| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/04763/И |
| Дугаар | 184/ШШ2024/00721 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/00721
2024 02 05 184/ШШ2024/00721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь өөрийн барилгын үйл ажиллагаандаа бетон зуурмаг шаардлагатай болсон учир “******* ” ХХК-тай 1 м.куб зуурмагийн үнэ 260,000 төгрөгөөр худалдан авахаар нийт 56,000,000 төгрөгийг бетон зуурмаг худалдан авахаар тохиролцон төлбөрөө шилжүүлсэн. Гэтэл нийлүүлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нийт 101 м.куб буюу 26,260,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлж үлдэгдэл зуурмагийг нийлүүлэлгүй орхисон. Үүний дагуу хариуцагч талаас тодруулахад тээвэрлэгч автомашины замын нөхцөл байдлаас хамааран нийлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар хүсэлт гаргасан боловч 21,460,000 төгрөгийг буцаан өгөөд үлдэгдэл 8,580,000 төгрөгийг буцаан өгөөгүй. Иймээс хариуцагчаас буцааж өгөөгүй 8,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа үлдэгдэл зуурмаг болох асгасан зуурмагийг тооцсонгүй гэх утгатай тайлбар хэллээ. Манай зүгээс бодитоор 101 м.куб зуурмаг л хүлээн авсан. Энэ талаарх баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтуудын үнийн дүн 101 м.куб болно. Замын нөхцөл байдлын улмаас асгасан гэх бетон зуурмагийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэнэтийн аадар борооны улмаас энэ бетон зуурмагийг хүлээлгэн өгч чадаагүй гэж хэлсэн. Мөн бетон зуурмаг хүлээлцэх баримтын хамгийн доод хэсэгт худалдагч тал тээвэрлэлт буюу саадгүй хүлээлгэн өгөх нөхцөл байдлыг хариуцна, эвдрэл гэмтэл гарсны улмаас бетон зуурмаг өтгөрсөн болон бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч тал бүрэн хариуцна гэж тусгагдсан байна. Тэгэхээр нэхэмжлэгч болон хариуцагч компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу бетон зуурмагийг хүлээлгэн өгснөөр бетон зуурмагийг хүлээн авсанд тооцно. Иргэний хуульд зааснаар тээвэрлэлтийг худалдагч тал хариуцаж байгаа бол ердийн нөхцөлөөр эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр эд хөрөнгийг шилжүүлж өгсөнд тооцно гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан байдаг. Хариуцагч талаас тухайн асгарсан зуурмагийг хүлээлгэн өгсөн 101 м.куб бетон зуурмагийн талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас манайд хүлээлгэн өгөөгүй зуурмагийн үнээ нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тухайн асгарсан зуурмагийг хүлээлгэн өгсөнд тооцож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “******* ” ХХК нь бетон зуурмаг бэлтгэн нийлүүлдэг байгууллага юм. Энэ салбарт практик дээр бетон зуурмаг хүлээн авах байгууллага нь бетон зуурмаг тээвэрлэх зам буулгах талбайн чөлөөлөлт, орц гарцын нээлттэй байдал, хүлээн авах талбайн бэлэн байдал, бетон зуурмаг тээвэрлэж буй миксер машиныг саад учруулахгүйгээр цутгалт хийгдэх ажиллагаагаа бэлддэг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс бетон зуурмаг өтгөрөх, буцах асгах тохиолдолд хариуцлага зардлыг худалдан авагч буюу захиалагч тал хариуцдаг. Манай компани нь бетон зуурмагаа өөрийн болон түрээсийн машинаар зөөдөг. Манайх үйлдвэрээс бетон зуурмагаа гаргахын өмнө худалдан авагч талд мэдэгдэж замын чиглэл зургийг авдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зам асуудалгүй санаа зоволтгүй хайрга дэвсээд янзалсан зуурмагаа л гарга гэсний дагуу бетон зуурмагаа үйлдвэрлэж миксер машинуудад ачуулсан, манай зүгээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “ ”-ын гол гэх газар манайхаас 104 м.куб бетон зуурмаг бэлтгэн нийлүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 101 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэж хэлж байгаа боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн падаанд 104 м.куб гэж бичигдсэн байгаа. Тус гол гэх газарт зам харгуй хуурай байх үед 10 ш машин 104 м.куб бетон зуурмаг ямар ч саадгүй хүргэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дутуу нийлүүлсэн зуурмагийн мөнгө 8,580,000 төгрөг нэхэмжилж байгаа үнийн дүн нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлэх ёстой байсан сүүлийн 3 машин буюу №11 дэх ТӨВ улсын дугаартай жолоочтой автомашинаар 11,5 м.куб, №12 дах УЕО улсын дугаартай жолоочтой автомашинаар 12,6 м.куб, №3 дах УЕЦ улсын дугаартай жолоочтой автомашинаар 8 м.куб буюу 33 м.куб зуурмагийн үнэ юм. Тухайн өдөр хүрэх ёстой байсан газарт үдээс хойш 20 минутын турш аадар бороо гэнэт орсны улмаас замын хөрс зөөлөрч хүнд ачаатай машины шаварт тэнхлэгээ хүртэл шигдэж явах боломжгүй болж майти машинаар ч чирч гаргах боломжгүй болсон байсан. Манай зүгээс нэхэмжлэгч талын хүмүүсийг 20 гаруй минут хүлээж, аргагүйн эрхэнд зуурмагаа газарт асгаж оройны 11 цагаас өглөөний 07 цаг хүртэл манай компанийн 10 гаруй ажилчид жолооч нар чадлаараа ажиллаж тухайн машиныг троссоор татаж гаргасан. Нэхэмжлэгчид ковш машин 2 ширхэг байсан ч тухайн машиныг шавраас гаргах арга хэмжээ авахаас татгалзсан. Нэхэмжлэгч ******* нь сүүлийн 13 дах машин буюу н. жолоочтой машиныг харанхуйд гэрэл тусган өөрөө замчилж явсан. Мөн түүний араас дагаж явсан миксерийн машин дагаж шаварт суусан. Нэхэмжлэгчийн туслаагүй хайхрамжгүй үйлдлээс болж зуурмаг нь миксер машины тогоонд хатах, миксер машин эвдрэх эрсдэл үүсэж машин чичирч, торх нь гацаж зуурмагийн машины эргэлдүүлэгч редукторт доголдол үүсэх болсон учраас хүргэлтээ зогсоосон. Мөн үүссэн замын нөхцөлөөс болж бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлан, нийлүүлж чадаагүй бетон зуурмагийн төлбөрт 21,460,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн. Худалдан авагч тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг хангаж, худалдан борлуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрэн хангаж чадаагүй мөн гэнэтийн хүчин зүйл болох богино хэмжээний хүчтэй аадар борооны улмаас замын нөхцөл байдал муудаж, машин шаварт суун зуурмаг нийлүүлэх боломжгүй болсон зэргийг харгалзан газарт асгасан бетон зуурмагийн төлбөр болох 8,580,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгаль хамгаалагч Адъяасэд компанийн менежер н.Батмөнхтэй холбогдож, асгасан бетоноо нэн яаралтай ирж цэвэрлэх үүрэг даалгавар өгсний дагуу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Экологийн цагдаа болон Богд хан уулын дархан цаазат газрын ой хамгаалагч нар холбогдож Зөрчил гаргасан гэх үндэслэлээр 100,000, 100,000 төгрөгөөр нийт 200,000 төгрөгөөр Зөрчлийн хуулиар торгуулж, тухайн газарт замын ажил хийж байсан хүмүүстэй тохиролцон 1,000,000 төгрөгөөр молток, ковш, ховог түрээслэн газар асгасан бетоныг цэвэрлэж, эвдэрч цөмөрсөн замыг нөхөн сэргээсэн. Гэвч нэхэмжлэгч талд нялзааж хохирол нэхэмжлээгүйг анхаарч өгнө үү. Нэхэмжлэгч талаас 101 м.куб бетон зуурмаг авсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан 10 хуудас падаанд 104 м.куб гэсэн байгаа гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/ хавтаст хэргийн 1-2 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтаст хэргийн 3 дугаар тал/, итгэмжлэл/хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Бетон зуурмаг хүлээлцсэн баримт/хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 10 дугаар тал/, "Хаан банк" ХХК-ийн депозит дансны хуулга/хавтаст хэргийн 11-13 дугаар тал/ зэргийг,
Хариуцагч талаас хариу тайлбар/хавтаст хэргийн 25-26, 29-32 дугаар тал, итгэмжлэл/хавтаст хэргийн 19, 24, 33, 113 дугаар тал/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа/хавтаст хэргийн 27-28, 34-35 дүгээр тал/, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 38-50 дугаар тал/, Бетон зуурмаг хүлээлцсэн баримт/хавтаст хэргийн 51-62 дугаар тал/, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 65 дугаар тал/, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 66 дугаар тал/, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 67 дугаар тал/, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 68, 70 дугаар тал, “Хаан” банкны шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 69, 71 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 72-85 дугаар тал/, Цаг уур орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1059 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 86 дугаар тал/, “******* ” ХХК-ийн “ ”-т хүлээлгэн өгсөн бетон зуурмагийн тооцоо/хавтаст хэргийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулан өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ” ХХК-ид холбогдуудан бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээг цуцалсны улмаас дутуу шилжүүлсэн 8,580,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ******* нь өөрийн барилгад “******* ” ХХК-иас 1 м.кубыг нь 260,000 төгрөгөөр тооцон 56,000,000 төгрөгийн өртөг бүхий бетон зуурмагийг худалдан авахаар төлбөрийг шилжүүлсэн атал 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 101 м.куб буюу 26,260,000 төгрөгийн өртөг бүхий бетон зуурмагийг хүлээн авсан, гэвч тус гэрээ цуцлагдсан тул урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардахад хариуцагч тал 21,160,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 33 м.куб бетон зуурмагийн үнэ 8,580,000 төгрөгийг буцаан өгөөгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч тал “******* ” ХХК нь өөрийгөө бетон зуурмаг бэлтгэн нийлүүлдэг байгууллага гээд барилгын салбарын практикт бетон зуурмаг хүлээн авах байгууллага нь бетон зуурмаг тээвэрлэх зам, буулгах талбайгаа бэлдэх үүрэгтэй, хариуцагч талын зүгээс бетон зуурмагаа өөрийн болон түрээсийн машинаар зөөж тээвэрлэдэг, үйлдвэрээс гаргахын өмнө худалдан авагч талд мэдэгдэж замын чиглэл зургийг авч замаа бэлдсэн гэсний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “ ”-ын “ гол” гэх газар 104 м.куб бетон зуурмаг бэлтгэн нийлүүлсэн, нэхэмжлэгчийн зүгээс дутуу нийлүүлсэн зуурмагийн мөнгө болох 8,580,000 төгрөгийн үнийн дүн нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлэх ёстой байсан сүүлийн 3 автомашины буюу 33 м.куб бетон зуурмагийн үнэ бөгөөд тухайн өдөр бетон зуурмаг хүргэх газарт 20 минутын турш аадар бороо гэнэт орсны улмаас замын хөрс зөөлөрч хүнд ачаатай автомашинуудын дугуй шаварт тэнхлэгээ хүртэл шигдэж явах боломжгүй болсны улмаас майти машинаар ч чирч гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч, нэхэмжлэгч талын хүмүүсийг 20 гаруй минут хүлээж, аргагүйн эрхэнд шаварт суусан газартаа автомашинаа эвдэх болон бусад эрсдэлээс хамгаалж бетон зуурмагаа газарт асгаж оройны 11 цагаас өглөөний 07 цаг хүртэл ажиллаж автомашинаа шавраас татаж гаргасан, нэхэмжлэгчид хүнд даацын ковш машин 2 ширхэг байсан ч туслаагүй, тухайн үед нэхэмжлэгч өөрийн биеэр байлцан сүүлийн автомашиныг харанхуйд гэрэл тусган өөрөө замчилж байсан байдлыг мэдсэний үндсэн дээр түүний зөвшөөрлөөр бетон зуурмагийг газарт асгасан, уг газар асгасан зуурмагийг хатсаны дараа нь цэвэрлэж зайлуулахад их хэмжээний зардал гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах” гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй ч 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр амаар нэхэмжлэгчийн барьж буй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, гол гэх газарт баригдах “ ”-ын барилгад 338 м.куб хэмжээтэй М250 маркийн бетон зуурмагийг 1 м.куб-ийг 260,000 төгрөгөөр тооцон нийт 87,880,000 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч тал нийлүүлэхээр, төлбөрийг нэхэмжлэгч тал 56,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэх төлбөрт автомашин бартерт оруулан тооцож төлөхөөр тохиролцжээ.
Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл болох бетон зуурмагийн биет байдлын буюу эд хөрөнгийн доголдлын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч ******* Хаан банкны 5029563227 тоот дансаар дамжуулан 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг гэх байдлаар 4 удаагийн гүйлгээгээр хариуцагч талын гэх 5431263083 тоот дансанд нийт 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21,160,000 төгрөгийг мөн дансуудаар харилцан буцаалт хийж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог./ХХ11-13/
Зохигч талууд 338 м.куб хэмжээтэй М250 маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон ч хариуцагч тал 134 м.куб бетон зуурмагийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны үйлдвэрлэж нийлүүлсэн боловч тус худалдах худалдан авах гэрээг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цуцалсан болох нь тогтоогддог. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Нийлүүлсэн гэх 134 м.куб бетон зуурмагийг бүрэн нийлүүлсэн эсэх талаар талууд маргажээ.
Нэхэмжлэгч тал 101 м.куб бетон зуурмагийг л хүлээн авсан, хариуцагч тал бетон зуурмагийг тээвэрлэн хүргэх явцад замын нөхцөл байдлаас болж 33 м.куб бетон зуурмагийг газарт асгасан гэдэг.
Зохигч талууд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 101 м.куб бетон зуурмагийг хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан талаар маргаагүй.
Гэвч 13 ширхэг миксерийн автомашинууд дундаас мөн өдрийн үдээс хойш тээвэр хийсэн сүүлийн 3 миксер машинуудын ачиж явсан гэх №13 дугаартай, бетон зуурмаг хүлээлцсэн 0003401 дугаартай баримттай, УЕЦ улсын дугаартай жолооч миксэр машинд 8 м.куб, №12 дугаартай, бетон зуурмаг хүлээлцсэн 0003400 дугаартай баримттай, УЕО улсын дугаартай жолооч Г.ын ачиж явсан миксэр машинд 12,6 м.куб, №11 дугаартай, бетон зуурмаг хүлээлцсэн 0003399 дугаартай баримттай, УЕЦ улсын дугаартай жолооч Ч. ын ачиж явсан миксэр машинд 11,5 м.куб бетон зуурмагийг хүлээж авсан эсэх талаар маргадаг./ХХ-ийн 51-53 дугаар тал/
Хариуцагч “******* ” ХХК-ийн үйлдвэрээс дээрх жолооч нарт тус бетон зуурмагуудыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан ачиж явуулсан болох нь бетон зуурмаг хүлээлцсэн баримтаар тогтоогддог.
Гэвч тухайн өдөр хүрэх ёстой байсан газарт жолооч нар бетон зуурмаг хүргэхээс өмнө мөн өдрийн үдээс хойш 20 минутын турш аадар бороо гэнэт орсны улмаас замын хөрс зөөлөрч хүнд даацын бетон зуурмаг ачсан миксерийн машин шаварт тэнхлэгээ хүртэл шигдэж явах боломжгүй болж удсанаас бетон зуурмаг миксер машины тогоонд хатах, миксер машин эвдрэх эрсдэл үүсэх боломжтой, торх нь гацаж зуурмагийн машины эргэлдүүлэгч редукторт доголдол үүссэн учраас аргагүйн эрхэнд зуурмагаа газарт асгасан, нэхэмжлэгч ******* хүнд даацын автомашинуудтай боловч туслаагүй, өөрөө байлцаж замын нөхцөл байдлыг мэдэж асгахыг харсан, мөн нэхэмжлэгч тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тул хариуцахгүй гэж хариуцагч тал татгалзсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нийслэл хот орчмоор 11-30 минут орчим үргэлжилсэн 1-6 мм дуу цахилгаантай ширүүн аадар бороо, мөндөр орсон болох нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, мөн хариуцагч талаас гарган өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогддог.
Миксерийн 3 автомашинууд шаварт суусан болон гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсантай холбогдуулан 21,160,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэгч тал авсан, 33 м.куб бетон зуурмаг газарт асгасан гэх үйл баримтуудын талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал 33 м.куб бетон зуурмагийг хүлээн аваагүй, гэнэтийн байгалийн эрсдэлийг тээвэрлэгч тал бүрэн хариуцах тул нэхэмжлэл үндэслэлтэй, хүлээн аваагүй зуурмагийн үнийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан.
Гэвч маргаж буй бетон зуурмаг худалдан авагчид шилжихээс өмнө 33 м.куб хэмжээтэй 8,580,000/33*260,000/ төгрөгийн бетон зуурмаг устсан болох нь тогтоогдож байх тул худалдан авагч буюу *******т эрсдэл шилжээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлохоор заасан боловч зохигч талуудын хооронд бичгээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул хариуцагч талын татгалзал нотлогдоогүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл бетон зуурмагийг жолоочид хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид эрсдэл шилжихээр заажээ.
Хариуцагч “******* ” ХХК-ийн бетон зуурмаг хүлээлцсэн баримтанд дурдсанаар бетон зуурмагийг хүлээн авсан жолооч уг баримт буюу падаан дээр гарын үсэг зурснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, жолооч техникийн бүрэн бүтэн байдал, бетоны бүрэн бүтэн байдал зэргийг хариуцан заасан объектод хүргэх, хүргэсэн цагаа харуулаар тэмдэглүүлэх үүрэгтэй талаар жолооч нартай тохиролцжээ.
Иймд цаг уурын байдлаас бий болсон эрсдэлийг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэл тогтоогдоогүй төдийгүй Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь тухайн эд хөрөнгийн доголдолд хамаардаг, зохигч талууд нийлүүлсэн хөрөнгийн биет байдал, чанар доголдлын талаар маргаагүй тул хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
Хариуцагч тал жолооч нарт тээвэрлэлтийн хөлс төлсөн, бетон зуурмаг газарт асгасантай холбогдуулан торгуульд төлсөн гэх 200,000 төгрөг, хог тээврийн зардалд төлсөн гэх 1,000,000 төгрөг, Молток, Эксковатор автомашин хөлсөлсөн зардал гэх 1,200,000 төгрөгийн банкны гүйлгээний баримтууд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* ” ХХК-иас 8,580,000/56,000,000-21,160,000-/101*260,000// төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 152,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч “******* ” ХХК-иас 8,580,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “******* ” ХХК-иас 152,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***