Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

 

 

Л.Б, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Л.Б, Ц.Т /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Г, Б.Д /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Л.Б, Ц.Т, тэдгээрийн өмгөөлөгч Э.Г, Б.Д нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ж овогт Л-ийн Б,

 

Шүүгдэгч: Б овогт Ц-ийн Т-т холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 21, 28, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Л-ийн Б, Б овогт Ц-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Б-д 1 жил хорих ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 1 жил хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулж,

 

Шүүгдэгч Ц.Т  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан нийт хохирол 135,520 төгрөгийн тал хувь 67,760 төгрөгийг шүүгдэгч Л.Б-иас, тал хувь 67,760 төгрөгийг шүүгдэгч Ц.Т-оос тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь нөхөн сэргээлтийн зардал 168,600 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Б-ийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн экскаватор 1 ширхэг, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн, автомашин битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 231 тоотод байгаа 5 ханатай монгол гэр 1 ширхгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Л.Батсуурийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий экскаватор, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг хурааж улсын орлогод оруулж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Б\ь, Ц.Т нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Шүүгдэгч Л.Б, Ц.Т, тэдгээрийн өмгөөлөгч Э.Г, Б.Д нар давж заалдсан гомдолдоо: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо “С” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/17 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Гэвч уг дүгнэлт нь маш эргэлзээ бүхий байдаг. Учир нь энэхүү дүгнэлтээр эвдрэлийн улмаас байгальд учирсан үнэлгээг л гаргасан байдаг. Шинэ эвдрэл гэж юуг хэлэх?, ямар учраас шинэ эвдрэл гэж үзэж буй талаарх үндэслэл, холбогдох баримт энэхүү дүгнэлтэд байдаггүй. Зөвхөн хохирлын үнэлгээ л байдаг. Гэтэл шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хууль бусаар газрын хэвлийд халдсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл газрын хэвлийд халдах тодорхой үйлдэл хийхийг шаардсан байдаг. Энэхүү үйлдэл хийсэн эсэхийг тодруулсан баримт хавтаст хэрэгт нэг ч авагдаагүй байдаг. Мөн 2020-10-22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол/11хх-35/-ын 3 дахь хэсэгт заасан шинжээчид дүгнэлт гаргуулах асуултын 1-т “...Бороодой гэх газарт хууль бус олборлолт явуулсан гэх уурхайлалтанд өртсөн Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороодой гэх газрын талбайн байршлыг цэгээр ялгаж зураглал гаргах...” гэсэн байдаг. Гэтэл хууль бусаар олборлолтод явуулсан эсэхийг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Л.Б, Ц.Т нар хууль бус олборлолт явуулсан гэх үйлдэл буюу шинэ эвдрэл үүсгэсэн эсэх талаар тодорхой дүгнэлт гаргуулж, шинэ үүссэн гэж үзэж байгаа бол түүнтэй холбоотой үндэслэл зэргийг шинжээчээс тодруулах байсан. Гэтэл мөрдөгч, прокурорын зүгээс хууль бус олборлолт явуулсан гэж шууд үзэн тухайн газрын байршлыг тогтоож, хохирлын үнэлгээг гаргаж өгөхийг шинжээчээс шаардсан үйлдэл нь холбогдох хуульд заасан тэдгээрийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болгохгүй” гэж зааж өгснийг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлийг үндэслэл болгосон. Энэхүү хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-9 дүгээр тал/-д “...үзлэг явуулж буй газар нь хөдөө хээр, төв суурин газраас алслагдсан тул хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу фото зураг, дүрс бичлэгийн камераар зургийг авч ажиллагааны явцыг бэхжүүлэв...” гэсэн байдаг. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж зааж өгсөн бөгөөд энэхүү хавтаст хэрэгт дуу-дүрсний бичлэг авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан.. Дээрх асуудалтай холбоотой тухайн хэргийн газрын үзлэг хийсэн эрүүгийн мөрдөгч Б.С-г гэрчээр асуусан/1хх-221х/ байх бөгөөд “...бичлэгийг өөрийн гар утсан дээрээ буулгаж авч байсан ...бичлэг нь утсан дээрээ байж байгаад утсаа эвдлээд бичлэг нь байхгүй болсон” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Хэрэгт гэрчээр асуугдсан Ц.Т нь Ц.Т-ын төрсөн дүү бөгөөд шүүх гэм буруутайд тооцохдоо гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн дүү нь гэр бүлийн гишүүнд тооцогдох этгээд мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр гарын үсэг зуруулан мэдүүлэг аван цаашлаад уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцон үнэлсэн байгаа нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн, мөн хэргийн бодит байдлыг тогтоох  гэм буруугүйд тооцох зарчмуудыг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие болон Э.Г өмгөөлөгчтэй хамт хавтаст хэргийг шинжлэн судлаад  давж заалдах гомдол гаргасан. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/137 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхээс гэм буруутай тал дээр эхлээд “Сайхан ариун дэлхий” ХХК буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байгаа. Энэ дээр бол шинжээчийн дүгнэлт хэмжилт хийх үед шинэ эвдрэл үүссэн байсан гэсэн дүгнэлтийг үндэслэсэн. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 41-р хуудаснаас эхэлж байгаа. Хавтаст хэргийн 42-р хуудсанд нөхөх талбай, эвдрэлтэй талбай 01, 2 гээд  4 талбайг зааж өгсөн байгаа шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа тухайн нэг хэсэг буюу 0.004 га талбайд нь шинэ эвдрэл үүссэн байна гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. Гэтэл шинжээч шинэ эвдрэл яаж үүсээд байгаа талаар дүгнэлтдээ тусгаагүй байна. Энэ нөхөн сэргээлт хийсэн гээд байгаа газар нь хэдэн жилийн өмнө ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсныг тусгаагүй байна гэж үзсэн. Тэр газарт хэзээ нөхөн сэргээлт хийсэн талаар газар дээр нь шинжээч ирж үзэхэд нөхөн сэргээлт гүйцэт хийж чадаагүй байсан. Экскаватор нь эвдэрсэн байсан тул гүйцэд булж чадаагүй ба техникээ засаад үргэлжлүүлж газрыг тэгшлэх санаатай байна гэсэн боловч шинжээч энэ газрыг нөхөн сэргээлт гүйцэд хийгдээгүй байна гэж дүгнэлт гаргасан. Гүйцэд булаагүй хэсгийг байгаль орчинд хохирол учирсан байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэргийн бодит байдал тогтоохыг зөрчсөн гэж үзэж байна. Шинжилгээ хийлгэх тогтоол дээрээ шууд Бороодой гэх газар хууль бус олборлолт явуулсан газар гээд заагаад өгч байгаа юм. Шинжээч шууд тулгаад хууль бус олборлолт явуулсан учраас дүгнэлт гаргаад өгөөч гэх агуулгатай асуултыг тавиад байна. Энэ нь хуулийн зарчмыг зөрчөөд байна гэж харж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ ажиллагаанд залруулга хийлгэмээр байна. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар шинжээчийн дүгнэлтээс гадна гэрч Ц.Т, Л.Б яллагдагч Ц.Т, Л.Б мөн бусад гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрийн үндэслэл болгоод байна. Гэтэл сэжигтэн тал шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох ч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Ц.Т, Л.Б нарын мэдүүлгийг үндэслээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байна. Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр хөндлөнгийн гэрч байлцуулаагүй хийсэн анхан шатны шүүхээс хөндлөнгийн гэрч байлцуулаагүй гэсэн үндэслэлээр дуу дүрсний бичлэг хийж баталгаажуулж аваад ир гээд нэг удаа буцаасан юм байна. 2021 оны 3 дугаар сарын 15-ны 99 дүгээр захирамжаар гэтэл анхан шатны шүүхээс буцаагаад мөрдөгч болон прокурор энэ ажиллагааг хийхдээ мөрдөгчөөс мэдүүлэг аваад мөрдөгч нь дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж авсан утас эвдэрсэн гэх агуулгаар мэдүүлэг өгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байна. Өмнөх шүүгчийн захирамж буюу 99 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Цаашдаа хэргийн процесс ажиллагаа зөрчигдөж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг буруутгах үндэслэлгүй байгаа учраас энэ дээр процесс ажиллагаа зөрчигдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Төмөрбаатар гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Т нь яллагдагчийн төрсөн дүү болох хүн. Энэ хүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байна. Гэр бүлийн тухай хуулиараа энэ хүн гэр бүлийн гишүүнд тооцно. Гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүйгээс болоод гэр бүлийн хүнээс нь мэдүүлэг авсан байна. Энэ мэдүүлгийг авснаар яллах талын нотлох баримт болгоод байна. Эдгээр үндэслэлүүдээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй хэргийн бодит байдлыг дутаасан буюу алдагдсан мөн хэргийг нэг талаас нь барьсан, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан дээр дурдсан ажиллагааг хийлгэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын агуулгыг манай өмгөөлөгч Д хэлсэн тул би давхардуулахгүй хэдэн зүйл хэлье. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг адилхан бүрдүүлж энэ дээр эрх тэгш байдлыг хангаж ажиллах байсан гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахад яллах талын нотлох баримтыг харж үзсэн нь харагдаж байна. Гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүйгээс болоод гэр бүлийн хүнээс нь мэдүүлэг авсан байна. Ах дүү нарынхаа эсрэг мэдүүлэг өгсөн ноцтой зөрчил гарсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж эд зүйлсийг хураасан байна. Энэ эд зүйлсийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан юм уу. Энэ хэрэг нь өөрөө ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд хууль бусаар халдан жоншийг энэ техник хэрэгсэл ашиглан авсан эсэх талаар ялгаж дүгнэлт үйлдээгүй байна. Энэ хүмүүсийн хувьд нөхөн сэргээлт хийх нь орон нутгийнхаа удирдлагатай тохиролцож гэрээний үндсэн дээр хийсэн ажил юм. Тэгэхээр нөхөн сэргээх үйл ажиллагаагаа гэрээний үндсэн дээр хийж тухайн нөхөн сэргээх газраас жонш түүж тодорхой хэмжээний гарсан зардлаа гаргах талаар ярилцаж байсан  байна. Өнөөдөр тэр байдал нь хавтаст хэрэгт ямар нэгэн тайлбар байхгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгаж өгөөгүй. Шүүгдэгч нар нь гэрээний дагуу үүргээ биелүүлж нөхөн сэргээлт хийгээд явж байсан. Тэгэхээр хүн яллаж байгаа бол хөдөлшгүй нотлох баримтаар хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж, үндэслэлтэй яллах ёстой гэтэл энэ дээр хөдөлшгүй нотлох баримтаар нотолсон зүйл харагдахгүй байна.  Шинжээчийн дүгнэлт нь аль хэсэгт нөхөн сэргээлт хийсэн, аль хэсэгт газрын хэвлийд халдаад авсан юм. Гэмт хэрэг үйлдэхдээ ямар эд зүйл ашигласан талаар ялгаж тогтоолгүйгээр энэ хэргийг шийдсэн байна. Тийм учраас процессын ноцтой алдаа гарсан ба эдгээр алдааг засаж залруулж дүгнэлт хийлгэхээр прокурорт буцааж шийдсэн нь зүйтэй байна гэж гомдол гаргасан” гэв.

 

            Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр өмгөөлөгчийн гарсан саналыг дэмжиж байна. Газрын хэвлийд халдаагүй, ухаж гаргасан шорооноос нь жонш олборлосон. Авсан жоншоо борлуулж техник хэрэгслийн түлшинд зарцуулсан” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Бид хуулийн дагуу гэрээ байгуулж нөхөн сэргээлт хийсэн зардлаа тухайн газрын шорооноос гаргасан жоншийг олборлож гаргах талаар ярилцаж байсан боловч гэрээндээ бичгээр тусгаж өгөөгүй байсан. Орон нутгийн хүмүүс нь нөхөн сэргээлт хийж өгсөнд талархаж байсан. Нөхөн сэргээлт хийсэн талаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ашигт малтмалын хуулийн дагуу баримт бичиггүй ашигт малтмал олборлох эрхгүй этгээд газрын хэвлийд халдаж хууль зөрчсөн. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч прокурор хууль бусаар тулган шаардсан гэж үзэж гомдолд хэлж байна. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах, мөн энэ зүйлийн 2.7-д шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох гэх заалтууд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуульд зааснаар цуглуулах, мөн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг тогтоох зорилготой хэргийн газрын нөхцөл байдлыг шинжээч дүгнэж үзээд тогтоосон. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр тухайн газарт шинэ эвдрэл үүссэн хэдэн га газар байгаа талаар дүгнэх ёстой. Мөн анхан шатны шүүхээс хөндлөнгийн гэрч байлцуулаагүй гэсэн үндэслэлээр дуу дүрсний бичлэг хийж баталгаажуулж аваад ир гээд шүүгчийн захирамж гарсан тул нэг удаа хэргийг прокурорт буцаасан. Цагдаагийн ахлах дэслэгч С хэргийн газарт дуу дүрсний бичлэг хийж гэрчээс мэдүүлэг авсан. Тухайн үед гар утсан дээр хийсэн дуу дүрсний бичлэг нь устаж үгүй болсон гэж мэдэгдсэн. Тиймээс хэргийн газрын эвдрэл үүссэн гэрэл зураг тухайн газрын гэрэл зураг нь шүүхэд нотлох баримт болох боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Т-ын төрсөн дүү гэх Т-аас шаардлагатай гэж үзэн гэрчээс эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулсан байдаг. Төмөрбаатараас тухайн газар цаг хугацаанд тодруулж мэдүүлэг авсан. Түүнээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар тодруулж асуулт асуугаагүй байна. Шүүгдэгч талд оногдуулсан ял гэм буруутай үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Өмгөөлөгч Г.Д болон шүүгдэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/137 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээх талаар дүгнэлт гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, мөн зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульчилжээ.

 

Энэхүү хуулийн агуулга болон хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд:

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх ба хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна. Үүнд:

 

1/ Шүүгдэгч Л.Б, Ц.Т нарын холбогдсон эрүүгийн хэргийн нотолгооны зүйлд хамаарах улмаар мөрдөн шалгах ажиллагааны чухал хэсэг болох хэргийн газрын үзлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байхад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэснийг зөрчсөн байх ба хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-8/-д “...хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул ...дүрс бичлэгийн камераар зургийг авч ажиллагааны явцыг бэхжүүлэв” гэж тэмдэглэсэн байх боловч уг хавтас хэрэгт, холбогдох үзлэгийг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн баримтгүйн зэрэгцээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй энэхүү нөхцөл байдалд прокуророос хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, хянан шалгаагүй орхигдуулжээ.

 

 2/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-8/-д үзлэг явуулж байгаа газрыг  “Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших, Айраг сумын төвөөс баруун урагш 60 км зайд байрлах Бороодой гэх газар” гэж тэмдэглэгдсэн, мөн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол/1хх-35/-д “...Бороодой гэх газарт хууль бус олборлолт явуулсан гэх уурхайлалтанд өртсөн Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороодой гэх газрын талбайн байршлыг цэгээр ялгаж, координатыг тогтоон, зураглал гаргах” гэжээ.

 

Харин томилогдсон шинжээчид эрх үүргийг танилцуулсан хуудаст “...шинжээчээр оролцох Т.Оюунчимэг би 201900227 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын 3-р баг Бороодой гэдэг газарт хууль бус ашигт малтмал олборлосон гэх хэрэгт шинжээчээр ажиллахад ...ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй” гэж тэмдэглэгдсэн/1хх-36 /байна.

 

Мөн хохирлын үнэлгээг хийлгэх гэрээ/1хх-37/-нд гэрээний зүйлийг “Дорноговь аймгийн Айраг сумын 3-р баг Бороодой гэх газарт хууль бус ашигт малтмал олборлосон талбайд учруулсан хохирлын үнэлгээг гүйцэтгэх” гэжээ.

 

Дээрх мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр гэмт хэрэг гарсан газрыг Айраг сумын 1 дүгээр багийн Бороодой гэх газар ойлгохоор байтал шинжээчид эрх үүрэг тайлбарласан хуудас болон үнэлгээ хийлгэх гэрээнээс үзэхэд гэмт хэрэг гарсан газрыг Айраг сумын 3 дугаар баг, Бороодой гэж тэмдэглэсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэрэг хаана гарсан болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Гэрээний дагуу шинжээчээс “байгаль орчны хохирлын үнэлгээ”-г тооцож гаргасан байх хэдий ч шинжээчийн үнэлгээ тогтоосон үндэслэл нь Айраг сумын хэддүгээр багт харьяалагдах/1хх-42/, Бороодой гэх газар хийсэн болох нь тодорхойгүй улмаар шинжээчээс мөрдөгчийн тогтоолд заасан объектод үндэслэн дүгнэлтийг гаргаагүй нь шинжилгээ хийх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан “эвдрэлд оруулсан талбайн газарзүйн солбицол” нь хавтас хэрэг дэх мөрдөгчийн тогтоол/1хх-62/ болон Ашигт малтмал газрын тосны газрын 2021-10-19-ний 8/4815 дугаартай албан бичигт заасан солбицлоос зөрүүтэй байх тул шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн дүгнэлтэд “...эвдрэлд оруулсан талбайд нөхөн дүүргэлт хийгдсэн байсан”-ыг тэмдэглээд “...шинээр үүсгэсэн талбайн эвдрэлийг хэмжиж, жижиг ухшид” үндэслэн дүгнэлтийг гаргаснаас үзэхэд шинжээч нь мөрдөгчийн тогтоолд зааснаас өөр объектод шинжилгээг хийсэн гэж үзнэ мөн шинжээчийн дүгнэлтийг тогтоолд заасан хугацаа/1хх-35/-нд дүгнэлтийг гаргаагүй нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчжээ.

 

Нэгэнт дүгнэлтийг мөрдөгчийн тогтоолд заасан объектод хийгээгүй улмаар жижиг ухшид үндэслэж гаргасан байх тул “...энэ талбайд өмнө нь эвдрэл үүсгэсэн байсан бөгөөд бид шинээр үүсгэсэн талбайн эвдрэлийг хэмжиж зураглалаа” гэж дүгнэн улмаар энэхүү дүгнэлтээ үндэслэн газрын хэвлийд учруулсан хохирол/1хх-48/-ын үнэлгээг тогтоосныг үндэслэлтэй гэж үзэхгүй. 

 

            3/ Шүүгдэгч Л.Б “Бороодой” гэх газарт ухагдаж, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ/1хх-15,2хх-16/-г Айраг сумын ЗДТГ-тай 2 удаа байгуулж, эдгээр гэрээний дагуу нөхөн сэргээлт хийсэн газрыг 2020-04-13-ны өдөр,    2021-06-08-ны өдөр ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг/1хх-4, 2хх-18/ акт үйлдэн хүлээн авсан байна. Актуудад дурдсанаар Л.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн Бороодой гэх газарт техник нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт хийжээ.

 

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд Айраг сумын Нард багийн Бороодой гэх газарт шүүгдэгч Б, Т нар нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсний дараа дахин гэрээ байгуулж нөхөн сэргээлтийн ажлыг хийхдээ Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж буюу  газрын хэвлийд хууль бусаар зөвшөөрөлгүй халдсан гэх үйл баримтыг тодорхойлон тогтоогоогүй буюу хэдий хэмжээний ямар солбицолд орших газрын хэвлийд, яаж халдсан гэдгийг тогтоогоогүй байх ба шинжээчийн дүгнэлтээр шинээр эвдрэл үүссэн гэж дурдсан газрын солбицол нь мөрдөгчийн тогтоол болон ашигт малтмалын газрын албан бичигт заасан солбицолоос зөрүүтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан Нард багийн нутаг “Бороодой”-н газарт ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ/2хх-16/-нд “...газар шинээр ухаж ашигт малтмал хайх, олборлосон тохиолдолд хариуцлага тооцуулах” гэж ЗДТГ-ын эрх, үүргийг тодорхойлсон байх ба Л.Б-ийн техникийн нөхөн сэргээлт хийсэн газрыг 2021-06-08-ны өдөр “Сайн” хийж, гүйцэтгэсэн гэж, нөхөн сэргээлтийн ажлын акт үйлдэн хүлээж авчээ.

 

            Тиймээс шүүгдэгч Л.Б, Ц.Т нар 2020 оны 05 дугаар сарын 12, 21, 28, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт Л.Б-ийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Hyundai Robex 2800  эксковатор болон 17-43 УБЯ улсын дугаартай, Mitsubishi Pajero/1хх-137/ тээврийн хэрэгслийг нөхөн сэргээлт хийхэд ашиглаж байсан эсэх эсхүл нөхөн сэргээлт хийх явцдаа газар шинээр ухаж ашигт малтмал олборлож, ашиглахаар эдгээр техник, тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, ашигласан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох нь түүнчлэн нөхөн сэргээлт хийгдсэн Бороодой гэх газар, “шүүгдэгч нарын холбогдсон” хэргийн “Бороодой” гэх газраас өөр газар нутаг уу эсхүл ижил нэг газар эсэхийг тогтоох нь зүйтэй. Энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах төдийгүй яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоох нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах ач холбогдолтой.

 

Харин энэ хэрэгт гэрчээр асуугдсан Ц.Т нь Ц.Т-ын төрсөн дүү байх ба түүнд “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөлгүй”-ээр гэрчийн мэдүүлгийг авсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдолд “...шүүх гэм буруутайд тооцохдоо энэ гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэснийг хангаж шийдвэрлэх   үндэслэлгүй.

 

4/ Прокурор яллах дүгнэлтдээ бүлэглэн гэж дурдсан атлаа Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг хэрэглээгүй байхад анхан шатны шүүх уг хуулийг хэрэглэж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-т заасан яллах дүгнэлт үйлдэх журмыг зөрчжээ.

 

            Мөн мөрдөгчийн хохирогчоор тогтоосон тогтоол/1хх-21/-д Айраг сумын Засаг даргын тамгын газрыг тогтоосон байх боловч уг тогтоолтой хууль ёсны төлөөлөгч танилцаж, гарын үсэг зурсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА