Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч У.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жумба тойн овогт Улаанхүүгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 201710010135 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Шунхлайн 1-8 тоотод оршин суух, урьд 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилээр хойшлуулсан, 2003 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар, 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 114.1-т зааснаар 10 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Жумба тойн овогт Улаанхүүгийн Шинэбаяр /ЗЮ86020811/

Шүүгдэгч У.Шинэбаяр нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Шунхлайн 1-8 тоотод хадам аав А.Алтантариатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар А.Алтантариаг архины шилний хагархай барин дайрах үед нь булаацалдаж байх үедээ түүний хэвлий тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Шинэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хадам аав А.Алтантариатай маргалдсан тэр намайг 2-3 удаа цохиод хашаан дотор байсан хогон дээрээс архины хагархай шил барьж над руу дайрсан би гарт нь байсан шилийг нь булаацалдаж байгаад хэвлийн тус газар нь болгоомжгүйгээр хатгаж гэмтэл учруулсан... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Шил бариад хоёр тийш нь савчаад байхаар нь шилтэй гарнаас нь бариад авах гэтэл дийлэхгүй байхаар нь татаад цааш нь түлхээд шилийг нь автал хадам аав цаашаа гүйж хогон дээрээс дахин архины шил бариад ирсэн гэтэл хажуу айлын залуу ирж болиулсан...Татаад түлхэхдээ гэмтэл учруулсан болов уу гэж бодож байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 61/,

- Хохирогч А.Алтантариагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би бага зэрэг архи уучихсан халамцуу 19 цагийн орчим гэртээ орсон тэгэхэд манай худ Улаанхүү, хүргэн Шинэбаяр, түүний танил Даваа, нэг танихгүй залуу нар манай гэрт ороод ирчихсэн эхнэр Амаржаргалтай архи ууж байсан. Эхнэр нилээн согтсон байсан. Тэгэхэд хүргэн Шинэбаяр нь манай эхнэртэй маргалдаад байхаар нь миний уур хүрээд түүнийг гэрээс дагуулж гараад түүний нүүр лүү нь гараараа хэд хэд цохиод хашаан дотор байсан хогийн саван дотроос архины хагархай шилийг авч түүнийг шилээр хатгана гэж айлгасан. Тэгэхэд Шинэбаяр миний архины шил барьсан гарыг бариад шилийг хаяулах гэж булаацалдсан. Тэгэхэд миний хэвлий орчмоос цус гарсан. Шил хаяулах гэж байх үед хэвлий орчимд хатгагдсан юм байна лээ. Би сумын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэж 10 орчим хоног хэвтсэн. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Би энэ хэрүүл маргааныг эхлүүлсэн. Миний буруутай үйлдлээс болж миний хүргэн Шинэбаяр нь болгоомжгүйгээр миний биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Ч.Ариунболдын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 19:00 цагийн орчимд манай гэрийн хойд талд хүмүүс маргалдаад байхаар нь би гэрийн хаяагаар харахад Алтантариа ах, манай зүүн айлын залуу болох Шинэбаяртай маргалдаж байсан ба тэр 2 хоёулаа гартаа архины хагарсан шил барьсан байсан. Мөн Алтантариа ахын баруун талын хөхний доод талд хөндлөн зүсэгдэж бага зэрэг цус гарсан байхаар нь би Алтантариа, Шинэбаяр хоёрын барьж байсан шилний хагархайг гэрээс гарч очиж хаяулсан. Тухайн үед Алтантариа ахыг хүүхдүүд нь аваад явсан ба Шинэбаярын аав болох Улаанхүү ахтай хашаанд үлдсэн. Тэгээд би Шинэбаярыг гэр лүүгээ ор гээд Улаанхүү ахтай үлдээгээд би өөрөө гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, 

- Гэрч Г.Улаанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Шинэбаяр нь эхнэр А.Оюунсайханы хамт БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн гээд байсан ба тухайн үед Замын-Үүд сум 2-р баг Шунхлайн 1-10 тоот буюу А.Алтантариагийн гэрт Амаржаргал, Алтантариа, Шинэбаяр бид дөрөв Тайга гэх нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Архи ууж байхад Алтантариа, Шинэбаяр 2 усны мөнгөн дээрээс болж хоорондоо маргалдаж байгаад гадагшаа гарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л Алтантариа, Шинэбаяр хоёр Шунхлайн 1-8 тоот буюу Шинэбаярын хашаанд Шинэбаяр Алтантариа хоёр хоёулаа шил барьсан муудалцаж байсан ба би энэ хоёрыг салгах гээд салгаж чадаагүй. Харин хажуу айлын хөрш Ариунболд гэрээсээ гарч ирээд Алтантариа, Шинэбаяр хоёрыг салгаж гарт нь барьж байсан шилний хагархайг газар тавиулсан. Тэгээд түргэн тусламжийн машин ирж Алтантариаг эмнэлэг авч явж харин Шинэбаярыг цагдаагийн алба хаагч нар аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.Алтантариагийн биед хэвлийн эрхтэнүүдийг гэмтээгээгүй хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун бугалганы дотор доод талд 1/3 хэсэгт хатгагдсан шарх, баруун шууны дотор дээд 1/3 язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
  2. А.Алтантариагийн биед учирсан гэмтэл нь гэмтэл үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна.
  3. Дээрхи гэмтлүүдийн хэвлийн эрхтэнүүдийг гэмтээгээгүй хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун бугалганы дотор доод талд 1/3 хэсэгт хатгагдсан шарх, баруун шууны дотор дээд 1/3 язарсан шарх гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 28/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,

- Шүүгдэгч У.Шинэбаярын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 9/,

- У.Шинэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 88-89/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/,

- Хохирогч А.Алтантариагийн шүүхийн шатанд гаргасан: ”... Андрууш овогтой Алтантариа миний бие У.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Миний хүргэн У.Шинэбаяр нь хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол, санал байхгүй. Бид хоорондоо эвлэрч миний бие эдгэрсэн. Тиймээс шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 107/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Х.Шинэбаяр нь хадам аав А.Алтантариатай маргалдаж улмаар А.Алтантариаг архины шилний хагархай бариад ирэхэд нь архины шилний хагархайг тавиулах гэж булаацалдаж байхдаа түүний хэвлий тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч У.Шинэбаяр нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Шунхлайн 1-8 тоотод хадам аав А.Алтантариатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар А.Алтантариаг архины шилний хагархай барин дайрах үед нь булаацалдаж байх үедээ түүний хэвлий тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч У.Шинэбаяр нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч А.Алтантариагийн “...миний уур хүрээд түүнийг гэрээс дагуулж гараад түүний нүүр лүү нь гараараа хэд хэд цохиод хашаан дотор байсан хогийн саван дотроос архины хагархай шилийг авч түүнийг шилээр хатгана гэж айлгасан. Тэгэхэд Шинэбаяр миний архины шил барьсан гарыг бариад шилийг хаяулах гэж булаацалдсан. Тэгэхэд миний хэвлий орчмоос цус гарсан. Шил хаяулах гэж байх үед хэвлий орчимд хатгагдсан юм байна лээ...” гэсэн, гэрч Ч.Ариунболдын “...гэрийн хойд талд хүмүүс маргалдаад байхаар нь би гэрийн хаяагаар харахад Алтантариа ах, манай зүүн айлын залуу болох Шинэбаяртай маргалдаж байсан ба тэр 2 хоёулаа гартаа архины хагарсан шил барьсан байсан. Мөн Алтантариа ахын баруун талын хөхний доод талд хөндлөн зүсэгдэж бага зэрэг цус гарсан байхаар нь би Алтантариа, Шинэбаяр хоёрын барьж байсан шилний хагархайг гэрээс гарч очиж хаяулсан” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 185 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч У.Шинбаяр нь хохирогч А.Алтантариагийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч У.Шинэбаяр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.Алтантариагийн бие нь сайжирсан зэрэг байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх У.Шинэбаярыг гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч У.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соёрхол архины шил 1 ширхэг, архины шилний хагархайнуудыг устгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жумба тойн овогт Улаанхүүгийн Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жумба тойн овогт Улаанхүүгийн Шинэбаярт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч У.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Соёрхол архины шил 1 ширхэг, архины шилний хагархайнуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Энэ шийтгэх тогтолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ