарын хугацааны хүү оруулаагүй болно. Аман гэрээ хийсэн ч гэсэн хэлсэн ярьсандаа хүрэхгүй албан тушаалаа ашиглан нэг удаа үйлчлүүлсэн харилцагчаас мөнгө зээлдэж хууран залилсан ёс зүйгүй алдаа гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хийх ёстой байсан ажлынхаа төлбөрийг нэхэмжилсэн, зээлийн хүүг нэмж нэхэмжлээгүй. Би банкнаас авсан зээлийн хүү тооцож үзэхэд 1,200,000 төгрөг болж байна. Гэхдээ би хүүгээ нэмж нэхэмжлээгүй. Хариуцагчийн хандлагыг харахад хүнийг бодох шаардлагагүйгээр зээлийн хүүгээ нэмж нэхэмжилдэг байж гэж бодсон. Намайг хөдөө ноолуур аваад явж байхад 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,200,000 төгрөг авсан. Дараа нь 3,700,000 төгрөг авсан. Би анх мөнгө өгөхдөө би 6 дугаар сард Баян-Өлгий аймаг руу багзаг нийлүүлэх гэрээтэй тэрнээс өмнө гаргаж өгнө гэвэл авч болно гэж хэлээд мөнгөө өгсөн. Сүүлд 3,700,000 төгрөг авчхаад өгөхгүй 10 орчим хоноход нь би уурлаад утсаар ярихад Хаан банкин дээр хүнээс мөнгө авах гэж байгаа бололтой нэг хүнтэй хамт байсан. Удалгүй миний араас ирээд 700,000 төгрөг өгөөд, бага багаар цувуулаад өгсөөр байж миний тооцоогоор 5,400,000 орчим төгрөг үлдсэн байх ёстой. Одоо С.Г 5,150,000 төгрөг үлдсэн байх ёстой гээд байгаа. Би сүүлдээ банкны мөнгөө хийж чадахаа болиод мөнгөө нэхэхэд одоо хийлээ гээд л худал, үнэн хэлээд яваад байж өдий хүрсэн. Би Баян-Өлгий аймаг руу мал зараад хэдэн төгрөгийн ашиг олох ёстой байсан тооцоог хийгээд С.Гт харуулж чамаас болж 1,800,000 төгрөг нэг удаагийн явалтаас алдсан тухайгаа ч хэлж байсан. 9 дүгээр сард урд сумуудаар мал цуглуулахаар явна тэр үед мөнгөө бэлэн болгож өгөөрэй гэхэд ахаа асуудалгүй, тэр үед өгнө гэсэн боловч өгөөгүй. Утсаар залгахаар байнга автомат хариулагч дээрээ тавьчихдаг 10 дугаар сард эхнэр маань залгахад удахгүй хийлээ эгчээ гэж хэлчхээд хийгээгүй учраас С.Гыг мөнгөө өгөхгүй гэж шийдсэн юм байна гэж бодоод шүүхэд хандсан” гэв.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч С.Г миний бие нэхэмжлэгч Н.Эгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Н.Эгаас 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3,700,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөг зээлдэн авсан. Үүнээс 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 950,000 төгрөг, нийт 8,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Эгийн Хаан банк дахь 5819003960 тоот данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл тооцоо 5,150,000 төгрөг үлдсэн. Миний бие 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэдгээ хэлээд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр холбогдож зээлдсэн. Цалингийн зээл аваад төлнө гэж тооцсон бөгөөд шинэ ажилд орсон тул хугацаа алдах эрсдэл үүссэн. Гэхдээ миний бие өөрийн цалин болон бусад хэлбэрээр нэхэмжлэгчид 8,150,000 төгрөг төлсөн болно. Уг мөнгө зээлэхдээ хүү болон нэмэгдэл төлбөрийн талаар ямар нэгэн тохирсон яриа байхгүй. Нэхэмжлэгч тухайн үед надад зээлдэх зориулалтаар банкнаас зээл аваагүй учир хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна. Мөн хийгдээгүй бизнесийн ирээдүйн ашгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд миний бие нэхэмжлэгчийн үлдэгдэл тооцоо болох 5,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 199,270 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Н.Э хариуцагч С.Гт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,600,000 төгрөг, олох байсан орлого 5,920,000 төгрөг, нийт 11,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. С.Гын хүсэлтээр 2023 оны 5 дугаар сард 4,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3,700,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Хаан банкнаас 52,000,000 төгрөгийг 2,1 хувийн хүүтэй зээлсэн мөнгөтэй байсан. С.Г нь дээрх 13,300,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сар гэхэд бэлнээр, бүгдийг нь өгнө гэсэн боловч тохирсон хугацаандаа төлөөгүй. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дансаар 3,000,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,600,000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй. 2023 оны 10 дугаар сард 4,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 5,600,000 төгрөгийг төлөөгүй.
2.2. Миний бие 2023 оны 9 дүгээр сард С.Гаас дээрх 9,600,000 төгрөгийг авсан бол нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй 96 төлөг худалдан авч, 115,000 мянган төгрөгөөр худалдан борлуулж, 5 сарын хугацаанд 4,800,000 төгрөгийн ашиг олох байсан. С.Г нь 2023 оны 10 дугаар сард 4,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,600,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. С.Гаас дээрх 5,600,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сард авсан бол 2023 оны 11,12 дугаар сард нэг бүрийн үнэ 100,000 төгрөгөөр 56 төлөг худалдан авч, 115,000 төгрөгөөр худалдан борлуулж 1,120,000 төгрөгийн ашиг олох байсан.
Иймд үндсэн зээл 5,600,000 төгрөг, олох байсан орлого 5,920,000 төгрөгийг С.Гаас гаргуулах хүсэлтэй байна.
Миний бие С.Гаас олох байсан орлого 5,920,000 төгрөг нэхэмжилж байгаа тул 9,600,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлсэн хүү 1,184,000 төгрөгийг гаргуулахгүй гэв.
3. Хариуцагч С.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
3.1. Анх Н.Этай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр холбогдож, 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэдэгээ хэлээд мөнгө зээллэсэн. Мөнгө зээллэх үедээ хүү болон нэмэгдэл төлбөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Нийт 13,300,000 төгрөг зээллэсэн ба үүнээс 8,150,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл төлбөр 5,600,000 төгрөг бус 5,150,000 төгрөг байгаа.
3.2. Нэхэмжлэгч Н.Э нь надад зээлдүүлэх зорилгоор банкнаас мөнгө зээллээгүй учраас зээлийн хүүг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн хийгдээгүй бизнесийн ашгийг нөхөн төлөх боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч С.Гы Хаан банк дахь 5822105991 тоот харилцах дансанд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3,700,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Э, хамтран эзэмшигч Б.Г нарын Хаан банк дахь .............. тоот харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. Түүнчлэн зохигчид нийт зээлдүүлсэн мөнгөний хэмжээний талаар маргаагүй.
Нэхэмжлэгч талаас “...хамтран трансформатор нийлүүлж, олсон ашигаа хуваахаар тохиролцсон, дээрх зорилгыг хэрэгжүүлж, ашиг олохын төлөө мөнгө шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас хариуцагч С.Гтай хэдэн төгрөгөөр ямар трансформатор худалдан авч, хэнд, хэрхэн худалдан борлуулж, хэдэн төгрөгийн ашиг олох талаар харилцан ярилцаж, тохиролцсон эсэх талаар тодруулахад “...тэр талаар ярилцсан зүйлгүй, мэдэхгүй” гэх тайлбар гаргасан ба гагцхүү хариуцагч С.Г нь мөнгө зээллэсэн учраас тодорхой хэмжээний ашиг өгөх байх гэж бодоод мөнгө зээлдүүлсэн гэх тайлбарыг гаргадаг. Иймд зохигчдыг ашиг олох зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээсэн хамтран ажиллах гэрээний талууд гэж дүгнэх боломжгүй байна.
Харин зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч талаас 13,300,000 төгрөгийг бэлэн бусаар хариуцагч С.Гын өмчлөлд шилжүүлснээр зохигчдын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь анх зээлийн гэрээг байгуулахдаа хүүгийн талаар тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь зээлийн хүүгийн талаар тохиролцсон зүйлгүй, гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч С.Гаас олох байсан орлого 5,920,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа тул зээлийн гэрээний дагуу хүү шаардахгүй гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
4.2. Хариуцагч С.Г 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Эд бэлэн бусаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5819003960 тоот харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч талаас 2023 оны 8 дугаар сард 700,000 төгрөг бэлнээр, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 950,000 төгрөгийг бэлэн бусаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх тайлбар гаргасан ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй.
Зохигчдын зүгээс үндсэн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч тал 5,600,000 төгрөг гэж тайлбарласан бол хариуцагч тал 5,150,000 төгрөг байгаа гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн дээрх тайлбарын талаар тодруулахад “... С.Г 250,000 төгрөгөөр 2 удаа мөнгө шилжүүлсэн гэж яриад байгаа. Миний хувьд дансны хуулгаа сайн нягталж шалгаагүй байгаа. Хоёр удаа шилжүүлсэн байж магадагүй....” гэх тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5819003960 тоот харилцах дансны хуулгаас үзвэл хариуцагч С.Г 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөгийн үнийн дүнтэй, нийт 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах данс руу хоёр удаагийн үйлдлээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн хариуцагч С.Г нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Эд 8,150,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба талуудын хооронд байгуулагдсан 13,300,000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,150,000 төгрөг гэж дүгнэв.
Нэхэмжлэгч талаас хариуцагч С.Г нь зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2023 оны 9 дүгээр сард бэлнээр төлж барагдуулахаар тохиролцсон гэх тайлбар гаргасан ба хариуцагч талаас зээлийн гэрээний хугацааны талаар маргаагүй.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан ба хариуцагч С.Г нь зээлийн гэрээний дагуу үлдэгдэл зээлийн төлбөрийг 2023 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Н.Эд төлж барагдуулах тухай гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлж, нэхэмжлэгч талаас удаа дараа сануулсаар байтал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Э нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,150,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн олох байсан орлого 5,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч талаас хариуцагч С.Г нь зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлж, үлдэгдэл төлбөр болох 9,600,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сард төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 9,10,11,12 дугаар сар болон 2024 оны 01 дүгээр сард буюу нийт 5 сарын хугацаанд 4,800,000 төгрөгийн олох байсан орлого буюу хохирол, үлдэгдэл 5,600,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас 2023 оны 11,12 дугаар сард 1,120,000 төгрөгийн олох байсан орлого буюу хохиролыг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна. Мөн тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлэн гэрээний үүргийг гүйцэтгэсэний улмаас учирсан хохирол шаардах эрх үүсэх бол хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгч талд үүснэ. Харин ийнхүү нэхэмжлэхдээ нэхэмжлэгч тал нь гэрээ биелснээс орлого олох байсан бодит боломж, нөхцөл, олох байсан орлогын хэмжээг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй.
Шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,920,000 төгрөгийг түүнд зайлшгүй орох байсан орлого буюу хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сард хариуцагчаас 9,600,000 төгрөг авсан бол төлөг худалдан авч, бусдад худалдан борлуулаад сард 960,000 төгрөгийн ашиг, 2023 оны 9,10,11,12 дугаар сар болон 2024 оны 01 дүгээр сард нийт 4,800,000 төгрөгийг олох боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч С.Г зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор, тохиролцсон хугацаандаа биелүүлсэн бол нэхэмжлэгч нь дээрх мөнгөөр төлөг худалдан авч, 4,800,000 төгрөгийн орлого нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага б0а татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” ба зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн түүнийг хариуцагч С.Гаас 9,600,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сард авсан бол 5,920,000 төгрөгийн орлого олох нь зайлшгүй байсан гэж дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 9 дүгээр сард 9,600,000 төгрөг авсан бол олох байсан орлогыг 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл нийт 5 сарын хугацаанд 4,800,000 төгрөг гэж тооцоолсон атлаа дахин хариуцагчаас дээрх 9,600,000 төгрөгөөс үлдэх 5,600,000 төгрөгийг 2023 оны 11,12 дугаар сард зарцуулж олох байсан орлого гэж 1,120,000 төгрөг давхардуулан нэхэмжилжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 5,920,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 199,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гаас 5,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатарын Гомбожаваас 5,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 199,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гаас 97,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА