| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00452/И |
| Дугаар | 147/ШШ2024/00004 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 147/ШШ2024/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Ногоон хотхоны 3-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Жавхлант жишиг хорооллын ******* тоотод оршин суух, ******* *******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20,757,200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч Ш.******* /оролцоогүй/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ш.*******ад холбогдуулан “үндсэн зээл 7,760,000 төгрөг, 2 сарын хүү 388,000 төгрөг, алданги 12,609,200 төгрөг, нийт 20,757,200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ш.******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7,760,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй бичгийн гэрээ байгуулж, харилцан тохиролцож зээлсэн. Гэвч ******* нь зээлийн гэрээнд заасны дагуу хугацаандаа үндсэн мөнгө болон хүүг алийг нь ч өгөөгүй намайг хохироож байна. Иймд зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж зааснаар 2022 оны 12-р сарын 05-аас 2023 оны 10-р сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 12,609,200 төгрөг, 2022 оны 10-р сарын 05-аас 2022 оны 12-р сарын 05-ны өдрийг хүртэлх 2 сарын хүү 388,000 төгрөг, үндсэн зээл 7,760,000 төгрөг, нийт 20,757,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. 2023 оны 11-р сарын 15-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх байсан боловч ирүүлээгүй. Ш.******* нь оршин суух хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй 2 сарын хугацаа болж байгаа болно.
3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан 1428 дугаартай “зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 4-5-р тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,760,000 төгрөг, 2 сарын хүү, алдангид 12,997,200 төгрөг, нийт 20,757,200 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1428 дугаартай “зээлийн гэрээ”-ний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч *******, Ш.******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1428 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна.
5. Тус зээлийн гэрээгээр хариуцагч Ш.******* нь 7,760,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч *******ээс зээлж авсан байх ба зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “..Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “..Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”. гэж заасан.
7. Мөн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1-д заасан 2 сарын хугацаанд хариуцагч зээл болон хүүг төлөөгүй, гэрээний 3.7-д “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө.” гэж тохиролцсоны дагуу хариуцагч зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй байна.
8. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусч байх ба шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тооцоход хугацаа хэтрэлт 356 хоног байна.
9. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 7,760,000 төгрөг, 2 сарын зээлийн хүүнд 776,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин зээлийн гэрээний дагуу тооцсон алдангийн хувьд нэхэмжлэгч нь 2022 оны 12-р сарын 05-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 12,609,200 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний 3-р зүйлийн 3.7-т зааснаар талууд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал, хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан. Иймд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үндсэн зээл 7,760,000 төгрөг, 2 сарын зээлийн хүүд 776,000 төгрөг, нийт 8,536,000 төгрөг, алдангид 3,888,000 төгрөг, нийт 12,416,000 төгрөгийг Ш.*******аас гаргуулж, үлдэх 8,341,200 төгрөгний алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Хариуцагч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
11. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,736 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 213,606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ш.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,760,000 төгрөг, зээлийн хүү 776,000 төгрөг, алданги 3,888,000 төгрөг, нийт 12,416,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 8,341,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,736 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 213,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА