| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0152/З |
| Дугаар | 128/ШШ2023/0413 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0413
2023 05 05 128/ШШ2023/04*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Л.Н*******, РД:ЧК*******, Хаяг:Улаанбаатар хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******-р байр, ******* тоот;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Б*******, Б.А*******;
Хариуцагч:Хотын стандарт, Хяналтын газар, Хаяг:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Захиргааны төв цогцолбор, Арцатын ам, /17100/;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.А*******, Б.С******* хооронд үүссэн,
Нэхэмжлэгч Л.Н*******ын гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1 тоот даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1 тоот даалгаврыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Л.Н*******ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамжаар “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасны дагуу хүлээн авахаас татгалзсан.
1.2.Шүүгчийн энэ захирамжийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “нотлох баримт цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэл гаргах хөөх хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоох шаардлагатай” гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
1.3.Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах, хугацааг тогтоох тухай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн болно.
1.4.Нэхэмжлэгч анх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд хэргийг шалгах ажиллагааны явцад Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбар улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг эрхэлж буй чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан байгууллагуудад шилжүүлж шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн улсын байцаагчийг Хотын стандарт, хяналтын газрын барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон байх тул хариуцагчийн эрх залгамжлагчаар Хотын стандарт, хяналтын газрыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны дугаартай шүүгчийн захирамжаар сольсон болно.
1.5.Эрх залгамжлагч Хотын стандарт, хяналтын газар нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.С*******, Ц.А******* нарын томилсон байна.
1.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гаас тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ц гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан болно.
2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1 тоот Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар гаргаж, түүнийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр албадан гүйцэтгүүлэх тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж гаргуулсныг миний бие 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 21-нд Ц.Цгоос С дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамжны ******* дугаар байрны ******* тоотод 4 өрөө бүхий орон сууцыг, тухайн орон сууцны дээврийн хэсэгт монсард барихаар гаргасан шатыг ашиглан монсардыг гүйцээж барих нөхцөлтэйгөөр худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан юм. Монсард барих зориулалттай учир дээвэр хэсэг бүрэн цутгагдаагүй учир 2009 оноос дээврээс ус гоожиж эхэлсэн. Монсард барих санхүүгийн боломжгүйгээс олон жил хавар, зун болохоор таазнаас нилэнхүй ус гоожиж энэ нь доод давхрын айл нөлөөлж байсан учир 2018 онд өөрийн байрны бүх айлын зөвшөөрөлтэй монсард барьсан юм. Монсард бариад дуусаж байхад Мэргэжлийн хяналтын газраас ирж бусдын амгалан тайван байдал алдагдуулав гэж торгосон. Энэхүү гомдлыг М овогтой Ч гаргасан байсан. Тухайн үед би торгуулийг төлөөд өнгөрсөн юм.
Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт монсард буулга гэсэн шаардлага тавьснаар миний бие дээрх Албан даалгавар гарсныг мэдэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Албан даалгаварт ажлын зураг төсөлгүй эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлгүй 1 давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1-р зүйлийн 2.1 дахь заалтад заасны дагуу барилгыг буулгахыг даалгажээ. Энэхүү даалгаврыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Энэ заалт нь аж ахуйн нэгжид хамаарах заалт байна. Би өөрийнхөө гэрийн дээврийг дээврийн зориулалтаар эсхүл анхны худалдах худалдан авах гэрээний дагуу монсард хэлбэрээр засаж бороо уснаас хамгаалах гэсэн 2 гарц байсан бөгөөд би өөрийн байрны нийт оршин суугчдын зөвшөөрөлтэйгөөр Си карказ ашиглан зөвхөн өөрийн худалдаж авсан талбайн зарим хэсэгт 120 метр квадрат монсард барьж, үлдсэн хэсгийг дээврийн зориулалттайгаар засаж сайжруулсан болно.
Энэ нь Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 02 сарын 08-ний өдрийн 30 тоот тушаалын барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй орон сууцны барилгын жагсаалтад багтсан байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 21-ны өдрийн 1 тоот даалгаврыг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 6 давхрын асуудал байхгүйгээр 7 давхрын монсардын асуудал яригдаж байна. Сайдын тушаалыг үндэслээд монсардаа бариад ашиглаад олон жил болсон байна. Тэгэхээр нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулаад барьсан тул нураах нь хайран байна. Тухайн албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г овогтой В би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Чээс С дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 12/2 дугаартай байранд давхар нэмж байгаа тухай асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын захиалагч иргэн Л.Н*******т холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар орон сууцны 12/2 дугаартай байрны дээвэр дээр батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, 17х12м хэмжээтэй, 1 давхар нэмж угсралтын ажил гүйцэтгэж байсанд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1 дэх /хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй/ заалтын хүрээнд шийтгэл оногдуулж, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналт доор явуулсан ба нотлох баримтыг хангалттай цуглуулсан, оролцогч талуудаас тайлбар мэдүүлэг авсан, хэргийн материал танилцуулсан, гарсан шийдвэрийг хүргүүлэх зэргээр ажиллагааг хуулийн хүрээнд явуулж бүрэн шийдвэрлэсэн болно” гэжээ.
4.Эрх залгамжлагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар гаргаж хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт иргэн, захиалагч хамаарна. Барилгын тухай хуулийн 46.1.3 дахь заалтад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч иргэн худалдан авагчаас гэрээ контрактаа оршин суугчдаасаа төлөөлөн зөвшөөрөл авсан гэж яриад байгаа гэтэл оршин суугч дотроосоо бидэнд мэдэгдэж төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд хяналт шалгалт хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Одоо архиваас ирсэн баримтад 6, 7 дугаар давхрын план зургаас маш тодорхой харагдаж байна. Цонхтой байхаар заагаад төлөвлөөд өгсөн байна. Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрт амины орон сууц, тухайн үедээ мөрдөгдөж байсан шийдвэрээрээ 300 м.кв амины орон сууцанд зөвшөөрөл шаардагдахгүй гэхдээ батлагдсан зураг төсөлтэй байх ёстой гэдгийг заагаад өгсөн байдаг. Одоо мөрдөгдөж байгаа сайдын шийдвэр дээр нэмэлт ороод 600 м.кв 9 метрийн өндөртэй амины орон сууц гэж тодотгож заасан байгаа. Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй гэсэн болохоос биш батлагдсан зураг төсөлтэй гэж заагаад байгаа. Батлагдсан зураг төсөл гэдэг нь архитектур даалгавар батлуулах, эскиз зураг авах, яагаад гэхээр барилгын үндсэн хийц бүтээц гадна өнгө үзэмжид өөрчлөлт орж байгаа болохоор барилгын ажлын зөвшөөрөл хүртэл олгодог юм. Энэ нийтийн эзэмшлийг орон сууц нэг хүний амины сууц биш юм.
Бид бүхэн өргөтгөлтэй холбоотой асуудлыг ярьсан. Хуулийг дагаж мөрдөхийг тулд баталдаг. Нийтийн эрх ашгийн хүрээнд нийтийн орон сууцанд байгаа тохиолдолд хоорондоо ярьж тохиролцсон байх магадлалтай байж болно. Энэ хэргийн зөрчил тодорхой, хуулийн зүйл заалт нь тодорхой байгаа энэ нөхцөлд хариуцагч талын албан даалгаврын биелэлтийг хангуулах нь зүйтэй. Бусад иргэдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тул эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаал байдаг. Энэ нь зөвхөн барилгын ажлын зөвшөөрөл шаарддаггүй заалт нь нэг айлын амины орон сууц нь 7 метрийн өндөртэй 400 м.кв энэ нь 2022 онд өөрчлөгдөөд 211 дугаар тушаалаар 600 м.кв, 9 метрийн өндөр гэж өөрчлөгдсөн. Тусгай зөвшөөрөлтэй компаниар барилгаа бариулна. Үндсэн зураг нь 10 давхар барилгын зураг ирсэн. 6 давхрын дээвэр дээрх шат нь засвар хийхэд зориулагдсан шат болохоос биш дээш монсард барих зориулалттай шат биш юм. 7 давхар нь суурийн судалгаа байхгүй, ханийн судалгаа байхгүй, газар нь суурь даах юм уу гэдэг асуудал байгаа учраас эрх бүхий албан тушаалтны даалгавар хүчинтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Энэ хэрэгт “улсын байцаагчийн даалгавар хуульд нийцсэн эсэх” үйл баримтын талаар хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Л.Н******* нь гэр бүлийн 4 хүний хамт С дүүргийн 1 дүгээр хороо, О дугаартай нийтийн орон сууцны, 6 дахь давхрын ******* тоот, 225.3 метр квадрат талбайтай байрны өмчлөгчөөр Ү- дугаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, хууль ёсны өмчлөгч нь байна.
2.2.О дугаартай нийтийн орон сууц нь анх 5 давхраар төлөвлөгдсөн боловч 6 дахь давхрыг нэмж барьсан, улмаар Л.Н******* нь уг барилгын дээврийн орон зайд нэмж давхар барьж уг барилгыг 7 давхар болгосноо нэхэмжлэлдээ бичсэн, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбараараа давхар зөвшөөрч байна.
2.3.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /тухайн үеийн нэрээр/ Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Улсын байцаагч нь Л.Н*******т холбогдуулан иргэнээс гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18002000403 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт явуулаад 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай Шийтгэлийн хуудсаар зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан дагуу шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг шийдвэрт Л.Н*******аас гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдлоо.
2.4.Мөн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар үйлдэж, уг даалгавраар холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан ажлын зураг төсөлгүйгээр С дүүргийн 1 дүгээр хороо, О байрны ******* тоот сууцныхаа дээвэр хэсэгт, 1 давхар нэмж өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан тул зөрчлийн үр дагаврыг арилгах үүднээс зөвшөөрөлгүй баригдаж байгаа 1 давхар өргөтгөлийн барилгыг буулгаж, анхны төлөв байдлаар нь ашиглах, мөн буулгахдаа Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм БД 20-101-12-ын шаардлагыг хангаж буулгахыг даалгаж шийдвэрлэжээ.
2.5.Энэхүү эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Л.Н*******аас надад мэдэгдээгүй, би мэдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас монсардыг буулга гэж шаардсанаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа ба 18002000403 дугаартай Зөрчлийн хэрэгт авагдсан байгаа даалгаврын “даалгавар хүлээн авсан” гэх хэсэгт Л.Н*******аар гарын үсэг зуруулах ёстой байсан боловч зуруулаагүй, Шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа боловч даалгаврыг хамт хүргүүлсэн баримт нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүхээс энэ даалгаврыг түүнд гардуулаагүй байна гэж үзэв /ХХ-1-н 87 дахь тал/.
2.6.Иймд дээрх үйл баримт нь Л.Н*******ыг маргаан бүхий захиргааны актыг тухайн үед мэдээгүй байна гэж дүгнэхэд хүргэсэн ба Л.Н*******ыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхэд хүргэлээ.
2.7.Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар захирамжаар Зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н17-19 дэх тал/
2.8.Дээрхээс гадна ”Э” сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан 2022 оны 03 дугаар сарын 28-ны 6 дугаартай албан бичгээр Л.Н*******т холбогдуулан гаргасан гомдолд гаргаж байжээ. /ХХ-1-н 63 дахь тал/
2.9.Нэхэмжлэгч Л.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг барилгыг барьсан Ц.Цтой байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд “орон сууцны дээврийн хэсэгт монсард барихаар гаргасан шатыг ашиглаж монсардыг гүйцээх нөхцөлтэй гэрээ байгуулсан, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмаар “Л.Н*******ын нэмж барьсан монсардыг барихад зөвшөөрөл авахгүй” гэж ойлгосон гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “уг журмаар амины орон сууц барихад зөвшөөрөл авахгүй байж болно, нийтийн зориулалттай орон сууцны барилгын бүтээц, хийцийг өөрчлөх, өргөтгөл барихад заавал магадлалын дүгнэлт гаргуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах ёстой” гэж маргасан.
2.10.Гэвч барилга барихад зөвшөөрөл авах шаардлага тогтоосон журмыг мэдээгүй нь иргэн, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.11.Мөн түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчаас хяналт шалгалт явуулж эхлэх үед уг өргөтгөлийн барилга нь баригдаж дуусаагүй байсан болох нь Зөрчил хэрэг дэх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх фото зураг /ХХ-1-н 66 дахь тал/ болоод Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 65 дугаартай Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” тогтоолоор /ХХ-1-н 84 дэх тал/ тогтоогдож байгаа ба ийнхүү эрх бүхий этгээдээс барилгын ажлыг зогсоохыг үүрэг болгосоор байхад зогсоогоогүй, барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгасан нь нэхэмжлэгчийн илт хууль бус ажиллагаа болно.
2.12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Ц.Цгийн барьсан 5 давхар барилгын зураг, барилгыг хүлээж авсан комиссын акт”-ыг архиваас гаргуулах хүсэлтийг шүүх хангаж, Нийслэлийн архивд хадгалагдаж байгаа гэх С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай барилгын зураг төсөл, уг барилгад холбогдох бусад баримтыг 2 удаа шаардсан.
2.*******.Нийслэлийн архиваас ирсэн баримт нь С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 5 давхар барилгын зураг төсөл /сүүлд мансард нэмж 6 давхар болгосон/, уг барилгад холбогдох бусад баримт нь уг барилгынх биш боловч энэ 6 давхартай барилгыг хооронд нь холбож барьсан 10 давхартай барилгын зураг байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардсан барилгын зураг нь архиваас гарч ирэхгүй байгаа нь уг барилгын зураг төсөл, уг барилгад холбогдох бусад баримт бичгийг архивд хүлээлгэж өгөөгүй гэж үзэх үндэслэл боллоо.
2.14.Мөн энэхүү С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 5 давхар барилгын зураг төсөл нь Л.Н*******ын зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан зөрчлийн хэрэгт шууд хамааралгүй гэж үзсэн.
2.15.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 6 давхар барилгыг 7 давхар болгож өргөтгөл хийхийг энэ барилгыг Улсын комисс хүлээн авахдаа үйлдсэн актад тусгасан байж болзошгүй гэх үндэслэлээр дээрх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан.
2.15.Гэвч Л.Н*******аас С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 6 давхар барилгын дээвэрт нэмж 7 давхар болгож өргөтгөл барих ажлыг эхлүүлэхээсээ өмнө уг барилгыг хүлээн авсан Улсын комиссын актад ийм дүгнэлт туссан байгаа эсэхийг мэдсэн байх ёстой.
2.16.Мөн тэрээр уг өргөтгөлийг хийхдээ Барилгын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, уг барилгын зураг төслийг үзэж магадлал хийлгэх ёстой бөгөөд эдгээр ажиллагааг явуулахдаа С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 6 давхар барилгын зураг төсөл, улсын комисс хүлээн авсан акт зэрэгтэй үзэж танилцсан байх ёстой, хяналт шалгалтад уг баримтаа гаргаж үзүүлж танилцуулах үүрэгтэй байсан.
2.17.Хэрэв Л.Н*******аас С дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, ******* дугаар хороолол, 1 хаягтай 6 давхар барилгыг 7 давхар болгож өргөтгөсөн бол уг бүтэц хийцийг өөрчилсөн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй хууль зөрчжээ.
2.18.Иймд нэхэмжлэгчийн гаргасан таамгаар эх сурвалж нь тодорхойгүй нотлох баримтыг шүүх цуглуулах үндэслэлгүйгээс гадна, тэрээр Л.Н*******ын Улсын комиссын актад өргөтгөл хийхийг зөвшөөрсөн эсэхийг заавал мэдэж байж өргөтгөлийг зохих зөвшөөрлөөр хийх ёстой үйлдлээ мэдээгүй байхад шүүхээс хяналт шалгалтад гаргаж өгөөгүй энэхүү баримтаар хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэх үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д “аж ахуйн, нэгж байгууллага хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
3.2.Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэж, мөн зүйлийн 2-т “Хуульд заасны дагуу зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно” гэж тус тус заажээ.
3.3.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 37.1.1-т “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, мөн зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэж, 37.1.10-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, ...”, 37.1.*******-т “барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах” гэж заажээ.
3.4.Хуулийн энэ заалтуудын дагуу аливаа барилгын ажлыг захиалан бариулагч нь барилгын ажлыг явуулахдаа барьсан өргөтгөлийнхөө баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй хамт өөрийн буруутай үйлдэлд өөрөө хариуцлага хүлээх ёстой байна.
3.5. Мөн түүнчлэн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх” үүрэгтэй гэж, 46.4-т “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан байна.
3.6.Л.Н*******ыг барилгын ажлыг явуулж байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэмд төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилгын бүтээц ба суурийн найдваршилд зөвшөөрөл авахаар[1], мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 194 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэмд Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилгад зөвшөөрөл авахаар[2], мөн сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэмд 7 метр хүртэл өндөртэй, 400м2 хүртэл талбайтай (нэг айлын орон сууц)-ыг барихад зөвшөөрөл авахгүй байхаар бусад амины орон сууц болон Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилгад зөвшөөрөл авахаар журамлажээ.
3.7.Нэхэмжлэгч Л.Н*******аас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан ажлын зураг төсөлгүйгээр өөрийн өмчлөлийн С дүүргийн 1 дүгээр хороо, О байрны ******* тоот сууцныхаа дээвэр хэсэгт, 1 давхар өргөтгөлийн барилга барьсан зөрчлөө хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт нь гомдол гаргаагүй, энэхүү зөрчил гаргасан эсэхээр одоо шүүхэд маргахгүй байгаа тул түүнийг зөрчлийг гаргасан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
3.8.Нэхэмжлэгч нь нэгэнт зөвшөөрөлгүй барилгын хийц бүтээц, төлөвлөлтийг өөрчилсөн нь эрх бүхий Улсын байцаагчийн хяналт, шалгалтаар тогтоогдсон байх тул түүний гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэг, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу арилгуулахаар даалгавар бичсэн нь аливаа хууль, хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу “маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон” нотлох баримтыг зөвхөн хэрэгт цуглуулсан.
4.2.Анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд, дотоод итгэлээр үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н*******ын “Нийслэлийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ