Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

Г.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Г.Ж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Ж-ын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Г.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Г-ын Ж

 

Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-** тоотод оршин суух Т.У-ийн гэрт бага насны Т.Э, У.Ү хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, АCER маркийн нөүтбүүкийг бага насны Т.Эмүжинд хүч хэрэглэн авч, хохирогч Т.У-д 539,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын *** тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.О-ийн 4 хос монетон эдлэл, Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б овогт Г-ын Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний хулгайн гэмт хэргийн үйлдлээс монетон ээмэг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Г.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Ж-ын цагдан хоригдсон 96 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-аас гар утасны үнэ 220,000 төгрөг, шинжилгээ хийлгэсний зардал 60,000 төгрөг, нийт 280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 395,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

            Шүүгдэгч Г.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г овогтой Ж миний бие 2021.11.18-ны өдрийн 2021/ШЦТ/146 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1.1, 17.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Миний хувьд урьд өмнө “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй гэж үзэж байгаа, мөн миний ар гэр ахуйн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өршөөж өгнө үү. Би ганцаараа амьдардаг. Дорноговь аймгийн Алтанширээ суманд айлд мал малладаг. Айлд мал малласнаар өөрийн гэсэн 100 гаруй малтай болсон. Нэг унаа, нэг мотоцикл,  нэг машинтай эдгээр зүйлүүдийг харж хандах хүн байхгүй. Тиймээс эдгээр зүйлүүдийг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг гэм буруутайд тооцож нийт 3 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлүүд нь  06 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан боловч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан өршөөлд  хамруулсан. 2 жил болон 1 жилийн ялыг багасгах боломжтой. Г.Ж-ын хувьд өршөөлд хамрагдаагүй гэдэг миний хувьд өршөөлд хамрагдсан байгаа учир дахин өршөөлд хамрагдах боломжгүй гэж үзэж байгаа. Өршөөлд хамрагдах боломжгүй ч гэсэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

            Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдсан гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбартай танилцлаа. Прокуророос шүүгдэгч Г.Ж-ыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.О-гийн 4 хос монетон эдлэл, Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.Урангоогийн гэрч бага насны Т.Э, У.Ү хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж ACER маркийн нөүтбүүкийг бага насны Т.Э-д хүч хэрэглэн авч хохирогч Т.У-д 539,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн тул хавтаст хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж Г.Ж-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус тооцсон. Шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж нийт 3 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ж-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Г.Ж-аас давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 611 тоотод Ч.О болон бусад хүмүүсийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Ч.О-г согтож унтсан үед нь түүний биедээ зүүсэн байсан монетон эдлэлүүд болох гинж, кулон, бөгж зэргийг нь биеэс нь авч ломбардад 440.000 төгрөгөөр худалдсан, мөн Самсунг Жи-7 маркийн гар утсыг авч, хохирогч Ч.О-д нийт 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.У-ийн гэрт бага насны Т.Э, У.Ү хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, “ACER” маркийн нөүтбүкийг авч хохирогч Т.У-д 539,000 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримтууд болсон нь хохирогч Ч.О, гэрч Ч.З, Т.М, Д.Б, Хас үнэлгээ ХХК-иас гаргасан эд хөрөнгийн үнэлгээ,  хохирогч Т.У, гэрч Ч.Г, Г.Г, бага насны хүүхэд У.Э нарын мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтуудаар авагдсан эд зүйлүүд зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Г.Ж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах тухай санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А шүүгдэгч Г.Ж-ыг Ч.О-ийн бөгж, гинж, кулон, “Самсунг жи-7” маркийн гар утас зэргийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  хохирогч Т.У-ийн гэрээс “ACER” маркийн нөүтбүкийг дээрэмдэхдээ бага насны хүүхэд У.Э-д хүч хэрэглэж довтолж үйлдсэн гэж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж  “…шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах үед саад болсон өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц үйлдэл хийсэн байхыг ойлгох ба  бага насны хүүхэд У.Э-гийн эсрэг гаргасан түлхэх үйлдэл нь хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй, зөвхөн нөүтбүүкийг хохирогчийн эзэмшлээс өөрийн эзэмшилд хууль бусаар авахад чиглэгдсэн ба нөүтбүүкийг авсан даруйдаа зугтааж байгаа нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хохирогч Т.У-гийн гэрээс нөүтбүүкийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэргийг,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасанд нийцсэн.

 

 Шүүгдэгч Г.Ж-ын хохирогч Ч.О-г согтож биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь түүний биеэс хос монетон гинж, кулон, бөгж, гар утас зэргийг авч түүнд  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэсэн Хулгайлах гэмт хэргийн гэм буруутайд тооцох үйлдлийн шинжид,

 

хохирогч Т.У-ийн гэрт нэвтэрч нөүтбүүкийг авах үед бага насны хүүхэд У.Э-ийн  булаацалдсан үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг түлхэж биеэсээ холдуулж, эд зүйлийг авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэсэн Дээрэмдэх гэмт хэргийн гэм буруутайд тооцох үйлдлийн  шинжид тус тус нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг тус тус оногдуулж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.

 

Хохирогч Ч.О-ийн хохирлоос илүү хийгдсэн үнэлгээний зардал болох 20.000 төгрөг, шүүгдэгч Г.Ж түүний ээмгийг хулгайлсан гэдэг нь гэрч Д.Б-ын “ ... Ж орж ирээд 5.5 гр монетон бөгж, гинж, кулон 3-ыг ломбардад тавихгүй зарна гэхээр нь би 440.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “ ... таксиний жолооч гэх хүүхний монетон гинж, кулон, бөгжийг аваад ... намын хорооны ломбардад ... 440.000 төгрөгөөр зарж, тэндээсээ 250.000 төгрөгөөр  S-6 маркийн гар утас худалдан авсан” гэсэн мэдүүлэг,  гэрч Ч.З, Т.М, Б.У нар нь  “…хохирогчийн монетон ээмэг, бөгж, гинж, кулоныг хараагүй” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзэж ээмэгний үнэ болох 375.000 төгрөг, нийт 395.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Шүүгдэгч Г.Ж нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Ж-д холбогдох 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 17 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх 2 жил 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр  шийдвэрлэсэн /2-р хх-15/ байна.

 

Иймээс анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “... 2015 оны 08 дугаар сарын 11-ний хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэсэнд үндэслэн 2021 оны Өршөөлийн хуулийг түүнд хэрэглээгүй нь мөн үндэслэлтэй, зөв болсон.

 

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 11 дүгээр сард хулгайн гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа дахин дээрмийн гэмт хэргийг үйлдсэн, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, хохирогч Ч.О-д учирсан хохирлыг төлж арилгаагүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д хамаарах түүний ялыг хөнгөрүүлэх үндэслэл хэргээс харагдахгүй байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Ж-аас “миний хувьд урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй,  … миний ар гэр, ахуйн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ж-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Ж-ын цагдан хоригдсон  33 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС