Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул,

Гэрч Б.Баярбаатар, М.Баттамир,

Шүүгдэгч Б.Батсэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Батсэргэлэнд холбогдох эрүүгийн 201710010141 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Замын-Үүд сумын “Чандмань Бадрал” ХХК-нд экскаваторын жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, Зоосын 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батчулууны Батсэргэлэн /ЕЮ95121315/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батсэргэлэн нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй караокед хамгаалагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгч А.Цацралтай үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүний толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Батсэргэлэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Ялгуун караокед 2016 оны 05-р сараас эхлэн сарын 300,000 төгрөгийн цалинтай зөөгч, хамгаалагчаар ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед нийтийн караокед үл таних 3 залуу /нэг залуу нь согтуу Цацрал, нөгөө хоёр нь эрүүл Баярбаатар, Баттамир/ орж ирээд 3 дугаар ширээн дээр суусан. Тэгээд тэд нар хүний нэг, нэг лааз пиво захиалж уугаад сууж байтал Цацрал нь гаднаас тамхитайгаа орж ирсэн. Тэгсэн манай байгууллагын Мөнхзаяа гээд бармен охин “караоке дотор тамхи үнэртээд байна, хэн тамхи татаад байгаа юм” гэхээр нь би Цацрал дээр очоод “караоке дотор тамхи татаж болохгүй шүү, гараад тат” гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй өөдөөс хэл амаараа эсэргүүцээд байсан, гэтэл Мөнхзаяа цаанаас ирээд “та болиоч ээ, энд тамхи татвал торгуультай шүү” гэхэд шалан дээр татаж байсан тамхиа хаяад намайг “түүгээд авчихаарай” гэж хэлсэн. Тэгээд Мөнхзаяа бид 2 тэкен дээрээ зогсож байтал Цацрал намайг ширээн дээрээ дуудаад “чи ямар хэгжүүн бацаан бэ, чамайг би зүгээр ална шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “би таньд зүгээр энэ дотор тамхи татаж болохгүй гэдгийг л ойлгуулж хэлсэн шүү дээ” гэтэл миний нүүр рүү нулимсан, тэгэхээр нь би цээж рүү нь гараараа түлхээд ширээн дээр нь суулгасан чинь хажуу талд нь сууж байсан махлаг биетэй Баттамир гэх залуу миний нүд рүү шууд гараараа нэг удаа цохиод дайрсан. Энэ үед нөгөө 2 залуу нь над руу нийлж дайраад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад хойшоо ухраад караокеноос гарах гэтэл өөрсдөө гарахгүй хаалган дээр зогсож байгаад миний нүүр рүү цохиод байхаар нь дотор байхдаа ганц хоёр удаа зөрүүлээд цохьсон. Ингээд тэр гурван ахад хандаж “та нар яагаад намайг зүгээр ажлаа хийж байхад түрүүлж цохиод 3-лаа дайраад байгаа юм бэ” гэж хэлээд шатан дээр зогсож байтал Баярбаатар нь хажуунаас нүүр рүү цохьсон. Тэгээд би учир зүйгээ олъё гээд арай эрүүл байсан хоёр ахыг караокены гадаа дуудаж гаргаж ирээд “надад ямар ч буруу байхгүй ээ, Цацрал ахыг караоке дотор тамхи татаад байхаар нь битгий татаач гэж гуйсан. Тэгсэн миний нүүр рүү нулимаад хэл амаар дарамтлаад байхаар нь цээж рүү нь түлхсэн. Тэрнээс ямар нэгэн асуудал үүсгье гэж бодоогүй юм” гэж хэлж ойлгуулсан. Ингээд бид 3 гадаа тамхи татаад учир зүйгээ анх муудалцсан Цацрал ахаас уучлалт гуйгаад гар барих гээд ширээн дээр нь очсон чинь Цацрал шууд миний нүүр рүү цохиод, араас нь нөгөө хоёр нь дайрахаар нь хойшоо бултсан чинь миний урд Цацрал хий цохиод доошоо тонгойхоор нь толгой руу гутлаараа нэг удаа өшиглөсөн чинь хойшоо саваад тархиараа плитан шалан дээр унасан. Тэгээд зайгаа бариад нөгөө хоёр ахтай дахиад “яагаад ийм зүйл болчихвоо, би уг нь уучлалт гуйгаад салъя” гэж бодож байсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр ах “найзыгаа аваад гаръя” гээд дотогшоогоо ороод Цацралыг босгох гэсэн боловч босохгүй, хурхираад байхаар нь хоёр талаас нь сугадаад аваад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч А.Цацралд хохиролд 3,000,000 төгрөг өгөхөөс 1,500,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 1,500,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгөхөөр тохиолцсон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 101-102/,

- Хохирогч А.Цацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сайншанд сумаас ирсэн Батмөнх гээд найзтайгаа нэг шил 0,5 литрийн Соёрхол архи хувааж уугаад өдөр нь Баяржаргал гээд найзынхаа эхнэрийн төрсөн өдөр дээр нэмж нэг шил архи хувааж уусан. Тэгээд эхнэр бид хоёр Баяржаргалын гэрээс 18 цагийн үед гараад замаараа дэлгүүр орж хүнсний юм цуглуулаад 20 цаг болж байхад гэртээ ирсэн. Ингээд эхнэр бид хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад би өөрийн найз Баярбаатарын гэрт очоод Баттамир гэгч найзтай нь хамт нэг шил архи хувааж уугаад гэртээ буцаж ирээд Ялгуун караоке ороход манай эхнэр гэртээ байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд бид 3 Ялгуун караоке ороод хүний нэг нэг лааз пиво захиалж уугаад сууж байтал тамхи татмаар санагдаад гадаа гарч бие засаад дотор заал руу тамхитайгаа яваад орсон. Тэгсэн караокены үйлчлэгч эмэгтэй над дээр ирээд тамхи татлаа барилаа гээд байхаар нь тамхиа хаяад суух шиг болсон. Үүний дараа уусан архиндаа согтоод ухаан санаа орж гараад сууж байтал би нэг үл таних залуутай муудалцаад хоорондоо зууралцаад нэг нэгийгээ цохих шиг болоод ухаан алдаад нэг сэрсэн чинь өглөө болчихсон хамаг бие хөндүүр орчихсон, толгой тархи өвдөөд гэртээ хэвтэж байсан.Тухайн үед миний хажууд манай эхнэр маань байсан бөгөөд эхнэрээсээ “би хэзээ яаж ирсэн бэ?” гээд асуусан чинь “намайг айл руу яваад ирэхэд чи гэртээ түрүүлж ирээд унтаж байсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөржингөө бөөлжөөд орноос босч чадахгүй, толгой тархи өвдөөд байхаар нь архиа хэтрүүлэн хэрэглээд шартаад байгаа юм болов уу гэж бодоод бүтэн хоёр өдөр хэвтсэн. Үүний дараа тархины өвдөлт намдахгүй байхаар нь эмнэлэг дээр очоод эмчид үзүүлсэн чинь тархины хүнд гэмтэл авсан байна, гавал яс цуурсан байна. КТГ хийлгэх хэрэгтэй гээд 13-А маягт бичээд өгсөн. Тэгээд би эхнэрийн хамт Сайншанд эмнэлэгт очоод тархины хагалгаанд ороод 10 хоног сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмч нарын хэлж байгаагаар миний тархины яс бяцарсан, тархины аалзан бүрхэвчийн дээр, доор цус хурсан, гүнд цус хурсан гэж онош тогтоосон бөгөөд хувийн хөдөлмөрийн чадвар алдагдаж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр групп тогтоолгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

-Гэрч Э.Баярбаатарын мөрдөн байцалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнө Эрээнээс гараад үдээс хойш ачаа ачаад Замын-Үүд суманд өөрийн найз М.Баттамирын хамт орж ирсэн. Тэгээд бид 2 манай гэрт амарч байтал орой 21 цагийн үед А.Цацрал гэрийн гадаа ганцаараа ирчихсэн, эхнэртэйгээ маргалдсан бололтой халамцуу байдалтай зогсож байсан. Тэгээд бид гурав Ялгуун төвийн нийтийн караоке ороод хүний нэг, нэг лааз пиво захиалж уугаад заалны зүүн талын голын ширээнд сууж байтал А.Цацрал “гарч тамхи татлаа” гээд гараад явсан бөгөөд удалгүй тамхиа бариад орж ирсэн. Гэтэл баарны зөөгч гэх халзан толгойтой залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд А.Цацралд хандаж “та олон нийтийн газар тамхи татаж болохгүй шүү дээ” гээд хоорондоо юм яриад байсан бөгөөд тухайн үед тэнд хүмүүс дуу дуулаад чимээтэй байсан болохоор зарим нэг үг хэллэгийг нь сонсоогүй өнгөрсөн. Ингээд бид 3 пивоо уугаад дуугаа захиалаад сууж байтал А.Цацрал нөгөө зөөгч залууг дуудаад хоорондоо юм ярих гэж байснаа болиод маргалдаад байх шиг байсан, тэгсэн А.Цацрал нөгөө зөөгч залуугийн өөдөөс босч ирээд толгойгоо өгөөд ойртсон чинь зөөгч залуу А.Цацралыг ширээ рүү түлхээд нуруугаар нь хэвтүүлсэн, энэ үед М.Баттамир босч ирээд нөгөө зөөгч залуугийн нүүр рүү эхэлж цохиод араас нь би цохиод ширээнээс босоод хоорондоо зууралцаад салсан, салах үедээ нэг нэгийгээ хальт цохьсон ба зөөгч залуу коридорын шат руу гараад “та нар нэг нэгээрээ хүрээд ир үзье” гээд байсан. Тэгээд удалгүй бармен эмэгтэй шатнаас бууж ирээд үүдэнд байсан хүмүүсийг буцаж оруулаад бид гурвыг ширээн дээрээ сууж байтал зөөгч эмэгтэй, нөгөө залуу хоёр манай ширээн дээр ирээд “та нар яагаад нэг хүн рүү дайраад байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь /тухайн үед юу хэлж байгааг нь нэг их сайн ойлгоогүй/ зөөгч залуугийн нүүр рүү би нэг удаа гараараа цохиод араас нь Цацрал босоод ирсэн чинь зөөгч залуу А.Цацралтай зууралцаад тонгойх үед нь толгой руу нэг удаа гутлаараа өшиглөсөн. Тэгсэн А.Цацрал плитан шалан дээр ар дагзаараа хүчтэй унах шиг пит хийх чимээ гараад шууд унасан. Тэгэхээр нь М.Баттамир бид 2 зөөгч залуу руу дайрсан боловч нөгөө залуу зайгаа бариад шат руу гараад “нэг нэгээрээ үзье” гэхээр нь бид хоёр учир зүйгээ олъё гээд караокены үүд рүү гасан. Үүдэнд гараад зөөгч залуутай юм ярьсан чинь “танай найз чинь олон нийтийн газар тамхи татахаар нь би зохих шаардлага тавьсан чинь өөдөөс хэл амаар доромжлоод нүүр рүү нулимхаар нь тэсэлгүй ийм зүйл болчихлоо, цохьсон үйлдэл нь миний буруу, гэхдээ та гурав гурвуулаа над руу дайрсан биз дээ” гэхээр нь М.Баттамир бид 2 түүнд хандаж “энэ удаа манай найзын буруу ч гэсэн, чи зөөгч хүн байна олон нийтийн газар хүн цохиж болохгүй ээ, биеэ зөв авч явж бай” гэж л хэлээд салсан. Ингээд бид 2 караокены үүдэнд 5-10 минут зөөгч залуутай юм яриад буцаад караоке руу орсон чинь бид нарын сууж байсан ширээний буйдан дээр А.Цацрал ухаангүй байдалтай хурхираад хэвтэж байсан. Тэгээд А.Цацралыг сэрээх гээд оролдсон боловч сэрэхгүй байхаар нь архи уугаад тасарчихсан юм байна гэж бодоод М.Баттамир бид хоёр хоёр талаас нь сугадаж босгоод караокеноос гарсан. Караокеноос гараад шууд гэрт нь таксигаар хүргэж өгөөд эхнэр нь байхгүй, дүү нь гээд нэг эрэгтэй хүүхэд зурагт үзээд хэвтэж байсан. Тэгэхээр нь дүүд нь “ахыгаа аваад унтуулаарай, сандал дээр нь суулгалаа шүү” гэж хэлээд Баттамир бид хоёр гэр гэртээ харьж амарсан, үүнээс хойш 3 хоногийн дараа Цацралын эхнэр Ууганчимэг над руу утсаар яриад “манай нөхрийн толгойд нь 2,3 цус харавчихсан байна. Одоо Сайншанд сумын эмнэлэгт хагалгаанд орох гэж байна” гэж хэлсэн. М.Баттамир бид хоёрын хувьд караокеноос гараад А.Цацралыг шууд таксинд суулгаж өгсөн бөгөөд замдаа А.Цацралыг энд тэнд толгой тархиаар нь унагаасан зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, 

- Гэрч М.Баттамирын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед өөрийн найз Э.Баярбаатар, А.Цацрал нарын хамт Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун төвийн нийтийн караокед орсон. Тухайн өдөр Э.Баярбаатар бид 2 хүний нэг нэг лааз пиво уучихсан байсан бөгөөд А.Цацрал “гэрээсээ ирлээ эхнэртэйгээ муудсан” гээд нэлээн халамцуу байдалтай Э.Баярбаатарын гэрт ирчихсэн байсан. Ингээд бид 3 караокед ороод хүний нэг, нэг лааз пиво захиалж уугаад сууж байтал А.Цацрал “тамхи татлаа” гээд гарсан. Тэгээд удалгүй гаднаас тамхи зуучихсан нэг танихгүй хүнтэй гар хөлөө бариад ороод ирсэн чинь караокений зөөгч бололтой халзан залуу, нэг эмэгтэй хоёр А.Цацрал дээр очоод “битгий энд тамхи татаад бай” гэж хэлээд хоорондоо муудалцаад байх шиг байсан. Энэ үед караокегоор үйлчлүүлж байсан хүмүүс хажуугаар нь дуулаад байсан болохоор яг юу гээд маргалдаад байгаа талаар нь мэдээгүй өнгөрсөн. Ингээд бид 3 ширээн дээрээ сууж байтал А.Цацрал нөгөө зөөгч залууг дуудаад ширээний хажууд хоорондоо маргалдаад байсан чинь зөөгч залуу А.Цацралыг цохих шиг болоод ширээн дээр ар нуруугаар нь унагаасан тэгэхээр нь би А.Цацралыг цохичихлоо гэж хараад зөөгч залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод харилцан цохилцоод зууралцаад салсан. Үүний дараа зөөгч эмэгтэй орж ирээд караоке дотор хэрүүл маргаан үүсгэсэн хүмүүсийг суулгаад удаагүй байж байтал зөөгч залуу, нөгөө эмэгтэй хоёр бид нарын ширээн дээр ирээд А.Цацралд хандаж “та одоо олон нийтийн газар тамхи татахаа болио ч, соёлтой үйлчлүүлээ ч” гэсэн утгатай зүйл ярьсан чинь Э.Баярбаатар юу ярьсныг нь сайн ойлголгүй, миний хоёр найзыг цохилоо гээд зөөгч залуугийн нүүр рүү гараараа цохиод араас нь А.Цацрал босоод зөөгч залуутай зууралцаад тонгойсон чинь зөөгч залуу А.Цацралын толгой руу өшиглөөд газар ар дагзаар нь савуулж унагаасан чинь өөрөө эхэлсэн шүү дээ, намайг тамхи битгий тат гээд шаардлага тавихад өөдөөс олон таван юм яриад томроод нүүр рүү нулимсан” гэхээр нь би түүнд хандаж “тухайн үед миний найзын буруу байж ээ, гэхдээ чи олон нийтийн газар ажиллаж байгаа хүн, үйлчлүүлэгч нараа цохиж, тэд нартай муудалцаж болохгүй шүү дээ, болохгүй бол цагдаа дуудаад өгчихөж болно ш дээ” гээд учир зүйгээ олоод дотогш орсон. Тэгсэн А.Цацралыг хэн нэгэн хүн буйдан дээр хэвтүүлсэн бололтой ганцаараа буйдан дээр хурхираад хэвтэж байхаар нь сэрээх гэтэл бага зэрэг ухаан ороод “байж бай, байж бай” гээд зовиуртай байгаа бололтой хэвтээд байсан. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, одоо явъя” гэж хэлээд Э.Баярбаатар бид хоёр А.Цацралыг сугадаж өргөөд караокеноос авч гараад гэр рүү нь таксигаар хүргэж өгөөд бид 2 өөрсдөө гэр, гэртээ харьж амарсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа Э.Баярбаатар над руу утсаар яриад “А.Цацрал толгой руугаа өшиглүүлж унаснаас болж гэмтсэн гэнээ, одоо аймгийн эмнэлэгт хагалгаанд орох гэж байна гэнээ” гээд удаагүй байтал цагдаагаас утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Гэрч Э.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед ажлаа хийгээд зогсож байтал 3 дугаар ширээн дээр сууж байсан үл таних 3 ахын нэг нь гаднаас тамхи татаад дотор ороод ирсэн, тэгэхээр нь би Б.Батсэргэлэнтэй хамт нөгөө тамхи татаад байгаа ах дээр очоод “та энэ дотор тамхи татаж болохгүй ээ, торгуультай шүү” гэж хэлсэн чинь өөдөс хүний үгийг хүлээж авахгүй хэг ёг хийгээд “дотор тамхи татахаар яадгийн угаасаа хүн бага байна ш дээ” гээд манай хамгаалагч руу дайраад байхаар нь би хамгаалагчаасаа холдуулаад ширээн дээр нь суулгасан, тэгсэн татаж байсан тамхины ишээ газар хаяад “энийгээ аваад өөрсдөө хаяарай” гэж хэлсэн...би тамхины ишийг нь гаргаж хаяад дээшээ 00 орсон, гэтэл караоке дотор хүмүүс зодолдоод байх шиг чимээ гарахаар нь буугаад очтол нөгөө тамхи татаад байсан ахтай Б.Батсэргэлэн муудалцаад хоорондоо зууралцаад байсан...би Б.Батсэргэлэнгээс “чи яагаад караоке дотор хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ” гэтэл “энэ ах намайг зөндөө доромжиллоо, чамайг ч гэсэн доромжилсон шүү дээ, миний нүүр лүү нулимхаар нь тэссэнгүй ээ гэхдээ би зодолдоогүй зүгээр түлхсэн чинь хамт явж байсан хоёр ах учрыг нь ойлгохгүй над руу дайраад байна шдээ” гэж хэлсэн...хэрүүл маргаан намжаад нөгөө 3 ах ширээн дээрээ сууж байхаар нь Б.Батсэргэлэн бид очоод “ахаа дотор тамхи татсан нь таны буруу шүү дээ, яагаад хэрүүл маргаан үүсгээд манай хамгаалагч руу дайраад байгаа юм бэ” гээд тайлбарлах маягтай хэлэхэд хамт явж байсан намхан нуруутай ах үгийн зөрүүгүй шууд Б.Батсэргэлэнгийн шанаа руу гараараа цохьсон, Б.Батсэргэлэн бие рүү түлхсэн чинь нөгөө 3 ах гурвуулаа босч ирээд Б.Батсэргэлэн рүү дайртал Б.Батсэргэлэн биеэ хамгаалах зорилгоор тамхи татсан ахыг өшиглөсөн чинь нөгөө ах тонгойж таараад дагзаараа плитан шалан дээр саваад унасан...газар унасан ах ухаангүй байдалтай газраас босч ирэлгүй, хурхираад унтаад байх шиг болохоор нь урд талын ширээн дээр сууж байсан ах нар тэвэрч босгоод ширээн дээр нь суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын  06-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.Цацралын биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, хавагналт, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаа буюу эмнэлэгт үзүүлэхээс 12-24 цагийн өмнөөс үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  2. Дээрх гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, хавагналт, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна.
  4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 болон 3.1.3-р заалтыг үндэслэсэн болно.
  5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 37/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

           1. Б.Батсэргэлэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй учир дээрх асуултанд хариулах боломжгүй байна.

           2. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

           3. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

           4. Б.Батсэргэлэнгийн амбулторын картанд бичигдсэн нүдний эмчийн үзлэгээр: Баруун нүдний дотогшоо хялар, нистагм, харааны дутуу хөгжил, хүнд зэрэг гэсэн онош тавьсан байсан ба энэ нь архаг хууч өвчний онош байна гэсэн дүгнэлт /хх-ийн 90/,

- Б.Батсэргэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 109-110/,

- Шүүгдэгч Б.Батсэргэлэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 6/,

- Хохирогч А.Цацралын шүүхийн шатанд гаргасан: “...Цацрал миний бие нь Б.Батсэргэлэнд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Батсэргэлэнгээс хохирлын төлбөр болох 3,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор барагдуулахаар тохиролцов. Хохирлоо барагдуулахаар тохиролцсон тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Батсэргэлэнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шүүх хуралдаанд миний бие оролцохгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 158/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Батсэргэлэнг  2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй караокед хамгаалагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгч А.Цацралтай үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүний толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Шүүгдэгч Б.Батсэргэлэн нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй караокед хамгаалагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгч А.Цацралтай маргалдаж улмаар толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Батсэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Цацралын “...Тэгсэн караокены үйлчлэгч эмэгтэй над дээр ирээд тамхи татлаа барилаа гээд байхаар нь тамхиа хаяад суух шиг болсон. Үүний дараа уусан архиндаа согтоод ухаан санаа орж гараад сууж байтал би нэг үл таних залуутай муудалцаад хоорондоо зууралцаад нэг нэгийгээ цохих шиг болоод ухаан алдаад нэг сэрсэн чинь өглөө болчихсон хамаг бие хөндүүр орчихсон, толгой тархи өвдөөд гэртээ хэвтэж байсан...” гэсэн, гэрч М.Баттамирын “...зөөгч залуу, нөгөө эмэгтэй хоёр бид нарын ширээн дээр ирээд А.Цацралд хандаж “та одоо олон нийтийн газар тамхи татахаа болио ч, соёлтой үйлчлүүлээ ч” гэсэн утгатай зүйл ярьсан чинь Э.Баярбаатар юу ярьсныг нь сайн ойлголгүй, миний хоёр найзыг цохилоо гээд зөөгч залуугийн нүүр рүү гараараа цохиод араас нь А.Цацрал босоод зөөгч залуутай зууралцаад тонгойсон чинь зөөгч залуу А.Цацралын толгой руу өшиглөөд газар ар дагзаар нь савуулж унагаасан...”, гэрч Э.Баярбаатарын “...зөөгч эмэгтэй, нөгөө залуу хоёр манай ширээн дээр ирээд “та нар яагаад нэг хүн рүү дайраад байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь /тухайн үед юу хэлж байгааг нь нэг их сайн ойлгоогүй/ зөөгч залуугийн нүүр рүү би нэг удаа гараараа цохиод араас нь Цацрал босоод ирсэн чинь зөөгч залуу А.Цацралтай зууралцаад тонгойх үед нь толгой руу нэг удаа гутлаараа өшиглөсөн. Тэгсэн А.Цацрал плитан шалан дээр ар дагзаараа хүчтэй унах шиг пит хийх чимээ гараад шууд унасан...” гэсэн, гэрч Э.Мөнхзаяагийн “...Б.Батсэргэлэн бид хоёр очоод “ахаа дотор тамхи татсан нь таны буруу шүү дээ, яагаад хэрүүл маргаан үүсгээд манай хамгаалагч руу дайраад байгаа юм бэ” гээд тайлбарлах маягтай хэлэхэд хамт явж байсан намхан нуруутай ах үгийн зөрүүгүй шууд Б.Батсэргэлэнгийн шанаа руу гараараа цохьсон, Б.Батсэргэлэн бие рүү түлхсэн чинь нөгөө 3 ах гурвуулаа босч ирээд Б.Батсэргэлэн рүү дайртал Б.Батсэргэлэн биеэ хамгаалах зорилгоор тамхи татсан ахыг өшиглөсөн чинь нөгөө ах тонгойж таараад дагзаараа плитан шалан дээр саваад унасан... ” гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батсэргэлэнг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батсэргэлэнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоосоо төлсөн, тухайн гэмт хэрэг нь хохирогч А.Цацралын зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Батсэргэлэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Батсэргэлэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,000,000 төгрөгийг А.Цацралд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны дотор өгөхөөр тохиолцсон ба шүүх хуралдаанаас өмнө 1,500,000 төгрөгийг өгсөн байна. Үлдсэн 1,500,000 төгрөгийг өгөх хугацаа болоогүй боловч шүүгдэгчээс хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Батсэргэлэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Батсэргэлэнг арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батсэргэлэнд оногдуулсан арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Батсэргэлэн нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Батсэргэлэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Батсэргэлэнгээс 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг БОС-ын гудамжны 02-39 тоотод оршин суух, Хонгор хүүхэн овогт Алтанчимэгийн Цацрал /ШЕ86101919/-д олгосугай.

8.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсэргэлэнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ