| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/00712/И |
| Дугаар | 142/ШШ2023/01532 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2023/01532
| 2023 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2023/01532 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, уяачдын 3, 16 тоотод байрлах Алтандуулга констракшн ХХК /РД:5788021/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол Мон мед байр-20 тоотод байрлах Тавинлан ХХК /РД:2779307/-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 787 866 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, Ц.Одзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК хариуцагч Тавин лан ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 787 866 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тавин лан ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Тавин лан ХХК нь Эрдэнэт хот, Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах Уурхайчин 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Тавин лан ХХК нь Алтандуулга констракшн ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /дулааны шугамын угсралт/-г байгуулсан. Уг гэрээгээр Алтандуулга констракшн ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрг Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Тавин лан ХХК нь ажлын хөлсөд нийт 2 000 000 000 /хоёр тэрбум/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Тавин лан ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь Алтандуулга констракшн ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/02 дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20 -ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба Алтандуулга констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Тавин лан ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, Тавин лан ХХК нь гэрээний нийт үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 1 313 086 500 төгрөгийг төлж, үлдэх 686 913 500 /зургаан зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөгийг төлөөгүй байна. Нийт төлсөн 1 313 086 500 төгрөгөөс 860 000 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК -ийн дансанд, 53 000 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК -ийн захирал Б.Батбаярын эзэмшлийн дансанд, 50 000 000 төгрөгийг бэлнээр, 90 000 000 төгрөгийг Б.Батбаярын эхнэр Д.Нэргүйн дансанд, 500 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК -ийн ажилтны дансанд, үлдэх 259 586 500 төгрөгийг харилцан тохиролцож суутгал болгон авсан байдаг. Иймд Тавин лан ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 686 913 500 /зургаан зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тавин лан ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Тавин лан ХХК нь Эрдэнэт хот, Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах Уурхайчин 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Тавин лан ХХК нь Алтандуулга констракшн ХХК -тай 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /дулааны шугамын угсралт/ -г байгуулсан. Уг гэрээгээр Алтандуулга констракшн ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор мантаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргох станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Тавин лан ХХК нь ажлын хөлсөд нийт 2 000 000 000 /хоёр тэрбум/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Тавин лан ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь Алтандуулга констракшн ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдрийн 2021/02 дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20 -ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба Алтандуулга констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Тавин лан ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, Тавин лан ХХК нь гэрээний нийт үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 1 313 086 500 төгрөгийг төлж, үлдэх 686 913 500 /зургаан зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөгийг төлөөгүй байна. Нийт төлсөн 1 313 086 500 төгрөгөөс 860 000 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК -ийн дансанд, 53 000 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК - ийн захирал Б.Батбаярын эзэмшлийн дансанд, 50 000 000 төгрөгийг бэлнээр, 90 000 000 төгрөгийг Б.Батбаярын эхнэр Д.Нэргүйн дансанд, 500 000 төгрөгийг Алтандуулга констракшн ХХК -ийн ажилтны дансанд, үлдэх 259 586 500 төгрөгийг харилцан тохиролцож суутгал болгон авсан байдаг. Мөн Алтандуулга констракшн ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдаагүй ажлыг буюу газар шорооны ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг мөн адил актаар хүлээлгэн өгсөн ба гэрээнд тусгагдаагүй энэхүү ажлын үнийн дүн нь 100 953 000 төгрөг байдаг. Иймд Тавин лан ХХК -аас Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 686 913 500 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 100 953 000 төгрөг, нийт 787 866 500 /долоон зуун наян долоон мянга найман зуун жаран зургаан мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ
3.Хариуцагч Тавинлан ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Алтандуулга констракшн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн нэхэмжлэлтэй Тавин лан ХХК-д холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх учир дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Алтандуулга констракшн ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч ажлыг бүрэн дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, хүлээлцсэн акт үйлдээгүй, гэрээнд тусгасан үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ
4. Хариуцагч Тавинлан ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа: Алтандуулга констракшн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3-4/, Итгэмжлэл /1хх-5/, Алтандуулга констракшн ХХК -ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-6/, Алтандуулга констракшн ХХК -ийн дүрэм /1хх-7-10/, 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /дулааны шугамын угсралт/ /1хх-11-17/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээ /1хх-18-25/, Д.Нэргүйн дансны хуулга /1хх-26/, Б.Батбаярын дансны хуулга /1хх-27-28/, Алтандуулга констракшн ХХК-ийн дансны хуулга /1хх-29-38/, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн төсөв /1хх-95/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас Тавинлан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-42/, Тавинлан ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1хх-54/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 114/150 дугаартай албан бичиг /1хх-55/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тавинлан ХХК, Алтандуулга констракшн ХХК нарын хийгдсэн тохиролцоо /1хх-56/, утсаар ярьсан тэмдэглэл /1хх-57/, тооцоо нийлсэн хуудас /1хх-59-62/, Хас банкны цахим гүйлгээний баримт /1хх-119-137/, Тавинлан ХХК-ийн эзэмшлийн 5000242393 тоот дансны хуулга /1хх-159/, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тавинлан ХХК Э.Эрдэнэбямба нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ /1хх-160-166/, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Тавинлан ХХК, Булган-АЗЗА ТӨХК нарын хоронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ /1хх-167-182/, зэрэг баримтыг гаргаж өгсөн.
7. Шүүх зохигчдын хүсэлтээр Уурхайчин 2, 3 орон сууцны хорооллын улсын комисс ажиллаагүй ажил хийгдэж байгаа. Уурхайчин-2 орон сууцны хорооллыг барих ажлыг Өргөө хаан констракшн ХХК гүйцэтгэхээр, Уурхайчин-3 орон сууцны хорооллыг барих ажлыг Лүүкс вүүд групп ХХК гүйцэтгэх гэрээ, Уурхайчин 2, 3 орон сууцны хорооллын ажил дуусаагүй гэрээ, Уурхайчин 2, 3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлын гүйцэтгэл болон хийгдсэн ажлууд /1хх-210-233/, Эрдэнэ-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-7/, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-33/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2хх-37-39/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК нэхэмжлэлийн шаардлагаа: Тавин лан ХХК нь Алтандуулга констракшн ХХК -тай 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /дулааны шугамын угсралт/-г байгуулсан. Уг гэрээгээр Алтандуулга констракшн ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Тавин лан ХХК нь ажлын хөлсөнд нийт 2 000 000 000 /хоёр тэрбум/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Тавин лан ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь Алтандуулга констракшн ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 05 дугаар сарын 21 -ний өдрийн 2021/02 дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20 -ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба Алтандуулга констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Тавин лан ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, Тавин лан ХХК нь гэрээний нийт үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 1 313 086 500 төгрөгийг төлж, үлдэх 686 913 500 /зургаан зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөгийг төлөөгүй байна. Иймд Тавин лан ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 686 913 500 төгрөг, мөн нэмэгдүүлсэн шаардлага 100 953 000 төгрөг, нийт 787 866 500 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлж байгаа.
3.Хариуцагч Тавинлан ХХК Манай компани нь Алтандуулга констракшн ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч ажлыг бүрэн дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, хүлээлцсэн акт үйлдээгүй, гэрээнд тусгасан үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх буюу дулааны шугамын угсралтын гэрээ байгуулсан, уг гэрээгээр Алтандуулга констракшн ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Тавин лан ХХК нь ажлын хөлсөнд нийт 2 000 000 000 /хоёр тэр бум/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 1 313 086 500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.
5.Хариуцагч ...нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй, цэвэр усны 2 өргөх станц-ын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж,
нэхэмжлэгч ...манайх Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станцын угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн ажлаа хүлээлгэн өгсөн.Цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг 2 өргөх станц байхгүйгээс хийгээгүй, харин энэ ажлын оронд цэвэр усны шугам татаж өгсөн, манайх 2 өргөх станцыг барих үүрэг гэрээгээр хүлээгээгүй гэж маргаж,
Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станцын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй ба цэвэр усны 2 өргөх станц баригдаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /2 хавтас 7 хуудас/
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
7.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба талууд гэрээний 2.1-д Алтандуулга констракшн ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ.
9.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2.-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
10.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д заасан үгийн шууд утгыг анхаарвал цэвэр усны 2 өргөх станц угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК хүлээсэн гэж үзэхээргүй байх ба хэрэв хариуцагч Тавин лан ХХК нь нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК-ийг цэвэр усны 2 өргөх станц-ын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж үзсэн бол тэрээр нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2021/25 дугаартай Цэвэр усны өргөтгөлийн насос станцын тоноглол хийх, холболт хийх ажлыг 88 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Э.Эрдэнэбямбатай гэрээ байгуулсан байна /1 дүгээр хавтас 160х/.
11.Өөрөөр хэлбэл ийнхүү Цэвэр усны өргөтгөлийн насос станцын тоноглол хийх, холболт хийх ажлыг 88 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Э.Эрдэнэбямбатай гэрээ байгуулсан нь Алтандуулга констракшн ХХК цэвэр усны 2 өргөх станц угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэх үндэслэл боллоо.
12.Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгчийн Ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдаагүй ажлыг буюу газар шорооны ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэж 100 953 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гэрээгээр талууд дээрхи газар шорооны ажлын талаар тохиролцоогүй байна.
13.Зохигчийн хооронд тооцоо нийлсэн актаар /1 дүгээр хавтас 60 хуудас/ Булган Азза ХХК-ийн ажлын хөлс үл хөдлөх чиглүүлэх тулгуур, цэвэр усны насос станц, техникийн түрээс, бригадын ажлын хөлс, гагнуурын ажлын үзлэг шалгалтын төлбөр болон бусад суутгал болох 400 000 000 төгрөгийг суутгаж, Тавин лан ХХК-тай эцсийн байдлаар тооцоо нийлж, өөрчлөлт орохгүйгээр 286 913 500 төгрөг /үнийн дүнд барьцаа 5% буюу 80 000 000 төгрөг орсон/ авахаар тохирсон байх ба хэрэгт цугларсан баримтаар талууд тооцоо нийлсэн, хариуцагч үгүйсгээгүй байна.
14.Иймд зохигчийн хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч Тавин лан ХХК-иас 286 913 500 /хоёр зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 913 500 /таван зуун сая есөн зуун арван гурван мянга таван зуун төгрөг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 255 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Тавин лан ХХК-иас 1 592 517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Тавинлан ХХК-иас 286 913 500 /хоёр зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 913 500 /таван зуун сая есөн зуун арван гурван мянга таван зуун / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 255 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Тавинлан ХХК-иас 1 592 517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтандуулга констракшн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4674 дүгээр шүүгчийн захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА