Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул,

Шүүгдэгч Ж.Төрболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Төрболдод холбогдох эрүүгийн 201710010157 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хий гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6-р баг, Борхойн гудамж 12-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 8 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан Боржигон овогт Жаргалсайханы Төрболд /УК90062016/

Шүүгдэгч Ж.Төрболд нь архидан согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хөвсгөл зочид буудлын орчим явж байсан Д.Энхбилэг, Ц.Бат-Ерөөлт, Н.Батбаяр нартай маргалдаж улмаар архины шилээр цохиж хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Төрболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим найз Л.Сүхчулууны хамт Хөвсгөл нэртэй караоке руу орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи, 4 пиво авсан. Авсан пивонуудаа уучихаад архиа уух гэхэд ууж бараагүй болохоор гэртээ авч очоод уучихъя гэж бодоод караокеноос 00 цагийн орчим гарсан. Такси барих гээд зам гарах гэж явж байтал хажуугаар 3 залуу өнгөрсөн. Миний ард Л.Сүхчулуун явж байсан юм. Тэгсэн чинь Л.Сүхчулуун тэдгээр гурван залуугийн нэг залуутай нь маргалдсан. Би эргээд хартал Л.Сүхчулуун газар хэвтчихсэн байсан. Би гүйж очоод Л.Сүхчулууны хажууд зогсож байсан залуугийн араас нь хувцаснаас нь татахад тэр эргэж хараад миний цээж рүү гараараа цохисон би хойшоогоо ухраад халаасанд байсан тал шил архитай архины шилээр тэр залуугийн толгойд нь цохисон. Энэ үед архины шил хагарсан тэгэхэд нэг залуу нь хүрч ирээд миний ташаан толгой орчим өшиглөсөн. Би тэр залууг зөрүүлээд гараараа нүүр лүү нь цохисон. Тэгэхэд тэр гурвын нэг нь ирээд миний араас татаж унагаад миний дээрээс өшиглөөд байсан. Тэгэхэд цагдаагийн хоёр алба хаагч ирээд Л.Сүхчулуун бид хоёрыг саатуулах байр руу авч явсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 - Хохирогч Д.Энхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найзууд болох Ц.Бат-Ерөөлт, Н.Батбаяр нарын хамт гэр лүүгээ харих гээд Хөвсгөл буудлын урд явж байсан. Тэгэхэд 2 залуу Хөвсгөл буудлаас гарч ирсэн. Ц.Бат-Ерөөлт түрүүлээд урд алхаж явсан юм. Тэр буудлаас гарч ирсэн 2 залуугийн нэг залуутай нь зөрөхдөө мөрлөлцчихсөн. Тэгээд хоорондоо маргалдахад цуг явж байсан залуу нь хүрч ирээд Ц.Бат-Ерөөлтийн толгой руу архины шилээр цохиход архины шил нь хагарчихсан. Энэ үед Н.Батбаяр тэдэн рүү гүйж очоод архины шилээр цохисон залууг Ц.Бат-Ерөөлтөөс холдуулах гэж түүнийг түлхсэн. Ц.Бат-Ерөөлтийг архины шилээр цохисон залуу зам хөндлөн гарч зугтах гэж оролдох үед нь би гүйж очоод тэр залууг хавсарч унагаасан. Ингэж ноцолдож байхдаа гарт нь байсан архины шилэнд миний хацарны зүүн хэсэг зүсэгдэж гэмтсэн. Би тэр залууг унагаагаад гарт нь байсан архины шилийг салгах гэж байх үед цагдаагийн хоёр алба хаагч ирээд архины шилийг нь гарнаас салгаад эмнэлгийн түргэн тусламж дуудаж өгөөд тэр хоёр залууг саатуулахаар авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Хохирогч Н.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 00 цагийн орчим найзууд болох Ц.Бат-Ерөөлт, Д.Энхбилэг нартай Хөвсгөл буудлын орчим явж байсан. Тэгэхэд Хөвсгөл буудлаас 2 залуу гарч ирээд зам хөндлөн гарахдаа бидний хажуугаар зөрсөн тэр 2 залуугийн ард нь явж байсан намхан нуруутай, үсээ боосон залуу Ц.Бат-Ерөөлтийн хажуугаар зөрөхдөө түүнтэй маргалдсан. Тэгэхэд тэр залуу Ц.Бат-Ерөөлтийг цохьчих шиг болсон. Ц.Бат-Ерөөлт тэр залууг зөрүүлээд толгой руу нь цохисон. Энэ үед тэр залуутай цуг явж байсан өндөр нуруутай залуу гүйж ирсэн. Түүний гарт шилтэй архи байсан. Түүгээрээ Ц.Бат-Ерөөлтийн толгой руу цохиж хагалсан. Ц.Бат-Ерөөлт тонгойгоод доошоо болоход нь архины шилний хагархайгаар түүний баруун гарын булчинд хатгасан. Би тэр залууг Ц.Бат-Ерөөлтөөс салгах гээд гүйгээд очсон. Тэгэхэд тэр залуу шилний хагархайгаар над руу чичээд байхаар нь би түүн рүү ойртоогүй. Эхлээд Ц.Бат-Ерөөлттэй маргалдсан залуу босоод ирэхээр нь тэр залууг зодоонд оролцож магадгүй гэж бодоод үсдээд дарчихсан байсан. Шил барьсан залуу цааш явахад нь Д.Энхбилэг түүнийг хавсарч унагаагаад шилийг нь авах гээд ноцолдож байх үед цагдаагийн хоёр алба хаагч ирсэн. Цагдаагийн алба хаагч нар ирэх үед тайвшраад өөрийгөө анзаартал зүүн чихний доод хэсэг, хүзүү орчимд зүсүүлсэнээ мэдсэн. Цагдаагийн алба хаагч нар эмнэлгийн түргэн тусламж дуудчихаад тэр хоёр залууг саатуулахаар авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Хохирогч Ц.Бат-Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найзууд болох Д.Энхбилэг, Н.Батбаяр бид гурав Хөвсгөл буудлын урдаас такси барих гээд зогсож байсан. Тэгэхэд Хөвсгөл буудлаас хоёр залуу гарч ирээд зам хөндлөн гарч явсан. Тэр хоёр залуугийн хойно нь явсан намхан залуу хажуугаар зөрөхдөө юун хүмүүс вэ гэж хэлээд намайг мөрөлсөн. Тэгсэнээ тэр залуу миний замд хөндөлсдөг хэн бэ гэхээр нь би тэр залууг андуураад байгаарай гэж хэлэхэд миний цээж рүү гараараа цохисон. Би тэр залууг заамдаад авахад түүнтэй явж байсан өндөр залуу гүйж хүрч ирээд архины шилээр миний толгой руу цохисон тэгэхэд шил нь хагараад толгойноос цус гарсан. Толгойгоо дараад доошоо болоод дээшээ өндийхөд шилний хагархайгаар миний баруун гарын шуунд нэг хатгасан. Н.Батбаяр гүйж ирээд салгах гэхэд тэр залуу Н.Батбаярын зүүн чих, хүзүү орчим зүссэн. Д.Энхбилэг тэр залууг хавсарч унагаагаад дээрээс нь дараад гарнаас нь шилийг нь мултлах гээд байж байхад цагдаагийн хоёр алба хаагч хүрч ирээд гарт нь байсан шилийг нь хаяулж бид нарт эмнэлгийн түргэн тусламж дуудаад тэр хоёр залууг саатуулахаар авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,     

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын  28-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Н.Батбаярын биед зүүн чихний омогны сэтэрсэн шарх, зүүн чихний ар талд хүзүүний хажуугийн булчингийн бүрэн бус тасрал бүхий шарх, баруун шууны гадна дунд талд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
  3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 21/,

   - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

      1. Д.Энхбилэгийн биед зүүн эрүүний доод талд, хүзүүний зүүн талд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

      3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

      4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

      5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 27/,

 - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

      1. Ц.Бат-Ерөөлтийн биед духны зүүн талд шарх, баруун бугалганд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

      3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

      4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

      5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 33/,

- Гэрч О.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр а/ч Б.Сугарын хамт Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 00 цагийн орчимд Хөвсгөл буудлын орчим эргүүл шалгалт хийгээд явж байтал Хөвсгөл буудлын урд талд 5 залуу зодолдсон байдалтай байсан. Нэг залуу нь нэг залууг газар хэвтүүлчихсэн дээр нь дарчихсан байсан. Харин газар хэвтэж байгаа залуу гартаа архины шилний хагархай барьсан байсныг а/ч Сугар бид хоёр тавиулсан. Нөгөө гурван залуугийн хоёр нь биедээ зүсэгдсэн гэмтэл авсан. Харин нэг залуу нь биеийн харагдах хэсэгт бэртэл гэмтэлгүй, газар сууж байсан. Ингээд тэднээс юу болсон талаар асуухад биедээ гэмтэл авсан гурван залуу бид гурав явж байгаад энэ хоёр залуутай маргалдсан. Тэгэхэд нь энэ хоёр залуугийн нэг нь архины шил хагалаад биднийг зүсэж гэмтээсэн. Харин нөгөө залуу нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэсэн тайлбарыг хэлж байсан. Харин бусдын биед гэмтэл учруулсан гэх хоёр залуу нь ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан учраас биедээ гэмтэл авсан гурван залууд эмнэлгийн түргэн тусламж дуудаж өгчихөөд бусдыг гэмтээсэн гэх хоёр залууг саатуулах байранд хүргэж ирсэн. Тэдгээр таван залуу тавуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

  - Гэрч Л.Сүхчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр найз Ж.Төрболдын хамт 23 цагийн орчим Хөвсгөл зочид буудлын караокед орж үйлчлүүлсэн. Тэндээс бид хоёр 00 цаг өнгөрч байхад гарч ирээд такси барих гээд зам хөндлөн гарсан. Тэгэхэд урдаас ирж явсан гурван залуугийн нэг залуутай мөрлөлцчихсөн. Тэгэхэд надтай мөрлөлцсөн залуу уурлаад миний цамцнаас зуураад татаад унагаачихсан. Тэгээд би босох гэхэд намайг үсдэж дарчихаад босгохгүй байсан. Би доошоо хараад дөрвөн хөлөлчихсөн байсан болохоор юу болж байгааг харж чадаагүй. Тэгэхэд тэр залуучууд цус гарчихлаа гээд орилолдоод байсан. Тэгэхэд хоёр цагдаагийн алба хаагч хүрч ирэхэд намайг үсдсэн залуу тавихад нь би босоод суусан. Төрболдыг нэг залуу нь газар унагаагаад дээрээс нь дарчихсан байсан. Тэр гурван залуугийн гар, толгой зэргээс нь цус гарсан. Цагдаагийн алба хаагчид Ж.Төрболд бид хоёрыг саатуулахаар авч явсан. Бид хоёр нэг нэг пиво, тал шил 0.5 литрийн архи л хувааж уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Ж.Төрболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/,

- Шүүгдэгч Ж.Төрболд хохирогч нарт хохирол төлбөр төлсөн баримт, дансны хуулга /хх-ийн 89-91/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Шүүгдэгч Ж.Төрболд нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хөвсгөл зочид буудлын орчим явж байсан Д.Энхбилэг, Ц.Бат-Ерөөлт, Н.Батбаяр нартай маргалдаж улмаар архины шилээр Ц.Бат-Ерөөлтийг толгой руу цохиж, хагарсан архины шилээрээ Д.Энхбилэг, Ц.Бат-Ерөөлт, Н.Батбаяр нарын биеийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Ж.Төрболд нь архидан согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хөвсгөл зочид буудлын орчим явж байсан Д.Энхбилэг, Ц.Бат-Ерөөлт, Н.Батбаяр нартай маргалдаж улмаар архины шилээр цохиж хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Төрболд нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хөвсгөл зочид буудлын орчим хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Төмөрхуягийн “...эргүүл шалгалт хийгээд явж байтал Хөвсгөл буудлын урд талд 5 залуу зодолдсон байдалтай байсан. Нэг залуу нь нэг залууг газар хэвтүүлчихсэн дээр нь дарчихсан байсан. Харин газар хэвтэж байгаа залуу гартаа архины шилний хагархай барьсан байсныг а/ч Сугар бид хоёр тавиулсан. Нөгөө гурван залуугийн хоёр нь биедээ зүсэгдсэн гэмтэл авсан. Харин нэг залуу нь биеийн харагдах хэсэгт бэртэл гэмтэлгүй, газар сууж байсан... биедээ гэмтэл авсан гурван залууд эмнэлгийн түргэн тусламж дуудаж өгчихөөд бусдыг гэмтээсэн гэх хоёр залууг саатуулах байранд хүргэж ирсэн...” гэсэн, гэрч Л.Сүхчулууны “...тэр залуучууд цус гарчихлаа гээд орилолдоод байсан...Тэр гурван залуугийн гар, толгой зэргээс нь цус гарсан...” гэсэн, хохирогч Д.Энхбилэгийн “...хоорондоо маргалдахад цуг явж байсан залуу нь хүрч ирээд Ц.Бат-Ерөөлтийн толгой руу архины шилээр цохиход архины шил нь хагарчихсан...архины шилэнд миний хацарны зүүн хэсэг зүсэгдэж гэмтсэн...” гэсэн, хохирогч Н.Батбаярын “...өндөр нуруутай залуу гүйж ирсэн. Түүний гарт шилтэй архи байсан. Түүгээрээ Ц.Бат-Ерөөлтийн толгой руу цохиж хагалсан. Ц.Бат-Ерөөлт тонгойгоод доошоо болоход нь архины шилний хагархайгаар түүний баруун гарын булчинд хатгасан... Тэгэхэд тэр залуу шилний хагархайгаар над руу чичээд байхаар нь би түүн рүү ойртоогүй...Цагдаагийн алба хаагч нар ирэх үед тайвшраад өөрийгөө анзаартал зүүн чихний доод хэсэг, хүзүү орчимд зүсүүлсэнээ мэдсэн...” гэсэн, хохирогч Ц.Бат-Ерөөлтийн “...өндөр залуу гүйж хүрч ирээд архины шилээр миний толгой руу цохисон тэгэхэд шил нь хагараад толгойноос цус гарсан. Толгойгоо дараад доошоо болоод дээшээ өндийхөд шилний хагархайгаар миний баруун гарын шуунд нэг хатгасан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 204, 205 дугаар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Төрболдыг  хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул “...Ж.Төрболд нь урд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар буюу танхайн гэмт хэрэг үйлдэж 3 жил 8 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж ял шийтгүүлж байсан боловч 2017 оны Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэрэг гэж байхгүй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ж.Төрболд нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна” гэж мэтгэлзсэн нь үндэслэлтэй байна. Харин “... Ж.Төрболд нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна учир нь Ж.Төрболдын согтуурлыг шалгасан зүйл хэрэгт огт байдаггүй, албан ёсны драгер багаж, болон согтуурлын зэргийг шалгасан зүйл огт байдаггүй, 0,20 хувь байвал согтуурсан гэж үзэхгүй байгаа... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэж мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэдийгээр согтолтын зэргийг тогтоогоогүй боловч шүүгдэгчийн “...Хөвсгөл нэртэй караоке руу орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи, 4 пиво авсан. Авсан пивонуудаа уучихаад архиа уух гэхэд ууж бараагүй...” гэсэн, гэрч Л.Сүхчулууны “...Бид хоёр нэг нэг пиво, тал шил 0.5 литрийн архи л хувааж уусан...” гэсэн, гэрч  О.Төмөрхуягын “...Тэдгээр таван залуу тавуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Төрболдод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Төрболдыг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Төрболдыг дөрвөн зуун жаран нэгж буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Төрболдод оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Төрболд нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Төрлболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Төрболдод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ