Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/00940

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                02            20                                              184/ШШ2024/00940

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15.940.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/ШТЭҮД:*******/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оноос хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж, зээлийн гэрээ байгуулж эхэлсэн. 2016 оноос хойш зээлийн гэрээ хаагдаж дууссан процесс, үйл явдал байдаггүй. Учир нь хариуцагч нар зээлээ төлөөд үргэлжлүүлэн зээл авдаг байсан. *******, ******* нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,600,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэн авсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед цар тахал гарсан хүн нөхцөл байдлыг бодолцон зээлийн хүүгээ багасган үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Хариуцагч нар зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж байсан боловч үндсэн зээлээсээ төлж байгаагүй. Би зэлийн хүүг 10 хувиар тооцож биш 5 хувиар тооцон хариуцагч нараас өгсөн мөнгөнүүдийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш хариуцагч нарын зээлийн хүүд өгсөн мөнгийг хасаад үлдсэн мөнгийг нэхэмжилж байгаа болохоос биш миний зүгээс мөнгө илүү тооцоод нэхээд байгаа зүйл биш юм. Би хүүтэй мөнгө зээлдүүлсэн болохоор хариуцагч нараас зөвхөн зээлийн хүүг авч байсан. Миний зүгээс зээлийн гэрээгээ сунгах гээд 2 удаа хариуцагч нартай очиж уулзахад Н.Батжаргал, ******* нар нь хуучин гэрээгээрээ явж байя угаасаа зээлээ төлнө гэх мэтээр аргацаагаад гэрээ шинэчилж байгуулаагүй. Гэрээ шинэчлэх гэж 2 удаа очихдоо бичсэн гэрээгээ хэрэгт хавсарган өгсөн байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнд үндэслэн үлдсэн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан нэхэмжлэгчээс зээлэн авсан мөнгө нь гэрээ байгуулсан өдөр болон түүнээс хойш орж ирээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх” үүрэгтэй байдаг боловч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10,600,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагч нарт орж ирээгүй. Мөн нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх дансны хуулгаа гарган өгөөд зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл 2019 онд зээлийн үлдэгдэлтэй байсан, мөн зээлийн гэрээтэй байсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Хариуцагч нар нь 2016 оноос эхлэн нэхэмжлэгчтэй зээлийн харилцаатай байсан нь үнэн. Харин хариуцагч нар 2019 оноос эхлэн нэхэмжлэгчээс авсан мөнгөө тооцохоор 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 17,600,000 авсан. Энэ мөнгөнөөс өгсөн мөнгөө тооцохоор 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 17,110,000 төгрөгийг төлсөн байна. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангахгүй мөн нэхэмжлэгч өрийн хүүг 5 хувиар тооцон үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч бодитоор мөнгө зээлсэн, зээлдүүлсэн, хэдэн төгрөг буцаан өгсөн, мөн тооцоо нийлсэн талаарх баримт байхгүй, энэ баримтууд нь зөвхөн дансны хуулга л байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчээс авсан мөнгийг тооцохоор 17,600,000 төгрөг болж байна. Хариуцагч нар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө аваагүй. Хариуцагч нар хариу тайлбартаа нэхэмжлэгчээс авсан 17,600,000 төгрөгт нэхэмжлэлийн шаардлага болох 10,600,000 төгрөг орж байгаа гэж ойлгон хариу тайлбартаа энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн өрийг төлсөн талаараа тайлбарласан. Нэхэмжлэгч тайлбартаа хариуцагч нар зөвхөн зээлийн хүүг төлж байсан гэх боловч зээлийн хүүг тооцохын тулд албан ёсны гэрээ байгуулж хугацаа тохирч, албан ёсоор хүү бичигдсэнээрээ зээлийн хүүг авах эрхтэй болдог. Тийм болохоор 2019 онд байгуулсан гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч мөнгөө төл гэж шаардсаны дагуу хариуцагч нар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 17,110,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн дурдсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хариуцагч нар нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг 15,940,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа гэрээ байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 16,430,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна. Тэгэхээр өмнө төлсөн 17,110,000 төгрөг дээр 16,430,000 төгрөгийг нэмэхээр нийт 33,540,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байна. Энэ нийт төлсөн мөнгөнөөсөө нэхэмжлэгчээс авсан 17,600,000 төгрөгөө хасахаар 15,940,000 төгрөгийг нэхэмжлэгчид илүү төлсөн байна. Тиймээс нэхэмжлэгч М.Баярсууриас 15,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч нар нь 17,110,000 төгрөг төлчхөөд байхад ахин гэрээ байгуулан мөнгөө нэхэмжлээд байгаа нь ойлгомгүй байна. Нэхэмжлэгч ямар хуульд заасан эрхтэй болоод хариуцагч нараас 10, 20 хувийн өндөр хүү нэхэмжлээд байна вэ. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.3 дах хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрөл бүхий газар нь банк, санхүүгийн байгууллагууд байдаг. Хамгийн өндөр хүүтэй газар нь 1 сарын 4 хувийн хүүтэй байдаг. Гэтэл иргэд хоорондоо ийм байдлаар дур зоргоороо авирлан, мөнгө хүүлж болох нь гэсэн байдлаар бэлэн мөнгө өгсөн давуу байдлаа ашиглан хүссэн мөнгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас авсан мөнгөө хэд дахин нугалан авсан болох нь нотлох баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу 10,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна. Гэтэл зээлийн гэрээ бичгээр болон амаар байгуулагдаж болох боловч хүү шаардаж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасны дагуу бичгээр байгуулах хэрэгтэй байдаг. Энэ заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн байдаг. Нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхгүй байж 17,110,000 төгрөгийг хариуцагч нараас зээлийн хүүд тооцон авсан байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээнд хариуцагч нар нь хэдий гарын үсэг зурсан хэдий ч энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангахгүй буюу гэрээ хийснээс хойш ямар нэгэн байдлаар хариуцагч нарт мөнгө орж ирээгүй байна. Өмнө байгуулж байсан гэрээнүүдэд зээлийн хүү тооцсон талаар тусгагдсан байх боловч тухайн зээлүүд нь тэр ондоо төлөгдөөд дуусаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрүүн хэлсэнчлэн хариуцагч нар 10,600,000 төгрөг зээлэн авснаа хүлээн зөвшөөрөөд, зээлээ төлчихсөн гэсэн хариу тайлбар гаргаад байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг бол энэ 10,600,000 төгрөгийг аваагүй, нэг бол дарамт шахалтын улмаас илүү мөнгө төлсөн гээд 15,940,000 төгрөг нэхэмжлэх нь огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нартай байгуулсан гэрээ нь хугацаа тохиролцоогүй зөвхөн зээлийн хүүг тусгасан гэрээ байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээ шинэчилж, хугацаагаа тодорхой болгоё гээд очихоор хариуцагч нар нь гэрээгээ шинэчилдэггүй. Иймээс сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй буюу хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Хариуцагч нар эрүүл саруул хүмүүс байж ямар ч үндэслэлгүйгээр хүү нэхсэн болохоор нь 15,940,000 төгрөгийг илүү төлнө гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн хүүг хэдэн хувиас дээш байлгаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн хариуцагч нар нь өөрсдөө ирэн нэхэмжлэгчээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө зээлсэн. Түүнээс биш хүчээр мөнгө зээлэн 20 хувийн хүү нэхэж байгаагүй. Хариуцагч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хүү тогтоон тухайн мөнгийг зээлдүүлсэн болохоос биш би хүчээр зээлдүүлж, илүү хүү тооцон аваагүй. Мөн хариуцагч нар өөрсдөө хэдэн төгрөг яаж тохиролцон авснаа мэдсээр байж шүүх хуралдаанд ирээгүй, төлөөлөгч явуулсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцож зээлийн хүүг тогтоож болно гэж заасан байдаг. Үүний дагуу талууд харилцан тохиролцон хүү тохиролцон зээлийн гэрээг байгуулсан болохоос биш ямар нэг банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлээд дарамт шахалт үзүүлсний үндсэн дээр илүү мөнгө авсан зүйл байхгүй. Миний зүгээс дарамт шахалт үзүүлж байсан удаагүй. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэв. 

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага/1ХХ 1 дүгээр тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1ХХ 2-3 дугаар тал/, нэхэмжлэгч М.Баярсуурийн иргэний үнэмлэхийн хуулбар /1ХХ 4 дүгээр тал/, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой Зээлийн гэрээ/1ХХ 5 дугаар тал/, нэхэмжлэгчийн “Хаан банк” ХК дахь ******* тоот дугаартай дансны шилжүүлгийн баримт/1ХХ 6-9 дүгээр тал/, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн огноотой гэрээ/1ХХ 26 дугаар тал/, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээ”/1ХХ 222 дугаар тал/, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээ”/1ХХ 223 дугаар тал/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”/1ХХ 224 дүгээр тал/, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”/1ХХ 225 дугаар тал/, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”/1-ХХ-226 дугаар тал/, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагч *******, ******* нартай байгуулсан зээлийн төлөлтийн хүснэгт 2018 он/1ХХ 227 дугаар тал/, нэхэмжлэгч М.Баярсуурийн “Хаан банк” ХК дах ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1ХХ 228-247 дугаар тал/, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагч *******, ******* нартай байгуулсан зээлийн төлөлтийн хүснэгт 2022.9 сар/1ХХ 248 дугаар тал/, нэхэмжлэгч М.Баярсуурийн “Хаан банк” ХК дах ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1ХХ 249-2ХХ 198 дугаар тал/, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагч *******, ******* нартай байгуулсан зээлийн төлөлтийн хүснэгт 2019 он/2ХХ 199 дүгээр тал/, нэхэмжлэгч М.Баярсуурийн “Хаан банк” ХК дах ******* тоот дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/2ХХ 200-2ХХ 228 дугаар тал/ зэргийг,

Хариуцагч талаас: 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нараас ирүүлсэн хариу тайлбар/1ХХ 15 дугаар тал/, хариуцагч *******, Б.Эрдэнэбат нараас *******д олгосон итгэмжлэл/1ХХ 24 дүгээр тал/, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой хариуцагч *******аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага/1ХХ 113 дугаар тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ 114 дүгээр тал/, *******аас гарган өгсөн мөнгө төлсөн жагсаалт/1ХХ 115-117 дугаар тал/, хариуцагч *******ын “Хаан банк” ХК дах тоот дансны хуулга/1ХХ 118-204 дүгээр тал/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №2023/30А дугаартай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”/1ХХ 205-206 дугаар тал/, *******ын “Хаан банк” ХК дах тоот дансны дэлгэрэнгүй хуулга/2ХХ 236-3ХХ 50 дугаар тал/ *******ын “Хаан банк” ХК дах 5025175375 тоот дансны дэлгэрэнгүй хуулга/3ХХ 51-52 дугаар тал зэргийг,

Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр томилсон Шүүх шинжилгээний Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2386 дугаар шинжээчийн дүгнэлт/1ХХ 41-46 дугаар тал/, Шүүх шинжилгээний газарт харьцуулалт хийлгэхээр явуулсан загварууд/1ХХ 47-74 дүгээр тал/, Нэхэмжлэгч талын хүсэлтээр томилсон Шүүх шинжилгээний Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3181 дугаар шинжээчийн дүгнэлт/1ХХ 92-97 дугаар тал/, Шүүх шинжилгээний газарт харьцуулалт хийлгэхээр явуулсан загварууд/1ХХ 98-107 дугаар тал зэрэг нотлох баримтууд цугларсан.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрөхдөө нэхэмжлэгч талтай 2016 оноос эхлэн зээлийн харилцаатай байсан, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд заасан мөн өдөр 10,600,000 төгрөгийг олгоогүй, 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 17,600,000 төгрөгийг зээлдэн авсан боловч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө 17,110,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн, үүнээс хойш ямар нэгэн мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө 17,110,000 төгрөгийг, мөн өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 16,430,000 төгрөгийг, нийт 33,540,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үүнээс авсан 17,600,000 төгрөгийг хасан тооцоход 15,940,000 төгрөгийг нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр илүү төлсөн, нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлөөр эрхэлдэг хуулийн этгээд бус атал 10-20 хувийн хүүг иргэд хоорондоо тохиролцон мөнгө хүүлж болохгүй, авсан мөнгөө хэд дахин нугалан авсан, хүүг бичгээр тохиролцоогүй тул хүү авах эрхээ алдсан, хүүнд 17,110,000 төгрөгийг тооцон авсан нь хууль зөрчсөн, он ондоо зээл төлөгдөөд дууссан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа 10,600,000 төгрөгийг ав гэж дарамт шахалт үзүүлээгүй, илүү мөнгө төлсөн гэх 15,940,000 төгрөг үндэслэлгүй, хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн үүрэг зээлийн хүүгээ л төлж байсан, өөрсдөө 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө зээлсэн, илүү хүү тооцон аваагүй гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэх гэрээ” байгуулагдан 10,600,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй тохирсон хугацаандаа мөнгөө хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсон гэрээ хавтаст хэрэгт авагдсан./1ХХ 5 дугаар тал/

Хариуцагч тал уг 10,600,000 төгрөгийг нэхэмжлэгч тухайн өдөр тэдэнд шилжүүлэн өгөөгүй учраас зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон “Зээлийн гэх гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 3,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж аваад тохирсон хугацаандаа сар бүр хүү төлж, үндсэн мөнгийг буцааж өгснөөр зээлийн гэрээ дуусгавар болохоор тохиролцсон./1ХХ 224 дүгээр тал/

Мөн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон “Зээлийн гэх гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 9,000,000 төгрөгөө сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад мөн оны 9 сарын сүүлээр төлж дуусгах нөхцлөөр, хүүгээ сар бүр нь төлж байхаар, барьцаанд Старикс 49-85 УБЛ улсын дугаартай машинаа тавьж, мөнгөө өгч авч дууссанаар гэрээ дуусгавар болохоор тохиролцсон талаарх баримтууд авагдсан./1ХХ 222 дугаар тал/,

Нэхэмжлэгч *******т хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өнөөдрөөс эхлэн 1 сард 1,000,000 төгрөгөө өгч байхаар, хүү 8,000,000 төгрөгийг өгөхөө зөвшөөрч илэрхийлж байсан болох нь баримтаар тогтоогддог./1ХХ 26 дугаар тал/

Гэвч нэхэмжлэгч хариуцагч *******, ******* нартай байгуулсан гэх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн оноотой зээлийн гэрээний үндсэн үүргийн 10,600,000 төгрөгөөс үлдэх үндсэн зээл 7,500,000 төгрөгийн үлдэгдлийг гаргуулахыг хүссэн.

Уг зээлийг олгосон болохоо нотлохоор нэхэмжлэгч ******* өөрийн Хаан банкны ******* тоот данснаас *******ын мөн банкны тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаар банкны шилжүүлгийн баримт гарган өгдөг./1ХХ 6-9 дүгээр тал/

Хариуцагч тал мөн өдөр 10,600,000 төгрөгийн зээл олгоогүй, олгосон зээлийг буцаан төлсөн гэх татгалзлаа нотлохоор дансны хуулга гарган өгдөг ба нэхэмжлэгчээс 2019 онд 02 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000, 02 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000, 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000, 06 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000, 12 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000, 12 дугаар сарын 03-ны өдөр 1,600,000, 12 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000, 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000, 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг, 2019-2020 онд 17,600,000 төгрөг авсан талаар түүвэр хүснэгтээр гарган өгдөг.

Хариуцагч нар нэхэмжлэгчид 2018 онд 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 36 удаагийн гүйлгээгээр 19.171.000 төгрөг, 2019 онд 21 удаагийн гүйлгээгээр 15,640,000 төгрөг, 2020 онд 19 удаагийн гүйлгээгээр 4,520,000 төгрөг, 2021 онд 37 удаагийн гүйлгээгээр 7,350,000 төгрөг, 2022 онд 21 удаагийн гүйлгээгээр 5,200,000 төгрөг, 2023 онд 6 удаагийн гүйлгээгээр 830,000 төгрөг төлсөн, нийт 33,540,000 төгрөгийг төлсөн гэх жагсаалт дансны хуулгад үндэслэн гарган өгдөг./1хх 115-117, 3хх 54 дүгээр тал/

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан 2018 оноос хойш хариуцагч нарт олгож байсан гэх зээл, эргэн төлөлттэй холбогдуулан өөрийн дансны дэлгэрэнгүй хуулга, тооцооллыг хүснэгтээр гарган өгч 2018 онд 5,515,000/1,500,000+3,000,000+15,000+1,000,000/ төгрөгийг, 2019 онд 02 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000, 02 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000, 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000, 06 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000, 12 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000, 12 дугаар сарын 03-ны өдөр 1,600,000, 12 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000, 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг,  2020 онд 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт дансаар зээлдүүлсэн гэх дансны хуулга жагсаалт гарган өгсөн./1хх-227, 2хх-199, 2хх-161 дүгээр тал/

Зохигч талуудын тайлбар, зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой дансны хуулгад үндэслэсэн түүврээс үзвэл нэхэмжлэгч тал хариуцагч нарт 2018-2020 онд 23,115,000 төгрөг зээлдүүлж байсан, хариуцагч тал нэхэмжлэгчид 2018-2023 онд 33,540,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтүүдийг хийж байсан болох нь тогтоогдож байна./1хх 248, 2хх 44, 2хх 81, 2хх 161, 2хх 199 дүгээр тал/

Мөн зохигч талуудын тайлбараар тэд 2016 оноос зээлийн гэрээний харилцаатай байсан, хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээнээс үзэхэд сарын 15, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10, маргаан бүхий 2020 оны зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлөхөөр тохиролцож байсан болох нь тогтоогдсон.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэх гэрээгээр уг 10,600,000 төгрөгийг мөн өдөр олгоогүй болох нь тогтоогдов.

Гэвч хариуцагч нар мөн өдөр 10,600,000 төгрөгийг олгоогүй ч зээлийн үлдэгдэл төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрсөн, энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлсон гэж үзэхээр байна.

Хариуцагч тал 2016 оноос хойш зээлийн гэрээний харилцаатай байсан гэх боловч нэхэмжлэгч тал 2016-2018 оны зээлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх зохигчдын хооронд үүссэн 2016-2018 он хоорондох зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дүгнэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээхээр заасан тул зээлдэгч ******* өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахыг заасан.

Талууд зээлийн гэрээг хожим хүлээн зөвшөөрч бичгээр байгуулсан, тус бичгийн гэрээнүүдэд 10-15 хувийн хүү төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй.

Гэхдээ нэхэмжлэгч 10,600,000 төгрөгөөс хариуцагч талын зээлийн эргэн төлөлтүүдэд үндэслэн хүү, үндсэн зээлээс хасан тооцож, хүү шаардаагүй, зээлийн үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл гэх 7,500,000 төгрөгийг шаардсан.

Зээлийн хүүгийн хэмжээг тухайлан дор бүр тохиролцоогүй боловч 2016 оноос мөнгийг хүүтэй зээлж байсан гэх үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч сар бүр хүүг төлж, хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна.

Иймд хүүнд төлсөн гэх мөнгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах болон гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцнэ. Өөрөөр хэлбэл төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн, талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн шаардсан зээлийн үндсэн төлбөр 7,500,000 төгрөгийн үндсэн үүрэг биелэгдээгүй гэх үндсэн зээлийн үлдэгдлийн тооцоолол үндэслэлтэй байна.

Шүүхийн тооцооллоор хамгийн багадаа 2019 онд авсан 17,600,000 төгрөгийн хүүнд 1 сараар тооцоход 1,760,000 төгрөгийн хүүг 1 жилээр тооцоход 21,120,000 төгрөгийн, 2020 онд авсан 2,000,000 төгрөгийн хүүнд сараар тооцоход 200,000 төгрөгийн хүүг жилээр тооцоход 2,400,000 төгрөгийн хүүг 1 жилд шаардах эрх үүсэх боломжтой, хариуцагч талаас 2019 онд  15,640,000 төгрөг, 2020 онд 4,520,000 төгрөг, 2021 онд 7,350,000 төгрөг, 2022 онд 5,200,000 төгрөг, 2023 онд 830,000 төгрөг, нийт 33,540,000 төгрөгийг буцаан төлснийг нэхэмжлэгч тал үндсэн зээлээс 7,500,000/10,600,000-3,100,000/ үлдэгдэл тооцсоныг буруутгах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 10,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэж, 1 сард 1,060,000 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрснөөс хойш 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2,100,000 /300,000+300,000+300,000+100,000+100,000+50,000+300,000+300,000+100,000+250,000/ төгрөг, 2021 онд 7,350,000 төгрөг, 2022 онд 5,200,000 төгрөг, 2023 онд 830,000 төгрөг, нийт 15,480,000 төгрөгийг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 4 жилийн хугацаанд ашигласан нь үндсэн зээлээс хасах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 3,100,000 төгрөгийг хасан тооцсоныг шүүх буруутгах боломжгүй юм.

Зохигч талууд бичгээр хүү төлөхөөр тохиролцсон, хүүг үндсэн төлбөр төлөгдсөнөөр дуусгавар болгохоор, түүнчлэн хүүг хугацаатай тохиролцоогүй байх тул хариуцагч талын ашигласан хугацааны хүүг тооцон шаардах эрх бүхий этгээд бус гэх татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч талын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй, зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдсон, нотариатаар батлуулах болон бусад журмыг хуульд заагаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохигчийн хооронд үүрэг үүсээгүй, үүрэг хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Баярсууриас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15.940.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.4-т зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Баярсууриас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15.940.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээн, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Баярсууриас гарган өгсөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээ”, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой “зээлийн гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой “зээлийн гэрээ”-нд зээлдэгч тал гарын үсэг зураагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурдав./1ХХ 223, 225, 226 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******т холбогдох 15,950,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээн, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        ***