2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч Г.Бат-Оргил,  

Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О д холбогдох эрүүгийн 2509021711496 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны төмөр хашаан дээр байрлуулан тавьсан байсан иргэн О.С гийн эзэмшлийн цүнхтэй эд зүйл болох “Dell” загварын нөүтбүүк, цэнэглэгч, хулгана зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.О  нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны төмөр хашаан дээр байрлуулан тавьсан байсан иргэн О.С гийн эзэмшлийн цүнхтэй эд зүйл болох “Dell” загварын нөүтбүүк, цэнэглэгч, хулгана зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 890,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,

 

Хохирогч О.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ШУТИС-ийн хажуугийн 36 дугаар байрны хажууд геодезийн хэмжилт хийж байх үедээ ард талын хашаан дээр цүнхээ тавьсан байсан бөгөөд ажлаа дуусаад эргээд хартал цүнх минь алга болсон байсан. Хар өнгийн, цагаан логотой цүнх байсан ба дотор нь бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон нотариатын хуулбар, эмнэлгийн магадлагаа, нөүтбүүк, сургуулийн бүртгэлийн бичиг баримт гэх зэрэг зүйлс байсан. Би тухайн үйл явдал болсон газрын хяналтын камерын бичлэгийг утсан дээрээ бичиж авсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн эсрэг талын 36 дугаар байрны зогсоол руу харсан хяналтын камер байх бөгөөд улаан өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, эмэгтэй хүн байх магадлалтай байна. Тус этгээд нь 36 дугаар байрны гадна ирж байгаа дүрс харагдаж байна. Тус улаан өнгийн куртик, саравчтай малгайтай, эмэгтэй хүн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн эсрэг талын 36 дугаар байрны гадна талын хашаан дээр өлгөөтэй байсан цүнхийг авч байгаа дүрс харагдаж байна. Цүнхийг аваад зам дагуу буцаж буй дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-25/02/138 дугаартай “...Dell брэндийн нөүтбүүк, цэнэглэгч, хулгана зэрэг эд зүйлсийг нийт 890,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.О ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тус өдөр 64 дүгээр дэлгүүрийн хойно байрлах CU дэлгүүрийн хашаанд өлгөөтэй байсан цүнх олоод дотор нь байсан гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг зах дээр хүнд худалдан борлуулсан. Дараа нь нэг удаа эд зүйлийн эзэнтэй нь хамт очиход тус хүн зах дээр байсан боловч хохирогч залуу нөхөр бид хоёрыг цаанаа байж бай гээд ганцаараа уулзаад буцаж ирээд бид хоёрыг зайлцгаа гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэгсэн чинь араас нь нөгөө ченж тухайн залууг гар утас аваад зугтсан гээд явж байсан. Тэгээд тэр залуугаас утсаа буцаагаад авчихсан. Нөгөө залуу нөхөр бид хоёрыг зайл гэж хөөгөөд бид хоёр явсан. Тэрнээс хойш дахин таараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

-Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.О  нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны төмөр хашаан дээр байрлуулан тавьсан байсан иргэн О.С гийн эзэмшлийн цүнхтэй эд зүйл болох “Dell” загварын нөүтбүүк, цэнэглэгч, хулгана зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм  буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн байна. Шүүгдэгчээс 890,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.С д олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.О  нь хохирогч О.С гийн эзэмшлийн цүнхтэй эд зүйл болох “Dell” загварын нөүтбүүк, цэнэглэгч, хулгана зэрэг эд зүйлсийг түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 890,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.С д 890,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.О ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага боловч тус хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.О оос 890,000 төгрөг гаргуулж хохирогч О.С д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэнгээс: “...Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.О ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ы 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 336 цагийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 Шүүгдэгч Б.О д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.О ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ы 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 336 /гурван зуун гучин зургаа/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О оос 890,000 /найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.С д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН