Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяндулаан овогт Гүрдоржийн Намхайцэрэнд холбогдох эрүүгийн 201710010153 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9-р багт оршин суудаг /Замын-Үүд сумын 3-р баг Болд төмөрийн 1-15 тоотод түр оршин суух/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баяндулаан овогт Гүрдоржийн Намхайцэрэн /ЛЕ93042210/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 284 ширхэг тарваганы арьсыг 21-86 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4-н дугуйнд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Намхайцэрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ах 2017 оны 02 дугаар сард Ариунболд гэх хүнээс 21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31521 маркийн автомашиныг худалдаж авсан ба уг машиныг би хүргэн ах Энхбаатараас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагийн орчимд гуйж урагшаа БНХАУ-ын Эрээн хот гараад ирье гээд түр авсан. Би 2016 оны 11 сард Улаанбаатар хотын Нарантуул ОУХТ-өөс нэрийг нь мэдэхгүй хүнээс нэг ширхэг тарваганы арьсыг 1,500 төгрөгөөр тооцож 284 ширхэг арьсыг 426,000 төгрөгөөр худалдан авч каргоны машинаар зөөж Замын-Үүд суманд авч ирэн хүргэн ах болох Оюунболдын Замын-Үүд сум 3-р баг Болд төмөрийн 1-15 тоот хашаанд байрлах байшингийх нь үүдний амбаарт хадгалж байгаад өчигдөр буюу 06 сарын 07-нд ахаас авсан машин болох 21-86 ДГА дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг тайлж ахынхаа үүдний амбаарт 4 дугуйндаа 284 ширхэг тарваганы арьсыг хуваан хийгээд гэрийн урдуур явсан том тэрэг гуйж байгаад 4 дугуйгаа хийлүүлсэн. Тэгээд би 4 дугуйндаа тарваганы арьс нуусан уг тээврийн хэрэгслийг жолоодон Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр хууль бусаар гаргаж ашиг олох зорилготой явж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Б.Батсэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АЗШНЦ-ын хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагдаагийн хэлтсээс ирсэн мэдээллийн дагуу Гаалийн Улсын байцаагч Энхтайваны хамт 21-86 ДГА улсын дугаартай авто машиныг шалгах даалгавар хүлээж авсан. Ингээд уг авто машиныг хил рүү орж ирэхэд эхлээд Гаалийн улсын байцаагч Энхтайван шалгаж үзээд авто машины дугуйнд эд зүйл байж болзошгүй гэсэн бөгөөд уг авто машиныг рентгенээр зургийг авахад ямар нэгэн зүйл байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан учраас авто машины дугуйг задалж үзэх шаардлага гарсан. Тухайн үед авто машины жолооч Г.Намхайцэрэнд дугуйг задлах ямар ч багаж байгаагүй учраас биржийн дэргэдэх дугуй засварын газарт аваачиж задалж үзэхэд 4 дугуйг бүгдийг задалж үзэхэд тарваганы арьсыг жижиглэж боогоод шар өнгийн скочоор боосон байдалтай зүйл илэрсэн бөгөөд авто машинд ачиж гаалийн агуулахад очиж бүх боодолтой зүйлийг задлаж тоолж хөндлөнгийн гэрч оролцуулан мөндөл, тарваганы арьсаар нь ялгахад мөндөл нь 128, тарваганы арьс нь 156 ширхэг ба нийт 284 ширхэг арьс байсан тул холбогдох арга хэмжээг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

-Гэрч Х.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АЗШНЦ-ын хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд зөрчилтэй тэмцэх албанд мэдээлэл ирсний дагуу 21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн авто машинд эхний ээлжинд биед үзлэг хийж улмаар нарийвчилсан үзлэгээр рентген тоног төхөөрөмжөөр оруулж үзэхэд яг тийм гэх зүйл мэдэгдэхгүй байсан. Тухайн үед жолоочийн аман мэдүүлгээр бол малын гүзээ байгаа гэдэг бөгөөд уг авто машины 4 дугуйг задалж гаргаж ирэн үзэхэд эхний 1 дугуйг задлахад тарваганы арьс гарч ирсэн, тэгээд бүх асуудлыг, холбогдох арга хэмжээг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, 

- Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэнд:

  1. Дээрхи 284 ширхэг тарваганы арьс нь Монгол Улсад мөрдөгдөж буй “Боловсруулаагүй арьс ширний техникийн ерөнхий шаардлага” арьс шир, үслэг түүхий эд, тарваганы арьс MNS 0054:2001 стандартыг хангаж байна.
  2. Мэдрэхүйн үзлэгээр Тарваганы арьс болох тогтоогдож байна.
  3. Тухайн арьсаар уг амьтны нас хүйсийг тогтоох боломжгүй.
  4. Одоогоор нэн ховор амьтны ангилалд ороогүй.
  5. Эдийн засгийн үнэлгээг гаргах боломжгүй.
  6. Уг тарваганы арьсыг боловсруулалт хийн ашиглах боломжтой.
  7. Үйлдвэрийн боловсруулалт хийн ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглана гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

- Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/

- Г.Намхайцэрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 53-54/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/,

- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 21-86 ДГА дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ  /хх-ийн 39-40/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 284 ширхэг тарваганы арьсыг Энхбаатарын эзэмшлийн 21-86 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4-н дугуйнд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 6-7/, гэрч Б.Батсэнгээгийн “...21-86 ДГА улсын дугаартай авто машиныг шалгах даалгавар хүлээж авсан... дугуй засварын газарт аваачиж задалж үзэхэд 4 дугуйг бүгдийг задалж үзэхэд тарваганы арьсыг жижиглэж боогоод шар өнгийн скочоор боосон байдалтай зүйл илэрсэн...” гэсэн, гэрч Х.Энхтайваны “...21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн авто машинд эхний ээлжинд биед үзлэг хийж улмаар нарийвчилсан үзлэгээр рентген тоног төхөөрөмжөөр оруулж үзэхэд яг тийм гэх зүйл мэдэгдэхгүй байсан... уг авто машины 4 дугуйг задалж гаргаж ирэн үзэхэд эхний 1 дугуйг задлахад тарваганы арьс гарч ирсэн...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Намхайцэрэнгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох учир ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 284 ширхэг тарваганы арьсийг худалдан борлуулж улсын орлогод оруулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор 21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, өмчлөгч Энхбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.  21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэл нь Энхбаатарын өмчлөлийн хөрөнгө болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч М.Арсланбаатар, М.Оюунцэцэг нарын мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогдсон болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяндулаан овогт Гүрдоржийн Намхайцэрэнг хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяндулаан овогт Гүрдоржийн Намхайцэрэнг зургаан зуун нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Намхайцэрэнд оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Намхайцэрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Намхайцэрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 284 ширхэг тарваганы арьсыг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Мөрдөн байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор 21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, 21-86 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Энхбаатарт буцаан олгосугай

8.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Намхайцэрэнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ