Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00749

 

Б.Шижирийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02168 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 833 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Шижирийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төрийн банкинд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж 3 880 000 төгрөг, листний 255 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 195 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урамшуулалд төлсөн 460 800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун, нарийн бичгийн даргаар Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Шижир 2011 оны 08 дугаар сараас эхлэн Төрийн банкны Налайх дүүрэг салбарт харилцааны ахлах менежерээр сарын үндсэн цалин 1 100 000 төгрөг, сард хоол унааны мөнгө 80 000-88 000 төгрөг, цалингийн 40-60 хувийн тогтмол урамшуулал авч байсан. Гэтэл 2014м оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх салбарын захирлын 105 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ингээд шүүхэд хандаж шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 293 тоот тогтоолоор Б.Шижир намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзээд, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн.Дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолыг Налайх салбарын захирал биелүүлэхгүй байсаар арга буюу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 74 тоот тушаалаар ажилд авсан ч ажил хийх нөхцлийг бүрдүүлж өгөхгүй байсаар дахин ажлаас халсанд гомдолтой байна.Төрийн банк нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор Б.Шижирийг хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох гэрээ байгуулан ажилд авснаа төд удалгүй 21 хоногийн дараа харилцааны ахлах менежерийн албан тушаалыг байхгүй болгосон гээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Ононгийн Б/1453 тоот тушаалаар дахин ажлаас халсныг шударга бус гэж үзэж байна.Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.Түүнчлэн ажил олгогч нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Б.Шижирийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, дэвтэрт бичилт хийгээгүйгээс тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халагдсан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 3 880 000 төгрөгөөр хохирсон. Үүнд ажил олгогч буруутай тул хариуцагчаас 3 880 000 төгрөгийг гаргуулах, Б.Шижир ажлаас чөлөөлөгдөхөөсөө өмнө 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба хариуцагч түүний энэ хугацааны листний мөнгийг бодож олгоогүй тул 255 000 төгрөг гаргуулах, Б.Шижир 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралт огт эдлээгүй тул амралтын мөнгөнд 1 195 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь Б.Шижирийг ажилд нь буцаан тогтоосон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс тэрээр шийдвэр гүйцэтгэгчтэй зардал, урамшууллын гэрээ байгуулж, албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгэхэд 460 800 төгрөг төлж хохирсон тул үүнийг мөн гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Шижир нь Төрийн банкны ахлах харилцааны менежерээр ажиллаж байгаад Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Ононгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1453 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан. Тус тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасны дагуу Б.Шижирийг ажлаас чөлөөлсөн.Энэ нь Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу Төрийн банк ХХК-ийн хэмжээнд ахлах харилцааны менежер гэх орон тоо нь Хан-Уул дүүрэг салбарт 1, Налайх дүүрэг салбарт 1 нийт системийн хэмжээнд 2 байсныг Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 52 тоот хурлын шийдвэрээр халсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг ажлаас халах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ, Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх энэ тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж заасны дагуу Б.Шижирт 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан тухай мэдэгдэх хуудсыг, мөн өдөр албан тушаал санал болгох хуудсыг тус тус өөрт нь хүлээлгэн өгч хэлэлцээ хийсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зуралгүй хүлээн авч явсан юм.Мөн түүнчлэн Хан-Уул салбарын харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан С.Сэлэнгэ нь Налайх салбарын харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан Б.Шижиртэй адил ажил албан тушаалд ажиллаж байсан бөгөөд мөн орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөгдсөн ба банкны зүгээс мэдэгдэх хуудас,албан тушаал санал болгох хуудсыг мөн өгч хэлэлцээ хийсэн С.Сэлэнгэ санал болгосон ажлын саналыг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн банк ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.Төрийн банк ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйл, банкны гүйцэтгэх удирдлага хэсгийн 9.2.19-д ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт урамшууллын хэмжээг тогтоох, Төрийн банк ХХК-ийн Хүний нөөцийн хорооны ажиллах журмын 3 дугаар зүйл, хорооны гишүүд олгогдсон эрх мэдлийн хүрээнд дараах асуудлуудыг хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 3 дугаар зүйлийн 3.1.3-т Удирдах түвшний буюу Төв банкны газар, хэлтэс, төвийн захирал, ахлах мэргэжилтэн /ахлах ажилтан/, Улаанбаатарын салбар,тооцооны төвийн захирал, орон нутгийн салбарын захирлыг ажилд авах, үндсэн ажилтнаар ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, Төрийн банкны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу Хүний нөөцийн хорооны шийдвэрээр Б.Шижирийн Хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр шийдвэр юм.Нэхэмжлэлд дурдсан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон гэх шаардлага нь эцэслэн шийдвэрлэгдээгүй иргэний хэрэгтэй хамааралтай тул манайх одоо олгох боломжгүй. Эмнэлэгт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 10 хоног хэвтсэний листний мөнгийг ажил олгогч бодсон байгаа боловч олгоогүй байсан тул Б.Шижирт 255 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй.Харин 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртлэх хугацааны ээлжийн амралтын мөнгө гэх нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 460 800 төгрөгийг манайх төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 255 000 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02168 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Төрийн банкнаас 655 830 төгрөг гаргуулж Б.Шижирт олгож, Б.Шижирийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйтэй холбоотой 3 880 000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 1 195 000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой гарсан 59 970 төгрөгийн зардал гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 290 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 833 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус дүүргийн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Төрийн банк ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, мөн хуулийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, 16.2-т “Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана”, 16.2.5-д “хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх” гэж тус тус заасан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн статустай бизнесийн байгууллага бөгөөд 16.2.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг компанийн дүрэмд нарийвчлан зааж өгсөн байхыг заавал шаарддаг. Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлан гаргаж уг дүрмийнхээ 9 дүгээр зүйл Банкны гүйцэтгэх удирдлага хэсгийн 9.2.19-д “ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт урамшууллын хэмжээг тогтоох­­, 9.2.20-д “ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох” эрхийг Гүйцэтгэх удирдлага буюу Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.5.2-т заасан эрх бүхий субъектэд олгосон байна.Төрийн банкны нийт 113 000 мянган хувьцааны Сангийн яам 28 000 мянгыг, үлдсэн хэсгийг Хадгаламж даатгалын корпораци эзэмшдэг бөгөөд “Төрийн банк Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 7 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх үүргийг маш тодорхой заасан бөгөөд уг хэсэгт хувьцаа эзэмшигч нь Төрийн банк ХХК-ийн “оны орон тоо, бүтэц зохион байгуулалт”-ын талаар ямар нэг эрх эдэлж үүрэг хүлээх заалт байхгүй бөгөөд банк нь энэ тухай тайлан мэдээг Сангийн яаманд гаргаж өгдөггүй бөгөөд Төрийн банкны дотоод үйл ажиллагаа юм.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны  ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан бөгөөд тухайн нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч хэлэлцсэн бөгөөд хэрэгт ач холбогдолгүй байсан тул хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 833 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                         ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Төрийн банкны 2015 онд ямар бүтэц орон тоотой ажиллахыг тогтоосон тухай тушаал шийдвэрийг архиваас гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо тухайн тушаал шийдвэр нь хэрэгт авагдсан, давхардуулан гаргуулах шаардлагагүй гэж үзжээ \хх-ийн 158, 164 дүгээр тал\. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тушаал, шийдвэр нь архивт хадгалагдсан эсэхийг шалгуулснаар нэхэмжлэгчийн орон тоо бодитоор хасагдсан эсэхийг тогтоолгох хүсэл зоригтой байсан ба талуудын мэтгэлцээ чухамхүү энэ асуудлаар явагдаж байгаа тохиолдолд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх буруу гэж үзжээ.

Нотлох баримтын бүрдэл, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 833 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН