Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Х.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содномынх овогт Хандын Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201710010149 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Модны 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Содномынх овогт Хандын Буяннэмэх /УУ70053017/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Буяннэмэх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” дэлгүүрийн гадна орчинд эхнэр Н.Алтанцэцэгийн цээжин тус газар нь 3-4 удаа өвдөглөн зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Х.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би БНХАУ-ын Эрээн хотоос 16:00 цагийн үед орж ирээд Улаанбаатар хотод байдаг найзуудаа манай эхнэр Алтанцэцэг бид 2 тэмээтэй хөшөөн дээрээс гаргаж өгсөн. Тэнд найзуудтайгаа 10 лааз боргио пиво уусан. Би 2 лааз пиво уусан, тэгээд найзуудаа явуулчихаад Алтанцэцэг бид 2 буцах замдаа Уянгын гэрээр дамжаад 8 лааз пиво авч орсон. Тэднийд Уянга түүний нөхөр Шинэбаяр, Хулан нар байсан. Тэндээ бид пиво хувааж уучихаад Шинэбаяр дахин гарч нэг нэг пиво авч ирсэн, түүнийгээ уучихаад тэгээд тэднийхээс 21:30 цагийн үед гарч яваад эргээд Уянгын гэрээс СД-ний кино аваад буцаад гэр рүүгээ явах замдаа миний гар утас дуугараад ярьсан чинь “нөгөө гаргаж өгсөн найзууд яриад Сайншанд орж байна гэж ярьсан” тэгсэн чинь Алтанцэцэг нь согтуурахаад “Чи ямар хүүхэнтэй яриад байгаа юм бэ?” гэхлээр нь би нөгөө гаргаж өгсөн хэд чинь Шанд орж байна гээд ярьж байна шүү дээ ямар юмных нь хүүхэн байдаг юм бэ? гэсээр хэрэлдээд гэрийнхээ үүдэнд очоод “Алтанжолоо” дэлгүүрийн хойд талынх нь хашааны үүдэнд ирээд хүүхдээ аваад гэр рүүгээ орох гэсэн чинь хэрүүл өдөөд байхаар нь би хүүхдээ аваад зугтаагаад гудамж руу гүйгээд орсон утсаар цагдаа дуудчихаад хашааны буланд нуугдаж байсан чинь намайг мэдээд хүрээд ирсэн.Тэгээд бид 2 эргээд “Алтанжолоо” дэлгүүрийн үүдэнд зууралдаад давхралдаад унахдаа би түүний цээжин тус газар өвдөглөөд унасан. Тэгээд тавихгүй болохоор нь би Алтанцэцэгийн цээжин тус газар руу нь өвдөглөж байгаад тавиулсан. Тэгээд би Алтанжолоо дэлгүүр дотор араас орж ирээд хэрүүл хийгээд дахиад зодолдох гээд маажих гээд араас хөөж байгаад гараад явчихсан. Би өөрөө цагдаагийн жижүүр дээр ирж болсон асуудлын талаар мэдэгдсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 26/,

- Хохирогч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Буяннэмэх гэх хүнтэй хамт амьдраад 3 жил болж байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй, /Буяннэмэх нь урьд гэрлэлтийн баталгаа салгаагүй байгаа/ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байтал манай нөхөр Буяннэмэх нь Эрээн гараад буцаж орж ирээд 16:00 цагийн үед утсаар ярьсан, тэгээд манай хашаа байшин байдаг юм тэнд хүрээд ир найзууд ирсэн гэсэн, тэгэхлээр нь би хүүхэд унтаж байна яах гэж байгаа юм гэсэн чинь удалгүй өөрөө машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Буяннэмэх өөрөө найзуудаа суулгаад УАЗ-31512 маркийн машинтайгаа ирээд би найзуудынх нь машинтай бид 2 машинтай найзуудыг нь гаргаж өгөх гээд Улаанбаатарын замын хаалган дээр очоод тэнд пиво ууцгаасан. Би энэ хугацаанд хүүхэдтэйгээ машинд унтаж байсан. 1 цаг орчим гаргаж өгнө гээд байцгааасан байх, тэгээд Буяннэмэх за за нөгөөдүүл явчихлаа, хэдэн пиво уусан чинь согтчихлоо гэрлүүгээ явъя гэсэн. Бид машинаа унаад буцаад явсан. Буцах замдаа дүү Уянгын гэрээр орсон. Тэд гэртээ Уянга, Шинэбаяр, Хулан гэх хүмүүс банш хийгээд сууж байсан. Гэтэл Буяннэмэх нь надад хэлэхдээ хоёулаа энэ хэдтэй ганц нэг пиво ууя гэхлээр нь би зөвшөөрсөн. Бид тэндээ уучихаад буцах замдаа Алтанжолоо гэх дэлгүүрээс пиво авъя гэхлээр нь би одоо болноо явъя гэсэн чинь ууна гээд Алтанжолоо дэлгүүр рүү ороод эргэж гарч ирээд гэр рүүгээ явахгүй гээд нуугдаад зугтаагаад байхаар нь араас нь хөөж очоод барьж явъя гэсэн чинь явахгүй гээд маргалдсан. Тэгээд Алтанжолоо дэлгүүрийн үүдний хаалганы дэргэд хүзүү боогоод ташаад унагаасан. Тэгээд миний дээр гарч суугаад “Чи ингээд дуугараарай” гээд 3-4 удаа цээжин тус газар руу өвдөглөөд байсан. Энэ үед би амьсгал авч чадахгүй, дуугарч чадахгүй байсан, тэгээд босоод хүүхдээ дагуулаад эргээд Алтанжолоо дэлгүүр рүү орсон, энэ үед миний бие эвгүй байсан, тэгээд би Буяннэмэхийг хүүхэдтэйгээ орхичихоод дүү Энхманлайгийнх руу явсан. Тэднийд Хулан, Энхманлай 2 гэртээ байсан, тэднийхээс сумын түргэн тусламж дуудаад эмч үзээд хавирга хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

-Гэрч Н.Уянгын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед манай нөхөр Шинэбаяр, бэр Хулан биднийг цех дээрээ байх хугацаанд гаднаас хүргэн ах Буяннэмэх, эгч Алтанцэцэг нар нь 4 ширхэг пиво барьчихсан хүүхдээ дагуулаад орж ирээд түүнийгээ уучихаад гарсан. Түүнээс хойш 30-40 минутын дараа миний утас руу Алтанцэцэг эгч залгаад дуу нь цаашаа орчихсон, намайг Буяа зодчихлоо ирж ав гээд утсаар ярихаар нь би та хаана байгаа юм бэ? гэж асуухад Арслангийн орд гэх шиг болохоор нь би тухайн дэлгүүрийн орчмоор асуусан чинь байхгүй болохоор нь залгасан дугаар руу нь эргээд залгасан чинь Алтанжолоо гэх дэлгүүр гэдгийг мэдээд Алтан жолоо дэлгүүрийн орчимд очоод Алтанцэцэгийн өөрийнх нь утас руу залгасан чинь Хулан утсыг нь аваад эгч манай гадаа байна гэхлээр нь тэдний гадаа очсон чинь Алтанцэцэг эгч тэдний гадаа машин дотроо үрүүлээ дэрлээд уйлчихсан би дуугарч чадахгүй байна гээд байхаар нь түүнийг буулгаад Хулангийн гэрт оруулаад түргэн тусламж дуудаад эмч ирж үзээд анхны тусламж үзүүлээд цээжний зураг авахуулахад 3 хавирга хугарсан байна гэсэн онош гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, 

- Гэрч Л.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Уянга эгчтэй хамт бууз хийгээд сууж байтал гаднаас Алтанцэцэг, Буяннэмэх нар нь 4,5 ширхэг лаазтай пиво барьчихсан найзуудаа гаргаж өгчихөөд ирлээ гэсээр орж ирсэн, надад пиво өгсөн би уугаагүй. Уянга, Алтанцэцэг, Буяннэмэх нар хуваагаад ууцгаасан байх. Буяннэмэх, Алтанцэцэг нар нь уухгүй хүүхдийнхээ араас гарч гүйгээд байсан. Тэгээд би тэд нарыг орхиод гэр рүүгээ явсан. Гэртээ ороод 10-20 минутын дараа Алтанцэцэг эгч утсаар залгаад танай гадаа байна гээд уйлаад залгахаар нь гараад очсон чинь машиныхаа жолооны ард аахилчихсан дуугарч чадахгүй сууж байсан. Ямар асуудал болсон талаар асуусан чинь Буяннэмэх нь цээж рүү өвдөглөсөн гээд байгаа бололтой амьсгаа авч чадахгүй байгаа бололтой байсан. Тэгээд машинаас нь буулгаад манай гэрт оруулаад түргэн дуудсан. Гэртээ оруулаад харсан чинь хүзүү нь улайчихсан харагдаж байсан. Түргэн дуудаад өвчин намдаах тарьсан бүр дуугарч чадахгүй болоод эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Н.Алтанцэцэгийн биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 6,7,8-р хавирганы зөрүүгүй хугарал, хүзүүний баруун талд зулгаралт, цээжний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрхи гэмтлүүдийн цээжний зүүн талд суганы урд шугамаар 6,7,8-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хүзүүний баруун талд зулгаралт, цээжний баруун талын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
  4.  Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадамж үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 19/,

- Х.Буяннэмэхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 33-34/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

  Шүүгдэгч Х.Буяннэмэх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” дэлгүүрийн гадаа хамтран амьдрагч Н.Алтанцэцэгийн цээжин тус газар нь өвдөглөн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн 191 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

  Шүүхээс шүүгдэгч Х.Буяннэмэхэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Буяннэмэх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Содномынх овогт Хандын Буяннэмэхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Содномынх овогт Хандын Буяннэмэхийг 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хандын Буяннэмэх нь 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгуулийн ялыг уг тогтоол гарсан өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор багтаан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хандын Буяннэмэхийг торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Буяннэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Буяннэмэхэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ