Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

 

 

 

Б.Шинэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Б.Ш,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  И овогт Б-ийн Ш

 

Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шар” дэлгүүрийн хажууд хохирогч Д.А-д хүч хэрэглэн довтолж, Самсунг М-12 маркийн гар утсыг авч, түүнд 330,000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т 1 жил хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч З.А нар давж заалдсан гомдолдоо: “...Би дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийнхөө алдаа дутагдлаа засаж, өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр амьдрах, өндөр насны тэтгэвэрт байдаг эцэг эхдээ тус дэм болж явах хүсэлтэй байна.

            Тухайн өдөр би найзтайгаа уулзсаны дараагаар гэр лүүгээ харьж явахад замд нэг хүн таарсан. Тэр хүний асуусан газрыг нь зааж өгөөд буцаж очтол тэр хүн эргэж хараад намайг барьж аваад цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө тавиулах гээд тэр хүнийг цохисон. Хоёулаа зууралдаж байгаад газар хагас суугаа байдлаар хоёулаа унасан. Би түрүүлж босож ирээд тэр хүний утсыг нь аваад зугтчихсан юм. Би хохирогчид хүч хэрэглэж дээрэмдээгүй.

            Гэвч энэ бүгдийг мөрдөн байцаалтын шатанд надаас мэдүүлэг авахдаа бүрэн дүүрэн тусгаагүй. Хохирогчийн мэдүүлэгт ч намайг эхэлж барьж цохисон, зууралдаж байгаад газарт хоёулаа унасан талаар мэдүүлээгүй байдаг. Би эхэлж хохирогчийг цохиж зодоогүй, хохирогч намайг барьж аваад цохиод авахаар нь би өөрийгөө тавиулах гээд хохирогчид эсэргүүцэл үзүүлсэн.

            Өөрөөр хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй. Иймд хэргийг хянан үзэж, хэргийг зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаагч болсон үйл баримтыг сайн аваагүй. Хохирогчийн мэдүүлэг дээр намайг түрүүлж цохисон гэж байхгүй. Эдгээрийг бүрэн илэрхийлээгүй байсан. Би дээрэмдэх санаа зорилготой очоогүй. Сүүлд хохирогч намайг эхэлж цохисон гэж хэлсэн байсан энэ дээр гомдолтой байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ш-ын зүгээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгүүдийг харахад шүүгдэгч хохирогчийн гар утсыг нь булаах гээд барьтал хохирогч намайг цохиод хоёулаа барьцалдаж авсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлэгт би машиндаа очиж хонох гээд компанийн байрнаас гараад грашаа олохгүй зам дагаад алхаж байхад үл таних хүн таарч Идэр Транс ХХК-ны хашаа мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэхээр нь би чигээрээ явж байтал удалгүй араас нэг хүн ирээд толгой руу юмаар цохиход нь эргэж хартал тэр хүн ахиад толгой руу 2, 3 удаа цохиод миний гарт байсан Самсунг маркийн гар утсыг дээрэмдсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлгээс харахад хоорондоо зөрүүтэй мэдүүлэг байгаа нь харагддаг. Хохирогч өөрөө цохисон гэж мэдүүлж байгаа боловч хэргийн нөхцөл байдлаас тогтоогдсон зүйл байдаггүй. Шүүгдэгчийн хувьд мэдүүлэгтээ гар утсыг булаах гэж байх үед нь хохирогч барьж аваад үүнээс болоод хоорондоо ноцолдсон асуудал болсон гэж мэдүүлдэг. Үнэхээр цохиод дараа нь гар утсыг нь авъя гэсэн санаа зорилго шүүгдэгчийн мэдүүлгээс харахад тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс 18 насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан байдаг. Энэ зүйлийг аваад үзэхийн бол өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Ш-ын тухайд 18 насанд дөнгөж хүрсэн өсвөр насанд хамаарна гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Ш-аас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр энэ хэрэг ямар ч асуудал байхгүй шийдэгдэнэ гэж мөрдөгчийн зүгээс хэлсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Ш нь өсвөр насны хүнд хамаарна. Мэдүүлэг авахдаа өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгч оруулж авах байтал 18 насанд хүрсэн чи ингээд мэдүүлэг өгчих гэдэг байдлаар өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь хууль ёсны дагуу мэдүүлэг авсан гэж үзэхгүй байна. Мөн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 18.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхлэхэд энэ хэргийн хувьд шүүгдэгчийн хувьд маргасан зүйл байхгүй харин хүч хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг дээр маргаан үүсэж байгаа гэсэн. Хохирогчийн хувьд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруутай зүйлээ мэдүүлэх боломж байсныг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах гэж заасан байна. Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ухамсрын түвшин ямар байсан юм. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зайлшгүй шаардлага үүсэж байгаа учир тогтоохгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчлөх гомдол гаргаж байгаа боловч энэ ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг зайлшгүй тогтоох энэ ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

            Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Шүүдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байсан. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд 18 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан хариуцлага оногдуулна гэж заасан. Арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгдэгч Б.Ш-ын хувьд өсвөр насны хүнд хамаарахгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэдэг нь хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлэн, хохирогчоос зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг. Шүүгдэгчийн хувьд хэрэг болсон орой хохирогч Д.А-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь дуудсан, хоёрдугаарт гар утсыг нь авах санаа сэдэл төрсөн. Хохирогч Д.А-ийн араас дуудаад толгой руу нь цохисон гэж хохирогч Д.А мэдүүлэг өгдөг. Хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь  хохирогч тухайн орой яаралтай түргэн тусламжийн эмнэлэгт очиж томографын оношилгоо хийлгэсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн гар утсыг авах гэж толгой руу нь хоёр, гурван удаа цохисон, газарт унагаагаад гар утсыг авсан нь хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүйгээр 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Энэ нь зүйлчлэлийн хувьд тохирсон хөнгөрүүлсэн асуудал байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос шүүгдэгч Б.Ш-ыг  2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шар” дэлгүүрийн хажууд хохирогч Д.А-д хүч хэрэглэн довтолж, Самсунг М-12 маркийн гар утсыг авч, түүнд 330000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолж ...” дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

            Тодруулбал шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хохирогч Д.А-д хүч хэрэглэн довтолж, Самсунг М-12 маркийн гар утсыг авч, түүнд 330000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолж ...” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Үүнд: Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...удалгүй араас нэг хүн ирээд миний толгой руу юмаар цохиход нь эргэж хартал тэр хүн намайг дахиад толгой руу 2, 3 удаа цохиод миний гарт байсан Самсунг маркийн гар утсыг дээрэмдэж аваад харанхуй гудамж руу гүйгээд алга болсон. ...Тэр хүн малгайтай хар өнгийн хувцастай, ... цагаан өнгийн пүүзтэй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “... өглөө сэрэхэд гэрт ирсэн унтаж байсан. ... Б.Ш манай гэрт ирэхдээ хар өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн Жордон 3 загварын пүүз, хар өнгийн хантаазтай ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... ахын араас гүйж очоод хөөе гэж дуудаад эргээд харахаар нь гарт нь байсан утсыг булаах гэтэл намайг барьж аваад шууд цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж цохиод газарт унагаасан, тэр үед нөгөө ах утсаа тавихгүй болохоор нь толгой хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон чинь тавьчихсан. ... харанхуй гудамж руу гүйж зугтаасан. ... авсан утасныхаа дотор талыг устгаж дахин шинэ нууц үг оруулж өөрийн болгочихоод амарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-64/,

 

Шинжээчийн дүгнэлт /хх-26/, яаралтай тусламжийн хуудас /хх-27/зэрэг болно.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ш болон түүний өмгөөлөгч З.А нар нь “... эхэлж хохирогчийг цохиж зодоогүй, хохирогч намайг барьж аваад цохиод байхаар нь би өөрийгөө тавиулах гээд хохирогчид эсэргүүцэл үзүүлсэн, ... би хохирогчид хүч хэрэглэж дээрэмдээгүй ..., хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр өөрчилж ... өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч Б.Ш-ын удаа дараагийн мэдүүлгээр тэрээр хохирогчид эхэлж хүч хэрэглээгүйг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Б.Ш нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийг дуудаж улмаар хохирогч түүнд эсэргүүцэл үзүүлснээр шүүгдэгч нь түүний биед халдаж гар утсыг авсан болох  хэргийн үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь  Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хүч хэрэглэж ... довтолсон ...” гэсэн дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн агуулга нь  хүч хэрэглэх үйлдлийг хэзээ хийсэн нь гэмт хэргийн шинжийг илэрхийлэх гол нөхцөл биш бөгөөд харин  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж биед нь халдсан л бол энэхүү шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон аливаа идэвхитэй үйлдлийг ойлгох ба довтолсон гэдэгт бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор тухайн этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг буюу хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэсэн биемахбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгоно.

 

Түүнчлэн хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас бусдын бие махбодид хор уршиг бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн амь биед нь аюултай нөхцөл байдал бий болгохоор байсан бол дээрх ойлголтод хамааруулж хүч хэрэглэж довтолж дээрэмдсэн гэж үзнэ.

 

Улмаар шүүгдэгч Б.Ш нь хохирогч Д.А-д хүч хэрэглэж довтолсны дараа түүний гар утсыг авсан үйл баримт тогтоогдсон ба түүнийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгийг ... хүч хэрэглэхгүйгээр ... авсан” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан хэдий ч Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “өсвөр насны хүн” гэдэгт хамаарах тул түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, журам зөрчиж өмгөөлөгч оролцуулаагүй ...” гэсэн нь үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд” өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д  “... арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд ...” мөн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болохоор заасан хэдий ч энэхүү нөхцөл байдалд шүүгдэгч Б.Шинэбаяр хамаарахгүй болно. 

 

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд өсвөр насны хүн гэдэгт 14-18 насны хүн хамаарах бөгөөд гагцхүү бие махбод, оюун ухааны хөгжил, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэргийг харгалзан  18-21 насны хүнийг өсвөр насны хүнд хамааруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох боловч шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас, 8 сар, 15 хоногтой буюу 18 насанд хүрсэн байсан, түүний нас бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэрэг нь Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан 18-21 насны өсвөр насны хүнд хамаарах нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч Б.Ш нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирлоо буцаан барагдуулсан талаараа болон өмгөөлөгч авахгүй талаараа дурдаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасныг прокурор хангаж, улмаар прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Ш зөвшөөрсөн, анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус зөрчөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Ш нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч сонгон авахгүй талаараа амаар болон бичгээр хүсэлт гаргаж, өөрөө өөрийгөө өмгөөлж  шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон байх бөгөөд түүний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Ш болон түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ш-ын цагдан хоригдсон 27 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ