| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01663/И |
| Дугаар | 142/ШШ2024/00262 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2024/00262
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2024/00262 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 53 настай, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 14-р баг, 32-01 тоотод оршин суух хаягтай, Тогоруутан овогт Бямбаагийн Лхамсүрэн /РД:РЮ71030514/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 онд төрсөн, 41 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-45 тоотод оршин суух хаягтай, Сорт овогт Ганхуягийн Лхагвадорж /РД:ФМ83051855/-нд холбогдох гэм хорын хохиролд 19 101 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Г.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч М.Бүжин, гэрч Б.Мөнхбат /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн хариуцагч Г.Лхагвадоржид холбогдуулан гэм хорын хохиролд 19 101 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн Faw маркын 96-71 ХӨҮ улсын дугаар бүхий ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд явах замд буюу 2023 оны 2 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газарт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогссон байх үед Mitsubishi supergeat маркийн 63-33 ОРБ дугаарын машин мөргөж миний бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан юм. Булган аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Mitsubishi supergeat маркийн 63-33 ОРБ дугаарын машины 100 хувь буруутай үйлдэл гэдгийг тогтоож, хөлсөөр машин барьж байсан жолооч амь хохирсон үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Г.Лхагвадоржыг иргэний хариуцагчаар тогтоосон юм. Faw маркын 96-71 ХӨҮ улсын дугаар бүхий ачааны машиныг миний бие зээлээр худалдаж авсан, түүний зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 3.0 сая төгрөгийг төлж ирсэн бөгөөд уг машинд ослоос болж эвдэрч гэмтсэн, зайлшгүй солих шаардпагатай сэлбэг хэрэгслийг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 12.685.000 төгрөгөөр тооцсон ба -энэ үнийг, - шинжээчийн хөлсөнд төлсөн 616.000 төгрөгийг, -осолтой холбоотойгоор миний бие гэмтэл авч сэтгэл санаанд гүнзгий хямралд орсон, машин техник хөдпөх боломжгүй болсон тул Хөвсгөл аймгаас эхнэр хүүхдүүд ирж буцсан унааны хөлс, Орхон аймагт буудалд байрласан хөлсөнд нийт 800.000 төгрөгийг, -өөрийн тээврийн хэрэгсэл дэх 38 тонн нүүрсийг Орхон аймагт буулгаж ачиж зөөвөрлөхөд 1 ковш, 1 чиргүүлтэй самосваль ажиллуулсны хөлс 2.500.000 төгрөгийг, -өөрийн машиныг Улаанбаатар хотруу ачуулсан трайллерийн хөлс 2.500.000 төгрөгийг, эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд Хөвсгөл аймгаас Булган аймагт ирж мэдүүлэг өгөх, дахин ирж шинжээч томилсон тогтоолтой танилцах, дахин шинжээчийн дүгнэлттэй танилцах, түүний хөлс төлөх, дахин хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах, дахин прокурорын шатанд хавтаст хэрэгтэй танилцах, Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт нийт 5 удаа ирж буцсан бөгөөд нэг удаагийн зардалд приус машины бензин тосонд гаргасан 150.000 төгрөгөөр тооцож нийт 750.000 төгрөгийн, нийт 12.685.000+616.000+800.000+2.500.000+2.500.000+ 750.000=19.101.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд Ганхуягийн Лхагвадоржоос гэм хор учруулсны хохирол болох 19.101.000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Б.Лхамсүрэн надад олгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Г.Лхагвадорж шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан багасгасан шаардлагадаа: нэхэмжлэлийн шаардлагаа буруулж 13 539 600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
4. Хариуцагч Г.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тухайн хэрэг болсноос хойш Булган аймгийн цагдаад мэдүүлэг тайлбар өгч байсан. Нэхэмжлээд байгаа мөнгө нь нэхэмжлэгч тал өөрөө даатгалын компанид даатгалаа хийлгэсэн байсан бол даатгалаасаа бүрэн төлүүлэх боломжтой байсан. Аливаа нэг замыг ашиглаж байгаа компани хууль дүрмийнхээ дагуу ачаа тээврийн даатгал болон жолоочийн даатгал зэргийг заавал хийлгэж байж явах ёстой гээд заасан байгаа. Үүний дагуу манайх бүх даатгалаа хийлгэсэн байгаа. Тухайн компани яагаад даатгалгүй машинтай гэрээ байгуулаад ачаа тээвэр хийлгүүлдэг юм, тухайн жолооч нь үүргээ биелүүлээд яагаад даатгалаа хийлгүүлэхгүй явж байдаг юм. Аль ч даатгалд даатгалтай байсан тухайн даатгалын компанидаа үнэлгээгээ өгчихөд хэн хэндээ амар бүх даатгал нь гарчих байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөх боломжгүй, мөн манай жолоочийн амь нас хохирсон байгаа. Хуулиндаа нас барсан тохиолдолд аливаа нэг талын нэхэмжлэлийг хангахгүй орхидог үндэслэл байгаа юм байна лээ. Үүний дагуу шийдэж өгөөч гэсэн хүсэлтэй байна. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.Лхамсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Булган аймгийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-4-6/, Хас-Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-7-9/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-10-11/, LFWFWUMX741A22480 аралын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-12/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-13/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-14/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-15/, Булган аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-16-19/, цагдаагийн АSAP сангийн лавлагаа /хх-20/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчид, эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /хх-21/, Булган аймгийн Цагдаагийн газрын шийдвэр, баримт бичиг гардуулан өгсөн тэмдэглэл /хх-22/, Булган аймгийн Цагдаагийн газрын Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчид, эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан батлагаа /хх-24/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /61-67/, фото зураг /хх-68-71/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн эзэмшлийн Faw маркын 96-71 ХӨҮ улсын дугаар бүхий ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүрсний уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд явах замд буюу 2023 оны 2 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газарт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зоссон байх үед Mitsubishi supergeat маркийн 63-33 ОРБ дугаарын машин мөргөж миний бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан юм. Би ачааны машиныг зээлээр худалдаж авсан, түүний зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 3.0 сая төгрөгийг төлж ирсэн бөгөөд уг машинд ослоос болж эвдэрч гэмтсэн, зайлшгүй солих шаардпагатай сэлбэг хэрэгслийг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 12.685.000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 616.000 төгрөг, замын зардал 328 600 төгрөг, нийт 13 539 600 төгрөгийг нэхэмжилж байна.Анх нэхэмжилсэн хохирол болох 19.101.000 төгрөгийг бууруулж одоо 13 539 600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр буюу Аль ч даатгалд даатгалтай байсан тухайн даатгалын компанидаа үнэлгээгээ өгчихөд хэн хэндээ амар бүх даатгал нь гарчих байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөх боломжгүй, мөн манай жолоочийн амь нас хохирсон байгаа. Хуулиндаа нас барсан тохиолдолд аливаа нэг талын нэхэмжлэлийг хангахгүй орхидог үндэслэл байгаа юм байна лээ. Үүний дагуу шийдэж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Булган аймгийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-4-6/, Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-7-9/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-10-11/, Булган аймгийн Цагдаагийн газрын Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27/, гэрэл зураг /68-71х / зэрэг баримтаар 2023 оны 02 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газар 21 цаг 50 минутын орчим нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн жолоодож явсан 96-71 ХӨҮ улсын дугаартай Faw маркын тээврийн хэрэгслийн араас 63-33 ОРБ улсын дугаартай Mitsubishi supergeat тээврийн хэрэгсэл мөргөж, уг тээврийн хэрэгслийг /63-33 ОРБ улсын дугаартай Mitsubishi supergeat/ жолоодож явсан жолооч Ц.Баярмандах нас барсан, жолооч Ц.Баярмандахын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4.-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
6. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн 96-71 ХӨҮ улсын дугаартай Faw маркын тээврийн хэрэгслийг 2020 онд Б.Мөнхбатаас 37 сая төгрөгөөр худалдан авч уг автомашины үнээс 17 сая төгрөг төлсөн, 20 сая төгрөг төлөөгүйгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч Б.Мөнхбатын ...би 96-71 ХӨҮ улсын дугаартай Faw маркын тээврийн хэрэгслийг 2020 онд Б.Лхамсүрэнд 37 сая төгрөгөөр зарсан. Машины үнээс 17 сая төгрөг авсан. Одоо 20 сая төгрөг аваагүй дутуу байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй, миний нэр дээр байдаг. Гэхдээ энэ машин надад хамаагүй, би эзэмшдэггүй, 2020 оноос хойш Б.Лхамсүрэн эзэмшиж байгаа гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, техникийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Лхамсүрэнг 96-71 ХӨҮ улсын дугаартай Faw маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч, тэрээр нэхэмжлэл гаргах, учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэв.
7. 63-33 ОРБ улсын дугаартай Mitsubishi supergeat маркын тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Лхагвадорж 2021 онд Капитрон банкны зээлээр худалдан авч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан, талийгаач Ц.Баярмандах 2021 оны 06 дугаар сараас хөлсөөр ажиллаж байсан үйл баримт хариуцагчийн тайлбар, хариуцагчийн Цагдаагийн газарт гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд учирсан эд хөрөнгийн хохирол жолооч Ц.Баярмандахын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, 63-33 ОРБ улсын дугаартай Mitsubishi supergeat маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Баярмандах нас барсан, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Лхагвадорж өөрөө жолооч Ц.Баярмандахад тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд хариуцагч Г.Лхагвадоржоос Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгийн хохирол 12 685 000 төгрөг, шинжээчийн хөлс 616 000 төгрөг, нийт 13 301 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж замын болон буудлын зардал 238 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 455 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 224 455 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Лхагвадоржоос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 13 301 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лхагвадоржоос улсын тэмдэгтийн хураамжид 224 455 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ