Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0442

 

 

 

 

 

 

 

   2023          05           16                                     128/ШШ2023/0442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:П.Д******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Т******* /РД:ХО*******/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Ц.Д******* /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2702/

Хариуцагч:Стандарт, хэмжил зүйн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Э******* /Үнэмлэхийн дугаар ДД85071815/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            1.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1.Нэхэмжлэгч П.Д******* нь “Стандарт, хэмжил газарт холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байна.

            1.2.Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******  дугаар тушаалаар П.Д*******г 2009 онд  зарласан төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн гэж үзэн Стандартчилал, техникийн з х м /төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд/ жинхэлсэн байна.

1.3.Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Д*******г албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

1.4.П.Д******* нь тус тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Стандарт, хэмжил зүйн салбарын Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.1.4, 11.3, 11.3.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч П.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь 2023 оны 2 сарын 16-ны өдрийн ******* дугаартай тушаалаар П.Д******* надад төрийн албанаас шийтгэл халах сахилгын ногдуулсныг хууль бус гэж үзэж үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ.Үүнд:

Тус тушаалын 1 дэх хэсэгт, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн П.Д******* нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 2 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.

Ийнхүү сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Стандарт хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.1.4, 11.3, 11.3.6 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт төрийн албан хаагч "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх"-ийг хориглохоор, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон Төрийн албаны тухай хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гээд 48.1.1-48.1.6 дахь хэсэгт ногдуулах шийтгэлийн төрлүүдийг, 48.1.4 дэх хэсэгт "төрийн албанаас халах" сахилгын шийтгэлийг төрлийг тус тус хуульчилсан.

Стандарт хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дэх хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад дүрэм, журам, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журам, дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн, гарах үр дагаврыг нь харгалзан ажилтан, албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", 11.1.1-11.1.6 дахь хэсэгт сахилгын шийтгэлийн төрлүүдийг, 11.1.4 дэх хэсэгт "төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн төрлийг, мөн 11.3 дахь хэсэгт "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоон ажил олгогчийн санаачилгаар төрийн захиргааны албан хаагчийг ажлаас халах, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахад хүргэх ажилтан, албан хаагчийн зүгээс гаргасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараахь зөрчлүүдийг хамруулна", 11.3.1-11.3.8 дахь хэсэгт ноцтой зөрчлүүдийн төрлүүдийг, 11.3.6 дахь хэсэгт "ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулах талаар зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол" гэсэн зөрчлийн төрлийг тус тус журамласан байна. Үүнээс харахад Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь дээрх тушаалыг гаргахдаа намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Миний ямар үйлдлийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, ноцтой зөрчилд тооцсоныг би ойлгохгүй байна. Учир нь "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байхыг шаарддаг бөгөөд хэн нэгэн этгээдээс сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, холбогдох баримтуудыг ирүүлсний үндсэн дээр сахилгын үндэслэлийг шалгах ажиллагааг хийдэг. Би хэн гэдэг иргэний, ямар гомдол мэдээлэл, баримтыг үндэслэж ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсныг харж, үзээгүй болно.

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажиллагаа гэдэг нь надаас бичгээр тайлбар авч, холбогдох баримт мэдээллийг үндэслэж, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах зэрэг үйлдлүүд байдаг. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй байхад шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчиж, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, "мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь хэсэгт зааснаар гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэж,

 "мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус хуульчилсан байдаг.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 3 дугаартай Хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48.1.4 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар заасан байдгийг дурдаж байна. Мөн миний бие нь 2013 онд Стандартчилал хэмжил зүйн газрын "Хүндэт жуух", 2015 онд Стандартчилал хэмжил зүйн “Тэргүүний ажилтан" цолоор тус тус шагнагдаж байсан бөгөөд өмнө нь огт сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

Мөн 2023 оны 3 сарын 10-ны өдөр ажил хүлээлцсэн болохыг дурдаж байна. Иймд Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 2 сарын 16-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан талаар нэхэмжлэл гаргаагүй, ажлаас халах тушаал гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын шийтгэл хүлээлгэх журам зөрчсөн талаар гомдол гаргаж, маргаж байгаа.

Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тухайн албан тушаалтнаас бичгээр тайлбар авах ёстой тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гомдол гаргагчтай уулзаж бичгээр тайлбар тодруулга авч шаардлагатай мэдээлэл цуглуулаагүй, зөрчил шинж байдал, учруулсан хохирлыг хэмжээг тогтоох үйл ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тодорхой албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа тухайн албан хаагч гомдолд холбогдсон байгаа албан хаагч нь ямар зөрчил гаргасан, тухайн зөрчилтэй нь холбогдуулаад дүгнэлт гарах ёстой байдаг. Тухайн дүгнэлтийг гаргасны дараа тухайн захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой байдаг. Дүгнэлт гарсны дараа сонсох ажиллагаа бусад Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах процесс эхэлдэг байтал энэ процессын ажиллагаа зөрчсөн гэж үзэж байна.

Гомдол мэдээлэл нь захиргааны байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр очсон байдаг. 02 дугаар сарын 16-ны өдөр Стандарт ба хөгжил сэдэвтэй хэлэлцүүлэг дээр Д******* гэдэг албан хаагч ийм зөрчил гаргасан гэсний дагуу тухайн байгууллага уг арга хэмжээ дууссаны дараа буюу тухайн өдрийн 12 цаг 10 минутад сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдсэн баримт ирүүлсэн.

Тухайн асуудлын дараа өрөөндөө дуудаж уулзсанаа сонсох ажиллагаа хийсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн байгаа.

Үүнийг “сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй” байна. Яагаад гэвэл сонсох ажиллагаа хийхийн тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн албан тушаалтанд сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл өгөх ёстой байсан.

Мэдэгдэлдээ хаана хэзээ, ямар асуудлаар, ямар хуулийн зүйл заалтыг яаж зөрчсөн талаар өөрт нь холбогдуулаад сонсох ажиллагаа хийх болсон талаар урьдчилсан мэдэгдэл өгсний дараа сонсох ажиллагаа хийгддэг.

Сонсох ажиллагаа хийгдэхдээ хууль зүйн дүгнэлт буюу сахилгын зөрчил яаж гаргасан тухай дүгнэлт гарсан байх ёстой.

 Тухайн албан хаагчийг хэдэн сарын хэдний өдөр ямар зөрчил гаргасныг баримтаар тогтоогоод баримтаар тогтоосонтой холбогдуулаад 2 талаас тайлбар, тодруулга авах ёстой үүний үндсэн дээр танай байгууллагад ямар хохирол, яаж учирсан бэ гэдгийг асуудлыг тухайн сонсох ажиллагааны явцад танилцуулаад сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Ийм ажиллагаа огт хийгдэхгүйгээр Д*******г өрөөндөө дуудаад тухайн өдрийн сэтгэл хөдлөлөөрөө таныг халлаа гэж хэлснээ сонсох ажиллагаа хийгээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь процессын алдаатай болж байна. Өөрийнхөө эрхийг хамгаалах боломж олгоогүй байна. Захиргааны байгууллага шийдвэрээ гаргахдаа хэт нэг талын мэдээ баримтад үндэслэж шийдвэр гаргасан байна гэж нэхэмжлэл гаргаж байна. Иймээс тухайн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:П Д*******гийн нэхэмжлэлтэй Стандарт, хэмжил зүйн газарт холбогдуулан гаргасан "Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэг. Нэхэмжлэгч П.Д******* нь "Миний ямар үйлдлийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, ноцтой зөрчилд тооцсоныг би ойлгохгүй байна" гэжээ.

Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга П.Д******* нь "Озоноор халдваргүйтгэх техникийн ерөнхий шаардлага" стандартыг боловсруулах үйл ажиллагаанд оролцогч буюу стандартын төслийг боловсруулсан "О ф" ХХК-ийн захирал н.М гэх хүнтэй холбоо тогтоож, тус стандартыг түргэвчилсэн байдлаар батлуулахаар хувийн ашиг сонирхлоо илэрхийлэн Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны гишүүдэд мөнгө санал болгосон үйлдлийг таслан зогсоогоогүй, тухайн саналаас татгалзаагүй, удирдах албан тушаалтанд болон эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, улмаар техникийн хорооны гишүүдийн дансны дугаарыг "О ф” ХХК-ийн захирал н.Мт өгөхөөр хэлэлцэн тохиролцсон үйлдэл гаргасан нь н.М, П.Д******* нарын гар утсаар ярьсан ярианы бичлэг болон П.Д*******гийн сонсох ажиллагааны үеэр хийсэн тайлбарт тус тус тэмдэглэгдсэн.

П.Д*******гийн энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн тул Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж заасныг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй болно.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар баталсан "Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам"-ын 11.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад дүрэм, журам, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журам, дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шилж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн, гарах үр дагаврыг нь харгалзан ажилтан, албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, 11.1.4-т “төрийн албанаас халах”, 11.3-т “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоон ажил олгогчийн санаачилгаар төрийн захиргааны албан хаагчийг ажлаас халах, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахад хүргэх ажилтан, албан хаагчийн зүгээс гаргасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараах зөрчлүүдийг хамруулна” гэж, 11.3.6-т “Ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулах талаар зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол” гэж тус тус заасныг шийдвэр гаргахдаа ажил олгогч үндэслэсэн нь холбогдох хууль тогтоомжтой бүрэн нийцсэн.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дугаар зүйлийн 3.1-т “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

3.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангасан байх;

3.1.2.бие даасан, хараат бус байх;

3.1.3. сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байх;

3.1.4.үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх;

3.1.5.үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо /цаашид "Техникийн хороо" гэх/ салбар тус бүрд байна.

11.2.Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

11.3.Техникийн хороо дараахь эрх, үүрэгтэй:

11.3.1.стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх;

11.3.2.хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

11.3.3.стандартын боловсруулалтын түвшин, агуулга зохих шаардлагад нийцсэн эсэхийг хянах;

11.3.4.үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төсөлд санал өгөх, дүгнэлт гаргах.

11.4.Техникийн хороо, түүний гишүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд сонирхлын зөрчилгүй байна гэж тус тус заасан бөгөөд стандартчиллын техникийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар үндэсний стандартыг батлан бүртгэж, олон нийтэд мэдээлж, түгээдэг болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” гэж, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг гэж;

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэ******* хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” гэж, 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”  гэж тус тус заасан.

Иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга байдал, ёс зүй, хууль дээдлэх зарчим бүхий төрийн үйлчилгээг шаарддаг. Тиймээс төрийн албан хаагч бол нэг талаас төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээдэг бөгөөд төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах нь Төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжид тусгагдсан.

Үүнд: Авлига, албан тушаалын зөрчил үүссэн асуудлыг "төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах" буюу төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарладаг бөгөөд ашиг сонирхлын зөрчил гэдэгт төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгоно. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх нь төрийн албан тушаалтнуудад тавигдаж байгаа нэн чухал шаардлага юм.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Авлигын эсрэг конвенцод 2005 оны 4 дүгээр сарын 29-нд нэгдэн орсон. Энэхүү конвенцоор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгон хэрэгжүүлэх амлалт авч, энэ зорилтынхоо хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийг батлан, хэрэгжүүлж байна.

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчил гэдгийг "нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал" хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн хувьд нэг талаас олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилдөхийг ашиг сонирхлын зөрчил хэмээн ойлгоно.

Монгол Улсын Их Хурлаас төрийн албыг бэхжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар олон талт арга хэмжээ авч, "Төрийн албаны тухай хууль"-ийг 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх удаа, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь удаагаа, 2017 оны 12 дугаар сарын 17-ны шинэчлэн баталснаар төрийн албаны ангилал, зарчим, албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээг тогтоон хуульчилсан.

Аливаа төрийн албан хаагч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч мөн бөгөөд гагцхүү энэхүү үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьж хууль ёсыг дээдлэн сахиж, төрд өргөсөн тангарагтаа үнэнч байх, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, үүний улмаас нийгэмд учруулах хор уршгаас зайлсхийх үүрэгтэй.

Хоёр. Би хэн гэдэг иргэний, ямар гомдол мэдээлэл, баримтыг үндэслэж ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсныг харж, үзээгүй, " надаас бичгээр тайлбар авч, холбогдох баримт мэдээллийг үндэслэж, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах зэрэг үйлдлүүд байдаг. Гэтэл энэ огт хийгдээгүй хийгдээгүй байхад шууд ажлаас халах сахилгын шийтгэл ажиллагаа ногдуулсан нь хууль зөрчиж, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна" гэжээ.

П.Д*******д сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийн төслийг танилцуулах Сонсох ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр явуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т “биечлэн уулзах” гэж заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У, Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Б, Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын Эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Э******* нар П.Д*******тай биечлэн уулзаж, тайлбар, санал гаргах боломжийг хангасан.

П.Д******* нь сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагааны үеэр өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн ба захиргааны санаачилгаар төрийн албанаас халагдах бус өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасныг Захиргаа хүлээн аваагүй бөгөөд хүсэлтийг хүлээн аваагүй талаарх тайлбар, үндэслэлийг сонсох ажиллагааны үеэр П.Д*******д танилцуулсан.

П.Д*******г төрийн албанаас халах захиргааны шийдвэр гарсны дараа буюу 30 хоногийн дараа 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Д******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн болно.

Стандарт, хэмжил зүйн газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан "Стандарт ба хөгжил" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг, арга хэмжээний үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим хуудас, телевиз радиогийн төлөөллүүд олон тоогоор ирсэн бөгөөд энэхүү томоохон арга хэмжээний үеэр П.Д*******гийн дээрх асуудал ил болж төрийн байгууллага, төрийн албан хаагч, тэр дундаа Стандарт, хэмжил зүйн газрын хариуцлагатай алба хашдаг албан хаагч нь стандарт батлуулахдаа хувийн ашиг сонирхлоо илэрхийлсэн этгээдээс мөнгө төгрөг нэхдэг, авдаг, улмаар авсан мөнгийг Стандартчиллын техникийн хорооны гишүүддээ тарааж өгдөг гэсэн ойлголтыг иргэд, олон нийт авч төрийн алба, Стандарт, хэмжил зүйн газар болон шударгаар ажиллаж буй бусад төрийн албан хаагчдын нэр хүндэд сөрөг нөлөөлөл бий болсон.

П.Д*******гийн "О ф" ХХК-ийн захиралтай үүсгэсэн ашиг сонирхлын зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, хууль тогтоомж, нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн бөгөөд төрийн албаны нэр хүнд, иргэд олон нийтийн итгэл, тэр дундаа хүн амын эрүүл мэндийн салбарт үүсэх болзошгүй эрсдэл, хор уршгийг таслан зогсоосон болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 3 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна.

Үүнд: 1.3.1 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн;

1.3.2 Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн;

1.3.3 Хууль тогтоомж, алан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй,

1.3.4 Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журмыг зөрсөн гэж тус тус заасан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын даргын «П.Д*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хууль тогтоомж, энэхүү журамд нийцсэн.

П.Д*******гийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна албан тушаалын тодорхойлолтод заасан "хариуцсан салбарын стандартчиллын техникийн хороо, дэд хороодын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулах, стандарт, техникийн з баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, стандарт боловсруулах үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөх, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг баримтлах" зэрэг албан тушаалын зорилт, чиг үүргийг мөн зөрчсөн.

Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч П.Д*******гийн гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хууль, Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл мөн тул П.Д*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “Захиргааны ерөнхий хууль дээр сонсох ажиллагааны хэлбэрүүдийг маш тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу биечлэн уулзах хэлбэрийн нэг байдаг. Хуульд заасан энэ заалтыг үндэслэн П.Д*******тай биечлэн уулзаж тухайн өдөр сонсох ажиллагаа хийсэн байдаг. Энэ шүүхэд гаргаж өгсөн сонсох ажиллагааны бичлэг болон тэмдэглэлээр нотлогдоно. Захиргаа хуульд заасан хэлбэрүүдээсээ биечлэн уулзах гэдгийг сонгож сонсох ажиллагаа хийсэн. Энэ сонсох ажиллагаа мөн.

Стандарт ба хөгжил сэдэвтэй хэлэлцүүлэг болсон. Шадар сайд биечлэн оролцсон, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд, 40, 50 сэтгүүлч, олон нийтийн сайт, телевизээс төлөөлүүлээд ирээд улсын хэмжээнд стандарт ба хөгжил хэлэлцүүлгийн үеэр энэ мэдээлэл ирсэн. Энэ уулзалтын үеэр энэ яриа болсон. Өөрөө нотлох баримтаар бичлэг хийгээд ирсэн. Энэ хөндлөнгийн хүний амаар биш нотлох баримтаар буюу видео бичлэг хийж ирсэн байсан.

Үүнийг захиргаа биечлэн үзэж өөрийн дүгнэлтээ гаргасан. Энэ бичлэг дээр П.Д*******гийн яриа, утасны дугаар, 2 хүний хоорондын ярьсан ярианы бичлэг байдаг. Бичлэгт П.Д******* “урамшууллаа яахын бэ, хэзээ өгөх вэ” гэсэн нэхсэн яриа байдаг.

Сонсох ажиллагааны үед П.Д******* энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Сонсох ажиллагааны тэмдэглэл бичгээр гарахдаа аудио бичлэгтэйгээ нэг ч үг, үсэг зөрөөгүй үнэн зөвөөр буусан гэдгийг нотлох баримтаас харж болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан журамд тодорхой зааж өгсөн байдаг. 32 дугаартай журмын 1.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна. 1.3.1-т Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ зөрчсөн, 1.3.2-т Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн, 1.3.3-т хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт заасан албан үүргээ биелүүлээгүй албан тушаалын тодорхойлолтоо зөрчсөн 3 тохиолдол нь П.Д*******гийн гаргасан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг зөрчигдсөн, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлүүд зөрчигдсөн, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргийг хэрэгжүүлэх буюу төрийн албан хаагч холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахаасаа гадна тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтоо дагаж мөрдөх үүрэгтэй, уг үүргээ зөрчсөн нь нотлогдсон болохоор халах сахилгын шийтгэл гарсан юм. Сонсох ажиллагааны үед Д******* нь би ажлаас халагдахгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас өргөдлөө өгье гэдэг хүсэлтийг захиргаанд гаргасан.

Захиргаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрхээ эдлээд тухайн хүсэлтийг хүлээж аваагүй, мөн энэ талаарх үндэслэл тайлбараа өгсөн. Бичгийн хэлбэрээр өргөдөл, гомдол гаргаагүй, Газрын даргатай өөрийн биеэр уулзсан. Шадар сайд нь Засгийн газрын тухай хуульд заасны дагуу стандартчилал техник зохицуулах хорооны салбарын эрхэлсэн Засгийн газрын гишүүн, манай удирдах дээд байгууллага бол Улсын шадар сайд байдаг. Энэ хүн гомдол мэдээллээ Улсын шадар сайдад болон ажлын албанд видео хэлбэрээр болон утсаар ярьсан байдаг” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтэд:Хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбар буюу тухайн журмын 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд зөв юм. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй энэ зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа энэ журам үйлчилнэ. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ч тэр манай нэхэмжлэлийн шаардлагаар журам зөрчигдсөн гэдэг үйл баримт байгаа. Тухайн журмын 2.2 дахь хэсэгт энэ журмын 2.1-т заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж албан тушаалтан /шалгагч шалган тогтооно/ гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн гомдол мэдээлэл болон баримтад үндэслээд шалгах ажиллагааг эхлүүлэх гэж байгаа бол шалгагч гэдэг нэг хүн томилогдох ёстой. Эсхүл дээд шатны албан тушаалтны гаргасан үүргийн дагуу шалгагч нь гомдолтой холбогдуулан шалгах ажиллагаа хийх ёстой байдаг. Тухайн шалгах ажиллагааг журмын 2.3-т зааснаар 14 хоног байна гэж заасан. 14 хоногийн дотор ч гэж бичээгүй, тэгэхээр тухайн ажиллагааг шалгах ёстой үндэслэлээ заавал шалгаж тогтооно. Мөн 3.3-т сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар нөхцөл байдлыг харгалзаж үзэх вэ? Зөрчил гаргасан нөхцөл байдал үр дагаврыг тооцох ёстой, гэм буруугийн санаатай болон болгоомжгүйг албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний эс үйлдэхүйн хамаарал ямар байна, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу байсан, өмнө нь зөрчил гаргаж байсан уу, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарлаж байна уу, зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан уу гэх зэрэг үйлдлүүдийг шалгах ёстой байдаг. Гэтэл энэ ажиллагаануудыг огт шалгахгүйгээр зөвхөн тайлбараар дүгнэлт гаргаад шууд халах арга хэмжээ авсан. Тухайн гомдлыг шалгасан бол архивын нэгж байгаа байх. Тухайн архивын нэгж хэрэгт авагдаагүй байна. Энэ баримтуудаас зөрчлийг яаж шалгасан халах хэмжээний сахилгын шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй юу гэдэг нь тогтоогдох ёстой байдаг гэтэл тийм зүйл байхгүй шууд халах шийдвэр гаргаж байгаа нь процессын алдаа гэж харж байна.

Хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар болон шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад стандартыг боловсруулах ажиллагаанд оролцогч буюу “О ф” ХХК-ийн захирал н.М гэдэг хүнтэй холбоо тогтоосон тус стандартыг түргэвчилсэн байдлаар батлуулахаар хувийн ашиг сонирхол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, стандартчиллын техникийн хорооны гишүүдэд мөнгө санал болгосон үйлдлийг таслан зогсоогоогүй, тухайн саналаас татгалзаагүй, удирдах албан тушаалтан болон эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, техникийн хорооны гишүүдийн дансыг өгөхөөр тохиролцсон гээд байгаа үйл баримт нь хэзээ, хаана болсон талаар шалгах ажиллагаа огт хийгдээгүй, хэрэгт энэ тухай баримт байхгүй, хийсвэр тайлбар ирүүлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2, 21.2.3 дахь хэсэгт шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй энэ үүргээ хариуцагч тал биелүүлэхгүй байна. Мөн 32 дугаар зүйлд заасан хариу тайлбар үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, эсхүл шүүхэд эх сурвалжаа заах үүрэгтэй, хариу тайлбарын нотлох баримт хангалттай цуглаагүй байна гэж үзэж байна.

Мөн саяны ирүүлсэн бичлэг хэзээ, хаана, ямар цаг хугацаанд хийсэн нь тодорхойгүй сонсох ажиллагаанд П.Д******* гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч тал сахилгын зөрчлийг шалгах ажиллагаа хийхгүйгээр зөвхөн тухайн өдрийн сэтгэл хөдлөлийн үйл баримтдаа үндэслээд зөрчил үйлдсэн гэж сахилгын шийтгэл ногдуулсан Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаал нь хууль бус захиргааны акт байна. Тухайн акт хуульд үндэслэсэн, журамд үндэслэсэн, хуулийн дагуу хийгдсэн ажиллагаанд үндэслэсэн ажиллагаанууд нь дутуу дулимаг хийгдээгүйтэй адилхан байна. Иймээс ******* дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны акт нь хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлдээ илт хууль бус акт гэж андуурч бичсэнийг хууль бус болгохоор маргаж байгааг залруулъя” гэв.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтэд:

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараах үүрэгтэй гэж заасан. 27.2.2-т стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх заасан байдаг. Стандартаа батлуулснаар тэр байгууллага стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой болоод үйл ажиллагаанд хэрэгтэй гэдэг үүднээс тэр хүмүүс тодорхой санхүүжилт гаргадаг, Стандартчиллын техникийн хорооны дүрэм гэж байдаг. Уг дүрмийн 5 дугаар хэсэгт зардлын санхүүжилт гэж байдаг. Зардлын санхүүжилт хэсэгт хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг сонирхогч байгууллага санхүүжүүлж болно гэсэн байдаг. Тэгэхээр хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. уг дүрмийн 5.1 дэх хэсэгт хорооны үйл ажиллагааг явуулах бичиг хэргийн болон хуралдааны зардлыг байгууллага хариуцдаг. Тэгэхээр процессын зардал нь байгууллагаас гарахгүй. Иймээс авлига албан тушаалын зөрчил байсан гэж үзэхгүй юм.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтэд:Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т энэ хууль заасан ажил үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан.

Иргэн аж ахуй нэгж байгууллага байгууллагын стандартаа өөрөө боловсруулж, үйл ажиллагаанд нь оролцоод, санхүүжүүлээд энэ стандартыг тухайн аж ахуй нэгж байгууллага зөвхөн өөрийн байгууллагадаа хэрэглэнэ. Үндэсний стандарт буюу озоноор халдваргүйжүүлэх гээд улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр буюу Олон улсын олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах урьдчилсан сэргийлэх харшлын замаар халдварладаг өвчний дамжих замын өвчнийг таслан зогсоох, өвчлөлийг бууруулах тархалтыг багасгах зорилгоор озоны халдваргүйжүүлэлтийг тодорхой давтамжтайгаар хийх шаардлагыг тогтоох ийм том үндэстний хэмжээнд дагаж мөрдөхөөр стандарт үндэстний стандарт юм.

Авлигын эсрэг хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хориглох зүйл заалтыг бүгдийг нь зөрчөөд хэн дуртай нь үндэсний стандарт боловсруулаад стандарт хэмжил зүйн газарт мөнгө өгөөд батлуулаад явна гэж байхгүй юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль дээр Стандартчилал, техникийн хорооны эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Салбар бүрд байдаг 74 техникийн хороо Стандарт хэмжил зүйн газрын дэргэд ажиллаж байна.

Стандартын төсөл боловсруулах холбогдох байгууллагуудаас санал авах хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ хийх, стандарт боловсруулалтын түвшин нь зохих шаардлагатай нийцэж байгаа эсэхийг хянана, техникийн хороо түүний гишүүд нь иргэн аж ахуйн нэгж байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй байна гэж үүргийг зааж өгсөн.

Техникийн хорооны хурал болоход ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал үүссэн эсэх тухай мэдэгдлээ хөтлүүлээд авдаг. Хэн нэгэн этгээд стандарт боловсруулагчтай ашиг сонирхлын зөрчил үүссэн энэ нөхцөл үүсвэл техникийн хорооны хурлаасаа татгалзаад гарах шаардлага байгаа. Олон улсаас гаргасан зөвлөмж удирдамж дээр ч хориглох зүйл, ёс зүйн дүрмийг зааж өгсөн. Стандартчилал бол стандартын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4 3.1.5-д зарчмуудыг заасан.

Энэ техникийн хороо нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хүн амын эрүүл мэндийг хамгаалсан үндэсний стандартуудыг ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн албан тушаалтнуудаар хэлэлцүүлэгдээд, техникийн хорооны зөвхөн дүгнэлтийг үндэслээд шийдвэрээ гаргаж баталгаажуулж байгаа. Стандарт хэмжил зүйн газрын дарга нь үндэсний стандартыг баталдаг субъект нь боловч техникийн хороодод хадгалагдаж байгаа юм.

Нэхэмжлэгчээс дотоод хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж тайлбарласан, сонсох ажиллагаанд тухайн нэгжийн дарга, Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б байлцсан. юм.

Д*******гийн гаргасан үйлдэл дээр заавал олон хоног буюу 14 хоног шаардлагагүй юм. Бүх зүйл нь илэрхий, тодорхой, сонсох ажиллагааны үед  энэ хүн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Нийгэмд маш их сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Энэ том арга хэмжээний үеэр олон сэтгүүлч телевизүүд байх үед энэ асуудал яригдаж,  төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, шударгаар хөдөлмөрлөж байгаа Стандарт хэмжил зүйн газрын албан хаагчид, 74 техникийн хороо стандарт хэмжил зүйн газрын хариуцлагатай албан тушаалтан стандарт боловсруулагч буюу сонирхогч талаас мөнгө аваад эсхүл нэхээд энэ стандартыг баталчихдаг юм байна гэдэг ойлголт үүссэн.

Стандарт хэмжил зүйн газарт сэтгүүлч, сайт, сурвалжлагчид ирж П.Д*******гийн нэр, албан тушаалыг асуусан. Манай газрын дарга, агентлагийн зүгээс төрийн албан хаагчаа олон нийтийн дайралтаас хамгаалсан. Бичлэгийг өгөөгүй, хэрвээ энэ бичлэг олон нийтэд цацагдсан бол нэр хүнд нь унах байсан.

Энэ гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн зөрчлийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн П.Д*******гийн үйл ажиллагааг илрүүлээд таслан зогсоох нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны үүрэг юм.

Стандартын салбарын Эрүүл мэндийн техникийн хороо хүн амын эрүүл мэнд зэрэг маш чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг, П.Д******* нь хариуцлагатай албан тушаал хашдаг төрийн албан хаагч юм.

Сонсох ажиллагааны үед газрын даргаас Д*******д хэлэхдээ та өөрийн хүсэлтээр ажлаасаа түр чөлөөлөгдөж түдгэлзэх хүсэлтээ өгөөд энэ үйл ажиллагаагаа сайн дураараа Авлигатай тэмцэх газарт шалгуулаач ээ гэсэн саналыг тавьсан. Д******* энэхүү саналыг хүлээж аваагүй гэдийг дурдах нь зүйтэй. Стандартчиллын техникийг хорооны дүгнэлтийг ирүүлсэн байгаа. Энэ стандарт дэмжигдээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна” гэв.

                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, төрөл:

1.1.Энэ хэргийн маргаан нь төрийн албаны маргаан бөгөөд маргааны зүйлээр  “төрийн албанаас сахилгын шийтгэлээр халсан шийдвэрийн үндэслэл” болсон үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч П.Д******* нь Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах м ажиллаж байсан Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаагаар хангагдах албан тушаалтан мөн байна./ХХ-н  22 дахь тал/

2.2.Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгчээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус газрын Захиргаа удирдлагын газрын даргын өрөөнд П.Д*******г байлцуулан  уулзалт хийсэн болох нь Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. /ХХ-н 62 тал/

2.3.Тус уулзалтаар Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгчээс “Стандарт ба хөгжил”  үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга П.Д******* нь стандарт боловсруулагч аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгө нэхсэн мэдээлэл гарсан дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж байгаагаа, тайлбар мэдээлэл авах гэж байгаа талаараа мэдэгджээ. /ХХ-н 62 тал/

2.4.Уг ажиллагаанд П.Д******* оролцсон, сонсох ажиллагааны процесстой холбогдуулан ямар нэг хүсэлт гаргаагүй байгаа ба уг тэмдэглэлд гарын үсгээ зураагүй, орхиж гарсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс няцаагаагүй болно.

2.5.Энэ ажиллагааг дуу бичлэгээр давхар баримтжуулсан байгаа ба шүүх хуралдаанд дээр уг бичлэгийг сонсоход бичгийн тэмдэглэлтэй зөрүү байхгүй, энэ уулзалтыг явуулсан гэдэгтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  маргаагүй боловч дуу бичлэгийг мэдэгдээгүй, нууц маягаар хийсэн гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

2.6.Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас уг уулзалтыг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа гэж үзэхгүй, П.Д*******д сонсох ажиллагаа явуулах талаар бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй, түүнийг бичгээр тайлбар, нотлох баримт гаргах эрхээ хангаагүй гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

2.7.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд, мөн зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заажээ.

2.8.Иймд сонсох ажиллагааны мэдэгдлийг аливаа байдлаар хүргүүлсэн болох нь П.Д******* уг ажиллагаанд оролцсоноор, тэрээр өөрт холбогдож байгаа асуудлыг мэдсэн, энэ талаар тайлбар, санал гаргах эрхтэй оролцсоноор энэ нь сонсох ажиллагаа байсан болох нь нотлогдож байна.

2.9.Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд мөн зүйлийн 27.4.3-т “биечлэн уулзах” гэж заасан байгаа тул сонсох ажиллагаа нь хуульд заасан арга, хэлбэрийг зөрчөөгүй болох нь тогтоогдлоо.

            2.9.Мөн П.Д******* нь сонсох ажиллагаа гэж ойлгоогүй уг уулзалтад хүрэлцэн ирсэн бол уг уулзалт дээр нотлох баримт гаргаж өгөх, гэрч асуулгах, гомдол гаргагчтай ярьсан яриаг нотлох баримт гэж татгалзал гарах эрхтэй байсан боловч ийм хүсэлт гаргаж байгаагүй болох нь уг сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байна.

            2.10. Сонсох ажиллагааны явцад Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгчийн асуусан “... Энэ стандартыг батлуулахын тулд мөнгө шаардлагатай, тэр дансанд шилжүүл гэж нэхсэн зүйл байгаа юу” гэх асуултад П.Д******* нь “... Тэр хүнтэй тийм зүйл яриагүй” гэж тайлбарласан ч “... Намайг ажил дээрээ ирсний дараа “О ф” ХХК-ийн н.М гэж хүн утсаар “Танай техникийн хорооны гишүүдэд урамшуулал өгч болох уу гэж асуусан. Та нар боломжтой бол өгч болно, өөрсдөө мэд гэж би хэлсэн”  гэснээр төрийн албан хаагч урамшуулал авч болохыг зөвшөөрсөн болохоо өөрөө мэдүүлсэн байна. /Сонсох ажиллагааны тэмдэглэлд/

2.11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас П.Д*******гийн энэ мэдүүлгийг үгүйсгээгүй, үүгээр маргахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа П.Д*******д сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөгүй,  сонсох ажиллагаа явуулаагүй,  бичгээр тайлбар аваагүй, гомдол гаргагчтай  захиргааны байгууллага уулзаагүй, гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийн хохирлын хэмжээг тогтоогоогүй, шалгагч томилох ёстой байхад томилоогүй, зөрчлийн талаар урьдчилан дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр маргаж байгаа болохоо тайлбарласан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой.

2.12.Ийнхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас П.Д*******гийн “техникийн хорооны гишүүдэд боломжтой бол урамшуулал өгч болно, өөрсдөө мэд” гэсэн үйлдлийг зөвшөөрсөн учраас уг үйлдлийг гаргасан болох нь нотлогдсон гэж үзсэн.

2.13.Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас П.Д*******гийн энэ үйлдлийг Стандартчилал,  техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь үүрэгтэй” гээд мөн зүйлийн 27.2.2-т “стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх” гэж заасан дагуу зардлыг шаардсан гэх агуулгатай тайлбар гаргасан.

2.14.Энэ тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс няцааж, Стандартчилал,  техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2-т заасан зардал нь байгууллагын дотооддоо мөрдөх стандартыг батлахад шаардсан зардал болохоос улсын хэмжээнд мөрдөх улсын стандартыг батлахад ажиллагаанд шаардагдах зардлыг гаргуулахаар заасан хуулийн зохицуулалт биш, Стандартчиллын техникийн хорооны үйл ажиллагааны зардлыг төсвөөс буюу байгууллагаас гаргадаг гэж тайлбарлан, уг тайлбараа нотлохоор Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар  баталсан “гишүүдэд олгох хөлсийг 25,000 төгрөг, хурлын цай, кофены зардлыг 30,000 төгрөгөөр тогтоосон  баримтыг гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар уг нотлох баримтаар нотлогдсон гэж үзлээ.

2.15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “О ф” ХХК-иас ямар зардал гаргуулахаар шаардсан, гаргуулах эрхтэй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

2.16.Түүнчлэн нэхэмжлэгч П.Д*******гийн “техникийн хорооны гишүүдэд боломжтой бол урамшуулал өгч болно, өөрсдөө мэд” гэсэн үйлдлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” гэж, мөн зүйлийн 3.1.2-т “"хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” гэж, мөн зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тодорхойлсон тодорхойлолтоор ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзнэ.

2.15.Энэхүү хуульд урамшуулал авах гэдэг ойлголт зохицуулагдаагүй, уг хуулиар урамшуулал авахыг зөвшөөрөөгүй байгаа тул энэ тохиолдолд байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно” гэх эрх зүйн суурь зарчим үйлчилнэ.

2.16.Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгч нь сонсох ажиллагаанд П.Д*******гийн мэдүүлсэн “О ф” ХХК-ийн н.М гэж хүн утсаар “Танай техникийн хорооны гишүүдэд урамшуулал өгч болох уу гэж асуусан. Та нар боломжтой бол өгч болно, өөрсдөө мэд гэж би хэлсэн”   гэх тайлбарыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар П.Д*******г “албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын16-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

3.2.Нэхэмжлэгч П.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь П.Д*******г албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулж, “О ф” ХХК-ийн захирлаас мөнгө авахыг зөвшөөрсөн гэж үйлдээ зөвшөөрч, хуульд зааснаар үйл ажиллагааны зардлаа  авах эрхтэй гэж тайлбарлаж байгаа атлаа, хариуцагчийг энэ үйл баримтыг шалгаж тогтоогоогүй гэж маргаж  байгааг хүлээн авах үндэслэлгүй болно.

3.3.Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараах үүрэгтэй” гээд, мөн зүйлийн 27.2.2-т стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх” гэж, Стандартчиллын техникийн хорооны дүрмийн 5 дугаар хэсэгт зардлын санхүүжилт гэж байдаг. Зардлын санхүүжилт хэсэгт хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг сонирхогч байгууллага санхүүжүүлж болно гэж заасан. Стандартаа батлуулснаар тэр байгууллага стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой болоод үйл ажиллагаанд хэрэгтэй гэдэг үүднээс тэр хүмүүс тодорхой санхүүжилт гаргадаг,

Тэгэхээр хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй, авлига албан тушаалын зөрчил гэж үзэхгүй” гэж, “О ф” ХХК-ийн захирал н.М гэдэг хүнтэй холбоо тогтоосон, техникийн хорооны гишүүдийн дансыг өгөхөөр тохиролцсон гээд байгаа үйл баримт нь хэзээ, хаана болсон талаар шалгах ажиллагаа огт хийгдээгүй, мөнгө санал болгосон үйлдлийг таслан зогсоогоогүй, тухайн саналаас татгалзаагүй, удирдах албан тушаалтан болон эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, хэрэгт энэ тухай баримт байхгүй маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж, мөн зүйлийн 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэж, мөн зүйлийн 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон байна.

3.5.Мөн хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2-т “Албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авна” гээд саналаас татгалзах, санал тавьсан этгээдийг тодорхойлох, тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх, боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх, болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх, хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх гэж хуульчилжээ.

3.6.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 15.2-т “Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно” гэж, Стандартчилал,  техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Стандартчилал, техникийн з асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа аймаг, нийслэлийн байгууллага, итгэмжлэлийн байгууллагын энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, ..., стандартчиллын болон итгэмжлэлийн техникийн хороо, ... үйл ажиллагаатай холбогдсон зардал, олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс, ... тус тус санхүүжүүлнэ” гэж заасан байна.

3.7.Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд “стандарт батлах, тохирлын үнэлгээ хийх үйл ажиллагааны зардал” гаргах гэсэн ойлголт байгаа бөгөөд тухайн “Озоноор халдваргүйтгэх техникийн ерөнхий шаардлага” стандартыг батлах үйл ажиллагааны хувьд зардлыг иргэн, аж ахуйн нэгжээс авах шаардлагатай бол байгууллагын удирдлага, зохих  дээд шатны албан тушаалтанд танилцуулах, зөвшөөрсөн шийдвэрийн үндсэн дээр гаргуулах нь аливаа байгууллагын үйл ажиллагааны зарчим байх ёстой ба ийм шийдвэргүйгээр П.Д******* нь үйл ажиллагааны зардал шаардсан бол энэ нь хууль ёсны гэж үзэхгүй болно.

3.8.Мөн түүнчлэн П.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “үйл ажиллагааны зардал байсан” гэх агуулгатай тайлбарыг гаргаж байгаа ч сонсох ажиллагааны тэмдэглэлд П.Д*******гийн “О ф” ХХК-ийн захирал урамшуулал өгч болох уу, гэхэд би боломжтой бол болно, өөрсдөө мэд” гэсэн тайлбараар П.Д******* нь үйл ажиллагааны зардал авахаар байсан биш, урамшууллыг авахыг зөвшөөрсөн гэдэг нь нотлогдож байна,

3.9.Ийнхүү нэхэмжлэгч П.Д******* нь “өөрөө санаачилж урамшуулал авахаар шаардаагүй байсан” ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дээрх заалтууд болон Стандартчилал,  техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг зөрчин албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой “урамшуулал” авахыг зөвшөөрсөн үйлдэлд нь  сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

3.10.Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон хууль зүйн үндэслэлээ хариуцагч нь  Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7, 37.1.2, 37.1.3, 37.1.7, 39.1, 39.1.2, 48.1, 48.1.4-т заасныг баримталсан нь хууль зөрчөөгүй байна.

3.11.Харин Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дугаар тушаалаар баталсан Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын[1] 11.3-т “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоон ажил олгогчийн санаачилгаар  төрийн захиргааны албан хаагчийг ажлаас халах, ... цуцлахад хүргэх ажилтан албан хаагчийн зүгээс гаргасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараахь зөрчлүүдийг хамруулна” гээд 3.1.6 дахь заалт нь “ажил олгогчийн нэр хүндэд хохирол учруулсан бол халах үндэслэл болох” гэсэн заалтыг барьсан нь зөрчилд тохироогүй заалтыг баримталсан байна.

3.12.Гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байна.

3.13.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Д*******гаас гаргасан үйлдлийн талаар тайлбар авахад “урамшуулал авахыг зөвшөөрсөн” нөхцөл байдлаа үгүйсгээгүй учраас захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэгэнт нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг нотлох шаардлага байгаагүй тул  маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, мөн зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзсэн.

            3.14.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “П.Д*******гийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл оногдуулаагүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар нөхцөл байдлыг харгалзаж үзэх, Зөрчил гаргасан нөхцөл байдал үр дагаврыг тооцох ёстой, гэм буруугийн санаатай болон болгоомжгүйг албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний эс үйлдэхүйн хамаарал ямар байна, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу байсан, өмнө нь зөрчил гаргаж байсан уу, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарлаж байна уу, зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан уу гэх зэрэг үйлдлүүдийг шалгах ёстой, хохирлын хэмжээг тогтоогоогүй” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн.

            3.15.Стандартчилал, хэмжил зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс П.Д*******гийн гаргасан зөрчлийг “төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” гэсэн дүгнэлт хийж, байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан гэж үзсэн байх ба энэхүү “байгууллагын нэр хүндэд учруулсан хохирол” гэгчийг  тодорхой хэмжигдэхүүнээр хэмжих, бас үнэлгээ тогтоох боломжгүй ойлголт тул ажил олгогчоос уг хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд бие даан шийдвэрлэх эрх хэмжээнд нь хамаарч байгаа тул шүүх буруутгах үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

            3.16.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч П.Д*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, шийтгэл оногдуулахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

            3.17.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “сонсох ажиллагааны явцыг баримтжуулсан дуу бичлэг хэзээ, хаана, ямар цаг хугацаанд хийсэн нь тодорхойгүй сонсох ажиллагаанд П.Д******* гарын үсэг зураагүй” гэх тайлбарыг хүлээн авах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй.

3.18.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 15.1-т “Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ” гээд, мөн зүйлийн 15.1.1-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах” гэж, мөн зүйлийн 15.1.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” гэж, мөн зүйлийн 15.1.7-д “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гээд, мөн зүйлийн 25.1.1-т “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж, мөн зүйлийн 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж, мөн зүйлийн 25.1.7-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах” гэж, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байна.

3.19.Ийнхүү хуульд зааснаар захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тогтоож өгсөн байхад хуульд заасан энэ эрхийг нь хэн нэгнээс хязгаарлаагүйгээс бусад тохиолдолд өөрөө эдлээгүй, эдлэх эрхээ хэрэгжүүлэхийг шаардаагүй байгаа нь нөгөө талыг буруутгах үндэслэл болохгүй болно.

3.20.Энэ учраас сонсох ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, гарын үсэг зурах эрх нь П.Д*******д хадгалагдаж байгаа ба энэхүү эрхийг нь захиргааны албан тушаалтнаас зориудаар хязгаарлаагүйгээс бусад тохиолд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.

3.21.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын16-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль зөрчөөгүй бөгөөд ийнхүү хуульд нийцэж гарсан захиргааны актыг нэхэмжлэгч П.Д*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь Стандартчилал, хэмжил зүйн газрын дотооддоо явуулсан сонсох ажиллагаагаар  цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон материалын хүрээнд цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

3.2.Харин энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргагч “О ф” ХХК-ийн захирал н.М гэгчийн П.Д*******тай хоорондоо гар утсаар ярьсан гэх, түүнд мэдэгдэхгүйгээр бичлэг хийж авсан утсаны дуу авианы бичлэгийг хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д  заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй болно.

3.3.Харин захиргааны албан тушаалтнаас П.Д*******тай явуулсан сонсох ажиллагааны явцыг дуу бичлэгээр бичиж авсныг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэхгүй, учир нь аливаа бизнесийн ажиллагаа, үүний дотор төрийн байгууллагын үйл ажиллагаа, үүнд хамаарах уулзалт, ярилцлага, хурал, зөвлөгөөн зэрэг  ажиллагааны явц нь тэмдэглэлээр баримтжих зарчим байгаа бөгөөд энэхүү сонсох ажиллагаа бичгээр болон бусад хэлбэрээр тэмдэглэгдэж үлдэж байгааг П.Д******* мэдсэн, эсхүл мэдэх ёстой үйл баримт гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 31 дүгээр зүйлийн 31.1,  Стандартчилал,  техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Төрийн албан тухай хуулийн 48.1, 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Д*******гийн гаргасан “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Д*******гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

[1] Стандартчилал, хэмжил зүйн газрын албан ёсны вэйб сайтад байршсан, нийтэд илэрхий журам байна.