Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/00710

 

2024 02 05 184/ШШ2024/00710

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 10 хороо, ******* 2б байр 38 тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 38-р хороо, ******* ******* 53а байр 47 тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* //-т холбогдох

 

түрээсийн гэрээний үүрэг 8,186,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулж түрээсийн гэрээний үүрэг 8,186,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Н.*******тай 036 тоот түрээсийн гэрээг байгуулж барилгын өргөх шатыг 10 хоногийн хугацаатай буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний 4.1-т заасан хугацаа дуусахад Н.******* нь барилгын өргөх шатыг буцааж өгөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төхөөрөмжөө авсан. Тухайн үед өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцаг нь эвдэрсэн байсан. Хариуцагч талаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ачигч лифт, түрээс, барьцаа гэх гүйлгээний утгатай 1,900,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шатны түрээс гэх гүйлгээний утгатайгаар 720,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний дагуу 900,000 төгрөг өгсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 720,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш төлбөр нэмж төлөөгүй. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 100 хоногийн түрээсийн төлбөрөөс барьцааг хасаад 8,000,000 төгрөгийн шаардлага гаргасан. Н.*******т шатыг гэрээ байгуулсан өдөр буюу 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Манай талаас шатаа авах шаардлагыг удаа дараа гаргасан. Хариуцагч шаардлагыг хүлээж аваагүй. Шатыг Н.******* биш Т. гэх хүний жолооч гээр дамжуулан өгсөн. Манай тал Т. гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. Т. гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.*******ыг тухайн шатыг ажилдаа ашигласан гэх мэдүүлэг өгсөн. Иймд түрээсийн гэрээний дагуу Н.*******аас шат ашигласан хугацааны төлбөр болох 8,000,000 төгрөг, өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцгийн эвдрэлийг засуулсан ажлын хөлс 186,000 төгрөг нийт 8,186,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

2. Хариуцагч Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... өргөх шатыг Н.******* ашиглаагүй, тухайн үед гэрээ байгуулсан хүн нь Н.******* боловч бодитоор хүлээн авч ашиглаагүй, буцаан хүлээлгэн өгсөн хүн нь Т. гэх хүн байгаа. Энэ маргааны жинхэнэ хариуцагч нь Н.******* биш гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.гийн мэдүүлгээс үзвэл өргөх шатны түрээсийн төлбөрт 3 удаагийн төлөлт хийсэн гэж хэлсэн. Өргөх шатыг авч ашигласан хүн нь Т. тул хариуцагч энэ түрээсийн төлбөрийг хариуцахгүй. Нэхэмжлэгч тал Т.гээс шатыг хүлээж авсан баримтыг гаргаж өгсөн нь шатыг Н.******* ашиглаагүй харин Т. ашигласан гэдэг нь тодорхой харагдана. Н.******* түрээсийн төлбөр огт төлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Хаан банк дахь Д.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №036 дугаар Түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.08.28-ны өдрийн Шат хүлээлцэх акт, 2023.08.29-ний өдрийн зарлагын баримт, төлбөрийн баримт.

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т.гийн мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан гэрээнд заасан хугацаанд шатыг эргүүлэн өгөөгүй тул хүлээлгэн өгөх хүртэл хугацааны төлбөр 8,000,000 төгрөг, засварын ажлын хөлс 186,000 төгрөг нийт 8,186,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бичгийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй, өргөх шатыг бодитоор хүлээн авч ашиглаагүй, буцаан хүлээлгэн өгсөн хүн нь өөр этгээд тул хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Н.******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №036 дугаар Түрээсийн гэрээ-ээр нэхэмжлэгч нь SJY0.5-8 маркийн барилгын өргөх шатыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь өргөх шатыг зориулалтын дагуу, гэрээнд заасан хугацаанд ашиглахаар харилцан тохиролцсон байна. Ийнхүү гэрээгээр нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч шилжүүлэн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ашигласан хугацааны төлбөр төлөх үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээ үйлдэж, хоёр тал гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулсанд тооцно.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

7. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болох SJY0.5-8 маркийн барилгын өргөх шатыг гэрээ байгуулсан өдрөө буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр болон барьцаа болгож нийт 2,620,000 төгрөг төлсөн, түүнчлэн өргөх шатыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шат хүлээлцэх акт-аар нэхэмжлэгч хүлээн авсан нь тус тус хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтуудын талаар талууд маргаагүй.

 

8. Харин талуудын хооронд гэрээнд үндэслэсэн үүргийн харилцаа үүссэн эсэх, гэрээний зүйл болох шатыг хүлээлгэн өгөх хүртэл хугацааны төлбөр болон нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

9. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэжээ. Хариуцагч нь гэрээний агуулгыг ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр, нэхэмжлэгчтэй бичгийн гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан тул талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх ба гэрээний талууд хэн аль нь хууль, гэрээнд заасан үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

10. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно, талуудын байгуулсан гэрээний 4.1 Төхөөрөмжийг А тал 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 цагаас хоцроолгүй Б талд хүлээлгэж өгсөн байх үүрэгтэй, мөн гэрээний дагуу 5.1 Энэхүү гэрээний дагуу төхөөрөмжийг Б талаас А талд нэг хоног ашиглуулсны түрээсийн төлбөр 90,000 төгрөг буюу түрээсийн нийт 10 хоногийн хугацааны төлбөр 900,000 төгрөг байна, гэрээний сунгалт хэсэгт 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 20 хүртэл сунгав гэж тусгагдсанаас үзэхэд талууд түрээсийн гэрээг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга, талуудын тайлбараар түрээсийн төлбөрт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,900,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 720,000 төгрөг нийт 2,620,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 326.2. Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш түрээсийн зүйлийг буцааж өгсөн өдөр болох 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төлбөрийг гэрээнд зааснаар нэг хоногийн 90,000 төгрөгөөр тооцож шаардсан нь үндэслэлтэй.

12. Гэхдээ түрээсийн зүйл болох шатыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нь дан ганц хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзэх боломжгүй, энэ хугацаанд нэхэмжлэгч өргөх шатыг шилжүүлэн өгөхийг ямар байдлаар шаардаж байсан нь тодорхойгүй байхаас гадна өөрийн зардлаар шатыг буцаан авах оролдлого үйлдэл хийгээгүй нь хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасныг үндэслэн хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тал хувиар бууруулж, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт нийт 8,280,000 төгрөг /92х90,000/ төлөхөөс 4,140,000 төгрөг болгон бууруулж, үүнээс хариуцагчийн барьцаанд өгсөн 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 3,140,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

13. Хариуцагчийн өргөх шатыг би ашиглаагүй, авч ашиглаж, төлбөрийг төлж, буцаан өгсөн гэх татгалзал, тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал гэрч Т.гийн ... багаж, тоног төхөөрөмжөө ******* өөрөө хариуцна гэдгийг хэлсэн ... тоног төхөөрөмжөө өөрөө олоод ажлаа хурдан гүйцэтгэ гэж хэлэхэд шат олоод ирлээ түрээсийн төлбөрийг нь төлөөд өгөөч гэхэд нь тухайн ажлыг хурдан гүйцэтгэ би энэ түрээсийн төлбөрийг төлж байя гэж хэлсэн ... ******* ажлаа хаяж явахдаа шатыг орхиод явсан ... тус болоод 2,000,000 төгрөг өгье, чи өөрөө асуудлаа шийд гэж аман байдлаар хэлж байсан ... гэх мэдүүлэг, Хаан банк дахь Д.ын дансны хуулга, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр шатны түрээсийн төлбөрт төлсөн 2,620,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс Х. төлсөн, өргөх шатыг Х. бус хариуцагч өөрөө барилгын ажилдаа ашиглаж байсан болох нь тогтоогдож байх боловч ийнхүү түрээсийн төлбөрийг өөр этгээд төлсөн нь хариуцагчийг хууль, гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болж чадахгүй, харин дээрх баримт нь гэрээг Н.*******тай байгуулсныг, цаашлаад хариуцагч барилгын ажилдаа тухайн шатыг ашигласан, нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж, мэдэгдэж байсан гэх үйл баримтыг нотолж байна.

 

14. Нэхэмжлэгчээс өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцгийн эвдрэлийг засуулахад гарсан зардал болох 186,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж, нэхэмжлэлийн энэ шаардлагатайгаа холбогдуулж 100,000 төгрөгийн засварын ажлын хөлс төлсөн, 106,394 төгрөгийн багаж худалдан авсан талаар төлбөрийн баримт, зарлагын баримтыг нотлох баримтаар гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн баримтаар өргөх шатны цахилгаан тоноглолд ямар гэмтэл, хэзээ үүссэн, цаашлаад тухайн гэмтэл түрээсийн гэрээний хугацаанд үүссэн болох нь тогтоогдохгүй байна. Учир нь талууд эд хөрөнгийг шилжүүлэх, хүлээн авах үедээ эвдрэлийн талаар акт үйлдээгүй тул анх ямар шинж чанарын эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, тухайн гэмтэл, эвдрэл хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн болохыг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй.

 

15. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Н.*******аас хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 3,140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,046,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 3,140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,046,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 65,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН