Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/00476

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/00476

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг ******* тоотод оршин суух, ..******* ...............-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ........ тоотод оршин суух,........д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 төгрөгийн үнэ бүхий 2,8 граммтай монетон бөгж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ..

Хариуцагч......

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 600,000 төгрөгийн үнэ бүхий 2,8 граммтай монетон бөгж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 10 дугаар сарын 17-нд Мөнгөн гоёл алт мөнгөний дархан гэх ломбарданд 2 ширхэг монетон бөгж тавиад авах гээд 2 сард очиход 2.8 гр нэг бөгж нь алга болсон байсан. Нэг бөгжөө нэхсэн боловч өгөөгүй гээд байгаа, бөгжний лац байхгүй болсон байсан. Оны өмнө бөгжөө авах гээд очиход элдэв шалтаг хэлээд өгөөгүй. Би бөгжөө тавихдаа цаасан дээр гарын үсэг зураад лацадсан. Оны өмнө бөгжөө авах гээд очиход дүүтэйгээ миний хажууд яриад хүн юмаа авах гээд байна, яачихав гээд байсан. Тухайн үед чи хүний юмыг хааш нь хийчихсэн юм бэ гээд элдэв шалтаг хэлээд байхаар нь за би дараа ирье гэж хэлээд явсан. Дараа ирэхэд нэг залуу сууж байсан, яачихав гээд асуухад надад нэг дугаар өгсөн. Энэ дугаар руу нь ярьж байгаад битүүний өдөр манай эхнэр бөгжөө авах гээд ороход нэг бөгж нь алга байна гэж хэлсэн. Иймд 2.8 граммтай 600,000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг гаргуулж өгнө үү, өөр маргаан байгүй... гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 2023 оны 09-р сарын 14-ны өдөр мөн 2023 оны 10-р сарын 17-нд иргэн *******аас 2 бөгж барьцаанд авсан. 09-р сарын 14-ний өдөр ******* 2 граммтай монетон бөгж тавьсан. 1 граммыг нь 100,000 төгрөгөөр бодож 200,000 төгрөгөнд нэг сарын хугацаатай авсан. Мөн дараа нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд ******* 3,1 граммтай сорьцгүй гар хийцийн монетон бөгж барьж орж ирээд Төгөлд тавих гэтэл сорьцгүй, авдаггүй гээд надаар монет шалгадаг юм байвал шалгаад аваач гээд би давсны хүчлээр шалгаж монет мөн байсан. Гар хийц буюу хэвээр дарсан 3,1 граммтай монетон бөгжийг мөн 1 граммыг нь 100,000 төгрөгөөр бодож 300,000 төгрөгөнд нэг сарын хугацаатай авсан. 2 удаа сунгалт хийсэн. 2024 оны 2-р сарын 8-ны өдөр эхнэр гэх эмэгтэй миний баримтыг барьж ирээд 9 сард тавьсан бөгж, 10 сард тавьсан бөгжөө хоёуланг нь авна гэхэд нь тооцоог нь хийгээд дансаар мөнгөө өгөөд 2 бөгжийг нь өгтөл дахиад бөгж байх ёстой гээд би үнэн учир буюу 500,000 төгрөгөнд 5 грамм 2 бөгж авсан байсан гэдгээ хэлээд өгтөл эхнэр нь нөхөр рүүгээ залгаад чи 3 бөгж тавьсан биз дээ гэж нөхөртөө хэлсэн. Удалгүй нөхөр нь орж ирээд 2 бөгж тавьсан гэж зүтгээд нөхрийнх нь тавьсан 2 бөгжийг өгөөд байхад надад огт тавиагүй, хараагүй, үзээгүй өөр нэг бөгж нэхээд загнаад, байх ёстой гээд байсан. Эдгээр хүмүүс ямар учиртайг нь гайхаж асуутал эхнэр нь нөхөртөө 2 бөгж өгсөн гээд нөхөр нь 1 бөгж оруулж ирж тавьсан. Бүр шалгуулаад өөр газар очсон гэдгээ хүртэл хэлээд тавьсан. Оны өмнө авах гэж ирэхэд нь сейфний түлхүүр өөр газар байсан тул гаргаж өгч чадаагүй. Энэ хүний сураад хайгаад байгаа 2.8 грамм гэж бичсэн энэ бөгжийг огт хараагүй, үзээгүй манайд ч тавиагүй болно. Тиймээс энэ аваагүй, үзээгүй бөгжний хохирол гээд байгаа 600,000 төгрөгийг барагдуулж чадахгүй. Эхнэр, нөхөр 2 бие биедээ хэдэн бөгж өгснөө ч мэдэхгүй байна. Өөрсдийн таавар бодлоор хүн гүтгээд загнаад байсан. Яг үнэндээ нөхөр ******* гэх хүн 2023 оны 09 сард мөн 2023 оны 10 сард ирж тус тус 1, 1 бөгж л тавьсан гэдгийг бүрэн баталж байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, Барьцаалан зээлдүүлэх 67, 75 дугаартай гэрээнүүд, 2 ширхэг уутанд хийсэн бөгжний зураг /уг баримтууд болон бөгжнүүдийг эх хувиар нь шүүх хуралдаанд судалсан/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би 2023 оны 10 дугаар сарын 17-нд Мөнгөн гоёл алт мөнгөний дархан гэсэн ломбарданд 2 ширхэг монетон бөгж тавьсан. 2024 оны 2 сард бөгжөө авах гээд очиход 2.8 граммтай нэг бөгж нь алга болсон байсан. Нэг бөгжөө нэхсэн боловч өгөөгүй гээд байгаа, бөгжний лац байхгүй болсон байсан. Оны өмнө бөгжөө авах гээд очиход элдэв шалтаг хэлээд өгөөгүй. Иймд 2.8 граммтай, 600,000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...би 2023 оны 09-р сарын 14-ны өдөр мөн 2023 оны 10-р сарын 17-нд иргэн *******аас 2 бөгж барьцаанд авсан. 09-р сарын 14-ний өдөр ******* 2 граммтай монетон бөгж тавьсан. 1 граммыг нь 100,000 төгрөгөөр бодож 200,000 төгрөгөнд нэг сарын хугацаатай авсан. Мөн дараа нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд ******* 3,1 граммтай сорьцгүй гар хийцийн монетон бөгж барьж орж ирээд Төгөлд тавих гэтэл сорьцгүй, авдаггүй гээд надаар монет шалгадаг юм байвал шалгаад аваач гээд би давсны хүчлээр шалгаж монет мөн байсан. Гар хийц буюу хэвээр дарсан 3,1 граммтай монетон бөгжийг мөн 1 граммыг нь 100,000 төгрөгөөр бодож 300,000 төгрөгөнд нэг сарын хугацаатай авсан. Нэхэмжлээд байгаа 2.8 грамм гэж бичсэн энэ бөгжийг огт хараагүй, үзээгүй манайд ч тавиагүй, ...иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн ажилладаг ломбарданд 2023 оны 09 дүгээр сарын 14-нд 2 граммтай монетон бөгжийг 200,000 төгрөгийн барьцаанд сарын 9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тавьсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 17-нд 3 граммтай, сорьцгүй монетон бөгжийг 300,000 төгрөгийн барьцаанд сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тавьсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 67, 75 дугаартай Барьцаалан зээлдүүлэх гэрээнүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

5. Харин нэхэмжлэгчийн ...2023 оны 10 дугаар сарын 17-нд 3 граммтай сорьцгүй монетон бөгжийг 2,8 граммтай монетон бөгжний хамт, 2 ширхэг бөгжийг 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

6. Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Барьцаалан зээлдүүлэх 75 дугаартай гэрээнд бөгжний тоо ширхэг, грамм бичигдээгүй, сорьц бичигдээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч *******д тухайн өдөр 3 граммтай болон 2.8 граммтай 2 ширхэг бөгжийг хүлээлгэж өгснийг нотолсон баримт байхгүй байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагч *******гийн ...гар хийц буюу хэвээр дарсан 3,1 граммтай монетон бөгжийг мөн 1 граммыг нь 100,000 төгрөгөөр бодож 300,000 төгрөгөнд нэг сарын хугацаатай авсан. Нэхэмжлээд байгаа 2.8 грамм гэж бичсэн энэ бөгжийг огт хараагүй, үзээгүй манайд ч тавиагүй... гэх тайлбар, татгалзлыг баримтаар няцаагаагүй тул түүний хариуцагч *******гээс 600,000 төгрөгийн үнэ бүхий 2,8 граммтай монетон бөгж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эрдэнэбаярын хариуцагч *******гээс 600,000 төгрөгийн үнэ бүхий 2,8 граммтай монетон бөгж гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ