2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/595

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Шаравнямбуу,

Улсын яллагч: С.Алтай /томилолтоор/,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000001890 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 342 дугаар цэцэрлэгийн хашааны гадна байрлуулсан иргэн ***гийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч копудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 385.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийн агуулах саванд нэвтэрч, Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай автомашиныг ашигласан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2025 оны 10 дугаар сарын 24-нд өглөөний 08:30 цагийн үед ажилдаа явах гээд машин дээр очсон чинь машины маань цонхыг хагалаад копудыг нь аваад явчихсан байсан. Цагдаад дуудлага өгөөд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзээд явсан. Дараа нь байцаагч дуудаж хэд хэдэн удаа мэдүүлэг өгч гарын үсэг авсан. Өнөөдөр бол хохирлоо барагдуулаад авлаа. Гомдол саналгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай асфальтан саарал өнгөтэй тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 минутаас 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 342 дугаар цэцэрлэгийн ертөнцийн зүгээр урд талд Туул гол талдаа шороон зогсоол дээр гэрлийн төмөр шонгийн чанх ар талд Туул гол руу буюу урагш харуулан байрлуулаад гэр лүүгээ орсон. Өглөө би 08 цаг 20 минутад гарч ирэх үед миний тээврийн хэрэгслийн зүүн хойд шилийг хагалж ороод урд копудыг салгаж авсан байна" гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 342 дугаар цэцэрлэгийн хашааны гадна ертөнцийн зүгээр урд талд байрлах шороон зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгсэл гэх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь ХУД, 21, 204 гэх тэмдэглэгээтэй төмөр шон бүхий гэрэлтүүлгийн хойд талд байрлаж байв. Тээврийн хэрэгсэл нь асфальтан саарал өнгөтэй Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба хохирогч *** тайлбар хийхдээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 минутын үед байрлуулсан ямар нэг сэв зураасгүй байсан гэх ба тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн урд копуд байхгүй, зүүн хойд хаалганы жижиг цонх хагарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгсэлд өөр алдагдсан зүйл байхгүй гэх бөгөөд тээврийн хэрэгслийн гадна талд өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв...” гэжээ /хх-н 3/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Бичлэг 1 гэж хадгалсан бичлэгийг тоглуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах 342-р цэцэрлэгийн урд зүгийн гаднах орчныг харуулах хяналтын камерын бичлэг байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 51 минутад ертөнцийн зүгээр баруун зүгээс цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байв. ...Бичлэг 2 гэж хадгалсан бичлэгийг тоглуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах 342-р цэцэрлэгийн урд зүгийн гаднах орчныг харуулах хяналтын камерын бичлэг байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 54 минут 53 секундэд цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл дотроос хүн буугаад хэрэг болсон газарт байгаа машинуудыг харан алхаж байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байв. ...Бичлэг 3 гэж хадгалсан бичлэгийг тоглуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах 342-р цэцэрлэгийн урд зүгийн гаднах орчныг харуулах хяналтын камерын бичлэг байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05 цаг 03 минутад ногоон өнгийн куртиктэй хүн хар өнгийн акуа загварын автомашин дээр очиж 05 цаг 03 минут 50 секундэд баруун урд хаалгыг онгойлгож, 05 цаг 08 минутад 10 секундэд тухайн автомашины урд эд ангийг салган авч өөрийн унаж ирсэн тээврийн хэрэгсэл рүү зөөвөрлөн авч явж байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байв. ***” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6/,

Сэжигтнээр ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би тухайн өдөр фейсбүүк зараас Акуа машины копуд авна гэсэн зар хараад мөнгөний хэрэг байсан тул тухайн тээврийн хэрэгслийн арын гурвалжин шилийг хагалаад копудыг нь дотроос нь онгойлгож байгаад боолтыг нь дорцовоор тайлж авсан. Зараар копуд авна гэсэн байсан дугаар руу таксинд явахдаа суусан зорчигчийн дугаараар залгаад Баянзүрх дүүргийн эмнэлгийн орчим уулзаад тухайн иргэнд копудыг 280.000 төгрөгөөр зарж борлуулсан. Өмнө нь би өөрийн тээврийн хэрэгслийн хөгжмийг алдах үед миний машиныг яг энэ аргаар онгойлгосон байсан тул ингэж машин онгойлгож болох юм байна гэсэн бодол төрсөн. Би Хан-Уул дүүргийн 20 дугааp хороо, Хөрш заан хотхоны баруун талын цэцэрлэгийн гадаа ил зогсоол дээр байсан асфальтан саарал өнгийн тээврийн хэрэгслийн копудыг хулгай хийсэн. Өөр зүйл хулгай хийгээгүй. Би 2017 оноос хойш ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Би халив, дорцов зэргийг ашиглан хулгай хийгээд өөрийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, Есөн шижир инвест банк бус санхүүгийн байгууллагын албан бичиг /хх-н 14/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 16/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 25/, Хохирол үнэлгээний "Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл 13.419.000 төгрөг" гэх тайлан /хх-н 37/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-64, 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Тухайн копуд тээврийн хэрэгсэл дотор хадгалаатай байгаагүй, мөн тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн дээрх дүгнэлтийг дэмжиж оролцсон болно.

Шүүхээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “агуулах саванд нэвтэрч..” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалсан боловч тухайн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн хадгалж байсан эд зүйлийг хулгайлаагүй зөвхөн тусгайлан бэлтгэсэн зүйл буюу овтерка, дорцов ашиглан тээврийн хэрэгслийн копудыг хулгайлсныг “...агуулах саванд нэвтэрсэн” гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Энэ талаар гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6-д зааснаар улсын яллагч тухайн зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

Харин улсын яллагчийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ автомашин унаж очсон, түүнчлэн тухайн машины копудыг машинд ачиж авч явсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгчид холбогдуулан учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж зүйлчилж ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчийн үйлдлийг дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.

Мөн дээрх гэмт хэргийн шинжийг нэмснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд” хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч нь анхнаасаа хохирогчийн тээврийн хэрэгслийн копуд хэсгийг хулгайлах зорилгоор тээврийн хэрэгсэлтэй ирсэн, улмаар тухайн копудыг тээврийн хэрэгсэлдээ ачиж явсан зэрэг үйлдэл нь машин механизм гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 342 дугаар цэцэрлэгийн хашааны гадна байрлуулсан иргэн ***гийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч копудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 385.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогчийн тээврийн хэрэгслийн копуд хэсгийг хулгайлан хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах садыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд хохирлоо авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийн эд зүйлийг хулгайлахдаа Тоёота акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн бусдад зарсан, тухайн тээврийн хэрэгсэл байгаагүй бол тээвэрлэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзсэн.

Иймд тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өөрийн эзэмшил, өмчлөлд байдаггүй тул түүнээс эд зүйлийн үнэлгээгээр гарсан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.419.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар” хорих ялтай.

Шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 01 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “агуулах саванд нэвтэрч..” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах садыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 13.419.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР