| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/03015/и |
| Дугаар | 184/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/00483
2024 01 22 184/ШШ2024/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 5-р хороо, ******* 23 гудамж 6 тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, дэнж 2а тоот хаягт байрлах *******баатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний төв /9129006/-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, шүүх хуралдааны ******* бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвд холбогдуулж *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 дугаар Албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэнэт ажлын цагийн график өөрчлөгдсөн гэсэн. Энэ тухай лавлахад энэ талаар хэлэхгүй, тушаал гарахаар тодорхой болно, өөрийг тань ажлаас чөлөөлсөн гэсэн. Намайг дөрөв дэх удаа ажлаас чөлөөлсөн. Надад ажлаас чөлөөлсөн талаар хэлээгүй, танилцуулаагүй, шууд ажлыг маань хүлээлцүүлсэн. Хариуцагч байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлгүй, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөөгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдэгдэх, тэмдэглэл үйлдэх зэрэг процесс ажиллагаа хийгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад ажил олгогч давуу байдлаа ашиглан Б/96 тушаалаар ажилд эгүүлэн томилж, мөн өдөр Б/97 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Энэ талаар огт мэдэгдээгүй. Мөн 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 тушаалыг гаргахдаа бланк дээр албан бичиг бичсэн мэт тушаал гаргасан байгаа нь ажил олгогч ажилтны эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь харагдаж байна. Тушаалыг нь харахад тушаалын үндэслэх хэсэг, захирамжлах хэсэг нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн дотоод журам нь сайн боловсруулагдсан боловч тодорхой ажиллагаа хийхгүй нэг даргын сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдсэн байгааг энэ баримтуудаас харж болно ... Иймд *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 дугаар Албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ... гэв.
2. Хариуцагч *******баатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний төв шүүхэд гаргасан тайлбартаа: ... *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уурын өртөө нь дарга 1, техникч 4, нийт 5 хүний орон тоотой бөгөөд Х.******* нь доороо 4 ажилтантай, Х.******* нь ажилтнуудтайгаа ойлголцож чаддаггүй, ажлын байранд бусад ажилчдаа хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн, ажиллагсад нь удаа дараа Х.*******т холбогдуулан ёс суртахуунгүй, дээрэнгүй, удирдагчийн чадваргүй байдлын талаар гомдол гаргадаг. 2022.10.10-ны өдөр тус өртөөний техникчдийн өргөдөл, гомдол Даргын зөвлөл-ийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн манай дээд удирдлага болох *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний газарт ******* өртөөний ажилчид дарга Х.*******ийн талаар гомдол гаргасан ба манай дээд удирдлагаас эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэх зөвлөмж, чиглэл өгсөн. Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд Х.*******тэй 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 36 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Х.*******т нэг хувь, ажил олгогчид нэг хувийг тус тус өгсөн. Х.******* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.7 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.7 дахь заалтад заасан Ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүчирхийлэх зэргээр танхайран нийгмийн хэв журамж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулсан бол гэсэн заалт удаа дараа зөрчигдсөн тул аргагүйн эрхэнд Х.*******ийг ажлаас нь чөлөөлсөн. Дээрх 2 заалт нь дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд ордог. Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл гаргасны дараа тухайн ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг ажил олгогч хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргах болохгүй гэсэн зохицуулалт байхгүй байгаа учир хууль зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заагдсанаар зөрчлийг ирүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авч болохоор хуульчилсан байх тул шууд ажлаас чөлөөлөх зөрчил гаргасан үндэслэлээр Х.*******ийг ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Ажлаас чөлөөлөх Б/97 дугаар тушаал гаргаж холбогдох баримтыг хавсаргасан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №4 дугаар хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* дүүргийн 5-р хорооны засаг даргын 2023.08.18-ны өдрийн №58 дугаар тодорхойлолт, Хаан банк дахь Х.*******ийн ******* тоот дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт,
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******баатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журам, ******* цаг уурын өртөөний даргын ажлын байрны тодорхойлолт, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №36 дугаар Хөдөлмөрийн гэрээ, *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2022.10.10-ны өдрийн №Б/52 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай, 2023.04.10-ны өдрийн Б/31 дугаар Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Э., Б., Э., И., С. нарын бичсэн тодорхойлолт, гомдол, *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023.11.01-ний өдрийн 64 тоот албан бичиг, 2023.10.30-ны Б/96 дугаар Ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай, 2023.10.30-ны Б/97 дугаар Албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаал, 2023.10.30-ны №63 дугаартай Авилагтай тэмцэх газарт гаргасан гомдол, *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал, Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2023.12.28-ны өдрийн Б/125 дугаар *******баатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, цалингийн тооцооны хүснэгт.
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч Ч., Э., Э., Б., С., И., Д. нарын мэдүүлэг, Цаг уур орчны шинжилгээний газрын 2023.09.12-ны №01/967, 2023.09.20-ны №01/989 тоот албан бичиг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2022.11.29-ний А/192 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023.03.27-ны өдрийн 01/178 дугаар албан бичиг, хяналт шалгалтын тайлан, Э., Б., Э., И., С., нарын Ёс зүйн хороонд гаргасан гомдол.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч байгууллагын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №Б/31 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгох гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болж чадахгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Х.******* нь 2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уур өртөөний даргаар ажиллаж, ажил олгогчтой гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ажиллаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №Б/31 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.7, Хөдөлмөрийн гэрээний 4.3.7 дахь заалтыг үндэслэн Х.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
5. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ ... 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэнэт ажлын цагийн график өөрчлөгдсөн гэсэн, энэ тухай лавлахад энэ талаар хэлэхгүй, тушаал гарахаар тодорхой болно, өөрийг чинь ажлаас чөлөөлсөн гэсэн, хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилоод, буцааж чөлөөлсөн байдаг, үүнийг би мэдээгүй.... гэсэн бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... нэхэмжлэгч ажилтнуудтайгаа хэл амаа ололцож чаддаггүй, ажлын байранд ажилчдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн, ажилчдаас *******тэй холбоотой, түүний ёс суртахуунгүй, дээрэнгүй, удирдагчийн чадваргүй талаар гомдол гаргадаг ... дээд байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэ гэсэн зөвлөмж өгсөн ... гэсэн тайлбар гаргаж маргасан.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д ажилтан, ажил олгогчийн аль нэг санаачилга гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохыг тусгаж, мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг зааж, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон.
7. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7, Хөдөлмөрийн гэрээний 4.3.7-д зааснаар Ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүчирхийлэх зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ.
8. Түүнчлэн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* өртөөний техникч Э., Б., С., Э., Хэрлэн голын усны харуул И. нарын гаргасан тодорхойлолт, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, тус газрын Ёс зүйн хороонд гаргасан Э., Б. Э., С. нарын гомдол, ******* цаг уурын өртөөний ажилчдын хурлын тэмдэглэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022.11.29-ний өдрийн №А/192 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, тус газраас Х.*******ээс ирүүлсэн өргөдлийн дагуу *******баатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд хийсэн Хяналт шалгалтын тайлан, гэрч Ч.ын ... *******тэй холбоотой ажлын байран дээр сэтгэл зүйн дарамт их үзүүлж байна, хамтран ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдол их ирдэг ... , гэрч Э.н ... би *******ийн талаар гомдол мэдүүлсэн, надтай ёс зүйгүй харьцаа гаргаж байсан, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай маргалдаж над руу долоовор хуруугаа чичилж, хашхирч салаавч гаргаад чи энэ ажилд одоо байхгүй гэж хэлсэн ... цаг агаарын мэдээг хамгийн их хоцроодог ... , гэрч Э.ийн ... би *******тэй 20-иод жил хамт ажиллаж байна, ааш зангийн хувьд хүндрэлтэй хэцүү байдаг ... намайг тэтгэвэртээ гараад зайл гэж хэлж байсан ... , гэрч Б.ы ... ажлын байран дээр архи уудаг байсан ... ажлаа хийгээд явахад хүндрэлтэй ... энэ хүнийг буцаад ажилдаа орно гэвэл би лав ажиллаж чадахгүй ... , гэрч С.ын ... *******ээс шалтгаалж ажлаас гарах өргөдлөө өгч байсан, дарамт шахалт ихтэй байсан ... , гэрч И.ын ... *******ийг удирдах албан тушаалд ажиллахад ёс зүйн доголдолтой хүн гэж үзэж байгаа, ажилчдаа байнга дарамталж, доромжилж байдаг ... , гэрч Д.ийн ... ******* болон холбогдох дөрвөн албан хаагчийг оролцуулаад бүтэн өдөржин уулзалт зохион байгуулсан, тэнд ямар нэгэн ёс зүйн доголдол, зөрчилтэй процесс явагдсан гэхээс илүү албан хаагчид хоорондын харилцааны соёл хүмүүжлийн асуудал байна, тийм учраас хоорондоо эв найрамдалтай ажиллах хэрэгтэй гэсэн ... мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х.******* нь ажлын байран дээр ажилтнуудтайгаа зүй бусаар харьцдаг, ёс зүй, зан харилцааны хувьд доголдолтой үйлдлийг удаа дараа гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.
Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдсэн, сахилгын зөрчилтэй нь холбогдуулж тайлбар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
10. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгч Х.*******ийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой ажилтнуудын удаа дараагийн гомдлыг бүрэн шалгаж тогтоох ажиллагааг хангалттай хийлгүй хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь хуульд нийцээгүй байхаас гадна, ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна.
Тодруулбал ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд өөрт нь мэдэгдэж тайлбар авснаар ажилтан өөрийгөө хамгаалах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, ажил олгогчийн хувьд зөрчлийн шинж, хэр хэмжээг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, гаргасан зөрчилд нь тохирсон хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх боломж бүрдэх юм. Гэтэл хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчжээ.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №Б/96, №Б/97 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.*******ийг ажилд эгүүлэн тогтоож, мөн өдрөө ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2. Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэжээ. Өөрөөр хэлбэл ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон гэж үзэх үндэслэл нь ажилтан ажил үүргээ урьдын адил гүйцэтгэж эхэлсэн байх явдал бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, ажилтан ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар мэдээгүй тул ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №Б/96 дугаар тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон гэж үзэхгүй.
13. Тиймээс хариуцагчийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хууль зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.*******ийг урьд эрхэлж байсан *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уур өртөөний даргын ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: ... 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 9 сар 12 хоногийн цалин 12,901,146 /2023.01 сар 1,367,089+2022.02 сар 1,335,089+2023.3 сар 1,347,089=4,049,267, 4,049,267/3*12+ 62,779х12/ төгрөгийг хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгов.
15. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
Хариуцагч байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, талууд маргаанаа шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч харилцан тохиролцож, шийдвэрлэж чадаагүй болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамж 221,368 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийг *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уур өртөөний даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 12,901,146 төгрөгийг хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******баатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс 221,368 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН