Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2024/00069/И |
Дугаар | 129/ШШ2024/00130 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 129/ШШ2024/00130
129/ШШ2024/00130 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух И овгийн Ж.Б
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн Ж.Н
Нэхэмжлэлийн шаардлага: 7,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б
Хариуцагч Ж.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан 7,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би лангуу түрээслэж ажиллуулдаг. Ж.Н-г өөрийнхөө Хасу худалдааны төвд ажиллуулдаг байсан контейнерт 2023 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн худалдагчаар сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар болсон. Ж.Н-г ажиллаж эхэлснээс хойш анх 2023 оны 4 сарын 30-нд бараагаа тоолоход 2,000,000 шахуу төгрөг, 2023 оны 5 сарын 30-нд тоолоход 2,000,000 төгрөг, 2023 оны 6 сард 2,000,000 төгрөг дутсан байсан. Ж.Н-с мөнгө дутаасан талаар асуухад би хүнд өртэй байсан учраас өрөндөө бараа өгсөн, цалингаасаа суутгуулчихна, орлого оруулахын тулд хүнд зээлээр бараа өгсөн гэж тайлбарлаж байсан. Ж.Н 5 сарын хугацаанд ажилласан бөгөөд түүнд 4,000,000 төгрөгийн цалин өгсөн. 9 сард Ж.Н ах нь самарт явлаа гэхэд нь тоолоход 4,500,000 төгрөг дутсан. Самраас ирээд төлнө гээд явсан боловч төлөөгүй. Ж.Н-н хүлээн зөвшөөрсөн дутагдуулсан барааны үнэ 7,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмээлийн тухайд Ж.Н хоёр эмээл зарна гэхээр нь би гэрт нь очиход том хүний, хүүхдийн эмээл байсан. Ж.Н 10 сард хүүхдийн хурим болно, тэр үед өгчих гэхээр нь би худалдаж авах зорилгоор 2023 оны 7 сард нэг эмээлийг нь авсан. Тухайн үед 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Ж.Н-тэй тохироогүй. Би эмээл авахдаа завхай нь мөнгө мөн эсэхийг нь шалгуулна, үүний дараа мөнгөө өгөлцөж авалцана гэдгийг Ж.Н-д хэлж байсан. Бараа зарсан хүмүүс барааны мөнгө өгөөгүй гээд миний зургийг . фэйсбүүк группт тавьсан. Уг зургийг устгуулахын тулд би Ж.Н-н эмээлийг ломбарданд тавьж хагас төлбөрийг нь хийж зургаа устгуулсан. Дутаасан барааны үнэ 7,200,000 төгрөгөөс эмээлийн 5,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй. Учир нь эмээлийг нь би хэрэглээгүй, эмээлийнх нь завхай жинхэнэ мөнгө байгаагүй, зарим нь пойлоос байна гэж ломбарданд өгөхөд хэлсэн. Эмээлийг Ж.Н-д буцааж өгнө. Ж.Н 10 сарын 20-нд самраас ирээд “би мөнгийг нь төлчих юм чинь 1 сар ломбардад тавиад мөнгө нэхээд байгаа хүмүүст мөнгийг нь өгчих” гэж хэлсэн учраас би эмээлийг нь ломбардад тавьсан юм. Тийм учраас ломбардны хүүг хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Ж.Н нь . гэх барааны хүмүүст 1,530,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс би 530,000 төгрөгийг 7,200,000 төгрөгөөс хасна. 1,000,000 төгрөгийг нь ломбардны хүүнд тооцож авна. Буйдангийн тухайд Ж.Н нь надтай харилцан тохиролцож хүүгийнхээ хуримыг хийх гэж байгаа, танай буйданг байрандаа аваачаад тавьчихъя, 2023 оны 11 сарын цалингаас мөнгийг нь өгчихнө гэж хэлээд аваад явсан. Ж.Н 11 сард ажиллавал цалин 800,000 төгрөгөөс буйдангийн үнийг хасуулж тооцуулахаар харилцан тохиролцсон. Одоо буйданг 400,000 төгрөгөөр үнэлж байна. Буйданг Ж.Н-с буцааж авахгүй. Учир нь Ж.Н хүүхдийнхээ хуримаар хэрэглэчихсэн. Ж.Н сарын цалингаасаа үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн боловч огт төлбөр хийгээгүй. Ж.Н дутаасан мөнгөө өгөхгүй гэж хэлдэггүй, өгнө л гэдэг. Дутагдуулсан барааны мөнгө 7,200,000 төгрөгөөс хүмүүст өгсөн 530,000 төгрөгийг хасна. Үүн дээр буйдангийн үнэ 400,000 төгрөгийг нэмж, нийт 7,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Б-н контейнерт барааг нь зарж сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. 7,200,000 төгрөгийн барааны төлбөр байгаа гэдэгтэй маргахгүй. Цалингаасаа суутгуулж бараа авч байсан нь үнэн. Ж.Б 5,000,000 төгрөгөөр надаас 14 мөнгөн завхайтай, цоохор дөрөөтэй эмээл авсан. Үүний мөнгийг би аваагүй. Би эмээлээ ломбарданд тавьчих гэж Ж.Б-д хэлээгүй учраас би ломбардны хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. 7,200,000 төгрөгийн төлбөрөөс эмээлийн үнэ 5,000,000 төгрөгийг хасахад 2,200,000 төгрөгийн төлбөр үлдэж байгаа. . гэдэг хүний данс руу нийт 1,530,000 төгрөгийг Ж.Б-н өмнөөс шилжүүлсэн. 2,200,000 төгрөгөөс энэ 1,530,000 төгрөгийг хасахад одоо 670,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа. Үүнийг төлнө. Нөхөр нь хотоос буйдан явуулахад тавих газар байхгүй байна, үүнийг авчих гэж Ж.Б хэлсэн. Гэрт нь засвар хийж байсан хүмүүс ч хүртэл энэ буйданг аваадах гээд байсан учир тэр буйданг гэртээ авчирсан. Тухайн үед буйдангийн төлбөрт 500,000 төгрөг өгчих гэж байсан. Уг буйдан хуучирч муудсан, манайд байгаа учраас Ж.Б-д буцааж өгнө. Нэхэмжлэгч Ж.Б уг буйданг худалдсан эсхүл авах цалинд суутгасан эсэх нь тодорхойгүй, хэрхэн яаж шилжүүлж өгсөн нь тодорхойгүй учраас маргаан бүхий буйдангийн асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөр 670,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Нэхэмжлэгчээс:
- Ж.Н-н бичсэн баримт
- Ж.Н, Ж.Б нарын харилцан тохиролцож гарын үсэг зурсан баримт
- Ж.Б, . барьцаат зээлийн газрын байгуулсан 12049 дүгээр зээлийн гэрээ
- . барьцаат зээлийн газрын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн тодорхойлолт
- тооцооны дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас:
- Буйдан болон эмээлийн гэрэл зураг
- мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч, шүүх хуралдаанд 7,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Ж.Н-г өөрийнхөө Хасу худалдааны төвд ажиллуулдаг байсан контейнерт 2023 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн худалдагчаар сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар болсон. Ж.Н 5 сарын хугацаанд ажилласан бөгөөд түүнд 4,000,000 төгрөгийн цалин өгсөн. Ж.Н ах 7,200,000 төгрөгийн бараа дутаасан. Самраас ирээд төлнө гээд явсан боловч төлөөгүй. Эмээлийн тухайд Ж.Н хоёр эмээл зарна гэхээр нь би гэрт нь очиход том хүний, хүүхдийн эмээл байсан. Ж.Н 10 сард хүүхдийн хурим болно, тэр үед өгчих гэхээр нь би худалдаж авах зорилгоор 2023 оны 7 сард нэг эмээлийг нь авсан. Тухайн үед 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Ж.Н-тэй тохироогүй. Би эмээл авахдаа завхай нь мөнгө мөн эсэхийг нь шалгуулна, үүний дараа мөнгөө өгөлцөж авалцана гэдгийг Ж.Н-д хэлж байсан. Бараа зарсан хүмүүс барааны мөнгө өгөөгүй гээд миний зургийг . фэйсбүүк группт тавьсан. Уг зургийг устгуулахын тулд би Ж.Н-н эмээлийг ломбардад тавьж хагас төлбөрийг нь хийж зургаа устгуулсан. Дутаасан барааны үнэ 7,200,000 төгрөгөөс эмээлийн 5,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй. Учир нь эмээлийг нь би хэрэглээгүй, эмээлийнх нь завхай жинхэнэ мөнгө байгаагүй, зарим нь пойлоос байна гэж ломбарданд өгөхөд хэлсэн. Эмээлийг Ж.Н-д буцааж өгнө. Ж.Н 10 сарын 20-нд самраас ирээд “би мөнгийг нь төлчих юм чинь 1 сар ломбардад тавиад мөнгө нэхээд байгаа хүмүүст мөнгийг нь өгчих” гэж хэлсэн учраас би эмээлийг нь ломбардад тавьсан юм. Тийм учраас ломбардны хүүг хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Ж.Н нь . гэх барааны хүмүүст 1,530,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс би 530,000 төгрөгийг 7,200,000 төгрөгөөс хасна. 1,000,000 төгрөгийг нь ломбардны хүүнд тооцож авна. Буйдангийн тухайд Ж.Н нь надтай харилцан тохиролцож хүүгийнхээ хуримыг хийх гэж байгаа танай буйданг байрандаа аваачаад тавьчихъя, 2023 оны 11 сарын цалингаас мөнгийг нь өгчихнө гэж хэлээд аваад явсан. Энэ мөнгийг өгөөгүй. Одоо буйданг 400,000 төгрөгөөр үнэлж байна. Буйданг Ж.Н-с буцааж авахгүй. Дутагдуулсан барааны мөнгө 7,200,000 төгрөгөөс хүмүүст өгсөн 530,000 төгрөгийг хасна. Үүн дээр буйдангийн үнэ 400,000 төгрөгийг нэмж, нийт 7,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Би Ж.Б-н контейнерт барааг нь зарж сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. 7,200,000 төгрөгийн барааны төлбөр байгаа гэдэгтэй маргахгүй. Ж.Б 5,000,000 төгрөгөөр надаас 14 мөнгөн завхайтай, цоохор дөрөөтэй эмээл авсан. Би эмээлээ ломбардад тавьчих гэж Ж.Б-д хэлээгүй учраас ломбардны хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Ж.Б 7,200,000 төгрөгийн төлбөрөөс эмээлийн үнэ 5,000,000 төгрөгийг хасахад 2,200,000 төгрөгийн төлбөр үлдэж байгаа. . гэдэг хүний данс руу нийт 1,530,000 төгрөгийг Ж.Б-н өмнөөс шилжүүлсэн. 2,200,000 төгрөгөөс энэ 1,530,000 төгрөгийг хасахад одоо 670,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа. Үүнийг төлнө. Нөхөр нь хотоос буйдан явуулахад тавих газар байхгүй байна, үүнийг авчих гэж Ж.Б хэлсэн. Гэрт нь засвар хийж байсан хүмүүс ч хүртэл энэ буйданг аваадах гээд байсан учир тэр буйданг гэртээ авчирсан. Тухайн үед буйдангийн төлбөрт 500,000 төгрөг өгчих гэж байсан. Уг буйдан хуучирч муудсан, манайд байгаа учраас Ж.Б-д буцааж өгнө. Үлдэгдэл төлбөр 670,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ж.Н-н бичсэн баримт, Ж.Н, Ж.Б нарын харилцан тохиролцож гарын үсэг зурсан баримт, Ж.Б, . барьцаат зээлийн газрын байгуулсан 12049 дүгээр зээлийн гэрээ, . барьцаат зээлийн газрын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн тодорхойлолт, тооцооны дэвтэр, буйдан, эмээлийн гэрэл зураг, мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ж.Н-с нийт дутагдуулсан барааны үнэ 7,200,000 төгрөг, буйдангийн үнэ 400,000 төгрөг нэхэмжилснээс, барааны төлбөрт хариуцагчаас бусдад шилжүүлсэн 530,000 төгрөгийг хасч нийт 7,070,000 төгрөг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ж.Б-н . худалдааны төвд байрлах контейнерт хариуцагч Ж.Н худалдагчаар ажиллаж сард 800,000 төгрөгийн хөлс авч байсан нь зохигчийн тайлбараар тогтоогддог ба тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ж.Н-с дутагдуулсан барааны үнэ 7,200,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийн бусдад төлсөн 530,000 төгрөгийг хасаж 6,670,000 төгрөг гаргуулахаар буюу хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчиж бараа дутагдуулсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу шаардаж байна.
Хариуцагч Ж.Н 7,200,000 төгрөгийн бараа дутагдуулсан гэсэнтэй маргаагүй, харин “нэхэмжлэгчийн худалдан авсан 14 завхайтай, цоохор дөрөөтэй мөнгөн эмээлийн үнэ 5,000,000 төгрөг болон Ж.Б-н өмнөөс нэр бүхий хүмүүст шилжүүлсэн барааны үнэ 1,530,000 төгрөгийг хасаж үлдсэн 670,000 төгрөг төлнө” гэж маргадаг.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ж.Н өөрийнх нь өмнөөс нэр бүхий хүмүүст барааны үнэ 1,530,000 төгрөг төлсөн үйл баримттай маргаагүй боловч “энэ мөнгөнөөс 530,000 төгрөгийг дутагдуулсан барааны төлбөр 7,200,000 төгрөгөөс хасна, Ж.Н мөнгөө өгөөгүйгээс ломбарданд эмээл барьцаалж хүүтэй мөнгө зээлж барааны мөнгө өгөх хүмүүст өгсөн учраас 1,000,000 төгрөгийг нь ломбардны хүүнд тооцно, төлбөрөөс хасаж тооцохгүй” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн дутагдуулсан барааны үнэ 7,200,000 төгрөгөөс мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнэ 5,000,000 төгрөг хасна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь Ж.Н-с мөнгөн хэрэглэлтэй эмээл авсан нь зохигчийн тайлбараар тогтоогддог. Гэхдээ хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцуулахаар мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул эмээлийн үнэ 5,000,000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь . барьцаат зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгч “Ж.Н 10 сарын 20-нд самраас ирээд би мөнгийг нь төлчих юм чинь эмээлийг 1 сар ломбардад тавиад мөнгө нэхээд байгаа хүмүүст мөнгийг нь өгчих гэж хэлсэн учраас би эмээлийг нь ломбарданд тавьсан юм. Тийм учраас ломбардны хүүг хувааж төлөх ёстой. Ж.Н миний өмнөөс төлсөн 1,000,000 төгрөгийг ломбардны хүүнд тооцно” гэж, хариуцагч “би ломбарданд эмээл тавь гэж хэлээгүй, хүү төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг. Барьцаат зээлийн гэрээг зээлдүүлэгчтэй /ломбардтай/ нэхэмжлэгч Ж.Б байгуулсан тул уг гэрээний үүргийг хариуцагч Ж.Н төлөх үүрэг хүлээхгүй. Иймд дээрх 1,000,000 төгрөгийг хариуцагчийн дутагдуулсан барааны төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.
Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Ж.Н-н хүлээн зөвшөөрдөг хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 7,200,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч бусдад төлсөн 1,530,000 төгрөгийг хасаж тооцон 5,670,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ж.Н-с буйдангийн үнэ 400,000 төгрөг нэхэмжилсэн.
“Ж.Н нь буйданг хүүхдийнхээ хуримаар авсан. Та бараан дээр зогсохоороо мөнгийг нь төлчих гээд буйдангаа 800,000 төгрөгөөр Ж.Н-д зарсан” гэж нэхэмжлэгч, “нөхөр нь хотоос буйдан явуулахад тавих газар байхгүй, байранд нь засвар хийж байсан хүмүүс ч хүртэл энэ буйдангаа аваадах гэхээр би авсан, тухайн үед буйдангийн үнэ 500,000 төгрөг өгчих л гэж байсан” гэж хариуцагч тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгч Ж.Б “буйдангийн мөнгөө нэхэхэд Ж.Н 11 сард ах нь ажиллах юм чинь цалингаасаа төлчихнө гэдэг байсан” гэж тайлбарладаг.
Хариуцагч Ж.Н буйданг худалдаж аваагүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, тэрээр буйданг нэхэмжлэгчээс хүлээн авсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс буйданг худалдан авахаар хэлэлцэн тохиролцсон, тэднийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзлээ.
Буйдангийн үнийг хариуцагч төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогддог тул нэхэмжлэгч Ж.Б Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу буйдангийн үнийг Ж.Н-с шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь буйданг хуучирч муудсан буйдан учраас нэхэмжлэгчид буцааж өгнө гэж тайлбарлаж байна. Хариуцагч буйданг 2023 оны намар 7 сард нэхэмжлэгчээс авсан нь тэдний тайлбараар тогтоогддог.
Худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээ цуцлах шаардлага гаргах эрхтэй байдаг.
Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч дээрх шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан.
Хариуцагч Ж.Н буйданг хуучирч муудсныг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан учраас буйданг буцаан өгөх буюу худалдах худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Хариуцагч Ж.Н “тухайн үед Ж.Б буйдангаа 500,000 төгрөгөөр худалдана гэж байсан” гэж тайлбарладаг ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч буйдангийн үнэ 400,000 төгрөг нэхэмжилж байх тул буйдангийн үнэ 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 5,670,000 төгрөг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар 400,000 төгрөг, нийт 6,070,000 төгрөг хариуцагч Ж.Н-с гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Н-с 112,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч Ж.Н-с 6,070,000 /зургаан сая далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Н-эс 112,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу толоход саад болохгүй дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА