Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/00776

 

 

 

 

 

 

 

 

2024 02 21

182/ШШ2024/00776

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт Т.Х /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17 173 539.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч Т.******* нар нь ******* банктай 2018.08.07-ны өдөр ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 13 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувь, сарын 1,9 хувийн хүүтэйгээр 48 сар буюу 4 жилийн хугацаатайгаар цалингийн зээл авсан. Энэ гэрээний барьцаа хөрөнгөөр ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Банкны зүгээс зээлдэгч нар зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрсэн учраас 2022 оноос эхэлж шүүхэд хандаад явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нар хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл удаа дараа буцаагдаж байсан. Сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулснаар хамтран зээлдэгч Т.*******ын оршин суух хаяг тодорхой болсон бөгөөд зээлдэгч ******* нь Монгол улсын хилээр гарч явсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Цагдаагийн газрын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж зэргээр нотлогдсон.

 

******* банкнаас зээлдэгч Т.*******ын шинэ хаягаар нь 2023.09.22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээлд 9 022 579 төгрөг, зээлийн хүүд 7 382 380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 768 580 төгрөг, нийт 17 173 539 төгрөг нэхэмжилсэн. Тухайн зээл нь 1268 хоног хугацаа хэтэрсэн. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2018 оны 08 дугаар сараас хойш буюу 5 жилийн хугацаанд нийт 8 269 963 төгрөгийг төлсөн байдаг. Үүнийг задалж хэлбэл, үндсэн зээл 13 000 000 төгрөгөөс 3 977 420 төгрөг төлж, 9 022 579 төгрөг үлдсэн. Энэ хугацаанд зээлийн хуримтлагдсан хүү нь 11 658 347 төгрөг байснаас 4 275 967 төгрөг төлж, үлдэгдэл нь 7 382 380 төгрөг болсон. Нэмэгдүүлсэн хүүд 785 155.17 төгрөг тооцогдож, 16 575 төгрөг төлж, 768 580 төгрөг төлөгдөөгүй байна. Бид зээлийн төлбөрт нийт 17 173 539 төгрөг нэхэмжилснээс одоо хариуцагч Т.*******ын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлдөг нөхцөл байдлыг харгалзан 2 445 288 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 14 728 251 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч Т.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкны хамтран зээлдэгчээр 17 173 539 төгрөг төлүүлэх хүсэлт байсныг миний бие төлөхгүй, татгалзаж байна. Учир нь би өөрөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөнгө төлөх шийдвэр гарч, бүх дансаа хаалгуулсан. Мөн би ******* банкнаас зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, найз гээд ******* байнга залгаад гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. ******* нь миний ах дүү, хамаатан садан биш учраас би төлөхгүй гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, *******, Т.******* нар болон ******* банк ХХК-ийн хооронд 2018.08.07-ны өдөр байгуулсан ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022.05.23-ны өдрийн 901 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.13-ны өдрийн 809 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.26-ны өдрийн 1590 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн 2023.07.03-ны өдрийн 44/2-1235 тоот албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2023.06.23-ны өдрийн 2-4в/3622 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 23432201001844 тоот Т.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зээлийн дансны хуулга /хх-ийн 5-20/ зэргийг нотлох баримтаар гаргаж, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 17 173 539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээс 2 445 288 төгрөгийн шаардлагаас татгалзсан байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 14 728 251 төгрөгийн шаардлагыг ханган, 2 445 288 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч банк нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээл төлөхийг удаа шаардсан боловч 8 269 963 төгрөг төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацааг 1268 хоногоор хэтрүүлсэн тул үндсэн зээлд 9 022 579 төгрөг, зээлийн хүүд 7 382 380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 768 580 төгрөг, нийт 17 173 539 төгрөг нэхэмжилснээс 2 445 288 төгрөгийн шаардлагыг татгалзаж, үлдэх 8 269 963 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.3.-т зааснаар төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч Т.******* нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, ******* банкнаас *******ын зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, найз гээд ******* байнга залгаад гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. ******* нь миний ах дүү, хамаатан садан биш учраас би төлөхгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу миний бүх данс хаагдсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан, зохигчдоос гаргасан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

3.1. Нэхэмжлэгч ******* банк ХХК болон хариуцагч Т.*******, иргэн ******* нар харилцан тохиролцон 13 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн, сарын 1,9 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж, 2018.08.07-нд ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас 2018.08.18-нд зээлдэгч *******ын зээлийн дансанд 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

3.2. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1./ заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

3.3. 2018.08.07-ны өдрийн ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний 2.1.1-д Зээлийн жилийн хүү: 22,8 хувь... гэж, 2.9-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ...төлөхөөр талууд харилцан тохиролцов... гэж тус тус заасан бөгөөд зээлдэгч нар 2018.08.18-наас 2022.02.17-ныг хүртэл хугацаанд үндсэн зээлд 35 удаагийн төлөлтөөр 3 977 420 төгрөг, зээлийн хүүд 45 удаагийн төлөлтөөр 4 275 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 575 төгрөгийг тус тус төлсөн байна.

Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ******* банк ХХК дахь зээлдэгч нарын 1105146005 тоот дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргээр нотлогдсон.

 

4. Талуудын хооронд байгуулсан ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний 1.1-д Энэхүү зээлийн гэрээг нэг талаас ******* банк /цаашид банк гэх/, нөгөө талаас Эрдэнэ овогтой Бадамханд...******* овогтой *******.../цаашид зээлдэгч гэх/... нар /хамтад нь талууд гэх/...энэхүү гэрээнд заасан нөхцөл болзлоор хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр байгуулсан болно гэж, Гэрээ байгуулсан гэсэн хэсэгт: Зээлдэгчийг төлөөлж *******...хамтран зээлдэгчийг төлөөлж Т.*******... гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгчид нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ, 242.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* банк ХК нь ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний үүргийн биелэгдээгүй төлбөрийг зээлдэгч буюу хариуцагч Т.*******аас бүхэлд нь шаардсан нь хууль зөрчөөгүйн гадна гэрээний талууд зээлдэгч Т.*******ын гүйцэтгэх үүргийг гэрээнд тухайлан зааж тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч Т.*******ын ...*******ын зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, ...******* нь миний ах дүү, хамаатан садан биш учраас би төлөхгүй... шүүхийн шийдвэрийн дагуу миний бүх данс хаагдсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй болно.

 

5. Нэхэмжлэгч ******* банк ХК нь ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний дагуу 2018.08.08-нд зээлдэгчийн ******* тоот дансанд зээл олгосноос эхлэн 2022.08.07-ныг хүртэл буюу гэрээний хугацаанд зээл 13 000 000 төгрөгийн зээлийг сард 1,9 хувь, жилийн 22,8 хувиар, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгч нарын зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцоход зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нараас зээлд 13 000 000 төгрөг төлөхөөс 3 977 420.90 төгрөг төлсөн байна.

Тус гэрээний 2.3-т заасны дагуу зээлийн үнэ болох зээлийн хүүд энэ хугацаанд 9 364 486.99 төгрөг хуримтлагдан тооцогдсоноос зээлдэгч нар 4 275 968.48 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад 5 088 519.48 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй үлджээ.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022.08.07-ноос 2023.09.22-ныг хүртэл хугацаанд зээлдэгч нар зээлийн төлбөрт ямар нэгэн төлөлт хийгээгүй зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний 2.2-т ...төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө гэж заасны дагуу зээлийн үлдэгдэл болох 9 022 579.10 төгрөгийн 427 хоногийн хэтэрсэн хугацааны хүүд 2 293 860.94 төгрөгийн тооцогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугар зүйлийн 453.1.-д тус тус зааснаар зээлдэгч Т.*******, ******* нар 2023.09.22-ны өдрийн байдлаар зээлд 13 000 000 төгрөг төлөхөөс 3 977 420.90 төгрөг төлж 9 022 579.10 төгрөгийн, зээлийн хүүд 9 364 486.99 төгрөг төлөхөөс 4 275 968.48 төгрөгийг төлж 5 088 519.48 төгрөг, дээрх хуулийн заалт болон 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү...төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү...төлнө / 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3./ гэж тус тус заасны дагуу 2022.08.07-ноос 2023.09.22-ныг хүртэл хэтэрсэн хугацааны хүүд 2 293 860.94 төгрөг буюу нийт зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүд 11 658 347.93 төгрөг төлөхөөс 4 275 967.48 төгрөгийг төлж, 7 382 380.45 төгрөгийн үүрэгтэй үлдсэн байна.

 

6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар болон ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний 2.9-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн... зээлийн...хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ...төлөхөөр талууд харилцан тохиролцов... гэж заасны дагуу зээлдэг нар зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөлгүй 427 хоног хугацааг хэтрүүлсэн нь нотлогдсон байх тул гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 785 155.17 төгрөг тооцогдсоноос 16 575.17 төгрөг төлснийг хасч 768 580 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хууль, гэрээний заалттай нийцсэн гэж үзнэ.

 

7. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд байгуулсан ЗГ1105146005 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж байсан нь нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1., 240 дүгээр зүйлийн 240.1.-д заасан үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй байна.

 

8. Хэрэгт авагдсан, Т.*******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023.11.16-ны өдрийн 16170319/23 дугаартай Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 20214.01.30-ны өдрийн Т.*******аас ******* банк ХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.3.-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

9. Хариуцагч Т.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023.02.21-ний өдрийн 182/ШЗ2024/03489 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

10. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Т.*******аас 2018.08.07-ны өдрийн ЗГ1105146005 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ-ний үүрэгт нийт 14 728 251 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс 2 445 288 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч банк татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 231 591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт 14 728 251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК нь 2 445 288 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 231 591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА