Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/00893

 

2024 02 19 184/ШШ2024/00893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 3-р хороо, ******* төвийн бүс ******* гудамж 30 б байр 18 тоотод оршин суух ******* нялцгайтан овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 16-р хороо, 26 байр 161 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* //-д холбогдох

 

хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулж Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... миний биe 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Орон сууцны ипотeкийн зээлтэй дүүрэг 16-р хороо, 1 26 байр 161 тоот хаягт байрлах орон сууцыг иргэн Б.*******тай Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 14,535,000 төгрөгийг Б.*******аас авсан. Мөн уг гэрээгээр худалдан авагч тал дээрх орон сууцны зээлийг банкнаас баталсан графикийн дагуу банканд төлнө, худалдагч тал орон сууцны зээлийг төлж барагдуулсны дараа худалдан авагч талд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна. Я.******* миний биe Б.*******тай уг гэрээг байгуулах үeд 2 жилийн хугацаанд орон сууцны ипотeкийн зээлийг бүрэн төлж барагдуулна гэж ойлголцож, тохирсон бөгөөд 2 жилийн хугацаанд зээлийг төлж барагдуулна гэсэн ойлголтой байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний 2.2.2-д ...банкнаас баталсан графикийн дагуу банканд төлүүлнэ гэсэн заалт орсныг миний биe мэдээгүй. Б.******* нь 2 жилийн хугацаанд орон сууцны зээлийг төлж барагдуулаагүй бөгөөд 2020 онд Б.*******ын эхнэртэй утсаар холбогдоход мөнгө төгрөгийн боломжгүй байгаагаа хэлж, орон сууцыг буцааж өгөх талаар ярьсан. Миний хувьд орон сууцны ипотeкийн зээлтэй, уг зээл нь графикийн дагуу 2031 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусах тул бусад банкны байгууллагаас зээл гарах боломжгүй, ипотeкийн зээлийг төлж барагдуулах хүртэл зээлтэй гэж банкны байгууллагаас лавлагаа гарч ирж миний биe хохирч байна. Миний хувьд Б.******* нь орон сууцны зээлийг 2 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж ойлгож худалдах, худалдан авах гэрээг хийсэн боловч тухайн үeд тохирсон хэлцлээсээ өөр хэлцлийг төөрөгдлийн улмаас зөвшөөрч хийсэн байна ... Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т заасны дагуу салгаж үл болох хязгаарлагдмал эрхийг зохицуулсан, Иргэний хуулийн 172 дугаар зүйлд Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ гэж заасан. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар бидний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг Я.*******ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү ... гэв.

2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Я.*******тэй дүүрэг 16-р хороо, 1 26 байр 161 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Ингэхдээ Я.*******тэй ярьж тохиролцсоны дагуу 30 хувийн урьдчилгааг бэлнээр өгч, үлдсэн мөнгийг Капитрон банкны ипотекийн зээлээр сар бүр графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэрээнд энэ талаар маш тодорхой зааж тусгасан учир нэхэмжлэгчийг төөрөгдсөн, хууль зөрчиж гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус байх үндэслэл байхгүй. Бид урт хугацааны үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдаж байгаа нөхцөл байдлаа бодолцож орон сууц худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл байгуулж, худалдагч тал болон худалдан авагч урт хугацаагаар гадаад явах, нас барах тохиолдолд өв хүлээн авах эрхтэй хүмүүс зэргийг нарийн тодорхой зааж өгсөн. Миний бие гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлж, банкны зээлийн хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж явсан бөгөөд төлбөрийг бүрэн төлөөд дуусгасан, одоо ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь орон сууцыг буцаан авах гэсэн санаатайгаар ийнхүү худал зүйл бичиж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна ... Хариуцагч нь энэхүү орон сууцыг худалдан авснаар ганц орон сууцны төлбөрийг төлөөд зогсохгүй, өөрийн гэсэн орон сууцтай болчихлоо хэмээн итгэж бүрэн хэмжээний засвар хийж олон сая төгрөг зарцуулсан ... гэрээнд зааснаар 2031 онд зээлийн хугацаа нь дуусна. Зээл төлж байх хугацаандаа сар бүр 384,000 төгрөгийг Я.*******ийн нэрийн өмнөөс банканд төлж байсан. Хугацаа хэтрүүлээгүй, цаг хугацаанд нь төлсөн, ковидын үед ч төлсөн. Бидний дунд 2 жилийн хугацаанд бүх мөнгийг төлж дуусгах талаар яриа гараагүй. Анх банкны зээлийг төлж дуусгахад байрыг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцоо хийсэн. Тиймээс буцаан орон сууцны өмчлөлийг шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Б.******* Я.******* нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон. Гэрээний 2.1-д Орон сууцыг худалдагч тал нь Капитрон банкны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн 8 хувийн орон сууцны ипотeкийн зээлийн гэрээ байгуулан, Капитрон банкны 40,000,000 төгрөгийн зээлээр авснаас одоогийн байдлаар 39,535,596.18 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг талууд хүлээн зөвшөөрсөн болохыг тусгаж гэрээний 2.2 дугаар зүйлд орон сууцны зээлийг төлж барагдуулах талаар 2.3-т худалдан авагч тал банкны зээлийг худалдагч талын өмнөөс бүрэн төлж барагдуулснаар орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрх үүснэ гэж тус тус нарийвчлан заасан. Б.******* миний биe дээрх гэрээг байгуулсан 2017 оноос хойш тус орон сууцанд өөрийн гэр бүлийн хамт оршин суун амьдарч байгаа бөгөөд гэрээнд заасан үүргээ биeлүүлж 2023.04.20-ны өдрийн байдлаар орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний 2.2, 2.3-т зааснаар Б.******* би орон сууцны өмчлөгч болж Я.******* нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг үүсэж байгаа болно. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Б.******* миний биe тус орон сууцыг өмчлөх эрхтэй болж байна. Иймд дүүрэг 16-р хороо 1 26 дугаар байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү- дугаар, нэг өрөө орон сууцны өмчлөгч Б.******* миний биe мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг нотлох эрх зүйн баримт бичгийг Улсын бүртгэлийн албанд хүрүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү ... гэв.

 

4. Нэхэмжлэгч Я.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээ нь анхнаасаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэрээ байсан. Гэрээ нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд ипотекийн хамт шилжих ёстой байсан. Гэрээний талууд агуулгаа тодорхойлох эрхтэй. Гэхдээ хуульд нийцүүлэн агуулгаа тодорхойлох ёстой. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хуульд нийцэж хийгдээгүй тул Б.*******ын ярьж байгаа сөрөг нэхэмжлэл нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний нэмэлт нөхцөл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.24-ний өдрийн 184/ШЗ2024/12603 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж.

 

6. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Капитрон банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улаанбаатар хотын банк, Капитрон банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, төлбөрийн баримтууд.

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч Х., Д. нарын мэдүүлэг, Капитрон банкны 2023.06.20-ны өдрийн №Д693 тоот албан бичиг, Капитрон банкны Зээлийн дансны хуулга, Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.08-ны өдрийн №5/11553 тоот албан бичиг, орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Я.*******өөс хариуцагч Б.*******ад холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, дүүргийн 16-р хороо, 1 26 байр 161 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ байгуулах үед орон сууцны ипотекийн зээлийг бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон гэсэн ойлголттой байсан, банкнаас баталсан графикийн дагуу банканд төлүүлнэ гэсэн гэрээний өөрчлөлт орсныг мэдээгүй, өөр хэлцлийг төөрөгдлийн улмаас зөвшөөрч хийсэн, мөн хууль зөрчиж хийсэн гэж тайлбарлажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний агуулгыг хоёр тал бүрэн ойлгосны үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулсан тул гэж маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлтэйгээ холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Б.******* нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дүүрэг 16-р хороо, 1 26 байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч орон сууцны үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтаар тогтоогдож байна.

 

5. Бичгийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч хөрөнгийг хүлээн авч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь ... хариуцагч орон сууцны үнийг хоёр жилийн хугацаанд төлөөгүй, орон сууцыг хууль зөрчиж шилжүүлсэн ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... талууд сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан, гэрээний агуулгаа маш сайн ойлгож байгуулсан ... нэхэмжлэгч орон сууцны үнэ ханш өссөнтэй холбоотойгоор орон сууцыг буцаан авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргасан байна.

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч хэлцэл хийхдээ төөрөгдсөн эсэх, цаашлаад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хуульд заасан аль нэг үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

8. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж, ийнхүү хууль зөрчсөн гэж үзсэн үндэслэлдээ Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ гэж заасныг зөрчиж хийгдсэн гэжээ.

 

9. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хоёр талын хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бичгийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдалд нийцсэн ба талуудыг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

10. Гэрээний зүйл болох дүүрэг 16-р хороо, 1 26 байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцыг нэхэмжлэгч Я.******* нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бусдаас худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь Капитрон банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн орон сууцны хувийн хэрэг материал, Капитрон банктай байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №3000-2016/169 дугаар Орон сууц зээлийн гэрээ, Орон сууцны зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

11. Гэхдээ гэрээний зүйл болох орон сууцны хувьд Капитрон банк ипотекийн эрхтэй байгаа нь өмчлөгчийн орон сууцыг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд ийм үүрэг хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1. дэх хэсэгт заасан.

Өөрөөр хэлбэл ипотекийн зүйл болох орон сууцтай холбоотой талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь ипотекийн дагуу үүссэн банкны шаардах эрхэд нөлөөлөхгүй, банк буюу гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

 

12. Нөгөө талаар талууд гэрээгээр нэхэмжлэгчийн Капитрон банктай байгуулсан зээлийн үүргийг шилжүүлэхээр тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн тус банктай байгуулсан зээлийн үүрэг хэвээр үлдэнэ. Харин гэрээний 2.2.2-т Худалдагч тал дээрх орон сууцыг орон сууцны зээлийг төлж барагдуулсны дараа худалдан авагч талд орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээж, худалдан авагчаар Капитрон банкны орон сууцны зээлийн үлдэгдлийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн банкнаас баталсан графикийн дагуу банканд төлүүлнэ. Сар бүрийн зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд алдангийг худалдан авсан тал хариуцна. Худалдагч тал хугацаанаас өмнө төлж дуусгахыг шаардах, шахах эрхгүй, гэрээний 2.2.4 Худалдан авагч зээлийн үлдэгдэл 39,535,596.18 төгрөгийг Капитрон банканд бүрэн барагдуулах үүрэгтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө түүний банктай байгуулсан зээлийн үүргийг хариуцан төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгчээс гэрээнд төлбөр төлөх нөхцөлийг банкнаас баталсан графикийн дагуу банканд төлүүлнэ гэж заасныг мэдээгүй гэх тайлбар гаргаж, энэ талаар гэрч Х. ... *******, , *******, *******ын эхнэр бид хамт байж байгаад ипотекийн зээлийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулна гэж амаараа хэлж амласан ... гэж мэдүүлсэн. Гэвч талуудын байгуулсан бичгийн гэрээнд энэ талаар тусгагдаагүй тул төлбөр төлөх нөхцөлийг 2 жил байхаар тохиролцсон гэж үзэхгүй ба энэ нь нэхэмжлэгчийн Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар баталсан Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т зээлийн төлбөрийг сар бүрийн 13-ны өдөр 382,319.37 төгрөгөөр төлөхөөр тусгасан байдал, гэрч Д.ийн ... графикийн дагуу төлнө гэж тохирсон ... гэх мэдүүлэг, гэрээний холбогдох заалтаар тус тус үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах тул гэрч Х. мэдүүлэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тохиролцооны агуулгыг дангаараа нотолж чадахгүй.

14. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэлээр гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.

 

16. Гэрээний 2.1 Орон сууцыг худалдагч тал Капитрон банкны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-12 тоот тушаалаар батлагдсан 8 хувийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулан Капитрон банкны 40,000,000 төгрөгийн зээлээр авснаас өнөөдрийн байдлаар 39,535,596.18 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг талууд хүлээн зөвшөөрсөн, гэрээний 2.3-т Худалдан авагч тал банкны зээлийг худалдагч талын өмнөөс бүрэн төлж барагдуулснаар орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авах эрх үүснэ гэж тохиролцсон байдлаас үзэхэд талууд орон сууцны үнийг банкны зээлийн үлдэгдэл 39,535,596.18 төгрөг байхаар, энэ төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрх худалдан авагч талд шилжинэ гэж тохиролцсон байна.

 

17. Гэрээ байгуулагдах үед хариуцагч Б.*******аас орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,535,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь Б.*******ын эзэмшлийн 5019952330 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Капитрон, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг баримт, төлбөрийн баримт, Капитрон банкны гаргаж өгсөн зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтаар хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгчээс Капитрон банканд төлөх зээлийн гэрээний үүрэг 39,535,596.18 төгрөгийг зээл төлөх хуваарийн дагуу төлж, хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 28,061,478.08 төгрөгийн төлөлт хийснээр бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдсон.

 

18. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ.

Иймд хариуцагч Б.******* худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул дүүрэг 16-р хороо 1 26 байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү- дугаар, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Я.*******өд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

19. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлээр хангасан дүн /орон сууцны үнэ 39,535,596+даалгах нэхэмжлэл 70,200/-д ногдох улсын тэмдэгтийн хураамж 425,827 төгрөгийг нэхэмжлэгч Я.*******өөс гаргуулж хариуцагчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ад холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, дүүрэг 16-р хороо 1 26 байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч Я.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг баримтлан дүүрэг 16-р хороо 1 26 байр 161 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.*******ыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Я.*******өд даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.*******ийн төлсөн 428,303 төгрөг, хариуцагч Б.*******ын төлсөн 447,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 425,827 төгрөг гаргуулж хариуцагч Б.*******ад олгосугай.

 

4.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН