Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2024/00015

 

 

 

 

 

 

 

 

2024 01 10 153/ШШ2024/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* банк ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5-р багийн ******* багт оршин суух бүртгэлтэй, ******* хот, ******* дүүрэг, ******* ******* ******* тоотод түр оршин суух, овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 240,491.16 төгрөг, нийт 2,740,491.16 /хоёр сая долоон зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,

Хариуцагч: О. /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ын нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* банкны ******* салбартай MN дугаартай Гялс зээлийн гэрээ байгуулан, 2,500,000 төгрөгийн гялс зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч О. нь Гялс зээлийн гэрээ-ний 5.2.1, 5.2.4, 5.2.10 заалтад заасан үүргээ биелүүлэхгүй, 79 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд О.тай байгуулсан Гялс зээлийн гэрээ-ний 6.2, 6.1.1 заалтад заасныг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,660,315.38 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дах заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах заалт, О.тай байгуулсан Гялс зээлийн гэрээ-ний 6.2, 6.1.1 заалтыг тус тус үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000.00 төгрөг,

Зээл хүүгийн төлбөр 240,491.16 төгрөг,

Нийт зээл, хүүгийн төлбөр 2,740,491.16 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч О.гаас зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,740,491.16 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан, урд нь төлсөн улсын тэмдэгтийн хураамж 57,515 төгрөг дээр нэмж 1,283 төгрөг төлсөн тул нийт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,798 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулж өгнө үү.

...Гялс зээл өөрөө кредит зээлийн зарчмаар явагддаг. Сар бүрийн нэгний өдөр төлбөр төлөгчид нэхэмжлэл очдог. Төлбөр төлөгч нь сар бүрийн 15-ны дотор төлөх үүрэг хүлээсэн байдаг. ... Зээлийг хариуцагч О. авсан... Зээлийн гэрээнд тухайн үедээ хамтран зээлдэгчээр Д. гэдэг хүнийг оруулсан боловч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй ийм зөрчлийг манай зээлийн ажилтан гаргасан байдаг. Хамтран зээлдэгчээр орсон Д. гэрээн дээр гарын үсэг зураагүй учраас хариуцагч нь дан ганц О. болчхоод байгаа... Т. манай банкны зээлдэгч мөн. Гэхдээ О.гийн авсан зээлээс тусдаа өөр зээл олгосон... О.гийн гэрээнд Т. ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй. Үүрэг хүлээгээгүй байгаа... гэв.

2. Хариуцагч О. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* банкны кредит зээл 2,500,000 төгрөг авсан нь үнэн болно. Энэ мөнгөөр нөхөр Т.ын цалингийн хугацаа хэтэрсэн 1,974,316 төгрөгийн зээлийг хийсэн. Тухайн зээлийн төлөлтийг Т. төлөхөөр тохиролцсон. Иймд зээлийг Т.той холбогдож шийдэж өгнө үү.

...Би энэ зээлийг нөхөртэйгөө хамтарч авсан зээл байгаа. ын ын 10, 11, 12 дугаар сарын зээл төлөгдөөгүй байна гээд намайг дуудаад үүнийг төлчих юм бол болох гээд байна гэхээр нь би төлөх боломж байхгүй. Би өөрөө зээлтэй гэдгээ хэлсэн. ******* банкны эдийн засагч нь гялс зээл гэж байдаг үүнийг ав гээд хүчээр шахуу гялс зээлийг авхуулсан. Би нөхөртөө ...чиний зээл төлөгдөөгүй байна, би өөрөө зээлтэй байна... гэхэд, ...чи наадахаа аваад өгчих, би өөрөө төлөөд явъя... гэхээр нь авсан. Зээл миний дансаар ороод Т.ын данс руу 1,100,000 төгрөг явуулсан. ын той холбогдож энэ зээлийг төлүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Би өөрөө зээлтэй, бүх данс баримт байгаа. Би ажил хийдэггүй болохоор төлөх ямар ч боломж байхгүй... Би өөрөө холбогдоод зээлээ төлөөч ээ, би давхар давхар шүүх дээр оччихсон байна. Чамаас болж ийм юм боллоо, чи мэдэж байна уу гэж хэлсэн. Би төлнө. Миний төрийн банкны зээл 11 сая байсан, одоо 4 сая төгрөгөө хийж дуусгачхаад чиний төрийн банкны зээлийг төлнө гэж хэлсэн... гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Гялс зээлийн гэрээ-ний эх хувь, ******* банк ХХК дахь О.гийн нэр дээрх кредит дансны хуулга, О.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* банк ХХК-ийн ******* салбарын захирал А.Батмөнхөөс олгосон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27/839 дугаартай итгэмжлэл, ******* банк ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/692 дугаартай итгэмжлэл, ******* банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

Хариуцагч О.гаас хариу тайлбар, МNT, ******* банк, Гэрээний дагуу зээл төлөв гэх гар утасны хуулбар зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 240,491.16 төгрөг, нийт 2,740,491.16 /хоёр сая долоон зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч О. нь манай ******* банк ХХК-ийн ******* салбартай MN дугаартай Гялс зээлийн гэрээ байгуулан, 2,500,000 төгрөгийн гялс зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн боловч зээлдэгч О. нь Гялс зээлийн гэрээ-ний 5.2.1, 5.2.4, 5.2.10 заалтад заасан үүргээ биелүүлэхгүй, 79 хоног хугацаа хэтэрсэн ба 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000.00 төгрөг, зээл хүүгийн төлбөр 240,491.16 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 2,740,491.16 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч О.гаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2,740,491.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч О. нь ... Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* банкны кредит зээл 2,500,000 төгрөг авсан нь үнэн болно. Энэ мөнгөөр нөхөр Т.ын цалингийн хугацаа хэтэрсэн 1,974,316 төгрөгийн зээлийг хийсэн. Тухайн зээлийн төлөлтийг Т. төлөхөөр тохиролцсон. Иймд зээлийг Т. хариуцан төлөх ёстой... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. О. нь ******* банк ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, жилийн 19.2% хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөгийг хүлээн авч, улмаар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас өр үүсэж, 129 хоногийн хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нь зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлүүлэх... гэж, хариуцагч О.гаас ...Би уг зээлийг аваад нөхөр Т.ын хугацаа хэтэрсэн зээлийг төлсөн ба нөхөртэйгөө хамт авсан. Би өөр бас зээлтэй, ажил хийдэггүй болохоор төлөх ямар ч боломж байхгүй... Нөхөр Т. нь уг зээлийг төлнө гэж хэлсэн... гэжээ. Харин зохигчид хоорондоо зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

6.1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч О.гаас зээлийг төлөөгүй байх учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

6.2. Хариуцагч О. нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ-ний үндсэн зээл 2,500,000 төгрөг, үндсэн хүү 240,491.16 төгрөг, нийт 2,740,491.16 төгрөгийг ******* банк ХХК-д төлөх ёстой болох нь хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх зээлдэгч О.гийн нэр дээрх ******* банк ХХК дахь MN тоот кредит дансны хуулга, хугацаа хэтэрсэн кредит картны дансны мэдээгээр тус тус нотлогдож байна. (хх-ийн 4-6, 44-45 дугаар тал)

7. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

7.1. Хариуцагч О. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.4, 5.2.10-т тус тус заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлдэгч О.гийн нэр дээрх ******* банк ХХК дахь MN тоот кредит дансны хуулга, хугацаа хэтэрсэн кредит картны дансны мэдээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д гэрээний заалтыг зөрчсөн, банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрийг гэрээний 2.6.2-т заасан хугацаанд төлөлгүй төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол нэхэмжлэгч талын буюу банкны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох буюу түүнийг цуцлахаар, мөн гэрээний 4 дүгээр зүйлд Банкны эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 4.1.1-д зээлдэгчээс зээлийн төлбөр буюу ашигласан зээл, түүнтэй холбогдон гарсан хүү, шимтгэлийг төлөхийг шаардах, 4.1.9-д зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлах, зогсоох, гэрээг нэг талын санаачлагаар цуцлах, 4.1.13-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч О. нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ-ний үүргийн төлбөрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан зээлдэгч О.гийн нэр дээрх MN тоот кредит дансны хуулгаар тогтоогдож байх ба улмаар зээлдэгч тал буюу ******* банк ХХК нь гэрээний дээрх заалтыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ-тэй холбогдолтой маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч тал нь тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд зээлдэгч буюу хариуцагч О. нь зээлийн үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээгээр хүлээсэн нөхцөлийн дагуу биелүүлэх үүрэгтэй.

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө. гэж тус тус заасан.

8.1. Хэдийгээр хариуцагч О. нь уг зээлээс өөрийн нөхөр Т.ын хугацаа хэтэрсэн зээлийг төлсөн тул зээлийг Т. хариуцан төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн MN дугаартай Гялс зээлийн гэрээ-нд зээлдэгч О. нь гарын үсэг зурсан, хамтран зээлдэгчээр Д.Галцэцэг гэх иргэний нэр бичигдсэн хэдий ч гарын үсэг зураагүй, мөн хамтран зээлдэгчээр Т. оролцоогүй, гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон, уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч О. нь гэрээнд заасан үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны баримтлан хариуцагч О.гаас үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 240,490.16 төгрөг, нийт 2,740,491.16 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагч О.гаас 58,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.гаас үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 240,490.16 төгрөг, нийт 2,740,491.16 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 58,798 төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН