Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жанцанхоролын Гантөгөлдөрт холбогдох эрүүгийн 1720000540006 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Сариг 11-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жанцанхоролын Гантөгөлдөр /ЛЙ96101519/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах “Экспресс карго”-ны төв талбай дээр каргоны машинд ачаа ачиж байх үедээ М.Төрболдын цүнхнээс бэлэн мөнгө болох 205,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 300 юань буюу 106,827 төгрөгийг хулгайлж, нийт 311,827 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Гантөгөлдөрийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 20-ны орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эхнэр А.Цэндтэйгээ ажил хийхээр ирсэн. Би Замын-Үүдэд “Экспресс карго” дээр ачаа ачдаг ажил хийдэг байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Экспресс” каргоны үйлчилгээний төвийн каргоны талбай дээр зогсож байсан Каргоны машины тэвшин дээрээс хар өнгийн цүнхэн дотор байсан хүрэн өнгийн хэтэвчин дотроос БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 300 юань, МУ-ын мөнгөн дэвсгэрт 205,000 төгрөгийг хулгайлан авсан үнэн учраас сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөнгө хэд байсныг би тоолж үзээгүй, гэртээ очиход эхнэр маань яаж байгаа юм буцааж өг гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь өгөх гээд очиход цагдаад М.Төрболд хандсан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч А.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 20-оор Хэнтий аймгаас ажил хийхээр ирээд “Жимбий” зоогийн газарт ажиллаж эхэлсэн. Миний араас сүүлд нь манай нөхөр Ж.Гантөгөлдөр 2017 оны 07 дугаар сарын 10-ны үед Замын-Үүдэд ирээд карго дээр ачигч хийдэг байсан. Бид Жимбий зоогийн газрын дээд талд “Хараа” буудлын ажилчдын өрөөнд байрладаг байсан юм. Ж.Гантөгөлдөр нь /өдрийг санахгүй байна/ орой 22:00 цагийн үед өрөөндөө орж ирсэн, түүний хар өнгийн биеийн тамирын өмдний халаасанд нугалчихсан мөнгө харагдахаар нь асуусан чинь манай найзын мөнгө, тоглож байгаа юм маргааш буцаагаад өгнө гэсэн, тэгээд маргааш өглөө нь ажилдаа гараад явахдаа мөнгөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Төрболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 08-нд өглөө 12 цагийн орчимд Замын-Үүд сумын нэгдсэн Экспрэсс каргон дээр очиж ачаа бараа ачдаг танил Ирээдүй, Далай нарын хамт Заяа, Цээгий гэдэг хүний суудлын тоёота приүс 30 маркийн машинд нь хэсэг сууж байгаад хажууд нь зогсож байсан ачааны каргонд явдаг машинд нь ачаа ачих гэж гарахдаа машинд нь өөрийн үүрч явсан хар үүргэвчээ үлдээгээд гарсан. Тухайн цүнхэн дотор нь хоол, кет, ажлын хувцас, цүнхний тасалгаан дотор Монгол мөнгөөр 205,000 төгрөг, БНХАУ-ын 300 юань байсан бор өнгийн түрүүвч зэрэг байсан. Тэгээд би ачаа ачиж байгаад өдрийн 14-15 цагийн орчимд машинаас нь хоолоо авч идэх үед цүнхэнд минь түрүүвчтэй мөнгө байсан ба хоолоо идчихээд хоосон савыг нь ачаа ачиж байсан машины ачааны хэсэгт оруулан тавьж ачаа ачиж байгаад ачааны машины чиргүүл дээр нь Далай гэх хүний хамт очиж ачаа ачсан. Чиргүүл рүү явж ачаа ачахаас өмнө ачаа ачдаг Төөгий ахыг гуйж Ирээдүйгийн хамт очиж байсан толгой хэсэгт нь ачаа шахаж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд чиргүүлийн ачаа ачиж байхад Ирээдүй гэх дүү ирээд гялс толгойгоо ачиж дуусгая гэхээр нь ачиж байсан чиргүүлээ дуусгаад эргэж толгой хэсэгт орж өөрийнхөө цүнхийг онгойлгон үзэхэд миний бор өнгийн түрүүвч цүнхний өөр тасалгаанд байхаар нь түрүүвчээ нээгээд хартал миний мөнгө байхгүй байхаар нь Мятав гэх ачаа бичигч ах дээр гүйж очоод Төөгий ахыг асуухад Төөгөө түрүүнд ачаа ачиж байгаад гэнэт яваад өгсөн байна лээ гэхээр нь ачигч Пүүжээ гэх ах дээр очиж Төөгий ахыг асуухад мэдэхгүй гэхээр нь буцаж Мятав ах дээр очиж агаа би мөнгөө алдчихлаа хоёулаа очиж камер шүүе та шүүлгээд өгөөч гэж хэлээд каргоны камертай өрөөнд очиж камер шүүлгэе гэхэд манаач Өлзий гэх ах камер шүүдэг хүн нь буугаад явсан маргааш өглөө ирж шүүлгэ гэхээр нь за гээд явсан. Маргааш буюу өнөөдөр 12:00 цагийн орчимд 12:00-13:00 цагийн хооронд камер гүйлгээд шүүлгэхэд 08 сарын 08-ны өдөр 20:09-20:12 цагийн хооронд Төөгий ах миний цүнхнээс юм авч байгаа дүрс хадгалагдсан байсан. Мятав ахын хамт хашааны гадаа плита ачиж байсан Төөгий ах дээр ирээд Мятав ах Төөгий ахыг машиндаа суулгаад бид 3 дахин камер шүүсэн. Тэгсэн чинь Мятав ах каргон дээр 6 жил хулгай гарч байгаагүй гээд Төөгий ахыг 2 удаа цохьсон. Камер шүүдэг газраас гарахад Мятав ах Төөгий ахад уучлалт гуйгаад өгчихгүй юу гэхэд Төөгий ах би аваагүй юм чинь яах юм гээд уурлаад тарцгаасан ба Төөгий ах явахдаа цагдаагаа дууд гээд яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Төрболдын хууль ёсны төлөөлөгч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жанцанхоролоо овогтой Гантөгөлдөрөөс М.Төрболдын бие төлөөлөгч болох ээж О.Даваасүрэн миний бие хохирол төлбөр болох 300 юань, 205,000 төгрөгөө хүлээж авсан болно. Ж.Гантөгөлдөртэй эвлэрэн хэлэлцэж, гомдол саналгүй хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хурдан түргэн, шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 35/,

- Ж.Гантөгөлдөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 28-29/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/,

- Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах Экспресс карго төвд М.Төрболд, Ирээдүй, Ж.Гантөгөлдөр нар нь ачаа ачсан ба С.Төрболдын цүнхэнд байсан түрийвчнээс 205,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 300 юань алдагдсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гантөгөлдөрийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах “Экспресс карго”-ны төв талбай дээр каргоны машинд ачаа ачиж байх үедээ М.Төрболдын цүнхнээс бэлэн мөнгө болох 205,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 300 юань буюу 106,827 төгрөгийг хулгайлж, нийт 311,827 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нь М.Төрболдын цүнхнээс бэлэн мөнгө болох 205,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 300 юань буюу 106,827 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Төрболдын “...Чиргүүл рүү явж ачаа ачахаас өмнө ачаа ачдаг Төөгий ахыг гуйж Ирээдүйгийн хамт очиж байсан толгой хэсэгт нь ачаа шахаж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд чиргүүлийн ачаа ачиж байхад Ирээдүй гэх дүү ирээд гялс толгойгоо ачиж дуусгая гэхээр нь ачиж байсан чиргүүлээ дуусгаад эргэж толгой хэсэгт орж өөрийнхөө цүнхийг онгойлгон үзэхэд миний бор өнгийн түрүүвч цүнхний өөр тасалгаанд байхаар нь түрүүвчээ нээгээд хартал миний мөнгө байхгүй байхаар нь ... камер гүйлгээд шүүлгэхэд 08 сарын 08-ны өдөр 20:09-20:12 цагийн хооронд Төөгий ах миний цүнхнээс юм авч байгаа дүрс хадгалагдсан байсан...” гэсэн, гэрч А.Цэндийн “...Ж.Гантөгөлдөр нь /өдрийг санахгүй байна/ орой 22:00 цагийн үед өрөөндөө орж ирсэн, түүний хар өнгийн биеийн тамирын өмдний халаасанд нугалчихсан мөнгө харагдахаар нь асуусан чинь манай найзын мөнгө, тоглож байгаа юм маргааш буцаагаад өгнө гэсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөрийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөрт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жанцанхоролын Гантөгөлдөрийг хүний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жанцанхоролын Гантөгөлдөрт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.

3. Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нь дээрх үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Гантөгөлдөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантөгөлдөрт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ