Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* хэсэг ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,303,253 /арван таван сая гурван зуун гурван мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б., хариуцагч Х.*******/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б./цахимаар/, иргэдийн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь хариуцагч Х.*******д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 15,303,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын ажиллаж байсан Х.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар Завхан аймгийн ******* сумын ын төвийн В.г үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг В. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар В. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, В.гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ингээд В. нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дүгээр магадлал, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан В.г Завхан аймгийн ******* сумын ын төвийн ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,541,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Мөн В.г Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон боловч энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын Б/02 тоот захирамж гарч ******* сумын ын төвийн ийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар В. нэхэмжлэлээ Завхан аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00229 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,701,095 төгрөгийг гаргуулж В.д олгож, уг төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын газрын санхүүд даалгаж тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, В.д ажилгүй байсан хугацааны цалин болох 15,303,253 төгрөгийг олгосноор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хуульд бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж зааснаар Завхан аймгийн ******* сумын ажиллаж байсан Х.*******гаас шүүхийн шийдвэрийн дагуу В.д олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа тухайн баримтуудад үндэслэж 15,303,253 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Завхан аймгийн ******* сумын тамгын газраас гаргасан баримтыг үндэслэж 60,000 төгрөгийн зөрүүтэй нэхэмжлэл гаргачихсан байгаа. 3 шатны шүүхийн шийдвэр болон 2021 оны 229 дугаартай шийдвэрүүдийн мөнгөн дүнг нэмж үзэхэд нийт 15,242,964 төгрөгийг гаргуулахаар байдаг. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ийм хэмжээний мөнгө гаргаж олгох ёстой гэсэн байхад Завхан аймгийн ******* сумын тамгын газраас 60,289 төгрөгийг илүү олгосон нөхцөл байдал харагдаж байгаа. Иймд 60,289 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж нийт 15,242,964 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

В. гэх хүн маань хувь хүнийхээ хувьд зан араншны тал дээр ямар нэгэн байдлаар төрийн алба хашихад тохирохгүй зүй бус үйлдэлтэй хүн байдаг. Эхний 2 шатны шүүхээр ялсан ч гэсэн Улсын дээд шатны шүүхийн тогтоол яаж гарсныг өөрийн биеэр тухайн шүүх хуралдаанд оролцоогүй учраас мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших асуудлууд надад хамаагүй. Тухайн үед намайг ажиллаж байхад мөнгө төгрөг төлөгдсөн бол би тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэтэл би тухайн үед Завхан аймгийн ******* сумын ажлаасаа чөлөөлөгдөөд 1 жил гаруй хугацааны дараа ******* сумын газрын хүмүүс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн байсан. Тийм учраас энэ мөнгө нэхэмжлээд байгаа асуудал нь надад хамааралгүй гэж үзэж байна. В. нь ялтай хүн бөгөөд хүний биед хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон тул ажлаас халах үндэслэл болсон. Би 2020 оны 04 дүгээр сард жирэмсэн болсон бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчийн сонгууль явагдаж ялсан намын хүн нь засаг даргаар томилогдсон бөгөөд миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байсан юм. Тэгээд дараагийн дарга нь томилогдоход Авлигатай тэмцэх газар руу мэдүүлэг бүх материалыг нь явуулаад хариу нь ирсэн өдөр буюу 02 дугаар сарын 16-ны өдөр намайг Завхан аймгийн ******* сумын ажлаас чөлөөлж дараагийн засаг дарга болох Мөнххүрэлийг томилсон. Тэр хүн томилогдсон л бол тэр өдрөөсөө Завхан аймгийн ******* сумын хаа эрх үүргийг хэрэгжүүлээд явах ёстой хүн байхад В.г ажилд нь томилохгүй яваад байсан юм. Би тэр Завхан аймгийн ******* сумын газрын хүмүүсийг албадан төлбөр тооцоогоо хий гэж шахаж, шаардаагүй өөрсдөө л шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид тухайн үед Х.******* гомдол гаргасан байдаг юм. ын газраас Завхан аймгийн ******* сумын хэн байх нь хамаагүй гэж яриад байна. Х.******* нь 2020 оны 12 сараас хойш ажилгүй болсон хүн байхад заавал Х.******* нь В.г ажилд авах ёстой гэж прокуророос үзэж нэхэмжлэл гаргаад тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн В. нь эрүүгийн хэрэгт холбогдсон хүн байдаг бөгөөд хүнд гэмт хэрэгт холбогдсон байдаг. Үүн дээр тухайн үед Х.******* зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд В.г буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр зүйлчилж байгаа бол хохирогчийн буруутай үйлдэл бас энд яригдахаар байгаа юм. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хохирлын хэмжээг харгалзан үзэж хохирлоос багасгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжилж буй мөнгөн дүнгээс багасгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: Завхан аймгийн ******* нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох прокурор томилсон албан тоот, Завхан аймгийн ******* сумын 2023.11.29-ний өдрийн 01/219 тоот т гаргасан хүсэлт, төлбөрийн хүсэлтүүд, Завхан аймгийн ******* сумын 2018.02.06-ны өдрийн Б/03 дугаартай В.г ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.28-ны өдрийн 140/ШШ2021/00229 дугаартай шийдвэр, Завхан аймгийн ******* сумын 2019.04.08-ны өдрийн Б/03 дугаартай В.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2020.12.21-ний өдрийн Х.*******гийн гомдолд хариу өгөх тухай албан тоот, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.07-ны өдрийн 372 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 205/МА2019/00019 дугаартай магадлал зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын хүсэлтээр Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021.03.23-ны өдрийн 21120112 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022.06.20-ны өдрийн 22120202 дугаартай тогтоол, төлбөрийн хүсэлтүүд, Завхан аймгийн ******* сумын 2022.05.25-ны өдрийн 01/171 дугаартай төлбөр барагдуулсан тухай албан тоот, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулсан мөн гэрч Завхан аймгийн ******* сумын газрын дарга ажилтай М............., ******* сумын ын төвийн ажилтай В. нарыг асууж авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэдийн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймгийн ******* сумын дарга байсан Х.******* нь иргэн В.г ажлаас чөлөөлсөн буруу гэж үзлээ. Х.*******гаас ажлаас халагдсан хугацааны мөнгийг тооцож төрийг хохиролгүй болгох нь зөв гэж үзлээ гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь хариуцагч Х.*******д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,303,253 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 15,242,964 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.******* ...В. гэх хүн маань хувь хүнийхээ хувьд зан араншны тал дээр ямар нэгэн байдлаар төрийн алба хашихад тохирохгүй зүй бус үйлдэлтэй, эхний 2 шатны шүүхээр ялсан ч гэсэн Улсын дээд шатны шүүхийн тогтоол яаж гарсныг мэдэхгүй, ...би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших асуудлууд надад хамаагүй, ...мөн миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байсан юм... гэж маргаж байна.

Хариуцагч Х.******* нь Завхан аймгийн ******* сумын ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай захирамж гарган ******* сумын ын төвийн В.г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Улмаар В. нь уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дүгээр магадлал, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан В.г Завхан аймгийн ******* сумын ын төвийн ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,541,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, магадлал, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учраас ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцахаар хуульчилсан.

Гэтэл ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул В. шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/0029 дугаартай шийдвэрээр В.д 4,701,095 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ******* сумын газраас В.гийн цалингийн нөхөх олговорт нийт 15,242,964 төгрөгийг суутган олгожээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоол, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/0029 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтууд зэргээр тогтоогдсон, талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үйл баримтуудтай холбоотойгоор үүссэн гэм хорын хохирлын асуудал бөгөөд үндсэн маргаан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор В. ажилдаа эгүүлэн томилогдсон, төрөөс нөхөх олговор олгосон байх тул хариуцагч Х.******* нь хууль бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон, улмаар буруутай шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээж, төрд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төлөх үүрэгтэй байна.

Тухайлбал, хариуцагч Х.*******гийн хууль бус үйлдлийн улмаас төрд ямар хэмжээний бодит хохирол учирсан гэдгийг тогтоохоос гадна гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэхийг дүгнэснээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдож, энэ хэмжээгээр хариуцлага хүлээх учиртай.

Иймд хариуцагч Х.*******гаас хууль бус шийдвэрийн улмаас В.д олгосон ажилгүй байсан хугацааны цалин олговор буюу төрд учруулсан хохирол болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 15,242,964 төгрөгийг тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас гаргуулах нь үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагч Х.******* нь Улсын дээд шатны шүүхийн тогтоол яаж гарсныг мэдэхгүй, ...би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших асуудлууд надад хамаагүй, ...мөн миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байсан юм... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл Х.******* нь Завхан аймгийн ******* сумын үүрэгт ажлаас хэзээ чөлөөлөгдсөн эсэх, мөн эрүүл мэндийн ямар шалтгааны улмаас хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй болохоо шүүхэд ямар нэг баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х.******* нь оролцсон болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор нотлогдож байх тул хариуцагч Х.*******гийн ...Улсын дээд шүүхийн тогтоол яаж гарсныг мэдэхгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагч Х.*******гийн ...би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших асуудлууд надад хамаагүй, ...мөн миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байсан юм... гэх тайлбарыг хүлээн авч харгалзан үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.*******гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 234,165 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч *******ын *******гаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,242,964 төгрөгийг 15,242,964 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 234,165 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ