Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1601

 

МАГАДЛАЛ

 2019.09.02                                                Дугаар 1601

“Э.Э.Э.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Э.Э.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-д холбогдох,

          Гэрээний үүрэгт 40 376 793 төгрөг гаргуулах, фидуцийн гэрэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1180202 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Э.Э.Э” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Н.Б-той байгуулсан зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Зээлийн гэрээг байгуулсанаас хойш Н.Б нийт 2 099 999 төгрөг төлсөнөөс хойш дахин төлөлт хийгээгүй. Тиймээс хариуцагч Н.Б-оос үндсэн зээлийн үлдэгдэл 19 832 498 төгрөг, хүүнд 9 128 382 төгрөг, алданги 11 415 912 төгрөг, нийт 40 376 793.84 төгрөг гаргуулж, фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оноос В.Э-н жолоочоор ажиллаж байгаа. 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр В.Э надад “Э.Э.Э.Э ХХК-ийн захиралтай утсаар ярьсан. Мөнгө зээлэх гээд тохирчихлоо. Очоод мөнгө аваад ир” гээд М.Г бид хоёрыг явуулсан. Үүний дагуу “Э.Э.Э.Э” ХХК дээр очиход надаар 1180202 тоот зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулаад мөн фидуцын гэрээн дээр гарын үсэг зуруулаад машины гэрчилгээг “Э.Э.Э.Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд тэр өдөр “Э.Э.Э.Э” ХХК-иас 20 000 000 төгрөгийг В.Э “ахад аваачиж өгөөрэй” гээд өгсөн. Бид 2 тэр өдөртөө мөнгийг аваад В.Э-т мөнгийг аваачиж өгсөн. Тэрнээс биш Н.Б нь “Э.Э.Э.Э” ХХК-иас зээл хүсч, энэ компани миний хүсэлтийн дагуу зээл олгож, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байдаггүй. Харин “Э.Э.Э.Э” ХХК-иас зээлсэн 20 000 000 төгрөгөө В.Э ах 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны данснаас “Э.Э.Э.Э” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5722068962 тоот дансанд 20 500 000 төгрөг болгон зээл төлхөөр шилжүүлсэн боловч банкны гүйлгээ нь “Эн эн эф эс” ХХК гэж шилжүүлснээс болоод зээлийн төлөлт нь буцаагдаж В.Э ахын Худалдаа хөгжлийн банкны данс руу орсон байсан. Гэтэл надад зээл олгосон гэж худлаа хэлж, надаас 40 376 793 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Э.Э.Э.Э” ХХК-ийн зээлд В.Э 2 099 999 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд тухайн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн 16 дугаар талд авагдсан “2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 12 цаг 47 минут 53 секунтэд 999 999 төгрөгийг В.Э” гэсэн шилжүүлэг зэргээр нотлогдож байгаа. В.Э-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 452546128 тоот данснаас 20 500 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 07 минут 03 секунтэд “Э.Э.Э.Э” ХХК-ийн Хаан банкны 5722068962 тоот данс руу 20 500 000 төгрөгийн шилжүүлэг гэсэн Худалдаа хөгжлийн банкны баримтаар, В.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 452546128 тоот дансны хуулгаар нэр зөрсөн учраас В.Э ахын данс руу 20 500 000 төгрөг буцаж орсон баримтаар, тухайн өдөр надтай хамт “Э.Э.Э.Э” ХХК дээр очиж мөнгө авч В.Э-т аваачиж өгсөн Н.Г,. ”Э.Э.Э.Э” ХХК-тай тохирч мөнгө зээлж авсан В.Э нар мэдэж байгаа болно. Тиймээс “Э.Э.Э.Э” ХХК-ийн 40 376 793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийг фидуцын гэрээний үндсэн дээр барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Фидуцын гэрээний зүйл болох Тоёота Тундра маркийн 4465 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин надад байдаг бөгөөд би “Э.Э.Э.Э“ ХХК-тай хүчин төгөлдөр зээлийн гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй.

          Иймд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1180202 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ1180202 дугаар зээлийн гэрээн дээр Н.Б гарын үсгээ зурж байгуулсан. Иргэний хуулийн 41, 189 дүгээр зүйлд хүсэл зоригоо илэрхийлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан байгаа. Нэг талаас зээл авах хүсэлтээ манайд ирүүлсэн. Нөгөө талаас хүсэлтийг хүлээн аваад зээл олгосон байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн өдрийн кассын зарлагын баримтаар 20 000 000 төгрөгийг Н.Б-д бэлнээр шилжүүлсэн баримт байгаа. Зарлагын баримт дээр Н.Б мөнгийг бэлнээр авч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг бэлнээр олгосноор зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Э 20 000 000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин зээлийг Н.Б аваагүй. В.Э нь Э.Э.Э.Э ХХК-тай өмнө нь өр зээл авч өөрийн 2 машинаа тавьж байсан асуудал байдаг. Мөн банкны дансны хуулгуудыг харсан ч зээлийн эргэн төлөлтүүдийг В.Э-ийн данснаас хийгдэж, Н.Б ийн данснаас хийгдэж байгаагүй. В.Э нь “Э.Э.Э.Э” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгчийн 40 376 793 төгрөгийг Н.Б-оос нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 40 376 793 төгрөг төлөх зээлийн гэрээний нийт үүрэгт тоёото тундр маркийн 44-65 УНҮ дугаарын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч “Э.Э.Э.Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Н.Б-д даалгаж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Э.Э.Э ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 02 сарын 15-ны өдрийн №ЗГ-1180202 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Н.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200, 359 840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь тал бүрээс үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар тогтоож, няцаасан байдаг. Мөн хариуцагч Н.Б 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр В.Э-г асуулгах тухай хүсэлт гаргасан шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэн хангаагүй тул В.Э-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Гуравдагч этгээд В.Э нь “Э.Э.Э.Э” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан зээлээ эргүүлэн төлж байгаа нь В.Э-н Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлээс 999 999 төгрөг төлсөн баримт, дараах баримтаар тогтоогддог. Шүүх дээрх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг нэг талаас нэхэмжлэгч “Эм Эн Эф Эф ХХК, нөгөө талаас хариуцагч Н.Б нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, зээлийн мөнгийг харицагч Н.Б өөрөө хүлээн авч баримтад гарын үсэг зурсан нь дээр дурдсан гэрээнүүд кассын орлогын ордер баримтаар тогтоогдож байгаа гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ “Э.Э.Э.Э ХХК-тай В.Э зээл авахаар тохиролцоод Н.Г бид хоёрыг очоод мөнгө аваад ир гээд явуулсан би очоод гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан баримтанд бас гарын үсэг зураад 20 000 000 төгрөгийг бэлнээр В.Э ахад авчирч өгсөн” гэдэг. Гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан баримтан дээр гарын үсэг зурсан талаар маргадагүй, харин би зээл аваагүй гэж маргадаг.

Гуравдагч этгээд В.Э-ийн ”би зээл авсан. Өөрийн жолооч Н.Б-г очоод аваад ир гэж явуулсан Н.Б зээл аваагүй” гэх тайлбар, гэрч Н.Г-н мэдүүлэг, гуравдагч этгээд В.Э-ийн дансны хуулга зэрэг баримтууд Н.Бийг зээл аваагүй гэдгийг тогтоодог. Зохигч талууд сайн дурын үндсэн дээр хэлцлүүдийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн. В.Э нь хариуцагч Н.Б-г очоод мөнгө аваад ир гэж явуулсан. Н.Б очоод В.Э ах явууллаа гэж хэлээд мөнгө аваад гэрээн болон мөнгө хүлээн авч байгаа учраас гарын үсэг зурсан тэрнээс биш Н.Б нь зээл авах хүсэл зоригоо хангалттай илэрхийлээд зээл аваагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Э-н шүүхэд гаргасан шаардлага, нэхэмжлэгч “Э.Э.Э.Э” ХХК-д 20 500 000 төгрөгийг шилжүүлсэн банкны дансны хуулгыг нотлох баримтаар эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э.Э.Э.Э” ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 40 376 793 төгрөг гаргуулах, фидуцийн гэрэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1180202 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ-1180202 тоот зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №ФГ-1180202 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулан, 20 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд 44-65 УНҮ дугаартай тоёото тундр маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Уг гэрээнд талууд харилцан хүлээх эрх үүргийн талаар зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ тус тус байгуулагдсан болно.

Нэгэнт хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангасан гэрээ байх тул хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.7 дахь хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, алдангийн хамт гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “дээрх зээлийг би хүлээн авсан, хариуцагч нь миний жолооч тул авахуулахаар явуулсан” гэсэн тайлбар гаргасан байх боловч тухайн үйл баримтыг нотлох баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд нь хариуцагч өөрөө байх тул гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 359 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

            ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ