| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00406/И |
| Дугаар | 147/ШШ2024/00060 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 147/ШШ2024/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р баг, *******ийн 00 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“жирэмсний болон амаржсаны тэтгэмж 1,743,396 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 1,743,396 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие сайн дурын даатгалд хамрагддаг. 2021 онд жирэмсэн болж, эмнэлгийн хяналтанд орсон. Гэрээний дагуу сайн дурын даатгалын шимтгэлд 2021 оны 6-р сарын 02-нд 401,100 төгрөг, 6-р сарын 30-нд 209,400 төгрөг нийт 610,500 төгрөг төлсөн. 2021 оны 12 сарын 21-ний өдөр Дорнод аймагт хүүхдээ төрүүлсэн. Гэтэл сумын нийгмийн даатгалын байцаагч ******* нь миний мэдээлэл болон төлбөрийг программдаа оруулаагүйгээс надад нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоогүй хохироосон. Энэ талаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сумын нийгмийн даатгалын байцаагчид гомдлоо гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “сайн дурын даатгалын илүү төлөлт буцаав” гэсэн утгатай 256,800 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Би сайн дурын даатгалаа цаг хугацаанд нь төлсөн боловч ажил хариуцсан хүмүүсийн буруутай, хариуцлагагүй байдлаас болж, тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Иймд надад олговол зохих төрөхийн өмнөх тэтгэмж 871,698 төгрөг, төрсний дараах тэтгэмж 871,698 төгрөг, нийт 1,743,396 төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү. Анх нийгмийн даатгалын байцаагчаас хэдэн сараас сайн дурын даатгалаа төлбөл шаардлага хангах вэ? гэж асууж, сайн дурын даатгалын шимтгэлд 06 сарын 02-ны өдөр 401,100 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 209,400 төгрөг төлсөн. 10 сард төрөхийн өмнөх мөнгөө авах гэсэн чинь шимтгэл төлөгдөөгүй хасагдсан байна гэж хэлсэн. Нийгмийн даатгалаас гэрээ дууссан гэсэн хариу өгч байгаагүй. 6 сард гэрээ хийгдсэн гэж байгаа боловч гэрээнд би гарын үсэг зурж байгаагүй гэв.
2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ******* сумын Нийгмийн даатгалын алба /байцаагч/-тай Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах заалтын дагуу /тодорхой хедөлмөр эрхлээгүй иргэн/ нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулахаар мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны А/93 дугаар тушаалаар баталсан "Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам"-ын хүрээнд гэрээ байгуулсан байна.
"Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ"-нд гэрээний үргэлжлэх хугацаа, даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс орлого түүнээс тооцон сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ болон дүнг тусгаж, нийгмийн даатгалын байгуулага нь гэрээг даатгуулагчийн төлсөн шимтгэл нь нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд орсон уг сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр байгуулсанд тооцно.
Иргэн ******* нь Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай 012011900077 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын хугацаагаар батлагдсан маягтын дагуу байгуулан, хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаар батлуулсан байна. Гэрээний 1 хувь буюу нийгмийн даатгалын байгуулагат үлдэх хувь нь ******* сумын 2021 онд сайн дураар даатгуулсан гэрээний боть 444-445-р хуудсанд үдэгдэн, нийгмийн даатгалын байгуулагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно. Гэрээний хэрэгжилтийг даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээ байгуулсан эхний сардаа шимтгэлийн мөнгийг төлсөн эсэх, нийгмийн даатгалын санхүүгийн харилцах данс болон сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын цахим систем хугацаандаа хийгдсэн эсэхийг мэдээллийн сангаар шалгахад хууль эрх зүйн хүрээнд хугацаандаа хийгдсэн нь баримтаар нотлогдож байна.
Даатгуулагч *******т сайн дурын даатгал төлсөн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эсэх талаар:
*******ээс жирэмсний 60 хоногийн тэтгэмж авахад шаардагдах эмнэлгийн хуудас ирүүлээгүй. Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүгээ төрүүлсэн гэх мэдээллээр хугацааг тодорхойлон харахад 2021 оны 06 дугаар сараас нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлсөн бөгөөд жирэмсний амралт 10 дугаар сараас эхэлсэн гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан "Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй" заалтаар эхний 6 сард нь шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэмж авах эрх үүсээгүй, тэтгэмжийг бодож олгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* сумын харьяат боловч Дорнод аймагт амьдардаг. ******* нь гэрээнийхээ хугацаанд мөнгөө төлөөгүй. Өмнө нь программаас харахад ******* нь гэрээтэй харагдаж байсан. Би төлөлтийг нь бүтэн жилээр нь хийж өгсөн. Мөнгөө 06 сард хийсэн учир программаас автоматаар гэрээ нь 06 сарын 01-ний өдөр гэж гарч байгаа. Өөрсдөө мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүй буруутай. Тухайн үед жирэмсний амралтын хуудас нь ч ирээгүй. ******* нь 06 сард мөнгөө хийсэн учир эрх нь үүсэхгүй байгаа. Мөн ******* нь оны дараа жирэмсний амралтын мөнгөө авч чадаагүй учир мөнгөө авъя гэж ирсэн. Би энэ талаар шимтгэлийн байцаагчтай ярихад он дамжсан тул өгөх боломжгүй гээд үлдэгдэл 256,800 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, харилцах дансны харилцагчийн хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт зэрэг нотлох баримтуудыг /хх 2-9х/
5. Хариуцагчаас шүүхэд Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ, мемориалын баримт №20210602782390436371, мемориалын баримт №20210630785190298356, НДАС-нягтлан бодох бүртгэлийн тайлангийн системд орж ирсэн гүйлгээний жагсаалт, НДАС-нягтлан бодох бүртгэлийн тайлангийн системээс тухайн даатгуулагчийн данс руу шилжүүлсэн гүйлгээний жагсаалт, Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай ******* овогтой Нандинцэцэг нь тус эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтанд хянагдаж байгаагүй учир жирэмсэн, амаржсан больницийн хуудас бичигдээгүй болно” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримт ирүүлжээ. /хх 19-23х/
6. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндэслэлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хохиролд 1,743,396 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “..би жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэстэй “Сайн дурын даатгалын гэрээ” байгуулж, нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөсний дагуу тэтгэмжийн даатгалын шимтгэлд 610,500 төгрөг төлсөн боловч нийгмийн даатгалын байцаагчийн тухайн төлөлтийг цаг тухайд нь бүртгээгүй, программд оруулаагүй хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж жирэмсний тэтгэмжид олгогдвол зохих 871,698 төгрөг, амаржсаны тэтгэмжид олгогдвол зохих 871,698 төгрөг нийт 1,743,396 төгрөгийн жирэмсний буюу амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон тул гаргуулна гэж,
3. Хариуцагчаас Би шимтгэл төлөлтийг бүтэн жилээр нь бодож өгсөн. ******* нь гэрээнийхээ хугацаанд мөнгөө төлөөгүй. Мөнгөө 2021 оны 06 сард хийсэн учир программаас автоматаар гэрээ нь 06 сарын 01-ний өдөр хэрэгжсэн гэж гарч байгаа тул өмнөх 6 сарын төлөлтийг хүлээн аваагүй. Илүү төлөлтийг нь буцаан олгосон. Миний хувьд буруу байхгүй тул тэтгэмжийг олгох боломжгүй, мөн тэтгэмж авахад шаардагдах эмнэлгийн хуудас ч ирүүлээгүй гэж татгалзжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* нь сайн дурын даатгалд даатгуулах хүсэлтээ гаргаж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар ******* сумын Нийгмийн даатгалын албатай /хөдөлмөр эрхлээгүй иргэний/ “Сайн дурын даатгалын гэрээ” байгуулсан байна. /хх-20х/
6. Тус гэрээгээр нэхэмжлэгч ******* нь сайн дурын даатгалд даатгуулах хүсэлтээ гаргаж, нийгмийн даатгалын тэтгэмжийн санд шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс орлогоо 420,000 төгрөгөөр тооцож 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 05-р сарын 31-ний хооронд 12 сарын хугацаанд шимтгэл төлөхөөр тохиролцсон байна.
7. Гэрээний 2-р зүйлийн 2.1-т “..нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулах хүсэлт гаргасан даатгуулагч “иргэн”-ийг нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд шимтгэлээ төлсөн сараас гэрээг хэрэгжсэнд тооцож, нийгмийн даатгалын байгууллага байцаагч нь шимтгэл төлөлтийн мэдээллийг мэдээллийн цахим санд үнэн зөв бүртгэж баталгаажуулна гэж,
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журмын 6-р зүйлийн 6.5-т “...нийгмийн даатгалын байгууллага, байцаагч нь батлагдсан маягтын дагуу даатгуулагчтай байгуулсан гэрээг цахим системээс 2 хувь хэвлэж, хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, нийгмийн даатгалын байцаагч, даатгуулагч нар гарын үсэг зурж, (эсвэл даатгуулагчийг биеэр ирсэн үед нь) баталгаажуулна гэж тус тус зааснаар талуудын хооронд 2021 оны 6-р сарын 1-ний өдөр сайн дурын даатгалд хамруулах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /хх-20х/
8. Тус гэрээний дагуу даатгуулагч ******* нь тэтгэмжийн даатгалын санд 2021.06.02-ны өдөр 401,100 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 209,400 төгрөг, нийт 610,500 төгрөгийн шимтгэл төлсөн болох нь зохигчийн тайлбар, мемориалын баримт, нийгмийн даатгалын хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн тайлангийн систем зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгчийн төлсөн 610,500 төгрөгийн шимтгэлийн төлөлтөөс 2021 оны 06-р сард 60,900 төгрөг, 7, 8, 9,10,11,12 дугаар саруудад сар тус бүр 56,700 төгрөгөөр нийт 401,100 төгрөгийн буюу 2021 оны 6-р сараас 12 сарыг дуусталх хугацааны 7 сарын шимтгэл төлөгдсөнөөр бүртгэгдэж, 2022 оны 10 сарын 28-ны өдөр 256,000 төгрөг, 2022 оны 12 сарын 28-ны өдөр 9000 төгрөг, нийт 265,000 төгрөгийг *******т сайн дурын даатгалын илүү төлөлт гэж буцаан олгосон байна.
10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заажээ.
11. Даатгуулагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Н.Оджаргалыг төрүүлж, Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн гэх үед хуульд заасан хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх хуулийн шаардлага хангаагүй буюу даатгуулагч 7 сарын хугацаанд шимтгэл төлснөөр тэтгэмж авах эрх үүсээгүй үндэслэл тогтоогдож байна.
12. Хариуцагч нь нийгмийн даатгалын байгуулага нь гэрээг даатгуулагчийн төлсөн шимтгэл нь нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд орсон уг сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр гэрээ байгуулсанд тооцдог. Тиймээс 2021 оны 6-р сарын 1-ний өдрөөс шимтгэл төлөлтийг тооцохоор илүү төлөлт үүсч программд оруулах боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарласан ба энэ нь Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журмын 6-р зүйлийн 6.4-т “...нийгмийн даатгалын байгууллага байцаагч нь гэрээг даатгуулагчийн төлсөн шимтгэл нь нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд орсон уг сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр байгуулсанд тооцно, Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд, “..тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна” гэж зааснаар тус журмын хүрээнд хязгаарлаж, илүү төлөлтөөр бүртгэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасан хуулийн хугацаанд заасан шимтгэл төлөгдөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын, байцаагчийн хариуцлагагүй үйлдлээс болж жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө болох 1,743,396 төгрөгийг авч чадаагүй хохирлоо гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
14. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 2.6-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгохоор, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй байхаар журамласны дагуу хариуцагчид эмнэлгийн хуудас олгох эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс НДХ-т эмнэлгийн хуудас ирүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
16. Шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 оны 06-р сарын 07-ний өдрийн)-ийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1.743.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.МАРИНА
Х.ОТГОНЖАРГАЛ