2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/470

 

                                                                                                  

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч П.Тулга нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч А.Лхагваа,

Иргэдийн төлөөлөгч Д.Б ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Жао Цао Шин /Zhao Chaoxin/,

Шүүгдэгч Г.О , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг, өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулахаар прокурорын санал үйлдэж ирүүлсэн Г.О д холбогдох эрүүгийн 2502003230343 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Одгэрэл нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон төрийн далбаа руу нулимж, тээврийн хэрэгслийг гараараа цохисон, улмаар тус Элчин сайдын яамны захиргаа- техникийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ...-ийн биед халдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Ж.Одгэрэл нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон төрийн далбаа руу нулимж, тээврийн хэрэгслийг гараараа цохисон, улмаар тус Элчин сайдын яамны захиргаа- техникийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ...-ийн биед халдсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 34 дүгээр тал/,

 

Хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ...-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шангрилла Молл” худалдааны төвийн гадаа элчин сайдын яамны ... дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан чинь үл таних эрэгтэй машин руу болон машины урд байсан манай улсын төрийн далбаа руу нулимсан. Би машинаасаа буугаад хориглох гээд зодолдсон. Тухайн эрэгтэй миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, миний өмсөж байсан фудволкийг урсан. Мөн улмаар нөгөө эрэгтэй манай элчин сайдын яамны тээврийн хэрэгсэл рүү нударгаараа цохисон. Одоогийн байдлаар толгой эргээд байна, мөн зүүн талын шүд хөдөлсөн, аманд цус амтагдаад байна. Манай элчин сайд “Шангрилла молл”-д болж байсан уулзалтад байсан ба би гадаа элчин сайдаа хүлээж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42 дугаар тал/,

 

Гэрч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ээлжтэй үе байсан ба ажилдаа ирээд ээлжээ хүлээж авчхаад зочид буудлын хүлээлгийн хэсэгт эргүүл хийгээд явж байхад үл таних хүмүүс “энд хүмүүс зодолдоод байна” гээд орилохоор нь очоод харахад нэг Монгол залуу нэг Хятад залуутай барьцалдаад зогсож байсан. Тэгээд би явж очоод тэр хоёрыг салгахад Монгол иргэн “цагдаа дуудна” гэсэн. Цагдаа иртэл тэр хоёрыг зодолдуулахгүй гээд зогсож байхад Монгол иргэн Хятад улсын машины хойд хэсэг рүү 2 удаа нулимахаар нь “та боль” гээд холдуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13492 дугаартай: “... ...-н биед зүүн завжны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 52-53 дугаар тал/,

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн: “... ..., үнэмлэхийн дугаар:...) нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны жолоочоор ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн албан бичиг /1хх-ийн 65 дугаар тал/,

 

Гэрч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж нас барахынхаа өмнө нь бидэнд Г.О ийг “сэтгэцийн хувьд өөрчлөлттэй байж магадгүй” гэж хэлж байсан санагдаж байна. 2021 онд Г.О  нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ СЭМҮТ-д эмчид үзүүлсэн юм байна лээ. Тухайн эмч нь ар гэрээс нь хүн дуудаад би эмчтэй нь очиж уулзахад “ар гэрийнхэн нь өвчтэйг нь мэдэхгүй байна гэж байхгүй” гээд бид хэдийг буруутгаад байсан. Бид хэд сэтгэцийн өөрчлөлттэй гэж тухайн үед огт мэдээгүй байсан. Тэгээд эмнэлэгт хэвтээд гарснаас нь хойш өвчтэйг нь мэдээд аргаар аятайхан харьцаж эхэлсэн. Аав, ээжийг маань нас барсны дараа их хүнд байдалд орсон санагддаг. Г.О ийг одоо хаана ажилладаг, хаана, хэнтэй амьдардаг талаар нь огт мэдэхгүй байна. Биднээс холбоогоо бүр тасалсан. Бидэнд хаана амьдардаг, юу хийдэг талаараа огт хэлдэггүй байх. Уг нь уул уурхайн инженер мэргэжилтэй, өмнө нь ..., “...” ХХК-д ажиллаж байсан. БНХАУ-д магистрт сурахаасаа өмнө ажил хийдэг байсан, явж ирээд огт ажил хийгээгүй, найз нөхөд огт байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-85 дугаар тал/,

 

Гэрч Ц.Р ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  дүгээр байрны ... тоот хаягт Г.О гэж хүнд 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэл сарын 150,000 төгрөгөөр байр түрээсэлдэг, ганцаараа амьдардаг. Г.О  өөрийнхөө Хаан банкны данснаас миний Хаан банкны ... дугаарын данс руу төлбөрөө хийдэг. ...Уг хүн нь гайгүй, боловсролтой залуу. Гэхдээ хааяа Хятад гээд яриад байдаг. Дэнжийн 1000 тэр чигээрээ Хятад, дүүг нь Хятадууд манаад байна гэх мэтээр утсаар яриад даралт ихэсгээд байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95 дугаар тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 599 дугаартай: “...Г.О  нь Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.О ийн уг эмгэг нь 2021 оноос эхэлсэн байх боломжтой бөгөөд архаг явцтай, дотоод шалтгаантай эмчилгээний үр дүнд засрал сайжралд орох боломжтой эмгэг. Г.О  нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар султай байна. Г.О  нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган, зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.О  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Г.О  нь өвчний сэдрэлийн үед өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 101-105 дугаар тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 928 дугаартай: “...Г.О  нь тээврийн хэрэгсэл жолоодоход сэтгэцийн хувьд тэнцэх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Г.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-н Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сараар авах саналтай байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 113-118 дугаар тал/,

 

Гадаад харилцааны яамнаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 13/2778 дугаартай: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан ... нь тус ЭСЯ-ны захиргаа-техникийн ажилтан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд бүртгэж, ... дугаартай албан үнэмлэх олгосон болно. Захиргаа-техникийн ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ эрх ямба, дархан эрх эдэлдэг болохыг үүгээр мэдээлж байна...” гэсэн албан бичиг /1хх-ийн 127 дугаар тал/,

 

Авто тээврийн үндэсний төвөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 03/614 дугаартай: “...  улсын дугаар нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яамны “Mercedes Benz E350e” загварын тээврийн хэрэгсэл дээр бүртгэлтэй байна...” гэсэн албан бичиг /1хх-ийн 130 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 146-157 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.О ийн эзэмшлийн “Самсунг Галакси А16” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 160-167 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын нэгдэн орсон 1961 оны “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-оор улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх болон халдашгүй байх дархан эрхийн тухай хэлэлцэн тохиролцсон төдийгүй уг конвенцын 1 дүгээр зүйлийн (f) хэсэгт зааснаар “захиргаа-техникийн бүрэлдээхүүний гишүүд” буюу төлөөлөгчийн газрын захиргааны болон техникийн үйлчилгээг гүйцэтгэгч төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдэд нэгэн адил хамаарах зохицуулалттай.

Харин Монгол Улс нь “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-ын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх зорилго, зарчмыг зөрчсөн харилцааг дотоодын хууль тогтоомжоор зохицуулсан байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, дипломат элч, гадаад улсаас Монгол Улсад албан ёсны, ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл, Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан” үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хууль тогтоогчоос хуульчилсан.

Шүүгдэгч Г.О ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри Ла” төвийн гадна зогсоолд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тус Элчин сайдын яамны захиргаа-техникийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ...-ийн биед халдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тээврийн хэрэгсэлд халдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Гэвч шүүгдэгч нь Г.О  нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 599 дугаартай: “...Г.О  нь Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.О ийн уг эмгэг нь 2021 оноос эхэлсэн байх боломжтой бөгөөд архаг явцтай, дотоод шалтгаантай эмчилгээний үр дүнд засрал сайжралд орох боломжтой эмгэг. Г.О  нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар султай байна. Г.О  нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган, зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.О  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Г.О  нь өвчний сэдрэлийн үед өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 101-105 дугаар тал/,

Мөн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 928 дугаартай: “...Г.О  нь тээврийн хэрэгсэл жолоодоход сэтгэцийн хувьд тэнцэх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Г.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-н Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сараар авах саналтай байна...” гэх дүгнэлтүүдээр /1хх-ийн 113-118 дугаар тал/ нотлогдож байна.

 

Хоёр. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.О  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон төрийн далбаа руу нулимж, тээврийн хэрэгслийг гараараа цохисон, улмаар тус Элчин сайдын яамны захиргаа техникийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Хань Женийн биед халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ...-аас: “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй санал зөрүүтэй зүйл байна. Энэ хүнийг эрүүл хүн гэж үзэж байгаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө захирч чадах байсан. Хийсэн үйлдлээ ойлгож байсан. Хохирлын асуудал байхгүй...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булганаас: “...: Улсын яллагчийн саналыг дэмжсэн байр суурьтай байна. Энэ хүний биеийн эрүүл мэндийн байдал мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан. Улсын яллагчийн санал ирсэн тул прокурорын саналд дурдсан хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Б ээс: “...шүүгдэгч Г.О ийг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүний эрх зүйн дүгнэлттэй нийцэж байх тул няцаалт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж хуульчилсан.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 928 дугаартай дүгнэлтэд “...Г.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-н Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сараар авах саналтай байна...” гэх шүүгдэгчийг эмчлэх шаардлагатай хугацааны талаар дүгнэжээ.

Шүүхээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сарын хугацаагаар хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ... нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.2, 36.7, 36.10, 36.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон тээврийн хэрэгсэлд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.О д 6 /зургаа/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгасугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны  шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.