Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1649

 

МАГАДЛАЛ

2019.09.09                                                Дугаар 1649

Т.С-н нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/01448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.До, Д.Да нарт холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох, хадгаламжийн дэвтрийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Толгойт гудамж, 47 дугаар байр, 17 тоот, 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Ж,

Хариуцагч: Д.До, Д.Да,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.До-той 2009 онд БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа танилцаж улмаар дотносож, миний амьдарч байсан түрээсийн байранд бидний хамтын амьдрал эхэлж, 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Монгол улсад ирсэний дараа 2014 оны 7 дугаар сард иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрлэлтээ баталгаажуулсан. Бид хоёр Солонгос улсад зэрэг ажиллаж цалингаа хуримтлуулан 2013 оны хавар нэхэмжлэлд дурдсан байраа авсан. 2013 оны 12 дугаар сард Д.До баригдаад буцахдаа 10 сартай охин Д.А-аа авч явж би 2 сартай хүү Д.Ас-г гэдсэндээ тээн жирэмсэн үлдсэн. Би Солонгос улсаас Монголд иртлээ тулгар биетэй ч ажил хийж, олсон мөнгөө бараа болгон авч ирсэн. Би 2014 оны 6 дугаар сард Улаанбаатарт ирж 7 дугаар сард 2 дахь хүүгээ төрүүлснээр бид 4 ам бүлээрээ энэ байранд 2 жил гаруй хамт амьдарсан. Намайг жирэмсэн ирснээс эхлээд янз бүрийн шалтаг шалтгаанаар байнга дарамталж, сална гээд хэрүүл өдөн гэрээс хөөн зоддог болсон. Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаж байсан. Хүү Д.Ас-г 2 сартай байхад Д.До анхаарал болгоомжгүйгээс шатны уруу унагааж гэмтээсний улмаас хүү маань хөгжлийн бэрхшээлтэй болж одоо байнгын асаргаа сувилгаа эмчилгээ хийлгэж байгаа. Гэтэл Д.До өвчтэй хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байхад хоол унд, мөнгө өгөлгүй хөдөө хаяад явчихдаг, хүүхдийн асаргаа сувилгаа мөнгийг бидэнд өгдөггүй байсан. Гэр бүлийн байнгын хэрүүл зодоон, дарамт нь хүүхдийн хүмүүжилд хор нөлөөтэйг ухаарч 2016 оны 9 дүгээр сард зодуулж хөөгдсөнөөс хойш 2 хүүхдийн хамт аавындаа амьдарч байна. Хариуцагч Д.До нь бидний амьдарч байсан орон сууцыг өөрийн эгч Д.Да-д 2015 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан бөгөөд би тухай үед мэдээгүй, нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус ажиллагаа бөгөөд хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Д.А, Д.Ас хоёрыг миний асрамжид үлдээж, Д.До-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийн хадгаламжийг миний нэр дээр шилжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Толгойтын 47 дугаар байр, 17 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгон өөрт болон Д.А, Д.Ас нарт оногдох хэсгийг гаргуулах, орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Хариуцагч Д.До шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.До нь 2009 онд БНСУ-д амьдарч байхдаа Т.С той танилцсан. Бид хоёр БНСУ-д байхдаа албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Харин 2014 оны 7 дугаар сард Монгол улсад ирээд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах болсон. Бид хоёрыг БНСУ-д байхад 2013 оны 1 дүгээр сарын 14-нд том охин Д.А маань төрсөн. Т.С нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Толгойтын 47 дугаар байр, 17 тоот 2 өрөө орон сууцыг өөрсдийн мөнгөө цуглуулж авсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн байр бидний байр биш, энэхүү орон сууцыг манай ах Д.Б нь ээжийн хамт хөдөө мал маллаж цуглуулсан мөнгөөр авсан. Харин тухайн үед би хотын хаягтай байсан тул миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би 2015 онд ахдаа байрыг нь эргүүлэн өгсөн. 2013 оны 12 дугаар сард охин Д.А-г би 10 сартай байхад нь авчирч ахынхаа байранд 7 сарын турш ах, ээжийнхээ хамт асран амьдарсан. Т.С 2015 оны 6 дугаар сард ирсэн бөгөөд ах, ээж 2 маань та хоёр нялх хүүхэдтэй юм чинь энэ байранд амьдар гээд 2 жил гаруй хугацаанд бид 4 амьдарсан. Бид хоёулаа ажилгүй гэртээ сууж байсан бөгөөд хүү өвдөж бид эмнэлэг, лам гэсээр мөнгөө дуусгасан. Бид хамт байх хугацаанд Т.С удаа дараа үр хүүхэддээ анхаарал тавилгүй гадуур хонож, архи ууж, халамж муутай байсан. 2016 оны 1 дүгээр сард өглөө үүрээр согтуу орж ирээд намайг 500 000 төгрөг, Note-1 маркийн гар утсыг авсан гэж хэрүүл болсон. Би цагдаа дуудан шалгуултал урд шөнө найзууд нь авсан болох нь тогтоогдсон. Энэ мэт ааш авир гарсаар байнга хэрүүл болдог байсан бөгөөд сүүлдээ гэрт байсан үнэт эдлэлийг хулгайлан ломбардад тавьж, мөнгийг нь яасан нь мэдэгдэхгүй болсон. Бид 2016 оны 9 сараас хойш тусдаа амьдарч байна. Миний хувьд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүхдийг би өөрийн асрамж дээрээ авах хүсэлттэй байна. Байрны маргааны хувьд Т.С болоод миний зүгээс хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш. Хүүхдийн хадгаламжийн дэвтрийн эзэмшигчийг солих шаардлагагүй, насанд хүрэхээрээ өөрсдөө зарцуулах эрхтэй болно. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй, өөрөө өөрсдийнхөө байрыг авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахаас бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Д.Да шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү орон сууцны өмчлөх эрх нь Д.Да миний нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжиж би өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Т.С өөрийн нэхэмжлэлдээ Д.До-той хамт 2009 оноос хойш БНСУ-д хамт амьдарч байхдаа олсон мөнгөөр худалдаж авсан байр, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэсэн. Гэтэл уг орон сууц нь миний ээж болох Ц.М, дүү Д.Б нарын Завхан аймагт мал маллаж ажиллаж амьдарч байх хугацаанд цуглуулсан мөнгөөр авсан. Энэ байрыг худалдаж авах болоход миний хүү Б.Д-н нэр дээр Хаан банк дахь 5006629991 тоот данс руу байрны төлбөрийг шилжүүлж, Б.Д нь орон сууцыг худалдаж авах ажиллагааг гардаж хариуцсан нь түүний дансны хуулгаар нотлогдоно. Д.До-с бэлэглэлийн гэрээгээр байраа буцаан авсан. Нэхэмжлэгч Т.С орон сууцыг миний дүү Д.Б-н хөрөнгө гэдгийг мэддэг байсан учраас 2015 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд ямар нэгэн маргаан үүсгээгүй, харин гэрлэлтээ цуцлуулах болохоор орон сууцыг дундын өмчлөлийн гэж маргаж байна. Бидний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, орон сууцны өмчлөгчөөр Д.До бүртгэлтэй байсан учраас бэлэглэлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож        өгнө үү гэжээ.

            Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт зааснаар Хурган-Очир овогт Д.До, Амбуу овогт Т.С нарын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 1 дүгээр сарын 14-нд төрсөн охин Д.А, 2014 оны 7 дугаар сарын 30-нд төрсөн хүү Д.Ас нарыг эх Т.С-н асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.А, хүү Д.Ас нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.До-с гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С-г хариуцагч Д.До эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглож, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 1530460, 1530461 дугаартай Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтрийн хадгалуулагчийн хууль ёсны төлөөлөгч Д.До-г Т.С болгон өөрчилж нэр шилжүүлэхийг хариуцагч Д.До-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлээс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 18081, Толгойт гудамж, 47 дугаар байр, 17 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дооос 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Завхан аймгийн Цагаанчулуут суманд мал маллан амьдарч буй төрсөн ах Д.Б-н үл хөдлөх хөрөнгө болгон тайлбарлаж түүнээс шилжигдэн ирсэн мөнгөөр авсан болгож тайлбар өгч байгаа нь Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиудын тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсоор байтал шүүх түүнийг харгалзан үзэлгүй шийдсэнд гомдолтой байна. Д.До, Б.Д, Д.Б нар нь хоорондоо үргэлж худалдаа арилжааны харилцаатай байж мөнгө төгрөг шилжүүлж өгч авалцдаг байсан. Тиймээс бидний дундын өмч болох дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөлөөр тогтоож, анхан шатны шүүхийн шиидвэрт өөрчлөлт оруулж бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.До-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,21 дүгээр хороолол, Толгойтын 47 дугаар байр, 17 тоот 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч Д.До, Д.Да нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Д.До нь гэрлэлт цуцлах шаардлагаас бусдыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Да нь бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж тус тус тайлбарлан маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд буруу дүгнэлт хийж, маргааны зүйл болж байгаа орон сууцтай холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч Т.С нь маргаан бүхий дээрх орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор нэхэмжилж, уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй дүгнэлт хийжээ.

Тодруулбал, нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Т.С нь дээрх орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлүүлэх шаардлага гаргасан байна.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлд хамаарах үндэслэлээр дүгнэлт хийснээс тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүх хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоогоогүй нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс “...шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй...” гэж гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/01448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 322 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                              ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

                                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ