Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/00986

 

 

 

 

 

 

 

               2024          03         04

182/ШШ2024/00986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ю.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,077,711 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ч.Золзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК нь Өлзийтхан ХХК-д холбогдуулан 5,077,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд *******-тай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэхүү гэрээний үндсэн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад тээвэрлүүлэн авч ирүүлэх ач  аа болох бөс даавуу, дэрний уут гэх мэт барааг илгээгч байгууллага нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хот дахь манай байгууллагын хамтран ажиллагч агентын агуулахад хүргэн ирсэн.

1.2. Ачаа нь нийт 113 ширхэг буюу 30,8 м3 /СВМ/ байсан бөгөөд Монгол Улсад тээвэрлэгдэн ирэх үедээ чингэлэгтээ багтаагүйн улмаас 2 хуваагдан ирсэн. Эхний ачаа болох 6,68м3 /СВМ/ ачаа нь Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирсэн бөгөөд хоёр дахь ачаа болох 24.2 м3 /СВМ/ ачаа нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс, Монгол Экспресс гаалийн талбайд буусан.

1.3. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ачаа хүлээлцэх акт үйлдэн ачааны бүрэн бүтэн байдал, М3 хэмжээ, эвдрэл гэмтэл, тоо ширхэг бүрийг нэг бүрчлэн шалгаж хүлээлцэх болсон. Гэтэл хариуцагч тал тээврийн төлбөр болох 13,867,054 төгрөгөөс 7,000,000 сая төгрөгийг тухайн бараагаа хүлээн авах үедээ төлсөн байдаг. Үлдэгдэл 6,867,054 төгрөгийг 10 хоногийн дотор төлнө гэж албан бичиг үйлдэж тохиролцсон байдаг. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,821,069 төгрөг төгрөгийг төлж, үлдэгдэл 4,450,985 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байна. Төлөх талаар удаа дараа шаардлага тавихад хариуцагч талаас барааны М3-н хэмжээ буруу бодсон байна гэдэг тайлбар тавин үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан.

1.4. Хариуцагчийн ачааны хэмжээ зөв болохыг 3 зүйл нотолж байгаа. Тухайлбал хамтран ажиллагчийн агентын билл, ачааны инвойс, пакинг лист, ачаа хүлээлцсэн акт. Хамтран ажиллагчийн агентын билл гэдэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ачаанд бодит хэмжилт хийн экспортын гаалийн бүрдүүлэлт хийдэг бичиг баримт юм. Ачааны инвойс, пакинг лист гэдэг нь тухайн ачааны хэмжээ болон үнийн дүн бичигдэн хүлээн авагч /*******/-аар шалгуулсны дараа ачааг дагалдан хилээр орж ирдэг бичиг баримт юм. Ачаа хүлээлцсэн акт гэдэг нь гаалийн хяналтын талбайгаас ачаа барааг бүрэн хүлээн авсныг нотлох гол нотлох баримт бөгөөд энэ талаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11-т: “Үйлчлүүлэгч нь ачаа хүлээлцэх актан дээр ачааны эвдрэл гэмтэл дутагдлын талаар тэмдэглэлгүйгээр ачааг хүлээн авсан тохиолдолд Тээвэр зуучлагч нь ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөнд тооцно” гэж заасан байдаг.

1.5. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алданги тооцон нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2023.06.14-ний өдрөөс 2023.08.04-ний өдрийг хүртэл нийт 51 хоног хэтэрсэн байгаа ба алданги нь 25,5 хувь буюу 1,011,496 төгрөг болж байгааг үлдэгдэл төлбөр дээр нэмж нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас манай байгууллагад төлөх шаардлагатай төлбөр болох 4,045,985 төгрөг, алданги 1,031,726 төгрөг, нийт 5,077,711 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.6. Манайх хоёр компанийн хооронд байгуулсан тээврийн гэрээний дагуу ачаа барааг гаалийн хяналтын талбайдаа хүлээж авч гарын үсэг зурсан тохиолдолд ачааны хэмжээ болон килограммыг хүлээн зөвшөөрч байна гэх ойлголтыг төрүүлэх гэрээ хийдэг. Тэгэхээр бид нар гаалийн талбайгаас авч гарснаас хойших хэмжилтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Монголд ирсэн ачаан дээр хамт очиж хэмжилт хийсэн. Хариуцагч талын хэмжилт хийлгэсэн ачаа манайхаар тээвэрлүүлсэн ачаа биш байсан. 5-6 төрлийн матрас гарч ирсэн. Хоёр компанийн хооронд хийсэн тээврийн гэрээн дээр олон улсын тээврийн гэрээ гэж байгаа. Гэрээнд ачаа барааг  гаалийн талбай дээр хүлээлцэх ёстой. Гаалийн талбайгаас авч гарсан тохиолдолд тээвэр зууч хариуцахгүй гэсэн заалт байгаа. Ачаа барааг гаалийн талбайгаас авч гараад өөр контейнерт аваачиж хийгээд барааг солих магадлалтай. Тэгэхээр  манайхаас өмнө авсан, өөр газраар тээвэрлүүлсэн ачаагаа холиод хэмжилт хийлгэсэн гэж үзэж байна. Манай талаас ачаа олгоход хүн байгаагүй гэдэг бол худлаа юм. Яагаад гэвэл манай талаас хүн байсан болохоор танай жолоочоор гарын үсэг зуруулж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

 

 2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани 2023 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад агуулахын бараа бөөндөж зардаг Бумдарь гэдэг хүнээс хөнжил, гудас, матрасс, дэр бөөнөөр авсан. Энэ үед Юнайтед Шиппинг ХХК-ийн менежер Азжаргал гэдэг хүн манайхтай байнга холбогдож манайх хөнгөлөлтэй, хямдхан үнээр түүвэр ачаа явуулж байна гэсэн. Үүний дагуу харилцан тохиролцож бараагаа м3-г нь 120 ам.доллараар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол руу ачиж оруулж ирэхээр болсон.

Ингээд манайхаас Бумдарь луу мөнгийг нь шилжүүлж, Бумдариар Юнайтед Шиппинг ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь агент руу хүргүүлсэн. Тэр үед манай нийт бараа 20 орчим куб.метр болж байсан. Гэтэл тэднийхээс танай бараа ойролцоогоор 30 гаруй м3 болж байна гэсэн. Тэгэхээр нь манайхаас “ямар их болоо вэ, тэгвэл нэг мөсөн чингэлэг асуувал дээр юм байна” гэсэн чинь “яанаа, танайхыг аль хэдийн чингэлэгт аччихсан, нэг чингэлэгт багтсангүй 2 чингэлэгт хуваагаад хийчихсэн байна” гэхээр нь “за тэгвэл нэгэнт аччихсан юм чинь ирэхээр нь хэмжиж байгаад нарийн тооцоог гаргая” гэдэг хариуг менежерт Азжаргалд нь өгсөн.

Ингээд эхний чингэлэг /контейнер/ 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Энэ чингэлгээр манай 6,68 м.куб ачаа ирсэн гэснийг нь очиж авсан. Энэ үед эхний бага хэмжээний ачаа учраас хэмжилт хийлгүйгээр, дараагийн ачааг нь ирэхээр нь нэг мөсөн хэмжилт хийе гэж бодоод гаалийн талбайгаас авсан. Дараагийнх нь чингэлэг 2023 оны 06 дугаар сарын эхээр ирсэн. Ингээд манайхаас гаалийн бүрдүүлэлт хийгээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл ачаагаа очиж авсан. Энэ үедээ “Юнайтед Шиппинг” ХХК-ийн ажилтан руу залгаж хэмжилт хийе гэхэд “манайх одоо хэмжилт хийхгүй, Солонгост хэмжсэн хэмжилтээрээ явна” гээд ирээгүй. Мөн ирж ачаагаа хүлээлцээгүй. Бид нар хүлээж байгаад гаалийн талбайг хурдан чөлөөл гэсний дагуу ачаагаа авч гарсан. Ачаагаа өөрийн агуулах дээр буулгасны дараа өөрсдөө дахин хэмжсэн. Гэтэл сүүлийн ирсэн 24,2 м.куб гэсэн ачааг хэмжтэл бодитоор 15,8 м.куб болсон. Тэгэхээр нь өмнөх ирсэн 6,68 м.куб ачааг хэмжтэл 4,8 м.куб байсан. Ингээд нийт зөрүү 10,28 м.куб болж багассан ба энэхүү зөрүү мөнгийг бодит бусаар манайхаас нэхэмжилсэн байсан. Үүний дагуу “Юнайтед Шиппинг” ХХК-ийн ажилтан руу дахин залгаж “хэмжилт буруу байна, ирж шалгаж, дахин хэмжилт хийж тооцоогоо нийлнэ үү” гэхэд ирэхгүй гэдэг хариу өгсөн.

Манай компани “Юнайтед Шиппинг” ХХК-иар бодитоор 20,6 м.куб ачааг тээвэрлүулж ирсэн ба үүний дүн нь 2472 ам.доллар буюу 8,590,200 төгрөг болсон. Манай компаниас “Юнайтед Шиппинг” ХХК-д 9,821,070 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 557,674 төгрөгийг илүү шилжүүлсэн. Одоо “Юнайтед Шиппинг” ХХК-д төлөх нэг ч төлбөрийн үлдэгдэл байхгүй. Хэрэв 13,867,054 төгрөгийн төлбөр гарсан гэж үзэж байгаа бол дахин хэмжилт хийх шаардлагатай. Манай бараа гаалийн талбайгаас авсан яг тэр хэвээрээ хадгалаастай байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч тал гэрээгээр нотлогдоно гэж яриад байгаа. Бизнесийн харилцаанд эрх тэгш, шударга байх ёстой. Шинжээчийн дүгнэлтийн дагуу бодохоор 22,35 м.куб ачаа болж байгаа. Шинжээч хэмжилт хийх үед ихэнх бараа нь байсан. Тиймээс шинжээч очиж хэмжилт хийсэн. Цөөхөн тооны бараа арилжаанд гарчихсан байсан. Шинжээч матраасны нарийн хэмжээг гаргасан. Аливаа барааг 2 тал хамт байж байгаад хэмжиж, үнийн дүнг тогтооно. Түүнээс нэг тал нь өөрөө хэмжчихээд нөгөө талдаа үзүүлэх ёсгүй. Энэ бол бизнесийн шударга байх зарчим зөрчсөн байгууллага гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/,

3.3. Итгэмжлэл /хх 5/,

3.4. Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 6-7/,

3.4. Нэхэмжлэх /хх 9, 24-26/,

3.5. Хосолсон тээврийн дагалдах баримт бичиг /хх 10-13/,

3.6. Худалдааны нэхэмжлэх /хх 14-15, 18-19/,

3.7. Сав, баглаа боодлын жагсалт /хх 16-17, 20-21/,

3.8. Ачаа хүлээлцсэн баримт /хх 22, 58/,

3.9. *******-ийн 2023.06.06-ны өдрийн Тээврийн төлбөрийн тухай албан бичиг /хх 23/.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 29-30/

4.2. Хариу тайлбар /хх 35/

4.3. Итгэмжлэл /хх 43/

4.4. *******-иас гаалийн агуулахаас 2 дахь ачааг ачаад явж буй байдал гэх фото зураг /хх 45-47/,

4.5. Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /хх 105-107/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.02.14-ний өдрийн 40 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан. /хх 75-88,93-99/.  

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан  5,077,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлвөл зохих хөлс 4,045,985 төгрөг, алданги 1,031,726 төгрөг, нийт 5,077,711 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлно.

 

1.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Юнайтед Шиппинг” ХХК-иар тээвэрлүүлсэн ачаа 30.8 м3 хэмжээтэй байгаагүй, бодитоор 20,6 м3  байсан, зөрүү 10,28 м.куб ачааны хөлсийг хууль бусаар нэхэмжилсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК болон хариуцагч ******* нарын хооронд №Г/23-039 тоот Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тээвэр зуучлагч Юнайтед Шиппинг ХХК нь үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн бүх төрлийн ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулах, үйлчлүүлэгч ******* нь гэрээнд заасны дагуу харилцан тохиролцсон үйлчилгээний хөлсийг төлөхөөр тохиролцсон байна. /хх 6-7/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба №Г/23-039 тоот гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Зохигчдын тайлбар, дээрх гэрээнд заасан зорилго, агуулга хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ийнхүү Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тээвэр зуучлагч Юнайтед Шиппинг ХХК нь үйлчлүүлэгч *******-д үйлчилгээ үзүүлсэн талаар хэн аль нь тайлбарлаж байх ба тээвэр зуучлагч нь 30.8 м3 ачааг Бүгд Найрамдах Солонгос Улсаас 2 хуваан тээвэрлэн ирсэн хөлс 13,867,054 төгрөг шаардсанаас үйлчлүүлэгч ******* 9,821,069 төгрөг төлсөн хэмээн тайлбарласныг хариуцагч ******* үгүйсгээгүй.

 

3. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, тээвэрлэлтийн хөлс 1 м3 ачаа 120 ам.доллар байхаар тохиролцсон талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь нийт 30.8 м3 ачааг 2 хуваан тээвэрлэж Монгол улс руу тээвэрлэснээс 2023.05.09-ний өдөр 6.68 м3 ачаа, 2023.05.29-ний өдөр 24.2 м3 ачаа тээвэрлэгдсэн ирсэн гэж,  хариуцагч нь эхний ачаа 6.68 м3 биш 4.8 м3, дараагийн ачаа 24.2 м3 биш 15.8 м3 болсон,  нийт 20.6 м3 ачааг тээвэрлүүлсэн гэж ачааны хэмжээнд маргаж байна.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4-т “Тээвэрлэлтэнд хүлээн авсан барааны талаар шаардлагатай мэдээлэл, зураг, хэмжээ, жин, тоо ширхэг, хүрэх өртөө, хүлээн авагчийн нэр хаяг, тухайн ачааг тээвэрлэхэд шаардлагатай тусгай нөхцөлийн талаарх мэдээлэл дутагдалтай, буруу ташаа байснаас болон цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн гарах зардлыг Үйлчлүүлэгч хариуцна” гэж заасан байх бөгөөд үйлчлүүлэгч нь тээвэрлэлтэнд хүлээн авах барааны мэдээллийг тээвэр зуучлагчид өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2023.04.17-ны өдрийн Сав баглаа боодлын жагсаалт /хх17/, Худалдааны нэхэмжлэхээс үзвэл /хх 15/ худалдагч Бумдарь Бадамцоодол нь хүлээн авагч *******-д 13 хайрцаг хөнжил, 49 матрас, 16 хайрцаг дэр,8 хайрцаг дэрний уут, нийт 88 хайрцаг савлагаатай, 24.2 куб.метр ачааг,

2023.04.20-ны өдрийн Сав баглаа боодлын жагсаалт /хх 21/, Худалдааны нэхэмжлэхээс үзвэл /хх 19/ худалдагч Бумдарь Бадамцоодол нь хүлээн авагч *******-д 2 хайрцаг хөнжил, 9 хайрцаг дэр, 16 хайрцаг дэрний уут, нийт 27 хайрцаг савлагаатай, 6.68 куб.метр ачааг тус тус илгээсэн байх бөгөөд тус ачааг тээвэр зуучлагч Юнайтед Шиппинг ХХК хүлээн авсан байна.

 

Мөн хосолсон тээврийн дагалдах баримт бичгээс үзвэл /хх 11, 13/ бүрээс, матрас болох 1.900.500 кг жинтэй, 24.200 см.куб хэмжээтэй, 86 хайрцаг ачааг 2023.04.19-ний өдөр, дэр, дэрний уут, хөнжил болох 703.800 кг жинтэй, 6.680 см.куб хэмжээтэй, 27 хайрцаг ачааг 2023.04.23-ны өдөр тус тус БНСУ-аас Монгол Улс руу тээвэрлэсэн байна.

Дээрх Сав баглаа боодлын жагсаалт, хосолсон тээврийн дагалдах баримт бичгээр үйлчлүүлэгч буюу *******-ийг тээвэр зуучлагч Юнайтед Шиппинг ХХК-д ачааны талаарх мэдээллийг өгсөн, тухайн баримт бичигт дурдагсан мэдээллээр үйлчлүүлэгч ******* нь 30.8 м3 ачааг Юнайтед Шиппинг ХХК-иар тээвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Дээрхээс 27 хайрцаг буюу 6.68 м3 ачаа 2023.05.09-ний өдөр Монгол Улсад ирснийг 2023.05.12-ны өдөр,

86 хайрцаг буюу 24.2 м3 ачаа 2023.05.29-ны өдөр Монгол Улсад ирснийг 2023.06.07-ны өдөр ******* нь Юнайтед Шиппинг ХХК-иас хүлээн авч, тус тус ачаа хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү авахдаа ачааны бүрэн бүтэн байдал болоод бусад зүйлийн талаар тэмдэглэгсэн зүйлгүй байна. /хх 22, 58/

 

6. Ийнхүү нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч *******-иас харилцан тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК нь 2023.05.08-ны өдөр 2,853,043.20 төгрөгийн нэхэмжлэх, 2023.05.23-ны өдөр 10,301,011.72 төгрөгийн нэхэмжлэхийг  хариуцагч *******-д илгээсэн байна. /хх 24-25/

 

Хариуцагч ******* нь 2023.06.06-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2023.06.14-ний өдөр 2,281,069.44 төгрөгийг тус тус Юнайтед Шиппинг ХХК-д төлжээ. /хх 105-107/

 

Мөн ******* нь 2023.06.06-ны өдөр “манай компани нийт тээврийн төлбөрийн 7  сая төгрөгийг өнөөдөр төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг 10 хоногийн дотор багтаан төлнө гэж албан бичгээр Юнайтед Шиппинг ХХК-д мэдэгджээ. /хх 23/

 

Гэвч энэхүү хугацаандаа хариуцагч ******* нь 4,045,985 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3 дугаар зүйлд “... заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.5 хувиар тээвэр зуучлагчид алданги төлнө” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байх ба хуульд заасан анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь 2023.06.14-ний өдөр 2,281,069.44 төгрөгийг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн энэ өдрөөс эхлэн алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй, нэг хоногийн алдангийг 20,229.9 төгрөгөөр тооцсон нь алдаагүй байна.

 

8. Иймд хариуцагч *******-иас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 4,045,985 төгрөг, алданги 1,031,726 төгрөг, нийт 5,077,711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            9. Хариуцагчаас татгалзалын үндэслэлээ:

1. Ачаагаа авах үедээ хэмжилт хийе гэхэд нэхэмжлэгч Солонгост хэмжсэн хэмжилтээрээ явна гээд хийгээгүй, ачаагаа хүлээлцээгүй,

2. Ачаагаа өөрсдөө хэмжихэд сүүлийн ирсэн 24,2 м.куб ачаа бодитоор 15,8 м.куб, өмнөх ирсэн 6,68 м.куб ачаа 4,8 м.куб байсан,

3. “Юнайтед Шиппинг” ХХК-д “хэмжилт буруу байна, ирж шалгаж, дахин хэмжилт хийж тооцоогоо нийлнэ үү” гэхэд татгалзсан гэж тайлбарлаж мэтгэлцсэн ч хариуцагч нь өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн татгалзал нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.13-т “үйлчлүүлэгч нь тээвэрлэгдэж ирсэн ачааг хүлээн авахдаа ачааны бүрэн бүтэн байдлыг шалгаж ачаа хүлээлцэх актад гарын үсэг зурж хүлээн авна” гэж заасан  нь хариуцагчид ачаагаа шалгаж авах үүргийг ногдуулсан байх бөгөөд ачаа хүлээлцсэн баримтад ачаа хүлээн авагч нь аливаа гомдол мэдүүлээгүй байгаа байдлаас дүгнэхэд хариуцагчийн татгалзал тайлбар үгүйсгэгдэж байна.

 

10. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.02.14-ний өдрийн 40 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүхийн шинжээч томилсон захирамжил нэрлэн заасан ачаанаас бага буюу 103 хайрцаг ачааны эзлэхүүний хэмжээг тодорхойлсон байх тул ачааны эзлэхүүнийг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* нь шинжээч дүгнэлт гаргахаар ажиллаж байх хугацаанд зарим ачааг худалдсан байсан гэж тайлбарлаж байх тул шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж, хэрэгт авагдсан бусад баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 96,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.08.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 5,077,711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 96,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Юнайтед Шиппинг ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА