Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 485

 

  Б.Э, Э.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 673 дугаар магадлалтай, Б.Э, Э.О нарт холбогдох 2014250002441 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тайжууд овогт Б.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жинст овогт Э.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 болгож, шүүгдэгч Э.От 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгож тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Б.Э-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.О-ийг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.1, 2.2-т зааснаар 4 жил хорих,

 шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57-58 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашины гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Форум Инвест” компаниас 71.404.200 төгрөг гаргуулж, 49.404.200 төгрөгийг хохирогч Ш.Төгсөөд, 22.000.000 төгрөгийг хохирогч Ш.Нямдоржид тус тус олгуулах,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-аас 27.702.100 төгрөг, Б.Э-аас 43.702.100 төгрөг тус тус гаргуулж “Форум Инвест” компанид, 11.140.000 төгрөг гаргуулж хохирогч М.Туулд тус тус олгуулах,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ын бага насны хүүхэд Амарсанаагийн Тэнгисбаяр, Энхмандахын Цогтцэцэн нарт асран хамгаалагч тогтоолгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад, Э.О-ийн бага насны хүүхдэд Октябрийн Одонтуяад асран хамгаалагч тогтоолгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Б.Э-д холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг...” гэснийг “...Б.Э-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг...” гэж,

- 3 дахь заалтын “Б.Э-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “Б.Э-ыг бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд...” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Б.Э-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Э-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

- 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Форум Инвест” компаниас 71.404.200 төгрөг гаргуулж, 49.404.200  төгрөгийг хохирогч Ш.Төгсөөд  22.000.000 төгрөгийг Ш.Нямдоржид олгох, Э.О-аас 27.702.100 төгрөг, Б.Э-аас 68.702.100 төгрөг тус тус гаргуулж “Форум Инвест” компанид олгох, Э.О-аас 5.570.000 төгрөг, Б.Э-аас5.570.000 төгрөгийг тус тус гаргуулж М.Туул тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э гаргасан гомдолдоо: “Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж, гэм буруугаа ойлгон ухаарч байна. Форум Инвест ХХК-д их хэмжээний хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй, бодит хохирлыг гаргаагүйд гомдолтой байна. Хохирогч Баярмаа “Би хохироогүй Б.Э-аасхохирол авахгүй” гэж мэдүүлсэн байхад улсын яллагч хянан шалгаагүй. Мөн хохирогч Туулын хохирол 21.600.000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр барагдуулсан. Гэтэл М.Туул нь 2016 онд Монгол Улсын хил гарч одоог хүртэл сураггүй байгаа. Түүний өмгөөлөгч Мөнхтөр гэх хүн надтай уулзахдаа хохирол төлбөр, гомдол санал байхгүй, хохирол бүрэн төлүүлж авсан гэсэн бичиг хийж өгсөн. Энэ талаар удаа дараа прокурор, шүүгч нарт хэлж байхад шалгалгүй миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон хэргийн хохирлыг төлбөр дээр нэмж нэгтгэн зүйл ангийг хүндрүүлж байна. Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Надад тухайн үед залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, харин компанийн байрыг хямд нөхцлөөр иргэдэд ашигтай борлуулах зорилготой байсан. Би хохирлоосоо төлж барагдуулж байгаа. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Д.Батбаяр нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэд “Форум Инвест” ХХК-ийн “Жаргалан” хотхоны байрыг сонирхож, тус компанийн зард тавьсан утасны дугаарын дагуу борлуулагч Б.Этай холбогдон гэрээ байгуулж, түүний өгсөн банкны дансанд мөнгөө тушааж байснаа хүлээн мэдүүлсэн. Тэд Б.Э-д иргэний хувьд хандаагүй, харин хуулийн этгээдийн үйл ажиллагаатай нь холбогдуулан хандаж байр, гарааш захиалж байсан нь тогтоогдсон байхад хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй. Б.Э тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтаар нотлогдсон. Улсын Дээд шүүхээс хэргийг буцаахдаа “Б.Э-ын аль үйлдлийг залилан, аль үйлдлийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байгааг ялгаж дүгнэлт хийгээгүй” гэж дурдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Б.Э-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж чадаагүйн улмаас Э.От холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хохирогч М.Туулд 21.600.000 төгрөг, Г.Баярмаад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Э.О-ийн гэм буруу, оролцоо огт байхгүй. Шүүгдэгч Б.Э нь удаа дараа М.Туултай ганцаарчлан уулзаж түүнээс бэлнээр болон дансаар нийт 21.600.000 төгрөг авсан байдаг. М.Туулаас мөнгө хүлээн авсан Хаан банкны 5046239267 тоот данс нь Б.Э-ын эзэмшлийнх болох нь 1 дүгээр хавтас хэргийн 132-137 дахь талд буй баримтаар тогтоогдоно. Г.Баярмаагийн 3.000.000 төгрөгийг Түвшинжаргалын данс руу шилжүүлж, улмаар Түвшинжаргалын данснаас Б.Э-ын данс руу шилжүүлсэн байдаг.

Прокуророос Э.Октябрыг гэмт хэргийн “хамжигч” гэж үзсэн байхад шүүх Э.О-ийг өөрийнх нь дансанд мөнгө орж байгааг урьдчилан мэдэж байсан мэтээр дүгнэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “бүлэглэн” бусдад их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Б.Э нь хохирогч Ш.Төгсөө, Ш.Нямдорж нараар Э.О-ийн дансанд мөнгө шилжүүлүүлсний дараа буюу хуурч мэхлэх үйлдэл төгссөний дараа Э.От “иргэний үнэмлэхгүй” гэх шалтгаан хэлж итгүүлэн, хууран мэхлэж мөнгөө гаргуулан авдаг байсан бөгөөд Б.Э-ын хохирогч нарыг хуурч мэхлэсэн үйлдэлд Э.О аливаа хэлбэрээр оролцоогүй байдаг.

Мөн Э.О нь хохирогч нарын хэн алиныг танихгүй, тэдэнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй, шүүгдэгч Б.Э-д зааж зөвлөх, бусад байдлаар нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй, урьдчилан үгсэж тохирсон үйл баримт нотлогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдыг залилан мэхлэхэд чиглэсэн санаатай, идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд тухайн үйлдлийн үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бий болсон хөрөнгийг захиран зарцуулсныг залилан мэхлэхэд оролцсон гэж үзэж болохгүй. Э.О нь шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгийг хамтран захиран зарцуулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүхээс залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой.

Иймд Э.От холбогдох хохирогч Ш.Төгсөө, Ш.Нямдорж нарыг залилсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар, хохирогч М.Туул, Г.Баярмаа нарыг залилсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчилж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Э.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дахь хэсэгт зааснаар хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэнд гомдолтой байна. Э.О нь “Форум-Инвест” ХХК-д ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирогч Ш.Нямдорж, Ш.Төгсөө, М.Туул, Г.Баярмаа, П.Ганзориг нарыг огт танихгүй, нэг ч удаа эдгээр хохирогч нартай уулзаж тэдгээрээс мөнгө авах, шилжүүлэх талаар ярилцаагүй байхад түүнийг Б.Этай санаатай нэгдэж, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Э.О-аас 27.702.100 төгрөг гаргуулж “Форум Инвест” компанид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Э нь “Форум Инвест” компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Иргэний хуульд “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилсны дагуу Б.Э-ын бусдад учруулсан хохирлыг “Форум Инвест” компани эрсдэлээ хүлээж барагдуулах байтал тухайн байгууллагын өмнө ямар ч эрх, үүрэг хүлээгээгүй Э.О-аас 27.000.000 төгрөгийг гаргуулж “Форум Инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ компани ажилчиддаа хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлснээс болж уг гэмт хэрэг гарсан... Б.Э нь Э.О-т зарцуулсан бүх зүйлээ өөрөө авсан атлаа Э.О нь надтай хамт мөнгийг зарж байсан тул нийт хохирлын 50 хувийг Э.Октябриар төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр авсан эд зүйлийг авч явсан түүний эгч Оюунчимэгээс нэг ч удаа байцаалт аваагүй, иргэний хариуцагчаар татаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд Э.От анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хохирогч нарт учирсан хохирлыг Б.Э-ын ажил олгогч болон энэ хэргийг гардан үйлдсэн Б.Э нараас гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх мөн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э нь ажил үүргийн хувьд захиалагч нартай харилцах боломжтой байсныгаа ашиглаж, хохирогч нарыг хуурч, төөрөгдүүлж, тэдэнд хохирол учруулсан хэргийн үйл баримтад шүүх зөв дүгнэлт хийсэн. Э.О-ийн хувьд дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж, өөрийн дансаар мөнгө авч захиран зарцуулсан болох нь нотлогдсон. Шүүх залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Харин шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлаагүй байгааг зөвтгөх шаардлагатай. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Э.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Форум инвест” ХХК-ний барьсан “Жаргалан” хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус хотхонд байр болон автомашины зогсоолын захиалга авах нэрийдлээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ноос 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ш.Нямдорж, Ш.Төгсөө, М.Туул, Г.Баярмаа нараас нийт 96.004.200 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүх Б.Э-ын 2014 оны 2 дугаар сард “Форум инвест” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн барьсан “Жаргалан” хотхонд автомашины зогсоол худалдана гэж иргэн П.Ганзоригийг хуурч мэхлэн 25.000.000 төгрөг авсан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа тухайн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Баярмаагийн 22.000.000 төгрөгөөр худалдан авсан автомашины зогсоолыг хохирогч П.Ганзоригт худалдаж, түүнээс 25.000.000 төгрөгийг залилан мэхлэн авсан бөгөөд П.Ганзориг нь энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6266 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 205 дугаар тогтоолоор /хх-232/ түүний зөрчигдсөн эрхийг сэргээж, автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг П.Ганзоригийн нэр дээр гаргуулан шилжүүлэхийг “Форум Инвест” ХХК-д даалгаж шийдвэрлэснээс үзэхэд энэхүү үйлдэл нь түүний холбогдсон бусад хэргүүдтэй ижил сэдэлт, арга, хэлбэрээр үйлдэгдсэн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.

“Форум инвест” ХХК болон Б.Э-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх-20/, орон сууцны борлуулалтын менежерын ажлын байрны тодорхойлолтоор /1хх-19/ шүүгдэгч нь орон сууц, автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээг тус компанийн удирдлагад танилцуулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулахгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхгүй бөгөөд тэрээр хохирогч П.Ганзоригт автомашины зогсоол худалдахдаа бодит байдлыг нууж, түүнтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулахгүйгээр 25.000.000 төгрөгийг хувьдаа авсан үйлдлийг шүүх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж буруу дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, харин албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул дээрх үйлдлийг Б.Э-ын үйлдсэн бусад залилан мэхлэх гэмт хэргүүдтэй нэгтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх талаар шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн бусад хэргүүдтэй нэгтгэн зүйлчилж, улмаар шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанарт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхээс өмнө буюу 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба шүүх Б.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул үүнийг нь зөвтгөн залруулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Э.О-ийг Б.Э-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэж 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөнийг дурдах нь зүйтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Э нь хохирогч нарын өгсөн зарим мөнгийг тухайн үед хамтран амьдарч байсан Э.О-ийн Хаан банкны дансаар дамжуулан авч байсан нь нотлогдсон боловч энэ хэрэгт Э.О-ийг урьдчилан үгсэн тохиролцож дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч нарыг танихгүй, тэдэнтэй уулзаж байгаагүй, Б.Э нь зуучлалын ажил давхар хийж дундаас нь ашиг олсон гэж надад ойлгуулсан” гэх мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Эаар хариуцуулан төлүүлэх талаар өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлын хэсгийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Э.О-ийн хувьд Б.Э-ыг гэмт хэрэг үйлдэж буйг мэдэж байсан буюу гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан Э.О-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс Э.О-т холбогдох хэргийн талаар үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөөгүйгээс гадна Б.Э-ын залилан мэхлэх гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд шинээр тусгагдсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхийн 673 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Э.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

мөн тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 6, 8, 9, 10 дахь заалтуудын шүүгдэгч Э.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулсан тооцсон, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон, түүнээс гэм хорын хохирол гаргуулсан, түүний бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоолгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсүгэй.” гэж өөрчилсүгэй.

3.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Форум Инвест” компаниас 71.404.200 төгрөг гаргуулж, 49.404.200 төгрөгийг хохирогч Ш.Төгсөөд, 22.000.000 төгрөгийг хохирогч Ш.Нямдоржид,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас107.544.200 төгрөг гаргуулж, 96.404.200 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Форум Инвест” компанид, 11.140.000 төгрөгийг хохирогч М.Туулд тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

5.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 673 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ                                           

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН