Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Э.Ганбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Хохирогч Б.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овогт Энхтүвшингийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201710010150 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг, Зэвсэгт хүчин гудамжны 3-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мөнх овогт Энхтүвшингийн Ганбаатар /ЕБ58101013/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ганбаатар нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын гармын өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б, 2.2.б, 2.3.в, 2.7.а, 9.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас ард нь сууж явсан Б.Баясгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Ганбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би  2017 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын худалдааны захаас 2 сая төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн 2 дугуйтай, Haojue EG 150 маркийн мотоциклийг худалдаж авсан бөгөөд уг мотоциклиороо адуу малаа хариулдаг байсан. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын вокзал дээр буюу гэрийнхээ хажууд үл таних хүмүүстэй 0,75 литрийн Соёмбо нэртэй архи хувааж уугаад зогсож байтал нэг нутгийн хүн Баясгалан гэрээсээ гарч ирсэн. Тэгээд намайг “хаашаа явах гэж байгаа юм” гэхээр нь “одоо ингээд Өргөн сумын нутгаар мотоцикльтойгоо үхэр хайж явна” гэтэл “хамт явъя” гээд ууж байсан архинаас уусан. Ингээд Хулганаа Баясгалан бид  гурав Зүүнбаян сумын дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Соёмбо архи худалдаж аваад хувааж уугаад дахиад вокзал дээр ирээд гэр гэртээ харьсан. Тэгсэн шөнийн 00 цагийн үед Баясгалан орж ирээд “одоо 2-лаа үхэрт явъя” гэхээр нь мотоциклио аваад Өргөн суманд байрлах төмөр замын гармаар гарах гээд явж байтал замын хаалт буюу далан татсан өндөр шороог харалгүй, дээгүүр нь даваад мотоцикльтойгоо онхолдсон, тухайн үед миний ард Баясгалан сууж явсан бөгөөд 2-лаа хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Ослын улмаас миний мотоциклийн хянах самбар, рам төмөр, урд гавал, толь зэрэг зүйлс эвдэрсэн бөгөөд хоёулаа тодорхой хэмжээний гэмтлүүд биедээ авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмнэлэгт хэвтэж байхад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлж байсан. Шүүхээс гаргасан хохирлын мөнгийг би төлж барагдуулана...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 82-83/,

- Хохирогч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017.06.09-нд Зүүнбаянд байраа янзалж байхад малын хашааны эргэн тойронд хэсэг хүмүүс байхаар очсон. Намайг очиход Ганбаатар, Хулганаа хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Ганбаатар, Хулганаа хоёр танихгүй хоёр залуутай байсан ба уг хоёр залуу намайг очиход яваад өгсөн. Тэгээд би Ганбаатар, Хулганаа хоёртой нийлж архи уучихаад нэмж архи авахаар төв рүү орж баарнаас 0,75 литрийн Чингис архи танихгүй айлд очиж уучихаад Өргөн сум руу Ганбаатар малын эрэлд явна. Хань болоод цуг явчих гэхээр би цуг явсан. Зүүнбаянгаас 00:00 цаг өнгөрч байхад улсын дугааргүй мотоциклтой явахаар болсон ба тухайн үед Ганбаатар мотоцикль жолоодон явж байгаад Өргөн сумын төмөр замын гармын ойролцоо очоод овоолсон шороон дээр харайгаад онхолдсон. Тухайн үед би юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан болохоор малгайгаараа нүүрээ дарсан байсан. Тормозны чахрах дуу гарахаар нь хартал овоолсон шороон дээр хариаж байгаад онхолдсон. Хохиролд 2,759,665 төгрөгийг нэхэмжилж байгаа, эмчилгээнд 615,180 төгрөгийг өгсөн, сая шүүх хуралдаанд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнүүдийг хасч үлдсэн мөнгийг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг төлчихвөл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

-Гэрч Ц.Батбилэгийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: “...Надад болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй ээ. 2017.06.10-ны өдөр Э.Ганбаатарын ээж Ц.Алтантуяа эгч над руу утсаар яриад “Ганбаатар дүү чинь хөдөө явж байгаад мотоциклиосоо унаад гэмтчихжээ, одоо Сайншанд сумын эмнэлэгт хэвтэж байна” гэхээр нь 2 хоногийн дараа очиж уулзахад “харин тийм ээ ахаа би мотоцикльтой согтуу явж байгаад далан дээгүүр даваад онхолдчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/, 

- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Жолооч Э.Ганбаатар нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б-д тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. 2.2.б-д тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Улсын хяналтын албанд тэмдэглүүлсэн байна. 2.3.в-д мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байна. Мотоциклийн хамгаалах малгай нь жолооч, зорчигчийг осол аваарт өртөхөд эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой хэрэгсэл байдаг, 2-р бүлгийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно. Мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 
  2. Э.Ганбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж лавлахад АВ ангиллын 600564 тоот эрхийн үнэмлэхтэй байна.
  3. Зорчигч Б.Баясгалан нь замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийн 4.1.а-д зааснаар “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэснийг зөрчсөн байна.
  4. Жолооч Э.Ганбаатар нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б, 2.2.б, 2.3.в, 2.7.а, 9.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт /хх-ийн 45/,

- Э.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 92-93/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,

- Согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 18/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Баясгалангийн биед баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, баруун шилбэний ясны дисталь хэсгийн хугарал, баруун богтос ясны залаа хэсгийн хугарал, тархи болон биеийн доргилт, баруун тохойд шарх, баруун бугалга, шуу хамарсан цус, хугаралт, баруун хөмсөг, баруун шанаа, духны зүүн хэсэг, зүүн шанаа, зүүн сарвууны ар хэсэг, баруун шагайн гадна хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

2. Дээрх гэмтлүүдийн баруун дунд чөмөгний зүүн хэсгийн хугарал, баруун шилбэ ясны дисталь хэсгийн хугарал, баруун богтос ясны залаа хэсгийн хугарал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи болон биеийн доргилт, баруун тохойн шарх гэмтлүүд нь дан дангаараа нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, баруун булга, шуу хамарсан цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, духны зүүн хэсэг, зүүн шанаа, зүүн сарвууны ар хэсэг, баруун шагайн гадна хэсгийн дулгаралт гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, дан дангаар нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д заансаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

3. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана.

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 75/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 21-22, 26-28, 120-128/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

   Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Э.Ганбаатар, хохирогч Б.Баясгалан нар нь архи ууж, согтуурсан үедээ Э.Ганбаатар нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож, ардаа Б.Баясгаланг суулгаж Дорноговь аймгийн Өргөн сум руу малд явж байгаад Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын гармын хажууд онхолдож, Б.Баясгалан, Э.Ганбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Э.Ганбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Ганбаатар нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Баясгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баясгалангийн “...Намайг очиход Ганбаатар, Хулганаа хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан... Тэгээд би Ганбаатар, Хулганаа хоёртой нийлж архи уучихаад нэмж архи авахаар төв рүү орж баарнаас 0,75 литрийн Чингис архи танихгүй айлд очиж уучихаад Өргөн сум руу Ганбаатар малын эрэлд явна. Хань болоод цуг явчих гэхээр би цуг явсан... тухайн үед Ганбаатар мотоцикль жолоодон явж байгаад Өргөн сумын төмөр замын гармын ойролцоо очоод овоолсон шороон дээр харайгаад онхолдсон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Э.Ганбаатарт холбогдох хэргийн зүйлчилэл зөв, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Ганбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд хохирлоос төлсөн, тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Б.Баясгалан нь “... эмчилгээний зардалд 2,759,665 төгрөг учирснаас шүүгдэгчийн урьд өгсөн 615,180 төгрөг, шүүх хуралдаанд өгсөн 1,000,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг гаргуулж авна” гэж нэхэмжилсэн.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Баясгалан нь нийт 2,759,665 төгрөг учирсан гэсэн боловч шүүх баримтуудыг нягтлахад 2,767,575 төгрөгний нотлох баримтууд гаргаж өгсөн байх ба нотлох баримтуудаа тооцохдоо үнийн дүнг зөрүүтэй бичиж, алдаатай бодсон байна. Иймд шүүх нотлох баримтын хүрээнд хохирогч 2,767,575 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгчийн өгсөн 1,615,180 төгрөгийг хасч 1,152,395 төгрөгийг нэхэмжилсэн гэж үзлээ. Хохирогчийн 1,152,395 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас бинзен /93,000+15,000+10,000+7,300/ 125,300 төгрөг /хх-ийн 28, 125-126/, хоол 6,950 төгрөг /хх-ийн 22/ нийт 132,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,020,145 төгрөгийг шүүгдэгч Э.Ганбаатараас гаргуулан хохирогч Б.Баясгаланд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөнх овогт Энхтүвшингийн Ганбаатарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Энхтүвшингийн Ганбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Э.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Ганбаатараас 1,020,145 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Нарлаг Шандын 2-4 тоотод оршин суух, Цэвэг овогт Буяндэлгэрийн Баясгалан /ЕП84101910/-д олгож, хохирогч Б.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагаас 132,250 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаатар нь хохирогч Б.Баясгаланд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,020,145 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ