Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0403/З |
Дугаар | 128/ШШ2023/0527 |
Огноо | 2023-06-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0527
2023 06 13 128/ШШ2023/0527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “"Ф К" ХХК /РД:********* /;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.Д;
Хариуцагч:Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам;
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, ;
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч:А.Э,
“Ф К" ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “"Ф К" ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч “Ф К" ХХК нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг нь шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, "Ф К" ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах”-аар маргаж байна.
1.2.“ "Ф К" ХХК нь **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/** дугаар албан бичгээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан байна. /ХХ-н 44-46 дахь тал/
1.3.Уг хүсэлтийн хамт “Ф К” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 1 ашиглах барааны тэмдэг ашиглах лицензийн гэрээ, 1 п******* ашиглах лицензийн гэрээ, 1 п******* ашиглах үйлчилгээний нөхцөл, тоглоомын дүрэм болоод бусад шаардагдах бичгийн баримтууд хавсаргажээ. /ХХ-н 48-216 дахь тал/
1.4.Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Ф К” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч хянаад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 7/**** дугаартай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг тус яамнаас олгох ажиллагааг түр зогсоосон” гэх агуулга бүхий тайлбар гаргаж, хүсэлтэд дурсан зөвшөөрлийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
1.5.Шүүх нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
1.6.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйл гараагүй, талууд хэрэгт цуглуулах өөр нотлох баримт байхгүй гэсэн тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэж байна.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:
Манай компани нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт "Компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ", Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.11 дэх хэсэгт "Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно" гээд, 8.1.11.4 дэх заалтад "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх", "Зөвшөөрөл олгох этгээд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж тус тус заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.
Гэвч, Хууль зүй, дотоод хэргийн яам 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7/**** тоот хариу хүргүүлэх албан бичгээр тус яамны зүгээс Зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохыг түр зогсоосон. Тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл хүсэлтийг татгалзаж буцаасан байна.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт "Яам нь иргэдээс сайдын эрхлэх хүрээний асуудлаар гаргасан санал, өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь манай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н гаргасан хүсэлтийн хариуг хүргүүлсэн байх тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдах шаардлагагүй гэж үзэн дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Үүнд: 1.Зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр, энэ төрлийн зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-д, энэ чиглэлийн зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заажээ.
Мөн зөвшөөрлийг олгохдоо үйл ажиллагааны төрөл, хугацаа, үйлчлэх хүрээ, зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг заахаар мөн хуулийн 5.3 дугаар зүйлд, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр 3.2, 6.1, 6.2 дугаар зүйлүүдэд зохицуулсан байдаг.
Түүнчлэн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж хураахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого нь хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулахаар тус тус заасан байдаг.
Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохыг зохицуулснаас гадна дээрх бусад хуулиудаар энэ төрлийн харилцааг хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж олсон орлого нь хуулиар зөвшөөрөгдсөн орлого байхаар зохицуулалтууд байх тул Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж, батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд хууль тогтоомжийн зохицуулалт шаардлагатай гэж үзэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл няцаагдаж байгаа бөгөөд уг шийдвэр нь хууль бус байна.
Иймээс, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7/**** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ф К” ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: “Нэхэмжлэгч компани төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаартай албан бичгээр “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” хүссэн хүсэлтийг буцаасан хариу өгсөн. Манай компанийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан хүсэлт нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасан тусгай зөвшөөрөл. Зөвшөөрлийн тухай хуульд заасан бичиг баримтад дагалдах зүйлийг бүрдүүлж хүсэлтийг журмын дагуу гаргасан. Үүнээс гадна Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.4-т Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж хураахаар заасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарна гэж заасан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод хамаарна гэж заасан.
Үүнээс харахад Зөвшөөрлийн тухай хууль болон бусад тусгай зөвшөөрөлд холбогдох хуулиудаас харахад уг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эрх зүйн орчин бүрдсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн төслийг боловсруулж байгаа, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцэгдэж батлагдах хүртэл манай компанийн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзаж буцаасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй гэж заасан. Манай компанид өгсөн хариу албан бичигтээ татгалзсан үндэслэл огт заагаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбарт манайх хэд хэдэн хариу татгалзсан үндэслэл заасан байгаа гэдэг агуулгаар бичсэн байсан. Манай компанид өгсөн хариу албан бичгүүдэд татгалзсан үндэслэлээ огт заагаагүй, бичээгүй байгаа.
Зөвшөөрлийн тухай хуульд энэ тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь олгоно гэж заасан. Бусад хуулиудаар хүлээн зөвшөөрсөн журам байхгүй, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийг батлагдсаны дараа шийдвэрлэнэ гэдэг нь хуульд заасан татгалзах үндэслэл биш. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна”
Хариуцагчаас мөрийтэй тоглоом, казино хоёрын ялгааг ойлгохгүй байх шиг байна. Манай компанийн хүсэж байгаа тусгай зөвшөөрөл нь төлбөрт таавар, бооцоот тоглоом буюу хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа байгаа
Хуульд заасан зөвшөөрлийг хуульд заагаагүй үндэслэлээр олгохоос татгалзах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н-т"Тусгай зөвшөөрөл хүсэх тухай" **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/**дугаартай албан бичиг ирүүлсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байдаг.
Энэ төрлийн зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан.
Тус компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцаад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 7/**** дугаартай албан бичгээр хариу өгсөн. Хариуг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1. "үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах", 1.2."хууль дээдлэх", 1.3. "ил тод, шударга байх", 1.4. "бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх" зарчимд үндэслэсэн. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа болно. Иймд "Ф К" ХХК-ний нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн олгохоор заасан байдаг. Энэ хүрээнд судлаад дээрх хариу хүргүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт бусад ижил төрлийн тусгай зөвшөөрлөөс ялгарах, журам, дүрмийн нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа учраас үүнийг албан бичигтээ дурдаж хариу хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу хүргүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл олгохыг даалгах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа түүнтэй төсөөтэй бусад тоглоомыг тэдгээрийн төрөөс зөвшөөрсөн тохиолдолд шаардах эрхийг бий болгоно гэж заасан. Энэ үндэслэлээр шаардах эрхгүй. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад олгогдсон зөвшөөрөл олгох эрхийн асуудлыг даалгах шаардлагаар гаргах боломжгүй. Улсын тэмдэгтийн хураамж гэсэн тайлбарын тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Заавал энэ баримтыг шаардахгүй.
Нэгдүгээр хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хуулиар олгосон заалт бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үндэслэл нь хариу мэдэгдэх тухай 7/**** албан бичигтээ дурдсан байгаа. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна, тийм учраас одоогоор зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам бодлогын хэмжээнд авч үзээд шалгаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй. Нэхэмжлэлд дурдсан “Т партнертс” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, тусгай зөвшөөрлийг авсан боловч энэ компанитай холбоотой эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг болон цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтээр энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгохгүй байх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн судалгаа дүгнэлтүүдийн хүргүүлсэн байгаа.
2021 онд 306 цахим мөрийтэй тоглоом явуулсан бүртгэл мэдээлэл байдаг. Уг тусгай зөвшөөрлийг олгоход шаардлагатай хуулийн зохицуулалт, судалгаа, нарийвчилсан хуулийн зохицуулалт шаардлагатай байгаа гэсэн бодлогоо баримтлаад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаа.
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж гэдэг нэрийдлээр халхавч байдлаар цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна, хохирогч их байгаа. “Т п” ХХК-тай холиогүй. Учир нь бодлогын хүрээнд авч үзээд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа гэж үзээд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа.
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг үндэслэж албан бичгийг гаргасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан үндэслэлийг тодорхой дурдах ёстой байсан. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэхүү маргаан нь төрөөс аж ахуйн эрхлэгчдийн хооронд үүсэх иргэн, аж ахуйн нэгжээс зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаандаа уг зөвшөөрөл хүсэх, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаа байна.
1.2.Энэ хэргийн маргааны зүйл нь “төрийн захиргааны төв байгууллага, төрийн албан хаагчийн зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх”-ээр маргасан болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримт болон шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгсөн тухайд:
2.2.Нэхэмжлэгч “Ф К” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаад “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа” гэх, “тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэх үндэслэлүүдээр зохих зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй, хүсэлтийг /өргөдөл/ буцааж, ийнхүү буцааж байгаагаа **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаар албан бичгээр илэрхийлсэн байна. /ХХ-ийн 31 дэх тал/
2.3.Иймд энэхүү албан бичгийг “захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг тохиолдлыг зохицуулах зорилго бүхий бөгөөд нэхэмжлэгч рүү чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн” буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэн шүүх хянан үзэж, хууль зүйн дүгнэлт өгч байна.
2.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 1.2-т “хууль дээдлэх”, 1.6-д “энэ хуульд заасан зөвшөөрөл олгох” гэж заасан тул зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан буюу зохих журмаар гаргасан өргөдлөөр холбогдох зөвшөөрлийг олгох зарчмыг шууд мөрдөх ёстой.
2.5.Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана” гэж, мөн зүйлийн 3-т “Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана” гээд, мөн зүйлийн 3.1-т “зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг”, мөн зүйлийн 3.3-т “хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Ф К” ХХК-ийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь болоогүй байх тул шаардлага хангасан “өргөдөл” гэж үзэв.
2.6.Мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана” гэж, 5.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөлийг олгох”-оор тус тус заажээ.
2.7.Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газарт хамаарч байгаа ба Хууль зүйн дотоод хэргийн сайд болон яаманд “зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх” эрхийг хуулиар олгоогүй болох нь тогтоогдлоо.
2.8.Иймд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яам нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох ажиллагааг түр зогсоосон нь хууль бус, хуульд байхгүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
2.9.Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалтуудаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохоор, зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй байхад хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь энэ төрлийн зөвшөөрлийг журмаар зохицуулах зохицуулалт шаардлагатай гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
2.10.Өөрөөр хэлбэл, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны “Ф К" ХХК-ийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа” гэх үндэслэл нь зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй буцаах үндэслэл биш гэж үзсэн болно.
2.11.Дээрх үндэслэлүүдээр Хууль зүй, дотоод хэргийн яамны **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ф К" ХХК-ийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан үйлдэл нь нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд тус компанийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нь зүйтэй гэж дүгнэж байна.
2.12.Ингэхдээ хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Ф К" ХХК-ийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн “хүрээнд” хянан, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх нь маргаан бүхий актын үндэслэл болсон буюу хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Дөрөв.Ирцийн талаар:
4.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-аас Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-г байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж тайлбарласан тул дээрх хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэгдмэл сонирхолтой хоёр этгээдийг төлөөлж байгаа тул нэг төлөөлөгчийн гаргасан тайлбар, мэтгэлцээнээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал байлцуулах хүсэлт гаргаагүй зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.6, 5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ф К" ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн */**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ф К" ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ