Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1667

 

МАГАДЛАЛ

2019.09.11                                                Дугаар 1667

С.С, Х.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01219 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.С, Х.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К Б”дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох

“К Б” ХХК-тай байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №641 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 дүгээр байр 44 тоот 70.57 м.кв бүхий орон сууцыг “К Б”ХХК дахь банкны эрх хүлээн авагчид буцаан өгч зээлийн төлбөрт төлсөн 71 461 481 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.С,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Н, О.Д

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

          Нэхэмжлэгч С.С, Х.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие “К Б” ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №641 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 95 269 500 төгрөгийн зээлийг 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2037 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жилийн 18,6 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан гэж бодож ирсэн бөгөөд зээлийн төлбөрт “К Б” ХХК-д 6 жил 10 сарын хугацаанд нийт 71 464 481 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж төлсөн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “К Б”ХХК-ийн эдийн засагчаас зээлийн төлөлтийнхөө мэдээллийг авахад үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 91 921 578 төгрөг байгаа болохыг олж мэдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 71 454 481 төгрөгийн зээлийн төлбөрийг энэ банкинд төлсөн байхад 3 347 901 төгрөг л үндсэн зээлээс хасагдаж, 68 106 580 төгрөг нь зөвхөн хүүнд төлөгдсөн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, Иргэний хуулийн 451 дүгээр зйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ..., Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж хуульд тус тус тусгайлан заасныг тус тус зөрчиж зээлийн гэрээнд зээлдэгчийн нэр дээр олгож буй зээлийнхээ дансыг нь огт тусгаагүй, зээлийн данс анхнаасаа зээлдэгчид нээж өгөлгүйгээр дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн. Мөн 2013 оны 12 дугаар сраын 27-ны өдрийн 641-1 дугаартай зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний 1.4-т банк, зээлдэгч нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 641 тоот зээлийн гэрээний дор дурдсан нөхцөлийг өөрчлөлт оруулахаар заасан байхад уг гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2033 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 240 сараар сунгав гэж, мөн зээлийн эргэн төлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хавсралт 1-д заасан байдлаар өөрчлөв гэж, мөн зээлийн хүүг сарын 1.55 хувь гэснийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сарын 0.67 хувь болгосон гэсэн зөвхөн 3 өөрчлөлтийг оруулсан байна. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулахдаа мөн өдрөөр тасалбар болгон өмнөх 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 641 тоот зээлийн гэрээгээр олгосон зээлээс хэдэн төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөр төлсөн, одоо хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар уг нэмэлт өөрчлөлтийн гэрээндээ огт тусгалгүйгээр гэрээг байгуулж, ойлгомжгүй байдалд хүргэсэн. Миний бие өнөөдрийн байдлаар нийт 71 792 827 төгрөгийг “К Б”ХХК-д зээлийн төлбөрт төлсөн байдаг учраас 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №641 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 дүгээр байр 44 тоот 70.57 м.кв бүхий орон сууцыг “К Б”ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид буцаан өгч зээлийн төлбөрт төлсөн 71 461 481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч С.С-н банкинд гаргасан зээл хүссэн өргөдлийг үндэслэн талуудын хооронд 95 269 500 төгрөгийн 641 тоот зээлийн гэрээ болон 102 727 441 төгрөгийн 641-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүд тус тус байгуулагдсан байдаг. Гэрээ байгуулагдах болсон гол шалтгаан нь банк, захиалагч С.С гүйцэтгэгчийн төлөөлөгч буюу “Ш Д” “ХХК-ийн Л.А нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 145 тоот орон сууцны санхүүжилтийн гэрээ, мөн “Ш Д” ХХК, С.С нарын хооронд байгуулагдсан Итгэл хотхон орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг үндэслэн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Капитал банк, С.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд С.Сийн нэр дээр 2000022273 тоот зээлийн данс үүсч 95 269 500 төгрөг уг зээлийн дансанд орсон байсан. Гэрээнд уг мөнгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 2037 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаатайгаар, орон сууцны зориулалттай зээл авсан байдаг бөгөөд 2012 оноос 2018 оны хүртэл зээл, зээлийн хүүг С.С нь сар бүр төлдөг байсан. Уг зээлийн мөнгөний гүйлгээний агуулга нь тухайн үед иргэн Д анх Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж тоот 81 байрны 41 тоот хаягт байршилтай 70,57 мкв 2 өрөө орон сууцыг авахаар Ш Д ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 42 тоот захиалгын гэрээгээр захиалсан байдаг. Энэ хүн тухайн үед орон сууц захиалгын гэрээгээ больж, “Э З” ХХК-д хамт ажиллаж байсан С.С-д шилжүүлэхээр тохиролцож, энэ хоёр хамт банкин дээр ирээд Д нь би энэ байрыг авахаа болилоо харин надтай хамт ажилладаг С.С гэдэг хүн авах боллоо гэж мэдэгдсэн. Ингээд С.С-н нэр дээр зээлийн гэрээ гарч, зээлийн данс үүсч, зээлийн дансанд орсон. Данс үүсээд олголт хийх болоход “Ш Д” ХХК-иас С.С Ш Д ХХК-ийн хооронд байгуулсан захиалгын гэрээ нь банкинд шилжиж ирээгүй байсан учраас С.Сийн нэр дээр үүссэн 2000022273 тоот зээлийн данснаас Дайчинбаярын дансанд шилжүүлж, зээлийн данс үүсэж банкнаас олголт хийсэн байдаг. Энэ мөнгө нь цаашаагаа Дайчинбаярын 2000222306 тоот гэсэн дансанд шилжсэн бөгөөд үүнээсээ цаашаа “Ш Д” ХХК-ийн 2000015684 тоот дансанд шилжиж ороод, уг орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн байдаг. Тэгэхээр С.Сийн миний дансанд мөнгө орж ирээгүй, би зээл аваагүй гэж байгаа нь өнөөдөр үгүйсгэгдэж, банк, иргэд хооронд байгуулсан гэрээ, дансны хуулгаар зээл авсан гэдэг нь нотлогдож байгаа. Тэгээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуульд зээл нь хэрхэн олгогдох вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Үүнд зээл олголт нь зээлийн данс үүсэж, гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно гэсэн байгаа. Дараагийн асуудал нь нөхцөл өөрчлөх гэрээ буюу 641-1 тоот гэрээ нь өнөөдөр зээлийн хүү, хугацааг зээлийн гэрээнд дурдаагүй учраас гэрээ хийгдээгүй юм гэж байна. Уг 641-1 тоот гэрээ нь өнөөдөр орон сууцны 641 тоот гэрээний үргэлжлэл болсон нөхцөл өөрчлөх гэрээ юм. Энэ гэрээ яагаад хийгдэх болсон бэ гэхээр Засгийн газраас гаргасан ипотекийн 8 хувийн зээлд орох болсон бөгөөд сарын 1.55 хувийн хүүтэй зээл нь ипотекийн зээлд орох болсон учраас тухайн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай авсан байдаг. Нийт дүнг тусгаагүй гэж байгаа боловч зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний хугацааг сунгахад 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2033 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, зээлийн эргэн төлөлт, зээл, зээлийн хүүг тухайн гэрээний 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хавсралт 1-д заасан байдлаар өөрчлөв. Зээлийн хүүг сарын 1.55 хувь гэснийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс сарын 0.67 болгон өөрчлөв гэж байгаа. Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нийт үнийн дүн нь 102 256 873.30 төгрөг гэсэн байгаа. Мөн яагаад 102 256 873.30 төгрөг болсон бэ гэхээр С.С өөрөө хүсэлт гаргаж тухайн үед үлдэгдэлтэй байсан төлбөрт хаалт хийж, үлдэгдэл 6 752 000 төгрөгийг “Ш Д” ХХК-д шилжүүлсэн байгаа. Мөн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг банкнаас бэлнээр авсан байгаа. Ингээд нийт 102 565 873.30 төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар байгуулж, улсын бүртгэлд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 дүгээр байр 44 тоот 70.57 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч К Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох К Б ХХК-тай байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №641 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 дүгээр байр 44 тоот 70.57 м.кв бүхий орон сууцыг К Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид буцаан өгч зээлийн төлбөрт төлсөн 71 461 481 төгрөгийг гаргуулах тухай С.С, Х.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 221 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч С.С би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01219 дугаартай шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гардан авч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна. “К Б”ХХК нь С.С той зээлийн гэрээг анхнаасаа байгуулаагүй, зээлийн хүсэлт, зээлийн хорооны шийдвэр гарсны дараа Зээлийн гэрээг нөхөж байгуулсан, зээлдэгчид зээлийн данс нээгээгүй, зээлийн мөнгийг олгоогүй болох нь дараах байдлаар нотлогдоно. 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч С.С- той бус Ц.Д-тай Зээлийн гэрээ байгуулан нийт 95 269 500 төгрөг мөн өдрөө Ц.Д-н 2000022306 тоот дансанд гүйлгээ хийгдэж түүнд зээлийг олгосон болох нь дараах нотлох барймтуудаар тогтоогдоно. Үүнд: Зээлийг судалсан зээлийн ажилтан Б.Л-н 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлийн ажилтны санал, дүгнэлт"-ийн “Зээлдэгчийн мөнгөн урсгал” хэсэгт “...Зээлдэгч нь Ц.Д-н байрыг авч байгаа бөгөөд сар бүрийн төлөлт болон хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүуг бүрэн төлж авсан" гэснээс үзэхэд банк зээлийг анх С.С-д бус Ц.Д-т олгосон, мөн хугацаа хэтэрсэн зээлийг түүнд шилжүүлсэн болох нь харагдана. /хх 55 хуудас/, үүнийг баталж 2012 оны 10 дугаар сарын 08-ы өдрийн “К Б” ХХК-ийн Зээлийн хорооны гишүүдийн хурлаар “Ц.Д,.. нарын орон сууцны зээлийг шилжүүлэх тухай” шийдвэрийн Танилцуулга хэсэгт “... зээлдэгч “Э З” ХК-ийн ажилтан Ц.Д нь Ш Д ХХК-иас 95 269 500 төгрөгийн орон сууцны зээл авч сар бүрийн тогтмол төлөлт 1 491 455.81 төгрөг төлдөг Ц.Д нь тухайн орон сууцны зээлээс татгалзаж зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй, хугацаа хэтэрсэн байгаа тул “Э З” ХХК-иас тус орон сууцыг С.С-н нэр дээр шилжүүлэх хүсэлт ирүүлснийг танилцуулж байна. Зээлийг шилжүүлэн авч буй С.С-н зээлийн хувийн хэрэг бүрдсэн тул зээлийг шилжүүлэх саналыг танилцуулж байна" гэсэн хэсэг /2хх 53ху/. С.Сийн 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдан авах” Зээл хүсэгчийн өргөдөл /1хх-246/, 1 дүгээр хавтаст хэргийн 150, 163, 166 дугаар талд авагдсан дансны хуулгын эхний гүйлгээ нь “2012.06.26 95 269 500 төгрөгийн зээл олгов”, 2 дахь гүйлгээ нь “2012.06.26 476.347,50 төгрөг зээл судалсны шимтгэл /0.5 хувьГ, 3 дахь гүйлгээ нь “2012.06.29 94.788.100 төгрөг “Байрны үнэ шилжүүлэв Д.Ц” гэх бичилт байх бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр энэхүү 95 269 500 төгрөгийн зээлийн мөнгийг “К Б” ХХК зээлдэгч С.С-д бус Ц.Д-т олгосон гүйлгээ хийгдэж улмаар 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ц.Даас “Ш Д” ХХК-руу мөнгө шилжин орсон байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ш Д” ХХК-ийн 10/011 дугаартай албан бичигт “Ц.Д нь уг орон сууцыгхудалдан авахаар болж Захиалгын гэрээг 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулж 2012 оны 6 дугаар сарын 29-ны өдөр уг орон сууцны үнэ Ц.Д-н 2000022306 тоот данснаас төлөгдсөн /164 хуу/. Гэтэл Ц.Д дээрх байрыг авахаа больж С.С-д шилжүүлэн өгөхөөр болж 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №42 дугаартай Захиалгын гэрээг С.С-д шилжүүлэн шинээр байгуулсан" болохыг тодорхойлсон. /2хх-165/, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №42 тоот Захиалгын гэрээг С.С-той байгуулсан /2хх-45/, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Э З” ХХК-ийн 1/368 тоот албан бичгээр С.Сид байрыг шилжүүлэн өгнө үү” гэсэн хүсэлтийг “К Б”ХХК-д тавьсан. Эндээс үзэхэд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Д-т “К Б”ХХК-ийн зүгээс зээлийг анх олгосон болох нь нотлогдоно. Дээр дурьдсан бичгийн бүх нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Сийн хувьд анх 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “К Б” ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Ц.Д-н зээлийг С.Сид шилжүүлэх зээлийн хорооны гишүүдийн шийдвэр 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан бодит байдал, Ц.Д, С.С болон “Ш Д” ХХК- ийн дансны хуулга зэргүүдээс үзэхэд шүүхийн шийдвэрт дурьдсанчлан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр банк нь С.С-той зээлийн гэрээг байгуулсан, мөн зээлийн мөнгийг 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр С.С-д өгсөн, шилжүүлсэн болох нь эрс үгүйсгэгдэж няцаагдаж байна. Мөн нэхэмжпэлийг анх гардаж аваад хариуцагч К Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-н 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн хариу тайлбарт “...2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Дын 2000022306 тоот дансаар зээл олголт хийгдэж, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр уг данснаас 94 788 100 төгрөгийг “Ш Д” ХХК-ийн 2000015684 тоот данс руу шилжүүлсэн” гэх тайлбараар ч банк зээлийн мөнгийг С.Сид бус Ц.Д-т олгосон болохыг давхар баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч солигдож, эрх хүлээн авагч томилогдсон цагаас эхлэн эдгээр тайлбарууд эрс өөрчлөгдөн зээлийг С.С-д олгосон гэх бөгөөд үүнийг нотлох зорилгоор шүүхэд хуурамчаар данс болон дансны хуулга гаргаж ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх цуглуулах журмыг зөрчсөн. Энэ талаар манай өмгөөлөгч эдгээр хуурамч баримтыг нотлох баримтаас хасах хүсэлтийг 2019.07.01-ний өдрийн шүүх хуралдаанд тавьсан боловч уг хүсэлт нь тэмдэглэлд тусгагдаагүй байхын сацуу шүүгч уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан юм. Банк 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Д-т уг зээлийг олгосон бөгөөд миний бие анх 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг авах хүсэлт өгч, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №42 тоот Захиалгын гэрээг “Ш Д” ХХК-ийн захирал Л.А-тай байгуулсан бөгөөд өмнөх зээлдэгч Ц.Д нь зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, уг орон сууцыг авахаас татгалзсан тул зээлийг над руу шилжүүлэх асуудал 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Капитал банкны зээлийн хорооны гишүүдийн хурлаар орж С.С-д шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр гарсанаар буюу 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр К Б надад зээлийг олгохоор болсон. Дээрх үйл баримтуудаас үзвэл 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр банк надад зээл олгосон байх ямар ч боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, банк болон гүйцэтгэгч компанийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар эрс үгүйсгэгдэж, иргэн надтай Зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан болох нь нотлогдоно. Ийнхүү шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг ноцтой зөрчиж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй болно. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно" уг хуулийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн хуулийн заалтыг банк зөрчиж зээлийн данс нээгээгүй, зээлийн мөнгийг 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр надад олгоогүй болно. Эдгээрээс гадна шүүхийн үндэслэх хэсэгт нөхцөл өөрчлөх гэрээг дүгнэхдээ “орон сууцны хөнгөлттэй зээлийн санхүүжүүлэх журмын 4.2.2, 4.2.3, 4.2.4-т тус тус заасны дагуу 8 хувийн хүүтэй 360 сар хүртэл хугацаагаар нөхцөл өөрчлөх гэрээ байгуулсан байна гэжээ. Гэтэл уг зээл нь сарын 0,67 хувь буюу жилийн 8.04 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай болохыг анхаарч үзээгүй юм. К Б-н 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр зөвхөн зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөх хувиар, хүүгийн хэмжээнд л өөрчлөлт орсон болохоос биш зээл шинээр болон нэмж зээл олгож байгаа талаар огт тусгагдаагүй, шинээр нэмж зээл олгох гэрээ байгуулаагүй атал эргэн төлөх дүн нь 102 727 441 төгрөг болж эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн. Ийнхүү өөрчлөхдөө өмнөх зээлийг буюу 95 269 500 төгрөгийн зээлийн үлдэгдлэлийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн олгосон гэх зээлээр тодруулбал өмнөх зээлийг дахин зээл олгох маягаар хаасан байдаг. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь С.С, Х.О нар нь хариуцагч “К Б”    ХХК-д холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 641 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 641-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны 44 тоот, 70,57 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч байнк дах Банкны эрх хүлээн авагчид буцаан өгч, зээлийн төлбөрт төлсөн 71 461 481 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууцны төлбөрийн зориулалттай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч С.С нь 95 269 500 төгрөгийг сард 1,55 хувь, жилийн 18,6 хувийн хүүтэй, 2037 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар зээлэх, мөн өдөр байгуулагдсан Барьцааны гэрээгээр нэхэмжлэлд заасан орон сууцыг эд хогшлын хамт барьцаалсан байна.

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талууд дээрх зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх №641-1 тоот гэрээ байгуулсан ба зээлийн хүүг мөн өдрөөс эхлэн сард 0,67 хувь болгон өөрчилж, гэрээний хугацааг энэ гэрээг байгуулсан өдрөөс 2033 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 240 сараар сунгахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь зээлийн болон зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээ “...гэрээнд зээлдэгчийн нэр дээр олгож буй зээлийнхээ дансыг огт тусгаагүй, анхнаасаа зээлдэгчид зээлийн данс нээж өгөөгүй нь хууль зөрчсөн, № 641 тоот зээлийн гэрээний дагуу 95 269 500 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчид олгоогүй, зээл олгоогүй хэрнээ 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд зээл төлүүлж ирсэн нь хууль бус...”гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгчийн нэр дээрх зээлийн дансны хуулгад 2012 оны 06 дугаар сарны 26-ны өдөр 95 269 500 төгрөг нэмэгдсэн гүйлгээ хийгдсэн байхаас гадна мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд нэхэмжлэлд заасан орон сууц бичигдсэн байна.

Түүнчлэн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний хавсралтад зээлийн үлдэгдлийн дүнг 102 565 873,30 төгрөг грэж бичсэн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, зээлийн төлбөрийн хэмжээний талаар талууд тооцоо нийлж тодруулах боломжтой юм.

Нэхэмжлэлд заасан орон сууцыг Ц.Д нь Ш Д ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулан худалдан авахаар тохиролцсон, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр болж,  2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компани нь  С.С-той гэрээ байгуулснаар хариуцагч банк нь орон сууцны үнийг худалдагчид шилжүүлэн, түүний орон сууцны үнийг төлсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэглд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгдсэн ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “...шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй...” гэж гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 221 498 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

              ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ