| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 201626021397 |
| Дугаар | 2021/ДШМ/ 994 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/ 994
2021 11 23
Т.Ч-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
прокурор Г.Ганхөлөг,
шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Чын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Чад холбогдох эрүүгийн 201626021397 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Халх овгийн Т-ийн Ч.. оны.....дүгээр сарын....-ны өдөр ....аймгийн ....суманд төрсөн, ....настай, эрэгтэй, ,,....... боловсролтой, .........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........Хан-Уул дүүргийн..... дүгээр хороо, ....хотхоны....байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ....байрны ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД/,
Шүүгдэгч Т.Ч нь өөрийн ажил хэргийн танил Ш.А....ийн барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг далимдуулж “хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50%-д бартер хийгээд 50%-д бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонныг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, очоод үзчих” гэж хэлээд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Б буюу Ф эзэмшлийн хашаанд хураалттай байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн арматур төмрийг үзүүлж, өөрийнх хэмээн иргэн Ш.А хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.А-с 115.000.000 төгрөгийн арматур төмрийн урьдчилгаа төлбөр болгон аваад 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч гадаад улс руу явж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Чад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чаас 24.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Т.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч К.Манлай тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурч урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах зэрэг шинжтэй байхаас гадна ирээдүйд авсан эд зүйлс, өмч хөрөнгийг буцааж өгөхгүй байх шинжээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан боловч хэргийн үйл баримтыг харахад Т.Ч-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй хохирогчтой иргэний эрх зүйн харилцаа буюу арматур төмөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуульд хуульчилсан. Шүүх Т.Ч-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж буй хэдий ч гэм буруугийн тухайд тодорхой үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй байна. Шүүгдэгч Т.Ч нь Монгол Улсын хилээр гарч, буцаж орж ирсэн нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч К.Манлай тус шүүхэд гаргасан тайлбартаа: ”...2016 оноос хойш гэм буруугийн талаар маргаж байгаа. Бид энэ хэргийг иргэний маргаан гэж үздэг. Учир нь арматурын хэмжээ, чанар, үнийн талаар маргадаг. Энэ хэргийг прокурорын шатанд 3 удаа хэрэгсэхгүй болгож байсан, мөн анхан шатны шүүхээс өмнө нь цагаатгах тогтоол гаргаж байсан. Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор заасан байдаг. Үүний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч- “2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ф-ийн хашаанд уулзсан” гэх мэдүүлгийг үндэслэсэн. Уг мэдүүлэг нь гэрч Эын шүүх хуралдаанд өгсөн “Ф-ийн хашаанд А ахыг дагуулж очиж байсан. Гэхдээ тухайн үед биш 1 жилийн өмнө байсан” гэж мэдүүлгээр үгүйсгэгддэг. Прокуророос урьдын харилцааны явцад олсон итгэл үнэмшлийг ашиглан залилсан гэж дүгнэсэн. Хохирогчийн нотлогдохгүй мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлсэн. Гэрч Э шүүх хуралдаанд өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс өөр агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Үүнийг хэлэлцээгүй. Ф-г гэх хэрэгт хамааралгүй хүний мэдүүлгийг үндэслэсэн. Эын эхнэр гэх Д.Нэргүй нь энэ хэргийн талаар огт мэдэхгүй атлаа Т.Чын үйлдлийн талаар мэдүүлэг өгсөн. Хэрэгт хамааралгүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Т.Ч нь БНСУ-руу явсныг буруутгах үндэслэл болгосон. Энэ нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн. Ш.А-т 115.000.000 төгрөгийг Т.Ч авсан 91.000.000 төгрөгтэй дүйцэх хэмжээний арматур өгсөн байна. Үлдэгдэл мөнгийг гаргуулах ёстой гэж дүгнэсэн. 91.000.000 төгрөгийг хэрхэн гаргасан бэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ талаар 2 жил гаруй маргаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1252 дугаартай “Дамно” ХХК-аас гаргасан үнэлгээ хэрэгт авагдсан. Арматурыг 1.400.000 төгрөг, 1.200.000 төгрөг гэж 2 янзаар үнэлсэн. Тухайн үнэлгээг найдвартай гаргасан Түвшинцэнгэл мэдүүлэг өгсөн. 2020 оны 4 дүгээр сард шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцахад прокуророос гэрч Б.О, Б гэх хэрэгт хамааралгүй хүмүүсийг гэрчээр асуусан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн талаар үндэслэл бүхий мэдээлэл баримтыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэдэг. Гэрч Б.О, Ба нар нь гурвалжингийн зах дээр арматур зардаг, хэрэгт ямарч хамааралгүй этгээд юм. Тухайн үед арматурын үнэ хэд байсан талаар мэдүүлсан. Түүнийг үндэслэн прокурор тооцоо хийсэн. 91.000.000 төгрөг нь “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр гарсан юм уу эсхүл 2 гэрчийн мэдүүлэгт үндэслэн гарсан юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Шүүхээс тооцоо хийсэн нь эсэх тодорхойгүй, прокурорын тайлбарт үндэслэн үнэлгээ гаргаж төлбөрийг тогтоосон. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй, иргэний эрх зүйн шинжтэй маргаан юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрч Э болон хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлэг өгсөн. Ф нь тухайн заасан байршилд их хэмжээний төмөр зардаг нь тогтоогдсон. Энэ талаараа мэдүүлсэн. Мөн Фу П“Чыг таньдаг, гэхдээ төмөр өгөхөөр амласан зүйл байхгүй” гэдгийг мэдүүлсэн. Э нь шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 5-6 удаа мэдүүлэг өгөхдөө янз бүрийн агуулгатай мэдүүлэг өгсөн. Хохирогч, холбогдогч нарын зүгээс 1 тонн Хятад төмрийг 97.000 төгрөгөөр тооцож тохиролцсон байдаг. Энэ талаар гэрч Эын мэдүүлэг байгаа. Сүүлд нь Монгол төмрийг 1 тонныг нь 1.250.000 төгрөгөөр тооцох тухай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын тушаал хэрэгт авагдсан. Мөн Хятад төмрийн зах зээлийн үнэ нь 950.000-960.000 төгрөг байсан. Шинжээчийн дүгнэлтийг заавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол нотлох баримт болгохгүй талаар хуульчилсан учраас “Дамно” ХХК-ийн үнэлгээг баримтлаагүй. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсоноор шүүгдэгчийг гадаад улс руу явах талаар хохирогч болон хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдээгүй байдаг. Мөн шүүгдэгч нь өөрийнхөө эмчилгээний асуудлын талаар янз бүрээр ярьдаг боловч энэ талаар баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос авсан мөнгөөр арматурыг 2 удаа компаниудаас авч өгсөн гэх падаан гаргаж өгсөн боловч тухайн падаан дээр хүлээн авсан, хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд авлагатай компаниудаас авч өгсөн гэж зөрүүтэйгээр мэдүүлдэг. Шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай огт тохирдоггүй учраас үндэслэлгүй гэж дүгнэсэн. Арматур төмрийн үнэлгээг тогтоогоогүй гэх асуудал нь хэргийн хохирол, хор уршиг болохоос биш гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай нөхцөл байдал биш юм. Хохирогч нь 115.000.000 төгрөгөөр арматур авах гээд залилуулсан, гэмт хэргийн хохирлын асуудал бүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Харин шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Ч нь хохирогч А-тай ажил хэргийн өмнөх харилцааг үндэслэн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг нь ашиглан, түүнтэй уулзан, “хямд арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50 хувьд бартер, 50 хувийг нь 1 тн дутмыг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, очоод үзчих” гэж хуурч, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баатар гэх нэртэй Фу пингийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн арматур төмрийг үзүүлж, өөрийнх гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 115.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон авч, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч залилсан болох нь;
хохирогч Ш.А-ийн: “...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ч залгаад “хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм. 50 хувьд нь бартер хийгээд 50 хувьд нь бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонныг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, одоо очоод үзчих” гэхээр нь хамт Ханын материалын хашаанд очиход дүүрэн арматур үзүүлсэн. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 115 сая төгрөг над бэлнээр гарын үсэг зуран хүлээлгэж өгсөн. Энэ үед Чын ажилтан Баяраа байсан. Маргааш нь төмрөө авах гээд Чын утас руу залгаад холбогдохгүй байхаар нь нөгөө арматурын газар очиход Баатар гэх Хятад хүн байсан бөгөөд арматурын талаар лавлахад Чад арматур өгөх учиргүй. Чын арматур биш, надад хүнд арматур өгөх талаар хэлээгүй гэсэн” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Э-ын: “...2015 оны хавар би Ш.А ажил дээр нь очиж уулзаад бартерын бараа солилцооны нөхцөлтэйгөөр арматур нийлүүлэх талаар ярилцсан. Тухайн үед Ч захирлын “Хх” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Ингээд өөрийн биеэр А-ийг Ч-тай холбож уулзуулсан ба тухайн үед А яаралтай 500 тонн арматур төмөр авъя гэж надад хэлсэн тэгэхэд Ч захирал 500 тонн төмөр бэлэн байгаа гэж хэлсэн бөгөөд таван шарын залуус хорооллын ард талд байрлах арматурын талбай дээр очиж Б гэдэг Монгол нэртэй Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний хашаанд ороод А-т за эдгээр арматур байгаа юмаа гээд цоо шинэ арматур үзүүлсэн ба эндээс хэрэгтэй арматур төмрөө авч болно гэж Ч тухайн үедээ ярьж байсан ба А үүнд нь итгээд худалдаж авахаар болоод 1 тонн арматур төмрийг 920.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба улмаар гэрээгээ байгуулъя гэж тохиролцоод А нь өөрөөсөө бэлэн 115.000.000 төгрөг гарган өгөөд үлдэгдэл арматураа өгөхөөр чинь үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн зүйл ярьсан. Нийт 500 тонн төмрийг 920.000 төгрөгөөр тооцож бодохоор 460.000.000 төгрөг болж байсан ба түүний 230.000.000 төгрег ~ь бартераар буюу солилцооны нөхцөлөөр байр тооцохоор болж үлдэгдэл 230.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөхөөр болсон. Ингээд А урьдчилгаа 115.000.000 төгрөг 50 хувийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл арматураа авахаар мөнгөө өгье гээд тохирсон. Тэгээд би шөнө нь машинаа олоод таван шарын хойд талаас машинаа ачаад хөдөлгөөд арматураа зөөе гэж Ч захиралд ^ хэлэхэд орой болъё би өөрөө машин гаргана гэж надад хэлсэн. Тэгээд орой нь залгахад өглөө болъё гэж хэлсэн ба өглөө нь Ч захирал руу утсаар ярихад утас нь холбогдохоо больсон байсан. Ингээд компанийн ажилтнууд руу залгахад мэддэг хүн байдаггүй тэгсэн манай компанийн ажилтан урьд шөнө нисчихсэн гэж надад хэлсэн ба би А хэлэхэд тэгвэл тэр Баатар гэж хүн дээр очъё гэж надад хэлсэн ба бид хоёр хоёулаа Баатар гэж хүн дээр очсон. Баатар гэх хятад хүнтэй уулзаад юу болсон талаар тайлбарлаад Ч захиралд та өртэй юм уу Ч захирал таныг очоод арматур төмөр ав гэж хэлсэн гэхэд нөгөө Баатар гэж хятад би тийм зүйл ерөөсөө мэдэхгүй байна Ч надад тийм зүйл хэлээгүй тэглээ ч гэсэн би Чад арматур төмөр өгөх ёсгүй гэсэн зүйл ярьсан, ....Сар гарангын дараа Ч захирал над руу яриад Нийслэл Өргөөгөөс очоод Дарханы арматур авчих гэж надад хэлсэн тэгэхэд нь би Нийслэл Өргөө рүү явж арматур авсан ба 40 гаруй насны нэг эмэгтэй хүн надад арматур хүлээлгэж өгсөн ба уг арматур нь зэвтэй зэвгүй гээд янз бүрийн л арматур байсан. ...Ингээд Нийслэл Өргөөгөөс 50 тонн арматур төмөр аваад барилгын хашаанд буулгасан ба дахиад Ч захирал руу буулгасан өдрөө залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Дахиад 20 гаруй хоногийн дараа Нүхтийн хашаанаас очоод & арматур төмөр авчих гэж хэлсэн ба тэнд дандаа 32 размерын арматур төмөр байсан нь зэвтэй арматур байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 62/,
гэрч Фу пин буюу Баатарын: “...Манай компанийн төмөр худалдаалдаг газар бол Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын 38-02 тоот, залуус хорооллын хойд талд байрлаж байсан. Одоо ч тэндээ үйл ажиллагаа явуулж төмрөө борлуулж байгаа. Манай зарж байсан, одоо зарж байгаа төмөрт Ч-ын эзэмшлийн ямар ч төмөр байхгүй Ч манай зарж байгаа төмрөөс бусдад зарж борлуулах, захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Ч хүн дагуулж ирж төмөр худалдаж авах талаар ярьж байгаагүй. Ч-тай хүнд төмөр өгөх талаар хэлж байгаагүй. Манай хашаанд их хэмжээний төмөр хураасан байдаг. Хашаанд хүмүүс чөлөөтэй орж гарч төмөр үздэг болохоор Ч-ыг ямар хүн дагуулж ирээд миний төмрийг хүнд харуулсныг мэдэхгүй. Тухайн үед 1 тонн арматурын төмөр 930.000-950.000 орчим төгрөгөөр зарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 66-67/,
гэрч Ц.Ж-ийн: мэдүүлэгтээ: “...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай “...........” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э надтай хамт одоо буух арматур төмрийг тоолоод хүлээгээд авчих, барилгын карказ угсралтад хэрэглэх гэж байгаа юм гээд том урт шаланз машинаар 14 боодолтой нийт 700 ширхэг 28-ын арматур төмөр буулгасан. Манай компаниас санхүүг нь л шийдэж өгдөг болохоос туслан гүйцэтгэгч 4 компани өөрсдөө материал авдаг юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 26/,
гэрч Б.Ж-ын : “...Ч ах над руу яриад гурвалжингийн гүүрний ойролцоо Нийслэл Өргее гэдэг компанийн хашаанаас нийт 40 гаруй тонн арматур ачаад 10 дугаар хороолол А гэх хүний барьж байгаа барилгын хашаан дотор буулгачихаа гэж хэлсэн. Дахиад Нүхтийн амнаас “...........” компанийн хашаанаас 50 гаруй тонн төмөр ачаад тэр буулгасан газраа буулгачихаа гэж хэлсэн ба уг арматурыг ямар ч асуудалгүй 10 дугаар хороололд хүргэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 60/
гэрч П.Н-н: “...Ч ах над руу яриад гурвалжингийн гүүрний ойролцоо Нийслэл Өргее гэдэг компанийн хашаанаас нийт 40 гаруй тонн арматур ачаад 10 дугаар хороолол А гэх хүний барьж байгаа барилгын хашаан дотор буулгачихаа гэж хэлсэн. Дахиад Нүхтийн амнаас “Хх” компанийн хашаанаас 50 гаруй тонн төмөр ачаад тэр буулгасан газраа буулгачихаа гэж хэлсэн ба уг арматурыг ямар ч асуудалгүй 10 дугаар хороололд хүргэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 60/ болон арматур төмөр хүлээж авсан талаарх баримт болон зарлагын баримтууд /1хх 23/, шүүгдэгч Т.Чын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх баримт /2хх 59-62/, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал /1хх 95-96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ч-ын үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, шүүгдэгч Т.Ч-ын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 5 жил бөгөөд тухайн цаг хугацаанд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн зохицуулалт үйлчилж байсан байна.
Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн хуульчилж, энэ хууль 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэхээс өмнө Т.Ч-ыг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татсан /2 хх 40/ болох тогтоогдож байгаа тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэснийг баримталсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайгаас “иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн гэмт хэрэг мэтээр буруу дүгнэж, эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ч-ын хохирогч Ш.А-т арматур төмөр худалдахаар тохирч, бусдын худалдаалж байсан арматур төмрийг өөрийнх гэж худал итгүүлж, урьдчилгаа мөнгө авч Монгол Улсын хилээр нэвтэрсэн үйлдэл нь тогтоогдсон тул түүний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзнэ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид мөнгөн хөрөнгийн хохирол учирсан, учирсан хохирлоос арматур байдлаар төлөгдсөн хэмжээг шинжээчийн дүгнэлт болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрлэсэн үнээр тооцон хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ