Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01322

 

 

 

 

 

2024 03 11

101/ШШ2024/01322

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 152,047,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Г нь миний бие 2023 оны 3 сарын 14-ний өдөр Д.Утай зээлийн гэрээ байгуулж 115,383,920 төгрөгийг 2023 оны 3 сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн.

Гэтэл Д.У нь тухайн зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад янз бүрийн арга заль хэрэглэн зээлээ төлөхгүй байгаа. Гэрээний 3.3-д зааснаар зээлийн хүүнд 5,769,196 төгрөг, гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг 51 хоногоор тооцож 30,894,066 төгрөг, нийт 152,047,182 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хэрэгт хамтран ажиллах гэрээ гэж хариуцагч тал өгсөн. Энэ гэрээнд гэрээний нэг тал буюу манай талын гарын үсэг зурагдаагүй байсан. Мөн хариуцагч Д ЧХХК-тай гэрээ байгуулсан гэж ярьж байх боловч энэ талаарх гэрээ огт байхгүй. Хариуцагчийн тайлбараар дурдсан Г гэж хүнээс хөрөнгө оруулалт ч бай ямар нэг хэлбэрээр мөнгө авсан гэдэг нь тогтоогдож байна. Харин хамтран ажиллах гэрээ юм уу энэ талаар баримт хэрэгт байхгүй. Хариуцагч өөрөө Б гэж хүнтэй гэрээ байгуулсан гэж ярьж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт нотлогдохгүй, Б, У нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан Б гэх хүн нь Гийн нөхөр боловч 115 сая төгрөг зээлүүлэх болсон тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн удаагийн үйлдлээр энэ мөнгийг өгсөн. Шүүхэд өгөх санхүүгийн баримт байхгүй байна. Бид баримтын хүрээнд асуудлыг шийдэх хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар бол нэхэмжлэгч Х.Г, Д.У нарын хооронд байгуулагдсан 115,383,920 төгрөгийн, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгаа.

Иймд энэ хэлцлийн хүрээнд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй байна. 2022 оны 8 сарын 31-ний өдөр Д.У миний бие Д таван ЧХХК-тай вакуум цонх хийж өгөх ажлын гэрээ байгуулсан

Энэ гэрээний ажил нь 744 сая төгрөгийн ажил байсан. Миний бие цонхыг суурилуулах ажлыг хийж өгөхөөр болсон ба энэ ажлыг 70 хувьд бартер 30 хувьд бэлэн мөнгөөр хийхээр тохиролцсон.

Би нэхэмжлэгч Х.Гийн нөхөр Б гэх хүнтэй өмнө нь хэд хэдэн ажил дээр хамтарч ажилласан бөгөөд энэ ажилд хөрөнгө оруулах боломжтой юу гэхэд боломжтой гэсэн. Ингээд бид хоёр гэрээ байгуулж, Б ах надад хөрөнгө оруулахаар болсон.

Ингээд ажлаа хийж эхэлсэн ба цонх угсарч нийлүүлснийхээ хариуд тухайн компаниас 2 байр авсан. Эхний байраа авч Б ах бусдад зарсан ба 50 сая төгрөгийг Б ах бэлнээр аваад үлдэгдэл төлбөрийг Б ахын дансанд орохоор гэрээ хийсэн.

Энэ цонх хийж гүйцэтгэх ажилд 100 гаруй сая төгрөг хэрэг болох нь байна шүү гэж би хэлж байсан. Би бараа материал авахад шаардлагатай мөнгийг Б ах гаргахаар, би цонхоо хийж угсрахаар тохиролцож, эхнэр Х.Г нь бүх тайлан тооцоог гаргаж байхаар болсон. Би бүх санхүүгийн баримтуудыг Х.Г эгчид өгсөн. Надад нэг ч баримт гэрээ байхгүй. Бүгдийг Х.Г эгчид авчирч өгдөг байсан.

Ингээд ажлаа явуулаад, ажлын хөлсөнд нь 2 ч байр авчихсан. Өвлөөс өмнө бүх цонхоо хийж суурьлуулах шаардлагатай байсан тул 15 сая төгрөг яаралтай хэрэгтэй болсон гэхэд Б ах мөнгө байхгүй, бүтэхгүй байна гээд гадагшаа аялалаар явчихсан байсан. Ингээд би өөрийн бүх мөнгийг шавхаад ажлаа явуулаад дахиад 5 сая төгрөг байна уу гэхэд одоо мөнгө байхгүй гэсэн.

Ингээд хөрөнгө оруулна гэх амлалтандаа Б ах хүрээгүйн улмаас миний бүх ажил бүтэлгүйтэж өвлийн улирлаас өмнө цонхнуудаа хийж дуусгаагүй. Би өөрийн зүгээс 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Б ах би хүнээс мөнгө авчихсан юм. Тэр хүн маань нэхээд болохгүй байна. Чи манай эхнэртэй нэг зээлийн гэрээ байгуулаадах гэхээр нь би энэ зээлийн гэрээг байгуулсан. Энэ хүнээс болж би 700 орчим төгрөгийн гэрээт ажлаа алдаад 34, 35 сая төгрөгийн зээл авч, зээлүүдээ төлж чадахгүй, алдагдалд орсон.

Д чандмана ХХК-тай байгуулсан гэрээ маань Х.Гт байгаа. Орлогоо зарлагыг гаргана гээд бүх баримтыг авсан. Би худалдаж авсан бараа материалынхаа баримтыг Х.Г эгчид өгдөг байсан.

Энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би мөнгө зээлээгүй. Би ч гэсэн өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр хохирсон.

Х.Г гэж хүнийг танихгүй. Б ахын эхнэр гэж мэддэг болсон. Одоо энэ бүхнийг нь ярилцах гээд Б ахтай холбогдох гэж 4-5 удаа залгасан боловч Гтэй ярь гээд надтай уулзахгүй байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2023 оны 3 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагчаас 2022 оны 9 сарын 05-ны өдрийн хамтран ажиллах гэрээг тус тус гаргаж өгсөн байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Д.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152,047,182 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Нэхэмжлэгчээс 152,047,182 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 115,383,920 төгрөг, хүүгийн төлбөрт 5,769,196 төгрөг, 51 хоногийн алданги 30,894,066 төгрөг нийт 152,047,182 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 115,383,920 төгрөгийн зээлийн гэрээг бичгээд байгуулсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргахгүй байх бөгөөд харин энэ гэрээний дагуу 115,383,920 төгрөгийг аваагүй. Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Х.Гийн гэр бүлийн хүн болох Б гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас гэрээний талуулын хүсэл зоригын илэрхийлэлийг эс зөвшөөрч маргаж байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

4.Хариуцагчаас иргэн Б гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгийг Б гэх хүнээс авч байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ тайлбартай холбоотой буюу иргэн Б гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 115,383,920 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нотлох чиг үүргийн хувиарлалтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 115,383,920 төгрөг шилжүүлсэн үйл баримтаа өөрөө нотлох үүрэгтэй бана.

Иймд хэрэг авагдсан үйл баримтаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу 115,383,920 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт хүү, алданги шаардах эрхгүй байна.

Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 152,047,182 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уаас 152,047,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА