Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Г.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хандаржаа овогт Ганбаатарын Мягмардоржид холбогдох эрүүгийн 1720000210002 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн удирдлагатай систем мэргэжилтэй, Улаанбаатар хотын төв Хас банкинд програмист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Баянзүрх хотхоны 10-119 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хандаржаа овогт Ганбаатарын Мягмардорж /АЮ87102773/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Мягмардорж нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 34-28 УБӨ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Мягмардоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн эхнэр Б.Болор-Эрдэнэ, хадам ах Б.Орхонбаатар түүний эхнэр А.Баасанжаргал нарын хамт БНХАУ-ын Эрээн хотоос лангууны бараа материал худалдаж авах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос өөрсдийн 34-28 УБӨ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд 07-ны өдрийн 08 цагийн үед Замын-Үүд суманд орж ирээд тээврийн хэрэгслээ Э-транс ложистикийн хашаанд үлдээгээд 10 цагийн үед хил гарсан. Тэгээд Эрээн хотоос ойр зуурын бараа материал цуглуулаад 17 цагийн орчимд Замын-Үүд суманд орж ирээд замдаа нэг хоол идээд машинаа аваад шууд Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Замын-Үүд сумаас гараад явж байтал надаас бусад нь унтаад өгөхөөр нь машинаа жолоодоод зүв зүгээр чигээрээ явж байтал жолооны хүрд баруун гар тал руу хазайгаад замын хөвөө рүү орохоор нь зам руугаа орох гээд зүүн гар тал руу буцаагаад дарсан чинь чигээрээ яваад ертөнцийн зүгээр баруун гар талын далан руу орж онхолдсон. Тухайн үед би тээврийн хэрэгслээ 100 орчим км/цагийн хурдтай жолоодож явсан бөгөөд машин гэнэт жолоодлогогүй болоод хөвөө рүү хазайхаар нь жолоогоо нөгөө тал руу нь дартал шууд чигээрээ яваад замын хажуу руу унасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч маань эхнэр маань миний асаргаанд байгаа. Одоо таяг тулаад явж байгаа. Хөнгөн ял оногдуулана уу...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Осол гарсан өдрийн 17 цагийн үед Эрээн хотоос Замын-Үүд суманд орж ирээд 18 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу өөрийн төрсөн ах Б.Орхонбаатар түүний эхнэр А.Баасанжаргал, нөхөр Г.Мягмардорж нарын хамт өөрсдийн 34-28 УБӨ улсын дугаартай Приүс 20 маркийн автомашинтайгаа хөдлөөд замдаа унтсан. Тэгээд нэг сэрсэн манай машин замын хажуу руу онхолдчихсон, би өөрөө машиныхаа гадаа хөлөө жийгээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

-Гэрч Б.Орхонбаатарын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр А.Баасанжаргал, төрсөн дүү Б.Болор-Эрдэнэ түүний нөхөр Г.Мягмардорж нарын хамт БНХАУ-ын Эрээн хотоос бэлэн хувцас худалдаж авах зорилгоор 2017.07.06-ны өдрийн 23 цагт 34-28 УБӨ улсын дугаартай Приүс 20 маркийн машинтай гараад маргааш өдрийн 08 цагт Замын-Үүд суманд орж ирсэн. Ингээд дөрвүүлээ машинаа Э-Транс ложистикийн гадаа үлдээгээд Эрээн хот руу зорчсон бөгөөд үдээс хойш 17:30 цагийн орчим Замын-Үүдэд буцаж орж ирээд гааль дээр хоол идээд 18:30 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн тухайн үед тээврийн хэрэгслийг Г.Мягмардорж жолоодож явсан бөгөөд хоёр эмэгтэй арын суудалд, би жолоочийн эсрэг талын суудал дээр аюулгүйн бүсээ зүүгээд зорчиж явсан. Ингээд Замын-Үүд сумаас гараад жолоочоос бусад нь замдаа ядраад унтаж байтал гэнэт машин замын хажуу руу яваад шороон зам дэржигнэхээр нь сэртэл замын баруун талын хөвөө рүү чигээрээ яваад далан руу орж онхолдсон. Онхолдох үед бид нарын сууж явсан машин 2 эргэх шиг болоод шороон дээр зогссон бөгөөд баруун талын хаалганууд онгойгоод, шилнүүд хагарсан байхаар нь машинаас нэг нэгээрээ буусан. Тэгээд бид нарын ослын талаар Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдээд эмнэлгийн тусламж дуудах гэсэн боловч утасны дугаар нь болохгүй байсан. Тэгэхээр нь гэмтэлтэй хүмүүс буюу Б.Болор-Эрдэнэ, А.Баасанжаргал нарыг замын унаанд суулгаад Замын-Үүд сумын эмнэлэг рүү явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэрч А.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед өөрийн нөхөр Б.Орхонбаатар, дүү Б.Болор-Эрдэнэ түүний нөхөр Г.Мягмардорж нарын хамт БНХАУ-ын Эрээн хотоос бараа материал худалдаж авах зорилгоор Г.Мягмардоржийн өмчлөлийн 34-28 УБӨ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу хөдөлсөн. Тэгээд шөнөжингөө явсаар байгаад Замын-Үүд суманд 07-08 цагийн үед орж ирсэн бөгөөд машинаа 3-ын хаалтны хажуу талын хашаанд үлдээгээд 10 цагийн үед Эрээн гараад бараа материалаа цуглуулаад 17 цагийн орчим Замын-Үүд суманд буцаж орж ирсэн. Ингээд хилийн цайны газарт хоол идээд машинаа аваад шууд Улаанбаатар хот руу явсан бөгөөд тухайн үед Б.Болор-Эрдэнэ бид хоёр зорчигчийн арын суудалд, Б.Орхонбаатар урд талын зорчигчийн суудал дээр зорчиж явсан. Тэгээд Б.Болор-Эрдэнэ бид хоёр Эрээн хотоос худалдаж авсан бараагаа сонирхож байгаад барааг цэгцэлж дуусгаад хэсэг зүүрмэглээд явж байтал машин гэнэт зүүн гар тал руу огцом хазайгаад замын баруун гар талын далан руу нисэх мэт болоод шороон зам дээр онхолдсон. Осол болох үед ухаан санаа орж гараад яг юу болсныг ойлгох сөхөөгүй байсан ба онхолдсоны дараа машины цонхоор гараад шокын байдалтай хэсэг суусан. Үүний дараа машин зам дээрээс замын машин зогсоогоод Б.Болор-Эрдэнэ, Г.Мягмардорж бид 3 Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. Учир нь Б.Болор-Эрдэнэ бид хоёрын биед гэмтэл учирсан бололтой хамаг бие хөндүүр оргиод явахад хүндрэлтэй байсан юм аа...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Болор-Эрдэнийн биед баруун эгэм ясны далд хугарал, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуя болон шилбээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 
  2. Учирсан гэмтлүүдийн баруун эгэм ясны далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуя болон шилбээр зулгаралт, гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  3. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана.
  4. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 41/,

- Г.Мягмардоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 62-63/,

- Г.Мягмардоржийн жолоочийн лавлагаа /хх-ийн 67/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/,

- Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

      1. Автотээврийн осолд орсон Тоёота Приүс маркийн 34-28 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Мягмардорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

      2. Жолооч Г.Мягмардорж нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 873504 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

      3. Автотээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс маркийн 34-28 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Мягмардорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 43/,

- Хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болдбаатар овогтой Болор-Эрдэнэ миний бие 2017.07.07-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар луу нөхөр Г.Мягмардорж, ах Б.Орхонбаатар, бэр эгч А.Баасанжаргал нартай puis 20 маркийн автомашинтай явж байгаад зам тээврийн осолд орсон. Г.Мягмардорж, Б.Орхонбаатар, А.Баасанжаргал нарт ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Миний бие ослоос үүдэлтэй гэмтлээ эмчлүүлэн эдгэрч байна. Миний хувьд ямар нэгэн гомдол, санал байхгүй тул энэ хэргийг яаралтай шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Баасанжаргалын биед баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

2. Учирсан гэмтэлд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

3. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,

      - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Орхонбаатарын биед зүүн бугалга шуу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

2. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

3. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

   Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Г.Мягмардорж нь Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн 34-28 УБӨ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт онхолдож, тээврийн хэрэгсэлд сууж явсан түүний эхнэр Б.Болор-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.Мягмардоржийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Мягмардорж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Болор-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мягмардоржийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Болор-Эрдэний “...Тэгээд нэг сэрсэн манай машин замын хажуу руу онхолдчихсон, би өөрөө машиныхаа гадаа хөлөө жийгээд сууж байсан...” гэсэн, гэрч Б.Орхонбаатарын “...18:30 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн тухайн үед тээврийн хэрэгслийг Г.Мягмардорж жолоодож явсан бөгөөд хоёр эмэгтэй арын суудалд, би жолоочийн эсрэг талын суудал дээр аюулгүйн бүсээ зүүгээд зорчиж явсан...гэнэт машин замын хажуу руу яваад шороон зам дэржигнэхээр нь сэртэл замын баруун талын хөвөө рүү чигээрээ яваад далан руу орж онхолдсон...” гэсэн, гэрч А.Баасанжаргалын “...Г.Мягмардоржийн өмчлөлийн 34-28 УБӨ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу хөдөлсөн... машин гэнэт зүүн гар тал руу огцом хазайгаад замын баруун гар талын далан руу нисэх мэт болоод шороон зам дээр онхолдсон...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Г.Мягмардоржид холбогдох хэргийн зүйлчилэл зөв, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Г.Мягмардоржид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй болон шүүгдэгч нь ажил төрөл эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мягмардорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хандаржаа овогт Ганбаатарын Мягмардоржийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хандаржаа овогт Ганбаатарын Мягмардоржийг таван зуун нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Мягмардоржид оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Мягмардорж нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Мягмардорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мягмардоржид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ