Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/00896

 

2024 02 19 184/ШШ2024/00896

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 4-р хороо, 1 давхар өөрийн байранд байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 17-р хороо, 33 байр 73 тоотод оршин суух овогт *******ын ******* /*******/

 

Хариуцагч: УБ, дүүрэг 17-р хороо, 33 байр 73 тоотод оршин суух овогт *******ийн ******* /*******/ нарт холбогдох

 

гэрээний үүрэг 99,490,581 төгрөг гаргуулах, фидуцийн болон баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******, Ч.******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 99,490,581 төгрөг гаргуулах, фидуцийн болон баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 009020430029 тоот Зээлийн гэрээ-ээр Ц.******* 60,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Ч.*******той гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биeлүүлээгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь фидуцийн болон баталгаат ипотeкийн гэрээний дагуу дүүрэг 20-р хороо гудамж 6-р байр 65 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаар, 42.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн Фидуцийн гэрээний дагуу улсын дугаартай, арлын дугаартай, HOWO маркийн улаан өнгөтэй автомашиныг тус тус барьцаалсан. Иймд хариуцагч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээл 43,137,551 төгрөг, үндсэн хүү 46,925,405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,385,081 төгрөг, гэрээний нөгөө тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 6,500 төгрөг нийт 99,490,581 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү. Хэрэв уг үүргийг биeлүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотeкийн гэрээ болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна ... гэв.

2. Хариуцагч Ц.*******, Ч.*******, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нарын хувьд 60,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тогтвортойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. 2020 оноос эхлэн Ковид-19 цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаанд нь нөлөөлсний улмаас хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа зогссон. Хариуцагч нар Howo маркийн тээврийн хэрэгслээр нүүрс буюу том тэрэгний үйлчилгээ эрхэлдэг байсан. Бизнесийн үйл ажиллагаа зогссоны дараа автомашинаа таньдаг хүндээ худалдсан. Ингэхдээ нэг жижиг автомашин болон 40,000,000 төгрөг бэлнээр авахаар тохиролцсон. Тухайн 2 хүн нь автомашиныг нь аваад сураггүй алга болсон. Ингээд хариуцагч нар цагдаагийн газарт өргөдөл гаргасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоогоор тухайн хүмүүсийг шалгаж байна. Хэрэв энэ автомашинаа буцааж авбал худалдан борлуулаад, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 56,977,235 төгрөгийг төлж дуусгахад асуудалгүй. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний хүүгээ багасгаж, дахин шинэчилсэн гэрээ байгуулахыг ******* ББСБ ХХК-аас хүсэж байсан. Гэвч нэмэлт гэрээ байгуулагдаагүй, эргэн төлөлтийн хуваарийг дахин гаргаж өгөөгүй. Хариуцагч нар Ковид-19 цар тахлаас болж орлогогүй болсон, тээврийн хэрэгслээ хүнд өгөөд алдсан, энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа удаа дараа нэхэмжлэгч талд хэлсэн учир нэхэмжлэлээс 42,573,346 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ... иймд гэрээний дагуу 96,933,235 төгрөг төлөхөөс төлсөн 39,956,000 төгрөгийг хасаж үлдэх 56,977,235 төгрөг хүлээн зөвшөөрч байна ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000187652 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.02.26-ны өдрийн №009020430029 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн №009020430029 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хавсралт-1, №009020430029 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, зээл, хүүгийн тооцоо.

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

 

5. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ******* ББСБ ХХК-ийн 2024.01.25-ны өдрийн №24/087 тоот албан бичиг, ******* ББСБ ХХК-нд хариуцагч нараас гаргаж байсан хүсэлтүүд, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024.02.02-ны өдрийн №1/588 тоот албан бичиг, 2023.10.06-ны өдрийн №230802933 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас хариуцагч Ц.*******, Ч.******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 99,490,581 төгрөг гаргуулах, фидуцийн болон баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 56,977,235 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ковид-19 цар тахлын улмаас орлогогүй болсон, барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад залилуулж алдсан, энэ талаар эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэж тайлбарлажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч Ц.*******, Ч.******* нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэйгээр хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №009020430029 тоот Зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээл, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд зээлдэгчээр Ц.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ч.******* оролцож, зээлийн үүргийг хамтран хүлээхээр үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба нэхэмжлэлийн шаардлагыг тэднээс ижил хэмжээгээр шаардсан нь хуульд нийцжээ.

 

8. Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн эргэн төлөлтөд нийт 39,956,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй эсэх талаар буюу зээлийн төлбөрийн хэмжээ нь маргааны зүйл болсон байна.

 

9. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн зүйлийн 19.5. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэжээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 60,000,000 төгрөгийг хариуцагчийн нэр дээрх дансанд шилжүүлж, хариуцагч зээлийн данснаас мөнгөн хөрөнгийг авч ашиглан, улмаар зээлийн эргэн төлөлтөд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 39,956,000 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцоолол, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч нарын хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 43,173,551 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд буюу үндсэн хүүгийн төлбөрт 9,623,457 төгрөг, хугацаа хэтэрсэн нийт 562 хоногийн хүүгийн төлбөрт 36,933,235 төгрөг нийт 46,556,692 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

11. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., гэрээний 3.1.7-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн төлөгдөөгүй төлбөр 46,556,692 төгрөгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,311,338 төгрөг төлөх үүрэгтэй.

12. Хариуцагч нараас ковид цар тахалтай улбаалан санхүүгийн асуудалд орсон, барьцаа хөрөнгө болох автомашиныг бусдад өгөөд буцаан авч чадахгүй байгаа зэрэг шалтгаанаар зээлийн хүүгийн төлбөрийг зогсоох, эвлэрэн хэлэлцэх талаар хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргаж байсан, мөн Ц.******* нь улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслээ бусдад өгч залилуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь хэрэгт нотлох баримтаар цугларсан хариуцагч нарын бичгийн хүсэлтүүд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №230802933 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаанд ковид цар тахлын нөхцөл байдал үүссэн байх боловч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл, зохицуулалтад банк, эрх бүхий этгээдээс олгосон хэрэглээний зээл хамаарахгүй тул энэ үндэслэлээр хүүгийн төлбөр төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй. Мөн барьцааны гэрээний зүйл болох Howo маркийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, хариуцагч нарыг зээл, барьцааны үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нараас хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хүсэлтдээ зээлийн хүүг зогсоож, зээлийн үүрэгтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний хугацаа хэтрэх, хүүгийн хэмжээ нэмэгдэхэд буруутай гэж үзэх боломжгүй байна.

13. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлсэн баримт бичгийн нотариатын хөлс 6,500 төгрөгийн бодит зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ зардлыг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заасанд нийцнэ.

 

14. Иймд хариуцагч Ц.*******, Ч.******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43,173,551 төгрөг, хүүгийн төлбөр 46,556,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,311,338 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 99,048,081 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 442,499 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч нартай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №009020430029 дугаар Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн дүүрэг 20-р хороо, гудамж 6 байр 65 тоот, 42.2 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, бичгийн гэрээнд талууд гарын үсгээ зурцгааж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

16. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан тул хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

17. Мөн талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №009020430029 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ гэрээ байгуулж, зээлийн үүргийг хангуулах зорилгоор LZZ5ELMDXAN494278 арлын дугаартай, улсын дугаартай Howo маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гэрээний агуулга, талуудын тохиролцооны агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүсжээ.

Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэд хэдэн аргыг нэгэн зэрэг хэрэглэх боломжтой тул талуудын барьцааны гэрээнээс гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулах өөр аргыг давхар хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй, фидуцийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хангах нь зүйтэй.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /653,190+70200/ 723,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******, Ч.******* нараас 99,048,081 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 442,499 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******, Ч.******* нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг 20-р хороо, гудамж 6 байр 65 тоот, 42.2 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу LZZ5ELMDXAN494278 арлын дугаартай, улсын дугаартай Howo маркийн автомашиныг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ч.******* нараас 723,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН