| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0166/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Болор
Хохирогч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, М овогт Ж.Б-т холбогдох эрүүгийн 1720000180048 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 3-ын хаалтан дээр 94-36 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар зүйлийн 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн гарах гэж машинаа очерт байрлуулсан юм. Тэгээд гурвын хаалт дээр зогсоод хил рүү явах гээд явж байтал машины тормос барьдаггүй урд талд байсан машинаа мөргөсөн юм. Тухайн өдөр машиныхаа тормосыг шалгаж үзээгүйн миний буруу. Дараа нь найзтайгаа уулзаж машиныхаа тормосоо шалгахад зүгээр байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэв.
Хохирогч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гурвын хаалтны Шунхлай бензин клонкны урд машины очер дээр тавьчихаад машинхаа жолооч талын хаалганаас алчуур аваад эргээд хартал түс гээд явсан. Яг яаж унасан, мөргүүлсэнээ мэдээгүй, яаснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэв.
2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 202 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 тал/
2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 265 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 тал/
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 3-ын хаалтан дээр 94-36 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Ч.У, гэрч Ч.Б нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Ж.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Хохирогч Ч.У нь эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-с нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар 2.102.847 төгрөгийн хохирлын баримт хавсаргаснаас шүүгдэгч Ж.Б 1.650.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх бөгөөд үлдэх 452.847 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-с гаргуулж хохирогч Ч.У-т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 94-36 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх бөгөөд битүүмжлэлийг цуцалж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Ж.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй ба мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 94-36 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-с эмчилгээний зардалд 452.847 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.У-т олгосугай.
7. Хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ