2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/439

 

                                                                                               

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч М.Дашням,

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б д холбогдох эрүүгийн 2506083973971 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б  нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...  тоотод хохирогч Б.Н тэй “ус залгаж орхисон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар түүний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чулуугаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Б.Н д 1,630,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч М.Ариунцэцэгээс: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Дашнямаас: Хавтаст хэргээс 5 дугаар тал, 14 дүгээр тал, 26 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандаас: Хавтаст хэргийн 14-15 дугаар тал, 18-19 дүгээр тал, 26-27 дугаар тал, 36 дугаар тал, 37 дугаар тал, 52 дугаар тал, 56 дугаар тал, 60-63 дугаар тал, мөн шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч П.Б  нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...  тоотод хохирогч Б.Н тэй “ус залгаж орхисон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар түүний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чулуугаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Б.Н д 1,630,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Хохирогч Б.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хамтран амьдрагч П.Б ын ... тоотоос өөрийн гэсэн юмаа авах гээд очиход миний эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Хайлюкс” маркийн тээврийн хэрэгслийн нүүр хэсэг цуурсан, урд буфер ангайсан, жолоочийн эсрэг талын хаалга өшиглөсөн, хойд хонго хонхойгоод цохисон байдалтай байсан. Би гэрт нь яваад очиход цагдаа нар ирсэн байсан. П.Б  намайг өөрийнх нь эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна гээд цагдаа дуудсан байсан. Намайг хашаанд ороход П.Б  гартаа чулуу барьсан байснаа газар хаясан. Би яагаад миний машиныг эвдсэн талаар асуухад П.Б  “яадаг юм писда минь, чамайг ална шүү, битгий давраад байгаарай” гэх мэтээр зүй бусаар харааж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Машины шил гражид орхичихсон байсан бөгөөд авах гэж очоод шилээ аваад амьжиргаа цагаан дээр дамжилж авч яваад шилээ хүргэж өгчхөөд алхаад гэртээ ирсэн. Үдээс хойш 16 цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүн П.Б ын хашаанд машинаа орхисон бол машинаа ав гэж хэлсэн. Очиход машин өшиглөж бариад чулуугаар цохисон байсан. Би машинаа аваад хашаанаас гарсан. Хохирол барагдсан, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ машиныг ахаас аваад байрны урьдчилгаанд өгөх гэж байгаад мөнгөө төлж дууссаны машинаа авахаар ах Б.Н тэй ярьж тохиролцсон байсан юм. Би энэ машиныг ахаас аваад байрны урьдчилгаанд өгөх гэж байгаа тул яг шаардлагатай бичиг баримтаа цэгцэлж дуусаад ахад мөнгөө төлж эхэлнэ гээд хэлчихсэн байгаа. Одоогоор тухайн тээврийн хэрэгслийг ах Б.Н  унаж ашиглаж байгаа. Байрны асуудлаас болоод машины баримтыг урьдчилаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Тэрнээс машины жинхэнэ эзэмшигч бол Б.Н  ах мөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

 

Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст цагдаа жолоочийн ажил эрхэлдэг бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 02-ноос 03-ны өдрөөр 24 цагийн үүргийн Гачуурт 115 дугаартай чиглэлд, цагдаагийн дэслэгч М ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 52 минутад иргэн П.Б аас салсан нөхөртэйгөө холбоотой дуудлага өгсний дагуу хэргийн газарт очиход тус тоотод байрлах хашаан дотор байсан байшинд худгийг асаалттай үлдээснээс болоод гэрт нь их хэмжээний ус алдсан байсан. Энийг дуудлага өгсөн П.Б  орж ирж хараад “энэ угаасаа албаар ингэж байгаа байхгүй юу” гэж уурлаад гарч ирээд гражийн урд байрлуулсан байсан тээврийн хэрэгслийн урд хэсгийг гражийн хаалгаар 7-10 удаа саваад цохиж байгаад, хоёр талын урд хаалга руу хөлөөрөө 3-4 удаа өшиглөөд, модны доороос чулуу аваад машины жолооч талын хонго хэсэгт нэг удаа шидээд байсан. Тэгээд нөхөр нь гаднаас орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад М бид хоёр тухайн хүмүүсийг шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн бол та одоо гэрээс нь гарчих гээд тэр машины жолоочийг машинтай нь хашаанаас гаргаад дуудлага мэдээллээ хаагаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27620 дугаартай: “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 1,630,000 төгрөгөөр тогтоосон...” тайлан /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-41 дүгээр тал/,

 

Шүүгдэгч П.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс хамтран амьдрагч Б.Н гээс тусдаа амьдрах шийдвэр гарсан байна шүү гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч дэлгүүр орж цоожны гол аваад буцаад ирэхэд Б.Н н машин хашаанд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн ба би цагдаа нартай хамт гэрт орсон чинь гэрт ус алдсан байсан. Алдсан усаа хаагаад гэрээс гарсан. Би уйлаад бухимдалтай байсан. Б.Н н машиныг уурандаа нэг удаа чулуугаар цохисон. Машиных нь нүүр лүү өшиглөсөн. Тэгээд хашаанд Б.Н  орж ирээд машинаа аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байгаад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа ба зүйлчлэл дээр маргаан байхгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Б  нь 2025 оны 10 дугаар сраын 02-ны өдөр ...  тоотод хохирогч Б.Н тэй “ус залгаж орхисон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар түүний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чулуугаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Б.Н д 1,630,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1,630,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Дашнямаас: “...Улсын яллагчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хавтаст хэргийн баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч П.Б  нь санаатайгаар, хууль бусаар хохирогчийн эд хөрөнгийг гэмтээсэн нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч тээврийн хэрэгслийг удаа дараа өшиглөх, чулуугаар цохих зэргээр цохиж гэмтээсэн үйл баримт байна. Машин нь хохирогчийн нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч тухайн автомашины хамтран өмлчөх эрхгүй бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө мөн байна. Цагдаагийн алба хаагч газар дээр нь маргааныг тайвнаар болиулах боломж байсан ч ус алдсан гэх шалтгаанаар шүүгдэгч машиныг гэмтээсэн, бодитойгоор хохирол учруулсан нь тогтоогдож байна. Үйлдлийн шинжээр цагдаагийн алба хаагч байсаар байтал машин эвдсэн ноцтой үйлдэл гаргах шаардлага байсан уу? дүгнэлт хийгээрэй. Шүүгдэгчээс 5 удаа Б.Н тэй холбоотой дуудлага мэдээлэл өгсөн, цагдаагийн алба хаагч шалгаад Б.Н д арга хэмжээ аваагүй байдаг. Үнэхээр зөрчил байсан бол 7-30 хоног баривчлах зөрчил хүлээлгэх байсан. Хүн алчихсан гэх ноцтой дуудлагаар иртэл Б.Н  гэртээ эрүүл, хүүхэд нь эсэн мэнд байдаг. П.Б  нь худал хэлж цагдаа дуудсан байдаг. Б.Н  буруутан болж хувирдаг. Б.Н  цагдаад хандсан зүйл нь байшингийн өмчлөгчөөр Б.Н  очтол П.Б  өмчлөгчөөр тогтоогдсон, хоёр хүүхдээ авсан тохиолдол байдаг. Хэрэгт авагдсан баримтын шинжтэй дуудлага мэдээлэл өгсөн, манай хүүхдүүдийг зоддог, амьдрах аргагүй гэх үндэслэлээр хоёр хүүхэдтэй уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байдаг. Нэг удаа дуудлага өгсөн нь Б.Н н зөв, шүүгдэгчийн буруутай үйлдэл болж шүүхээр хэлэлцэгдэж байна. Энэ бодит байдалд дүгнэлт өгч энэ хүнийг буруутгаж болохгүй юм гэж тодруулж хэлж байна. Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл бүрэн тогтоогдож байна, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандаас: “...П.Б ын хувьд гэрчээр, яллагдагчаар хоёр удаа мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хурал, Иргэний хурал ч тэр хавтаст хэргийн баримтаар хэргийн үйл баримт тогтоогддог. Хавтаст хэргийг судлахад гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл харагддаг. Хэн хөрөнгө оруулалт хийсэн нь чухал биш. Өөрсдийн олон жил амьдарсан орон байрандаа өөрийн санаандгүй гээд байгаа ус тавьсан үйлдлээс болж шүүгдэгч бухимддаг. Цагдаагийн алба хаагчийн хажууд бухимдаж үйлдэл хийсэн нь машиныг нь очиж цохисон, гэмтээсэн байдаг. Хохирогчийн зүй бус үйлдэл байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дуудлага өгөөд байдаг. Иргэний шүүх хүртэл нотлох баримтад үндэслэдэг буюу хоёр хүүхдийг яагаад уулзахыг хязгаарласан байна вэ? Нотлох баримт байгаа учир хязгаарлаад байна. Хохирогч, өмгөөлөгчийн ярьж буй шиг худал ярьж байгаад хязгаарлалт авах дүгнэлтийг шүүх хийхгүй. Байрны асуудлыг иргэний шүүх шийдвэрлэнэ, хэрэгт байхгүй нөхцөл байдал яриад байна. Ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлын хувьд чиний хүүхэд гэж яриад байна. Хамтран амьдарсан, үрчилсэн, дагавар байна уу? Бүх хүүхэд бол хүүхэд. Насаар ярьвал 13 насаар дүү охиныг авч, 10 жил гаруй амьдарчхаад ийм байгаад маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа маргахгүй....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж, хохирол учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицийг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас нийт 1,630,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч П.Б  нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Б ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид 1,630,000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн хохирогч нь үнэлгээний төлбөрт 140,000 төгрөг төлжээ.

Шүүгдэгч П.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид 1,770,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар хохирол төлсөн байна, 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байна, 1.7 дахь заалтад зааснаар дарамт шахалтад байсан тул эцэстээ ийм нөхцөл байдалд хүргэсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Өнөөдөр хүүхдүүдээ тэжээгээд, хувиараа бизнес хийж байгаа, өрх толгойлсон эмэгтэйд 450 нэгжээр торгох ялыг, 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Б ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны  шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТСАЙХАН