| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0134/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2017-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,
Улсын яллагч Г.Мөнхтүвшин,
Шүүгдэгч Х.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Хажмаагийн Баярмаад холбогдох эрүүгийн 1720000620008 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Анчин овогт Хажмаагийн Баярмаа /ЕО71012762/
Шүүгдэгч Х.Баярмаа нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы 1-3 тоотод хамтран амьдрагч Д.Чулуун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар аягаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Баярмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы 1-3 тоотод Д.Чулуун-Эрдэнийн хамт амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 05-ны үдийн хойно Д.Чулуун-Эрдэнэ нь ажил хийж ирээд 25,000 төгрөг барьчихсан ирээд хоол хүнс аваарай гэж хэлээд яваад өгсөн. Би тэр мөнгөөр нь 5 кг гурил, 5 литр ямааны сүү, 4 ширхэг улаан шонхор тамхи, талх боорцог аваад гэртээ тавьсан. Тэгээд би Д.Чулуун-Эрдэнийн араас гэрээсээ гараад гудамжаар явж байтал Батзултай тааралдаад, Батзул нь надад улаан бөглөөт архи авч өгөөд бид 2 уусан. Тэгээд Батзул бид хамт явж байсан чинь Д.Чулуун-Эрдэнэ урдаас гараад ирсэн. Тэгээд Батзултай хардаад, намайг янхан, гичийгээр дуудаад миний авч ирсэн мөнгөөр архи уулаа гээд тэгэхлээр нь би чиний мөнгөөр архи уугаагүй гэртээ хүнс авсан байгаа очоод хар гээд тэгээд бага зэрэг маргалдаж байгаад эвлэрээд бид 3 гэр рүүгээ явсан. Тэгээд манай гэрт очоод Батзул нэг шил архи аваад бид 3 сууж байтал Д.Чулуун-Эрдэнэ нь намайг хардаад, Батзултай унтаж хэвтэх гэж байсан байна. Янхан, гичийгээр дуудаад байлгадаггүй, Батзулыг гар зайл гээд хардаад тэгэхээр нь би аяганд архи хийгээд тойруулж байсан аягаа Д.Чулуун-Эрдэнэ рүү шидчихсэн чинь түүний толгойн хэсэгт оночихсон. Тэгээд түүний толгойноос цус гараад цусаа гоожуулаад намайг зодох гэж байсан байх. Тэгээд би гэрээсээ гараад гүйчихсэн. Гудамжны урд талд байшингийн дэргэд уйлж сууж байгаад гэртээ эргээд ороод ирсэн чинь Д.Чулуун-Эрдэнэ, Батзул 2 байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Хохирогч Д.Чулуун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы 1-3 тоотод Х.Баярмаагийн гэрт амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр айлд мах янзлаад 25,000 төгрөгтэй болоод Х.Баярмаагийн гэрт ирээд түүнд хоол хүнс аваарай гээд мөнгөө өгчихөөд буцаад мөнгөний ажил байна явлаа гээд яваад, эргээд ажил хийж байгаад гэртээ харих замдаа улаан бөглөөт гэх архи 1 шилийг уугаад такси бариад гэртээ ирсэн чинь гэр цоожтой Х.Баярмаа гэрээсээ гараад явчихсан байсан. Тэгээд би дэлгүүр явчихсан юм байх гэж бодоод гудамжаар алхаж байтал Х.Баярмаа нь нэг танихгүй Батзул гэх залуутай хамт явж байсан бөгөөд би дуудсан чинь харчихаад нөгөө залуугаа сугадчихаад яваад байсан. Тэгэхлээр нь би хажууд нь хүрээд очсон чинь нөгөө залуу чи юу юм бэ? гэхлээр нь би нөхөр нь байна гэсэн чинь зүүн шанаанд цохьсон. Тэгээд өөр юм болоогүй. Бид гурав Х.Баярмаагийн гэрт очоод нөгөө Батзул гэх газар хэвтээд өгсөн. Тэгээд Х.Баярмаа нь Батзулыг хайрт минь, ханиа гээд үнсээд байхаар нь би Батзулыг чи яв гэсэн чинь тэр залуу чиний гэр юм уу гээд явахгүй байсан. Тэгтэл Х.Баярмаа нь гартаа заазуур барьчихсан миний толгойн зүүн дээд хэсэгт заазуурдаад, дахин хайч барьж байгаад нуруун тус газарт хатгасан. Тэгээд Х.Баярмаа гэрээс гарахаар нь би дагаж гараад гэртээ орохгүй тойрч зугтаагаад байсан. Тэгээд би цусаа гоожуулаад 2 хүүхэд байдаг гэртээ очсон, тэгээд эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5-7/,
- Х.Баярмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24-25/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/,
- Хохирогч Д.Чулуун-Эрдэнийн шүүхийн шатанд: ”...Хажмаагийн Баярмаад холбогдох Эрүүгийн хэрэгт Дамдинсүрэнгийн Чулуун-Эрдэнэ би хохирогчоор тогтоогдсон. Х.Баярмаа нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо миний бие эрүүл болж бид хоорондоо эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Иймд миний эхнэр болох Баярмаагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Энэ холбогдох хэрэгт мөнгөн торгууль оногдуулах буюу хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 48/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы 1-3 тоотод хохирогч Д.Чулуун-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Баярмааг хардсаны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Х.Баярмаа нь Д.Чулуун-Эрдэнэ рүү аяга шидэж, Д.Чулуун-Эрдэний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Шүүгдэгч Х.Баярмаа нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы 1-3 тоотод хамтран амьдрагч Д.Чулуун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар аягаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Баярмаа нь хамтран амьдрагч Д.Чулуун-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Баярмаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Х.Баярмаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан болон түүний хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Х.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10*8 см хэмжээтэй тал нь хагарч имтэрсэн, бариултай шилэн аягыг устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анчин овогт Хажмаагийн Баярмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Анчин овогт Хажмаагийн Баярмааг ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Х.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10*8 см хэмжээтэй тал нь хагарч имтэрсэн, бариултай шилэн аягыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Баярмаад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ