Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/00601

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                01            29                                              184/ШШ2024/00601

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,023,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******/ШТЭҮД:*******/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “******* *******” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллага бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч *******, нартай “Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний дагуу 12,700,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1- д заасны дагуу “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа” үүссэн. Гэвч зээлдэгч *******, нар нь гэрээний 2.2.1-т заасны дагуу “Зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг баталсан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл төлөх үүргээ 2023 оны 06 дугаар сараас хойш огт биелүүлээгүй байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлдэгч *******, нар нь манай банк бус санхүүгийн байгууллагад өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 9,460,057 төгрөг, хүүнд 4,633,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 926,612 төгрөг, нотариатын авлагад 4,000 төгрөг буюу нийт 15,023,731 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч *******, нараас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,023,731 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал зээлийн хугацаанд нийт 7,416,000 төгрөгийг төлсөн.  Хариуцагч нар нийт 7,414,600 төгрөг дээр машин зарсан 6,109,660 төгрөгийг нэмэхээр нийт 13,523,664 төгрөг болж байгаатай маргахгүй. Гэхдээ 12,700,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай зээлж авчхаад 13,523,664 төгрөг болгож өгчхөөд Ковидын үе таараад боломжгүй байсан, даатгал байхгүй гэх зэрэг шалтаг хэлж байгаад 13,000,000 төгрөг төлөөд энэхүү зээлийн харилцаа дуусгавар болно гэдэг нь манай ашгийн төлөө банк бус санхүүгийн байгууллагад хохиролтой болох учраас хариуцагч нараас 12,700,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Зээлдэгч *******, нар нь анх зээл авахдаа зээл эргэн төлөх хувиар буюу үндсэн зээлд 12,700,000 төгрөг, сар бүр 562,000 төгрөгийг 36 сарын хугацаанд буюу нийт 20,161,806 төгрөгийг төлөхөө мэдсээр байж зээлийн үүргээ бүрэн гүйцэтгээгүй нь зээлдэгч нарын өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа алдаж хүү алданги нэмэгдэх болсон. Манай зүгээс 2023 оны 09 дүгээр сараас зээлийн хүү тооцохоо зогсоосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Хариуцагч *******, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр“******* *******” ХХК-иас 2,600,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд 12,700,000 төгрөгөөр Приус-30 маркийн автомашин худалдан авсан. Эхний жил мөнгөө төлж явж байтал Ковид-19 өвчин гарсны улмаас 2 жил бүх ажил үйлчилгээ зогссон болно. Энэ хооронд мөнгө хийгээгүй болно. Ингээд 2021 оны 05 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард уг машиныг “******* *******” ХХК хурааж авсан болно. 2022 оны 07 дугаар сард уг машиныг дахин үнэлгээ хийлгэж 9,300,000 төгрөг гэж гаргаад энэ зах зээлийн дундаж 21,000,000 төгрөгөөр гарсан байсан. Ингээд миний төлсөн 8,000,000, зарагдсан мөнгө 9,280,000 төгрөг, нийт 15,280,000 төгрөг. Уг машин 12,700,000 төгрөг, одоо надаас 15,023,731 төгрөг. Ингээд уг машин 30,302,373 төгрөгийн үнэтэй болж байна. Иймээс би хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хариуцагч талаас Зээлийн хугацаанд 7,416,000 төгрөгийг төлсөн. Мөн автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд зааснаар “үүргийн гүйцэтгэлийг авто машинаар хангуулна” гэж заасан байгаа. “*******” ******* ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тухайн Toyota prius-30 маркийн улсын дугаартай автомашиныг хурааж авснаар үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байна. Тухайн машиныг хураан авснаас хойш 11 сарын дараа 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээ дээр тухайн авто машины зах зээлийн үндсэн үнэ 14,000,000 гэсэн байхад нэхэмжлэгч талаас тухайн машиныг 6,100,000 төгрөгөөр зарсан гээд байгаа юм. Тухайн авто машиныг хураан авснаас хойш 11 сарын дараа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь маш ойлгомжгүй байна. Өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устгах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалдуулагчид нэн даруй мэдэгдэх ёстой байсан. Хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-иас тухайн авто машины зах зээлийн үнэлгээ нь 14,523,000 гэж үнэлсэн байсан. Тиймээс гэрээний дагуу төлсөн 7,414,000 төгрөг мөн үнэлгээний газраас үнэлсэн 14,523,000 төгрөг гэж бодохоор нийт 21,937,152 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан 15,023,731 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн авто машиныг 9,000,000 орчим төгрөгөөр үнэлсэн мөртлөө хариуцагч нарт хэдээр зарсан тухайгаа хэлж мэдэгдээгүй, үүргийн гүйцэтгэлээс хэдэн төгрөг суутгагдаад хэд үлдлээ гэж мэдэгдээгүй. Үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байна. Манай зүгээс машин хураагдсан өдрөөс гэрээ дуусгавар болсон гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/хх 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3-4 тал/, итгэмжлэл/хх 5 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 6 тал/, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 049071220058 дугаартай Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний хуулбар/хх 7-8 тал/, Зээл, хүүний тооцоо/хх 9 тал/, Нотариатын үйлчилгээний зардлын баримт/хх 10 тал/, “-Эстимэйт” ХХК-ийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг үнэлсэн “Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайллан, *******ы “******* *******” ХХК-ид гаргасан хүсэлт/хх 39 тал/ зэргийг,

 

 Хариуцагч талаас хариу тайлбар/хх 17 тал/, хэвийн бус, эргэлзээтэй, муу ангилалтай зээлийн гэрээний хаах дүн тооцоолох тооцоолол/хх 18 тал/, “-Эстимэйт” ХХК-ийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг үнэлсэн “Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ”-ний хуулбар/хх 19-28 тал/, итгэмжлэл/хх 31 тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар:

 

Хариуцагч талын хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 280 дугаартай лавлагаа/хх 36-37 тал/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.  

 

Шүүх хуралдаанаар  зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******, нарт  холбогдуулан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,023,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл  гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь зээлдэгч *******, нартай “Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний дагуу 12,700,000 төгрөгийг зээлж, хариуцагч нар энэхүү гэрээний төлбөрт 7,414,600 төгрөгийг бэлнээр төлсөн, барьцаалсан автомашиныг 6,109,660 төгрөгөөр худалдан борлуулсан, одоо үндсэн зээлд 9,460,057 төгрөг, хүүнд 4,633,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 926,612 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг буюу нийт 15,023,731 төгрөгийг  гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч *******, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний эргэн төлөлт 7,414,000 төгрөгийг төлсөн, Toyota prius 30 маркийн улсын дугаартай автомашиныг хураан авч борлуулсан ч үнэлгээгээр тогтоосон 14,523,000 төгрөгийг нэмж тооцохоор нийт 21,937,152 төгрөгийг төлсөн тул үүргийн гүйцэтгэл хангагдсан өр төлбөргүй гэж маргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь хариуцагч буюу зээлдэгч *******, хамтран зээлдэгч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 04907122058 дугаартай автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээгээр 15,000,000 төгрөгийн бараа худалдан авахад зориулан 12,700,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Ногоон зээл-Эко автомашин худалдан авах төрөл зориулалттайгаар зээлдэж, зээлдүүлэхээр тохиролцсон байх ба барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Тоёота приус 30 маркийн улсын дугаартай, арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн цайвар ягаан өнгийн суудлын автомашин буюу барьцааны зүйлийг албадан борлуулах үнийг 11.250.000 төгрөгөөр тохиролцон  барьцаалж, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанд хариуцагчийн эзэмшил ашиглалтанд байлган зээлийн гэрээний үүрэг дуусахаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тус гэрээгээр талууд харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж, хариуцагч тал нэхэмжлэгч тал 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн тус зээлийн гэрээг хаах үнийн дүнгийн тооцооллыг хийж өгсөн гэх ба уг тооцооллоор 13,490,321 төгрөгийн тооцоолол гарган хүргүүлж байсан атал тус шүүхэд 2023 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргах богино хугацаанд 15,023,731 төгрөгийн үлдэгдэл зээл, хүү, нэмэгдсэн хүүгийн тооцоолол гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байна./хх 18 дугаар тал/

Зээлийн гэрээний гүйцэтгэлд 7,414,000 төгрөгийг эргэн төлөлт хийгдсэн гэдэг.

Мөн Toyota prius 30 маркийн улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч тал хураан авч 6,109,664 төгрөгөөр худалдан борлуулж тооцсон гэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол үндэслэлгүй, түүнчлэн маргаан бүхий автомашиныг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хураан авч, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, хөрөнгийн үнэлгээчин 14,523,000 төгрөгөөр үнэлсэн атал 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэх хүнд 6.109.664 төгрөгөөр худалдан борлуулсан гэх үнийн дүнгээс нэхэмжлэлийн тооцоолол гаргасан зэрэг нь үндэслэлгүй гэжээ.

Тус гэрээний үүрэгт 7,414,600 төгрөгийг төлөөд үнэлгээгээр тогтоогдсон 14,523,000 төгрөгийн автомашинаа өгснөөр нийт 21,937,152 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хангагдсаар атал дахин 15,023,731 төгрөг нэхэмжилсэн тооцоолол үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Зохигч талууд зээлийн гэрээний үүрэгт 12,700,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлдэн авсан, тус гэрээний үүрэгт 7,414,600 төгрөг төлөгдсөн, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн, хариуцагч нарын ашиглалтад байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч тал буцаан авсан, нэхэмжлэгч тал барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэг хангуулахаар цааш худалдан борлуулсан гэх үйл баримтуудын талаар маргаагүй.

Маргаан бүхий автомашиныг зээлийн гэрээний үүрэгт тооцон хураан авч худалдан борлуулахдаа хэт бага үнээр худалдан борлуулсан, автомашин гаргуулснаар зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэх байдлаар маргажээ.

Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар зохигч талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг бодитоор гаргуулан үүрэг гүйцэтгүүлэгч авснаар фидуцийн гэрээ дуусгавар болохоор заасан гэх үндэслэл тогтоогдоогүй, талууд анхнаасаа зээл болон барьцааны гэрээгээр гэрээний зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдов.

Иймд фидуцийн гэрээний журам үйлчлэхгүй тул зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зохигч тал хөдлөх хөрөнгө буюу автомашин барьцаанд бариулсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дугаар зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн бол барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, түүнчлэн зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар талууд барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс өөрийн шаардлагыг хангуулахдаа Иргэний хуульд заасан дуудлага худалдааны журмыг хэрэглэхээр гэрээгээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болохоор заасны дагуу нэхэмжлэгч тал буюу “******* *******” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээний “Аривжих эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээг 9,283,100 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Хариуцагч тал тэдний эзэмшил ашиглалтаас 2022 оны 06 дугаар сард хураан авч үнэлүүлсэн талаар маргадаг боловч шүүхийн журмаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаагүй, тус үнэлгээгээр тогтоосон 14,523,125 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой гэх татгалзал гаргадаг ч үнэлгээ хийх үеийн байдлаар 5,240,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай гээд, хөрөнгийн үнэлгээчин уг зардлыг хасаж тооцон зах зээлийн үнэлгээг 9,283,100 төгрөг байхаар тогтоосон.

Хариуцагч тал барьцааны зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан болох нь тогтоогддог. Хураан авснаас хойш 9 сарын дараа нэхэмжлэгч тал үнэлүүлжээ.

Шинжээч уг автомашины үндсэн зах зээлийн 14,523,125 төгрөгийн үнэ ханштай байх боловч хариуцагч талын эдэлгээ арчлалттай холбогдуулан автомашины чанар байдал ашиглах явцад алдагдсан байсан гэх үндэслэлээр засварлах 5,240,000 төгрөгийн элэгдэл хорогдлыг хасан 9,283,100 төгрөгийн үнэлгээ гаргасан нь үндэслэл бүхий байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар  барьцааны гэрээ байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Харин хариуцагчийн татгалзалд дурдсан Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар дуудлага худалдааны журмыг баримтлаагүй гэх татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талаас гарган өгсөн зээл хүүгийн тооцоонд үндэслэн автомашиныг 6,106,644 төгрөгөөр үнэлэн өөр этгээдэд худалдсан гэх тооцоололд дурдсан өдрөөс буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 9,460,057  үлдэгдлээс үнэлгээгээр тогтоогдсон автомашины зөрүү 3,173,4366/9,283,100-6,109,664/ төгрөгийг хасан тооцох үндэслэлтэй тул  6,286,621 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж үзэхээр байна.

Үндсэн зээлийн 6,286,621 төгрөгийн үлдэгдлээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч тал шаардах эрхтэй, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны 84 хоногийн хүүг тооцон 457,268/сард-169,738.70 төгрөг, хоногт-5,657.95  төгрөг/ төгрөгийн үндсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувьд ноогдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 95,053 төгрөг, нийт 6,838,942/6,286,621+457,268+95,053/ төгрөгийн хэмжээнд ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 4.000 төгрөг төлсөн үндэслэлээр хохиролд тооцон нэхэмжилдэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч уг зардлыг нэхэмжлэгч тал бэлэн мөнгөний тасалбар төлсөн төлбөрийн баримтад үндэслэсэн боловч хэдэн хуудас баримтыг хэдэн төгрөгөөр батлуулах үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт хариуцагч *******, нараас 6,838,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,184,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас 204,554.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дах хэсэгт заасныг үндэслэн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, нараас 6,838,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,184,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас 204,554.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       ***