Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

 

 

         2021         12          23                                              2022/ДШМ/17

 

Л.Зд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,

хохирогч Д.Б,түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Л.Зд холбогдох 1910025920328 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.З нь “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө” гэж иргэн Д.Быг хуурч, банкинд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Д.Баас 80.000.000 төгрөг авсан буюу Д.Бд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Зийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Л.Зд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Д.Зийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.З гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Л.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 680 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдзвэрлэх тухай хуулийн 15.1, 15.2, 38.1 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Л.Зд холбогдох эрүүгийн хэргийн товч талаар:

Шүүгдэгч Л.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх мэт хэрэгт холбогдож хохирогч Д.Бд 80.000.000 /наян сая/ төгрөгийн бодит хохирол учруулсан гэм буруутайд тооцож Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 680 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гомдлын утга:

-Шүүгдэгч Л.З нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшин ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

-Гэм буруугийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.

-Анх удаа гэмт хэрэгт холбогдсон

-Яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

-Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”

-Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

-Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгэмд учруулсан хохирлыг төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн 5.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх буюу хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг халдаахад чиглэгдэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зүйл нь хорих ялаас гадна торгуулийн ял болон сонгомол санкцитай байна.

Иймд шүүгдэгч Л.Зд дээрх хуулийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ялаар сольж өгнө үү.

Шүүгдэгч Л.З нь торгуулийн ялаар шийтгэгдэх болвол торгуулийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөх боломжтойг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр холбогдох нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар гаргаж өгөх болно. ...” гэв.

Шүүгдэгч Л.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1 настай хүүтэй. Шүүх төрийн энэрэл хайрыг үзүүлж торгуулийн ялаар сольж өгнө үү. Миний эхнэр Б.Мөнх-Од торгуулийн ялыг бүрэн төлөхөөр баталгаа гаргасан. Эхнэр хүүхдүүдийн хамт элэг бүрэн амьдрах боломжийг хангаж торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Хэдийгээр хохирол төлбөр барагдуулсан хэдий ч энэ 2 жилийн хугацаанд үүнээс үүдэлтэй хохирол зөндөө гарсан. Энэ хүн цагдаагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй оргон зугтаасан. Би өөрөө энэ хүнийг олж барьж өгсөн. Иймд хуулийн хүрээнд эдлэх ёстой зүйлээ эдлэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Бын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримт болон хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг өгсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тодорхой баримт гаргаж өгч байна. Шүүхээс торгуулийн ял оногдуулахдаа тухайн ялтны хөрөнгө болон цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үздэг. Гэр бүлийн хамааралтай хүн торгуулийн ялыг даах боломж байхгүй. Энэ  нь өөрөө Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимтай зөрчилдөнө. Гэр бүлийн хүн тухайн хүний өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ аваагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгээс оргон зайлсан. Шүүгдэгчийг эрэн сурвалжилж байхад хохирогч тааралдаж олдсон. Анх удаа гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг нийгэмшүүлэх зорилго зорилт биелэгдэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирол төлбөрийг барагдуулсан хэдий ч хор уршгийг огт дурдаагүй. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжгүй хэдий ч хувьсах зардал маш их гарсан. Энэ талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх гаргах нөхцөл байдал бүрдсэн. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Л.З нь “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө” гэж иргэн Д.Быг хуурч, банкинд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Д.Баас 80.000.000 төгрөг авсан буюу Д.Бд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Д.Зийн дансны хуулга /1хх 78-88/, хохирол төлсөн баримтууд /3хх 122, 128/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Д.Бын “...Надад тодорхой тендерийн материал үзүүлээгүй ба “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж хэлээд маш яаралтай банкинд байршуулах хугацаа алдахгүй байршуулах ёстой” гээд миний машиныг заруулсан. Өөрөө таньдаг ченжээ дуудаж заруулсан ба мөн өөрөө дээр нь 60.000.000 төгрөгийг байршуулна гэж хэлж байсан. ...” /1ххх 10-12/,

гэрч Л.Мийн “...Л.З тендерийн талаар надад ганц ширхэг ч цаас авч ирж үзүүлээгүй ба амаараа 9 тэрбум төгрөг гэж яриад л яваад байсан. Урьд нь надаар тендер бүрдүүлэх болон хамтран ажиллаж байсан зүйл байхгүй. Манай компанийг тендерт ордог болохыг мэддэг болохоор намайг зорьж ирсэн байх. ...” /1хх 29-30/,

гэрч Г.Дгийн “...2019 оны 6 дугаар сарын сүүлч 7 дугаар сарын эхээр манай ажил дээр Л.З нь Д.Баяжаргалыг дагуулж ирээд надтай танилцуулсан юм. Ингэж танилцуулахдаа Л.З нь манай төрлийн дүү байгаа юм. Би тендерт оруулах гэж байгаа. Санхүүгийн тайланг нь хийж өгөөч гэж санал тавьсан. Тэр үеэс Д.Быг мэдэх болсон. Миний хувьд Л.Зэс 80.000.000 төгрөгийн ажил хийж байгаа гэдгийг огт сонсоогүй ба ажлын хөлсний урьдчилгаа гэж нэг ч төгрөг аваагүй. Харин сүүлд Д.Б нь намайг хулхидчихлаа гээд манай ажил дээр ирж уулзаад зээлийн нотариатаар орсон гэрээгээ харуулж байсан. Л.З нь амаараа л тендерт оруулж өгнө гээд анх ирэхдээ л ярьж байсан. Тендерийн ажлын материалд бодитой хувь нэмэр юу ч оруулаагүй. Харин Д.Б нь өөрөө гүйгээд санхүүгийн анхан шатны баримтаа өгч байсан. ...” /1хх 32-34, 35-37/,

яллагдагч Д.Зийн “...хяналтын прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйл хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 32-34, 3хх 1-3/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Зийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч Л.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Зийн тус шүүх хуралдаанд “...Миний эхнэр Б.Мөнх-Од торгуулийн ялыг бүрэн төлөхөөр баталгаа гаргасан. Эхнэр, хүүхдүүдийнхээ хамт элэг бүтэн амьдрах боломжийг хангаж торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх тайлбар, шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн эхнэр Б.Мөнх-Одынх нь дансны хуулга зэргээс дүгнэхэд шүүгдэгч Л.Зд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял оногдуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Зийн өмнөөс эхнэр Б.Мөнх-Од нь торгуулийн ялыг төлөхөөр баталгаа гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. ...” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Л.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан хэдий ч урьд торгуулийн ял шийтгэгдэж, түүндээ дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Л.Зд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд “...торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.З нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ял шийтгэлгүй” гэж дүгнэснийг цаашид анхааруулж тэмдэглэв.

Шүүгдэгч Л.З нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ