| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/01427/и |
| Дугаар | 1646 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 1646
МАГАДЛАЛ
2019.09.09 Дугаар 1646
Р.О -н нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01427 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ү.Тд холбогдох
Дутуу олгосон цалин олговорт 3 487 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Ү.Т-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ажиллаж байсан Мажист фитнесс төвд сарын 450 000 төгрөгийн цалин авах нөхцөлтэй үйлчлэгчээр ажилд орсон. Би уг бие бялдаржуулах төвд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 11 сар үйлчлэгчээр ажиллаж байгаад 6 дугаар сарын 5-ны өдөр ажилдаа ирэхэд Ү.Т ажлын байраа орхиод явчихсан байсан. Би түүний гэрийг хааяа цэвэрлэж өгдөг байсан болохоор гэрт нь очиж уулзахад үйл ажиллагааны орлого муу байна, цалинг одоо өгч чадахгүй, орлого сайтай өөр газар байр түрээслэн тэнд ажиллуулж байгаад цалинг нь өгнө. Гэхдээ дараа ирэхэд нь 1 000 000 төгрөг өгье. Үлдэх цалинг нь шинээр байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ бичгээр байлгуулна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гэрт нь очиход Ү.Т байрнаасаа нүүгээд явчихан байсан. Ү.Т цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг боловч сүүлдээ надад олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоолгосон. Ажиллаж байх хугацаандаа Ү.Т-с нийт 2 273 000 төгрөг авсан. Иймд би Мажист фитнес төвд үйлчлэгчээр ажилласан 11 сарын хугацааны цалин хөлсийг түүнтэй тохирсоноор 1 сарын 450 000 төгрөгөөр тооцож, олгогдоогүй 2 677 000 төгрөгийг, 2017 оны 6 сараас хойш ажилгүй болсон тул сул зогсолтын мөнгө 810 000 төгрөг, нийт 3 487 000 төгрөгийг Ү.Т-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.О гэдэг хүн манай Мажести фитнесс төвд 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Цалин хөлс дээр сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Р.О-н гарын үсэг зурсан баримт миний хар дэвтэрт бичигдсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сарын 450 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон нь худлаа юм. Нэхэмжлэгч Р.О нь нэхэмжлэлдээ 11 сарын цалин хөлс өгөөгүй гэх боловч тухай бүр ннадаас цалин хөлсөө авсаар байсан нь миний хар дэвтэрт он, сар, өдөр, гарын үсэгтэйгээ байгаа. Харин Р.О-г ажлаа хааяа тасалдаг, үйлчлүүлэгчтэй соёлгүй харьцдаг, хэд хэдэн үйлчлүүлэгчийг хөөснөөс болж үйлчлүүлэгч багассан асуудал ч байгаа. Миний бие нэхэмжлэгч Р.О-д нэг сарын цалин хөлсний үлдэгдэл өгөх асуудал байгаа. Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Р.О манай фитнесийг өмнө нь ажиллуулж байсан М.Ж-с та намайг өмнө үйлчлүүлэгчээр сарын 450 000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан гэдэг талаар тодорхойлолт гаргаж өгөөч гэж гуйсан байдаг. М.Ж нь би Монгол бичиг үсэг мэдэхгүй, чи бичээд ир би гарын үсэг зураад өгье гэж хэлсэн. Гэтэл Р.О нь утга санааг өөрчлөн Ү.Т намайг Р.О-г цаашид 450 000 төгрөгөөр ажиллуулах болсон утгатай тодорхойлолт бичиж М.Ж-ээр гарын үсэг зуруулсан байна. Үүнийг миний бие М.Ж-с асуухад би тийм зүйл бичиж өгөөгүй гэсэн.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.Т-с нэг сарын ажлын хөлс 350 000 /гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3 137 000 /гурван сая нэг зуун гучин долоон мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 750 /далан мянга долоон зуун тавь/ төгрөгөөс 70 742 /далан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 8 /найм/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ү.Т-с улсын тэмдэгтийн хураамжийн 11 150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.О-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Р.О давж заалдах гомдолдоо: Би бие бялдаржуулах төвд 11 сар үйлчлэгчээр ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажиллуулж байсан хариуцагч Ү.Т ажлын байраа орхиод явсан байсан. Түүний гэрийг нь би хааяа цэвэрлэдэг байсан учир гэрт нь очиж "...үлдэгдэл цалин хөлсөө авья” гэхэд тэрээр " ...орлого муу байна. Цалинг чинь одоо өгч чадахгүй. Орлого сайтай газар байр түрээслэн ажиллуулахдаа өгнө" гэхээр нь би түүнд "Тэгвэл баримт үйлдэж, гэрээ хийе" гэхэд Ү.Т надад " Дараа ирэхэд чинь 1 000 000 төгрөг өгнө, үлдэх мөнгийг чинь шинээр байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Тэгэхдээ хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулна" гэсэн. Тэр үеэс хойш Ү.Т нь түрээсээр амьдарч байсан байраа болон ажлын байраа орхин хаа явсан нь мэдэгдэхгүй, алга болсон бөгөөд 2017 оны 6 дугаар сараас хойш 2 жил шахам хугацаанд би хөлсөөр ажиллаж байсан тухай баримт болон үлдэгдэл мөнгөө авах, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж түүнийг эрж хайж, аргаа барахдаа шүүх, цагдаагийн байгууллагад хандаж, эрин сурвалжлуулсан юм. Тодруулбал, би хуульд заасны дагуу хөлсөөр ажиллаж байсан талаараа баримт, гэрээ авах, мөн цалин мөнгөө авах гэж хариуцагчийг эрж хайн, түүнийг эрин сурвалжлуулсан тухаай шүүгчийн захирамж зэрэг бусад баримтуудаар нотлогдох бөгөөд үүнд намайг биш, харин Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1 дэх хэсэгт заасан миний шаардах эрхийг зөрчсөн хариуцагчийг үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.О би миний 1 сарын цалин 450 000 төгрөг байсныг нотлох Н.Ж-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Түүний хаяг тодорхой биш байсан бөгөөд хариуцагч Ү.Т шүүх хуралдаанд "...Би Н.Ж-г шүүх хуралдаанд дагуулж ирнэ, надад хаяг нь байгаа" гэж хэлээд дараагийн шүүх хуралдаанд өөрөө ч, Н.Ж-г ч ирүүлэхгүй, алга болсон. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийн татгалзлыг үндэслэсэн гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй, тэрээр дараа дарагийн 2, 3 удаагийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Ж нь "...сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож, бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. Р.О-нгарын үсэг зурсан баримт нь миний хар дэвтэрт бичигдсэн" гэх тайлбарынх үндэслэл болох хар дэвтрийг шүүхэд гаргаж өгөөгүй нь түүний дээрх тайлбарын худал болохыг нотолсон баримт юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Р.О би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ү.Т-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 2 677 000 төгрөг, сул зогсолтын 810 000 төгрөг, нийт 3 487 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие Мажисти фитнес төвд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж, сарын цалинг 450 000 төгрөгөөр тохиролцож, 11 сарын хугацаанд бүтэн ажилласан байхад цалин хөлсийг дутуу олгосон” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэг сарын цалинг хөлсийг 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед 300 000 төгрөг байхаар тохиролцсон” гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэхмжлэлийн шаардлага болох “нэг сарын цалин хөлсийг 450 000 төгрөгөөр тохиролцсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс NOTEBOOK гэсэн нэртэй жижиг бор тэмдэглэлийн дэвтэр гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх уг дэвтэрт тэмдэглэгдсэн үйл баримтыг дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг “...сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан” гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгч дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан хэмжээгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 2 677 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сул зогсолтын цалин хөлс 810 000 төгрөгт холбогдох хэсгийг талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хөдөлмөрийн харилцааны зохицуулалт хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Шүүх хэргийн оролцогчид 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болох шүүх хурлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хариуцагчийн зүгээс удаа дараа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гарсан байна.
/хх 98-99, 108/
Хариуцагч Ү.Т-д 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлж гарын үсэг зурсан, мөн түүний гар утсанд шүүх хуралдааны товыг мессеж илгээж мэдэгдсэн байна. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
М.НАРАНЦЭЦЭГ