Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 147/ШШ2024/00061

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, ******* хотхоны ....-р байрны 1 тоотод оршин суух ******* *******,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, ............-р байрны 1 тоотод оршин суух Баянгийн ******* нарын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: “Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 21 тооны адууны үнэ 24,900,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ж.*******, Б.*******

            Хариуцагч: “Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Х., 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.   

            Иргэдийн төлөөлөгч Ц.*******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нар нь хариуцагч “Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдуулан “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 21 тооны адууны үнэ 24,900,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

             1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  Бид адуугаа 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн зүүн тал *******-******* гэдэг газраас унага тамгалах зорилгоор ойртуулан Ус-******* гэх газарт аймгаас 10 км орчимд орхисон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн адуугаа эрээд олоогүй. Манай адуу аймаг дотор ордоггүй тул зүүн тийшээ буцаж гэж ойлгоод аймаг тойрч эрээд байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өглөө аймгийн зүүн талд ногоон хашаан дотор хэвтэцгээж байсан адуугаа олсон. Адуугаа олох үед хашаа налан хэвтсэн азарга нь босож чадахгүй, дэл, сүүлээ идсэн, гэдэс алдан харангатан зуурч үхэж байсан. Анхны тусламж үзүүлэхээр аймгийн Мал эмнэлэг болон малын эмийн сангуудаар эмч хайсан боловч амралтын өдөр байсан болохоор эмч олдоогүй.  Сүхбаатар суманд малын эмчээр ажиллаж байсан эмчийг авчирч адуугаа үзүүлсэн. Эмч ирсэн боловч азарга маань тусламж авч чадалгүй үхсэн. Эмч гүүнүүдийн зуурааг гарган эм тариа хийн анхны тусламж үзүүлсэн. Тэр өдөртөө Сүхбаатар Тохижилт үйлчилгээний газар очиход амралтын өдөр таарсан тул хүмүүс байхгүй, манаач айлаас дарга болон мэргэжилтэн нарынх нь утсыг авч холбогдоход даргын утас холбогдохгүй, мэргэжилтэн нь тодорхой хариу өгөөгүй.

2022 оны 10 сарын 17-ны өдөр даргатай уулзахад манайд хашигдсан хэд хоносныг нь мэдэхгүй, Баруун-Урт сумын Жавхаатөгс даргатай уулз, бид захирамж биелүүлдэг байгууллага манайд хамаагүй гэсэн. Аргаа бараад малын Оюунчимэг эмчийг аваачиж үзүүлэн дусал амин дэм, хордлого тайлах тариа, витаминууд хийлгүүлсэн. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 01-ний өдрийн А/247 тоот тушаалаар аймгийн төвөөс мал гаргах захирамжийн дагуу “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ нь захирамжаа хэрэгжүүлээд эзэнд нь хүлээлгэн өгөх ёстой байсан.  Гэтэл манай малыг өвс, ус өгөлгүй олон хоногоор хашсаны улмаас адуунууд дэл, сүүлээ идэн харангатан зуурч, эмнэлгийн тусламж авч чадалгүй 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хар азарга-1, бор гүү- 1, улаан бор гүү-1 үхсэн, 2-3 хоногийн дараа хар ногоон гүү-1, халтар гүү-1,хар гүү-1, (нийт 6 тооны адуу үхсэн),

2022 оны 11 дүгээр сард эр хонгор даага-1, ногоон шүдлэн үрээ-1, цагаан байдас-1, хонгор шүдлэн-1, хар байдсан гүү-1, (5 тооны адуу),

2022 оны 12 дугаар сард бор гүү-1,  хонгор байдас-1 (2 тооны адуу),

2023 оны 3-4 дүгээр саруудад цагаан гүү-1, хар гүү-1, бор даага-1, шаргал даага-1, хар байдас-1, шаргал даага-2, улаан бор гүү-1, (8 тооны адуу), нийт 21 тооны адуу үхэж үрэгдсэн. Миний адуунуудыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш олон хоног өвс, ус өгөлгүй хашсаны улмаас адуу өлдөж, дэл, сүүлээ идэж, усгүйгээс зуурч харангадаж үхсэн гэж бодож байна. Олон хоног хашигдаж өлдсөн адуунууд гэдэс нь өнгөргүй болж өвч идсэн ч гүйлгээд байдаг юм байна. Иймд 21 тооны адууны хохирол азарга 1х1,500,000 төгрөг, гүү 10х1,500,000=15,000,000 төгрөг, байдсан гүү 4х1,000,000=4,000,000 төгрөг, шүдлэн 2х800,000=1,600,000 төгрөг, даага 4, (эр-1, охин-3) 4х700,000=2,800,000 төгрөг нийт 24,900,000 төгрөгийг “Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас камерын бичлэг үзүүлсэн гэдэг нь худлаа. -Эрдэнийн адуутай хамт хашигдсан, хамт хашигдсан адуу нь зүгээр гэж хэлдэг боловч манай адууг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хашаад олон хоног ус, өвс өгөлгүй өлдүүлсөн байсан гэв.

 

             2. Хариуцагч “Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн  Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “аймгийн төвөөс мал гаргах тухай” А/247 дугаар захирамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үдийн хойно аймгийн  төвийн ногоон бүсэд нэвтэрсэн нэхэмжлэгчийн болон Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн ******* нарын нийлсэн 30 гаруй тооны адуунуудыг малын журмын хашаанд хашсан. Хаших үедээ адууны зургийг авч, байгууллагын фейсбүүк хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлэл түгээсэн. Бид аливаа мал амьтныг хашихдаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж, 2-3 хоногийн хугацаанд малын эзнийг иртэл өвс өгч усалдаг. Хашсан адуунуудыг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өвс, ус өгөөд адууны эзэд нь ирж аваагүй болохоор 2022 оны 10  дугаар сарын 16-ны өглөө аймгийн ногоон хашаанаас гаргаж, Баруун-Уртын голыг дагуулан хөөсөн. Адууг хашаанаас гаргах үед үхсэн адуу байхгүй, үс, ноос, дэл, сүүл нь хэвийн байгаа нь бичлэгийг үзсэн байгууллагын дарга, албан хаагчид гэрчилнэ. Камерын бичлэгийг тухайн үед нэхэмжлэгчид үзүүлсэн. Бичлэг нь нэг сарын хугацаанд хадгалагдаад устдаг. Хотын төвд адуу, мал оруулахгүй, хаших, хөөх ажлыг 2014 оноос ногоон байгууламж хамгаалах, замын аюулгүй байдлыг хангах зорилгоор хийж гүйцэтгэж байна. Зөвхөн 2023 онд 377 үхэр, 138 адуу хашсан байна. Энэ хугацаанд мал эндсэн асуудал гарч байгаагүй. Мөн хамт хашигдсан 8 дугаар багийн иргэн -Эрдэнийн мал одоог хүртэл зүгээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.    

 

         3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 282,450 төгрөг төлсөн баримт, “Гүн гуу” ББН малын эмнэлгийн малын эмчийн тодорхойлолт, “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга, Баруун-Урт сумын ХАА-н мэргэжилтэн Лэгжиймаа нартай уулзаж ярилцсан бичлэг бүхий сиди,  “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан, хашигдсан, үхсэн малын фото зургууд, С., В. нарыг гэрчээр асуулгах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг,

 

         4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүкт байршуулсан зар, өмгөөлөгч Т.ийн О.Гансүх, А., Ш.******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт, фото зургууд зэргийг ирүүлсэн байна.

 

          5. Шүүх талуудын хүсэлтээр С., В., О.Гансүх, А., Ш.******* нарыг гэрчээр асуусан байна.

 

           6. Иргэдийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нар нь “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохирол 21 тооны адууны үнэ 24,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нь манай 21 тооны адууг малын журмын хашаанд өвс, ус өгөлгүй, олон хоног хашсанаас мал өлдөж, харангасаж үхсэн. Амьд гарсан адуунууд нь олон хоног хоолгүй байснаас ходоод нь өнгөргүй болж, өвс тэжээл идсэн ч тогтоохгүй, гүйлгэж, тэнхэрэхгүй байсаар, уван цуван үхэж, нийт 21 тооны адуу үхэж, 24,900,000 төгрөгийн хохирол учирсан тул “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас азарга 1х1,500,000 төгрөг, гүү 10х1,500,000=15,000,000 төгрөг, байдсан гүү 4х1,000,000=4,000,000 төгрөг, шүдлэн 2х800,000=1,600,000 төгрөг, даага 4, (эр-1, охин-3) 4х700,000=2,800,000 төгрөг нийт 24,900,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

2. Хариуцагч “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай байгууллага захирамжийн дагуу малыг журмын хашаанд 3 хоног хашиж, өвс ус өгч байгаад  эзэн нь холбогдоогүй тул гаргаж, хөөсөн. Тус адуунууд хашаанаас гарахдаа өлдөж үхсэн, дэл сүүлээ идсэн мал байгаагүй, олон хоногоор хашаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдох гэм хорын хохиролд 24,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 15,900,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “аймгийн төвөөс мал гаргах” тухай А/247-р захирамж гаргажээ. Уг захирамжаар аймгийн төвд мал орж, ирсэн тохиолдолд тусгай зориулалтын хашаанд малыг хашиж, мал хашсантай холбоотой гарсан зардлыг эзнээр нь төлүүлж, малыг эзэнд нь хүлээлгэн өгөх үүргийг “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон байна.(хх-72х )

4.2. Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарын 20 гаруй тооны адууг 2022 оны 10 сард Баруун-Урт сумын төвд, аймгийн төвийн ногоон бүс рүү нэвтрэн орж, билчээрлэж байхад нь “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ” нь малын журмын хашаанд хашсан үйл баримт тогтоогдож байна. /хх-11-17х/

4.3. Нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарын адуунууд малын журмын хашаанд өвс, усгүй хашигдсаны улмаас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хар азарга, тухайн өдрөө бор гүү, ногоон гүү, (2 тооны гүү), 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улаан бор гүү, халтар гүү, хар гүү (3 тооны гүү), нийт 6 тооны адуу үхсэн болох нь нэхэмжлэгч Ж.*******ийн: “...Манай 21 тооны адууг малын журмын хашаанд өвс, ус өгөлгүй, олон хоног хашсанаас мал өлдөж, харангасаж, үс, ноос, дэл сүүлээ идсэн байсан, 10 дугаар сард азарга 1 тооны, гүү 5 тооны нийт 6 тооны адуу үхсэн. Бусад нь 11, 12, 3, 4 дүгээр саруудад үхсэн” гэх мэдүүлэг,

          4.4. Гэрч С.ийн шүүхэд өгсөн: “ ... 2022 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Ж.******* ах над руу яриад таксинд явж байна уу, ах нь унаагүй, азарга  хэвтээд босохгүй байгаа очиж үзмээр байна гээд намайг дуудсан. Би Ж.******* ахтай хамт аймаг тойрсон, хамгийн захын ногоон хашааны наад талд адуунууд байсан, очиход азарга нь босож чадахгүй, амьсгаа нь давхцаад хэвтэж байсан. Гүүнүүдийнх нь сүүл нь байхгүй, мал, амьтан идсэн юм шиг харагдаж байсан. Адуун дээрээ очоод ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, аймгийн Мал эмнэлэг рүү очиход хүн байхгүй байсан. Тэгээд жижүүрээс нь малын эмчийн дугаарыг аваад залгахад тэр эмч нь утсаа аваагүй. Ингээд Ж.******* ах  малын эмч гэх хүн рүү ярьж зөвлөгөө авч, малын эмийн сан руу явж малын дусал, эм тарианууд аваад адуун дээрээ ирэхэд азарга нь үхсэн байсан. Сүүлд гүүнүүд нь үхсэн гэж сонссон. Дараа нь намайг адуунаас гүү бариад өг гээд дуудаад очиход аймгийн зүүн тийшээ ногоон хашааны цаад тал хоёр гүү нь үхсэн байхыг би харсан” гэх мэдүүлэг /хх-47-48х/

 

4.5. Гэрч В.гийн шүүхэд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын дундуур ******* манайх руу ирээд хот тохижуулах үйлчилгээний журмын хашаанд манай адуу ороод хэд хоночихжээ.  Та очоод анхны тусламж үзүүлээд өгнө үү, эмч нар вакцины тарилганд явсан байна гэж гуйж ирсэн. Тэгээд би *******тэй хамт хот тохижилтын мал хашдаг журмын хашаанд очиход 3 гүү хэвтчихсэн, азарга нь бараг үхэж байсан, адуунууд бие биенийхээ дэл сүүлийг идээд бүүр улангассан байсан. Би нэг гүүнд нь дусал залгаж өгсөн. Тэгээд яваад өгсөн. Хэд хоногийн дараа *******тэй гудамжинд таараад асуухад хэдэн адуу маань үхээд дуусч байгаа гэж байсан. Тэр адуунууд бол өлссөнөөс болоод зуураад үхчихсэн байсан. Хашаанд хашаад олон хоног хоол, усгүй хашсанаас  болоод тэр адуунууд үхсэн болов уу гэж би бодсон” гэх мэдүүлэг, үхсэн адууны фото зургууд, хашигдсан адуунуудын зураг (хх-33-34х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр саруудад үхсэн гэх 15 тооны адууг 2022 оны 10 дугаар сард “Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын журмын хашаанд хашигдсанаас болж тухайн адуунууд үхэж үрэгдсэн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, энэ талаар нэхэмжлэгч нар нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нар нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. 

 

7. Хариуцагч Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нь тус адуунуудыг журмын хашаанд хашихдаа өвс ус өгсөн гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өвс ус өгсөн зардлыг малын эзнээр төлүүлдэг журамтай гэх боловч тухайн адуунуудад хэдэн боодол өвс, хэдэн литр, тн ус өгснийг эзнээс нь шаардсан нэхэмжлэх баримт байхгүй, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно.

 

8. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэгэж зааснаар хариуцагч “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй тул хариуцагч Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас  Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг баримталж 2022 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд үхсэн хар азарга-1, 1х1,500,000 төгрөг, бор гүү- 1, улаан бор гүү-1, хар ногоон гүү-1, халтар гүү-1, хар гүү-1, (5 тооны гүү),  5х1,500,000=7,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 11 дүгээр сард үхсэн эр хонгор даага-1, ногоон шүдлэн үрээ-1, цагаан байдас-1, хонгор шүдлэн-1, хар байдсан гүү-1, (5 тооны адуу),

2022 оны 12 дугаар сард үхсэн бор гүү-1,  хонгор байдас-1 (2 тооны адуу),

2023 оны 3-4 дүгээр саруудад үхсэн цагаан гүү-1, хар гүү-1, бор даага-1, шаргал даага-1, хар байдас-1, шаргал даага-2, улаан бор гүү-1, (8 тооны адуу), нийт 15 тооны адуунууд нь тухайн үйл явдал болсноос хойш 1-5 сарын дараа үхсэн, уг адуунууд үхсэн нь хашигдаж, өлдсөнтэй холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 15 тооны адууны үнэ 15,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9. Шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.******* нь “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарт олгохоор шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 9,000,000 (есөн сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,900,000 (арван таван сая есөн зуун мянга) төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                           

 

                        

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА

 

             ШҮҮГЧИД                          Б.МАРИНА

 

                                                                    Х.ОТГОНЖАРГАЛ