2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

 

  2026        02         03                                       2026/ШЦТ/357

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч О.Дэлгэрцэцэг,

хохирогч Н.Т,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-д холбогдох эрүүгийн “****************” дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед **************** хорооны нутаг дэвсгэрт **************** цэцэрлэгийн ойролцоо Н.Т-ыг “тээврийн хэрэгслийн дуут дохио дугаргалаа” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түлхэж унаган зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б: “...Тэр өдөр би хуучин **************** гээд бааранд буйдан засвар үйлчилгээний ажил хийж байсан. Тухайн үед би жолооны үнэмлэхээ алга болгочхоод захиалагч талаар  машинаа бариулж 100 айл орж гарсан. Цахимаар зогсоолын төлбөрөө төлөх гээд арын машины залуутай маргалдсан зогсож байсан. Энэ хүний машинаа тавьсан байхыг нь ч мэдээгүй арын суудалд хаалгаа онгойлгосон суусан байсан. Гэнэт орж ирээд намайг хэл амаар доромжлоод миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би цааш нь түлхсэн, дахиад босож ирэхээр нь дахиад түлхсэн. Бөгсөөрөө унасан. Тухайн өдөр би цагдаагийн байгууллагад анхны мэдүүлэг өгөхдөө пост дээр байсан эмэгтэй хүнээс мэдүүлэг авхуулах, хяналтын камерын бичлэгийг шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Хэрэг бүртгэлтийн байцаагч намайг 8 дугаар сарын хорин хэдний үеэр дуудаад анхны байцаалт авсан. Тэр үед намайг гэм буруугүй гэдгийг нотлох камерын бичлэгийг устгагдсан байсан. Тухайн камер гудамжинд байдаг камер байсан. Би энэ хүнийг түлхсэн бөгсөөрөө унасан. Шинжээчийн дүгнэлтээр өвдөгний цус хуралт гэж гарсан байна. Хүн бөгсөөрөө унахаар яахаараа өвдөгний цус хуралт үүсэх вэ. Тэрийг би ойлгохгүй байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т: “...Тухайн үед үдээс хойш болсон байсан. Би давж заалдах шүүх рүү ороод бичиг авах ёстой байсан. Цай ундаа ч уугаагүй маш яаруу сандруу явж байсан. Би гарахад амархан гэж бодоод машинаа ойрхон тавьсан байсан. Гарах гэсэн чинь энэ залуу хаалтын тэнд жолоочтойгоо юм яриад инээлдээд хаалга үүд нь онгорхой тухтай л сууж байсан. Тэгээд би энэ нэг юм яагаад гарахгүй байгаа юм бэ гээд дотроо сууж байсан чинь миний урьд талын машины залуу энийг гаргах гээд араас нь сигналдсан. Тэгээд энэ залуу яагаад сигналдсан гээд маргаад зогсож байсан. Би яараад явж байгаа учраас очоод “Чи яагаад хүн гаргахгүй байгаа юм бэ, би ч гэсэн яараад байна. Гармаар байна” гэсэн чинь машинаасаа нүд ам нь дүрэлзээд бууж ирсэн. Би энэ хүнийг согтуу байна гэж харсан. Тэгээд надруу дайрсан. Бөгсөөрөө унасан гэж худлаа яриад байна. Би хөл өвдөөд босож чадахгүй байсан. Миний арын машины залуу намайг босгосон, энэ хүний машины зургийг дарж өгсөн. Миний араас хүчтэй түлхсэн. Эхлээд өвдгөөрөө унаад дараа нь хажуу талаараа унасан. Бөгсөөрөө унасан гэж худлаа хэлээд байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

- Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

- Шүүх шинжилгзэний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/7725 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГО825/2054 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

             - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ө.Б нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед **************** нутаг дэвсгэрт **************** цэцэрлэгийн ойролцоо Н.Т-ыг “тээврийн хэрэгслийн дуут дохио дугаргалаа” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түлхэж унаган зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн давж заалдах шатны шүүхээс бичиг авж гарч ирээд машиндаа суугаад зогсоолоос гарах гээд явж байсан чинь урд талд байсан машин гарахгүй зогсоолын хаалтны тэнд зогсоод байсан. Миний урд байсан машин дохиогоо дугаргаад байсан чинь хаалт хаагаад зогсож байсан машины залуу “писда минь яагаад дохиого дугааргаад байгаа юм” гээд хараагаад байсан. Би бууж очоод “чи яагаад хүн амьтан хараагаад байгаа юм бэ” гээд хэлсэн чинь бууж ирээд над руу “юу гээд байгаа юм писда минь" гээд ирхээр нь би цээж рүү түлхэсэн. Намайг зөрүүлээд зүүн мөр хэсэг рүү түлхсэн чинь би өвдгөөрөө тулж унаад цаашаагаа элгээрээ унасан. Тэгээд арын машины жолооч бууж ирээд намайг богосон. Нөгөө залуу машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

- Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Миний нүүрэн тус газар руу 2-3 удаа цохиод байхаар нь цааш нь түлхээд өөрөө машинаасаа буухад намайг цохих гээд дайрхад би дахиад хойш нь түлхсэн чинь бөгсөөрөө унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Зүүн талаас урсгал сөрж орж ирээд гарах гэж байсан тээврийн хэрэгслийн жолооч 40-50 орчим насны нэг эмэгтэй хүрч ирээд жолоо байрьж байсан нөгөө дүүгийн хаалгыг татаж онгойлгоод нүүр хэсэг рүү 2-3 цохиод элдвээр хараагаад байсан. Тэгээд нөгөө дүү “та яагаад байгаа юм” гэж хэлээд нэг гараараа нөгөө эмэгтэйг өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй хойшоогоо бөгсөөрөө унаад босож ирээд нөгөө дүү рүү дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

- Шүүх шинжилгзэний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/7725 дугаартай “...Н.Т-ын биед зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоож журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГО825/2054 дугаартай шинжээчийн “...Н.Т-ын сэтгэцэд 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч Ө.Б нь хохирогч Н.Т-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түлхэж унаган зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Н.Т-ын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Б-ын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ө.Б-ын хувийн байдал буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад баримтаар 87,500 төгрөгийг хохирол нэхэмжилсэн.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуультай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн нэгдүгээр зэрэглэлд “биед гэмтэл учраагүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийг эмгэг” нь 0-3 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.

Дээрх гэмт хэрэг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гарсан ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны шийдвэрээр Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.

Хохирогч Н.Т-ын сэтгэцэд учирсан хор уршиг шинжээчийн дүгнэлтээр нэгдүгээр зэрэглэлд хамааруулсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3,952,080 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс нийт 4,039,580 төгрөгийг гаргуулн хохирогчид олгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б-оос 4,039,580 /дөрвөн сая гучин есөн мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж, **************** тоотод оршин суух Н.Т-д олгож, 03 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж ыыбарагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ