| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1909004040416 |
| Дугаар | 2021/ДШМ/1018 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 17.3.3.3., |
| Улсын яллагч | Я.Мөнхтуяа, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/1018
2021 11 30 2021/ДШМ/1018
М.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Мөнхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
С.....дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909004040416 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М-ын М, .....оны..... дүгээр сарын ....-ний өдөр .....хотод төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Б.... дүүргийн ....дугаар хороо, ......гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн .........хотхоны...........дугаар байрны .... тоотод түр оршин суух, Б....дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн......оны....дүгээр сарын.........-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар ... жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байсан, РД:/.........../.
Шүүгдэгч М.М нь ... оны дүгээр сарын ...-ны өдөр хохирогч Э.С-ын үнэгүй.мн сайтад байршуулсан “.................” маркийн гар утас зарна" гэх зарын дагуу авахаар тохиролцож, С.... дүүргийн ...дугаар хороо, Т... плаза гэсэн худалдааны төвд уулзаж, “манай эхнэр бид хоёр энд ресторан, баар ажиллуулдаг, би эхнэртээ утас авч байгаа юм, түүнд үзүүлчихээд мөнгийг чинь аваад гараад ирье, та түр хүлээж байгаарай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, 975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
С........... дүүргийн прокурорын газраас: М.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С....дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 5 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгийн 88 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгээс 975.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ст олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.М нь тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 847 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид 7 жилийн хорих ял шийтгүүлсэн, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Тусгай нэгж хорих ангид өөрийн хүсэлтээр аж ахуйн үйлчилгээний тогооч заалттай ямар нэгэн зөрчилд холбогдолгүй ажиллаж байсан. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ...........дүүргийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Идэрбат нь уг хэрэг дээр 461 дүгээр анги руу дуудлагаар авчихсан. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг Босоо хөх монгол гэх намайг өөрсдийн эрхшээлд оруулж, шахалдлагаар Бат-Эрдэнэ, Ундрам, Тэлүүлэл гэх хүмүүсийн хамт үйлдсэн. Уг үйлдэлдээ гэмшиж хүлээн зөвшөөрч хохирогч болох Сурахбаярт хохирол болох 975.000 төгрөгийг яаралтай төлж барагдуулах болно. Давж заалдах шатны шүүхэд гомдол хүсэлт гаргах болсон шалтгаан гэвэл 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 7 жил, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 6 сар, мөн одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Ундрахбулаг нь 2018 оны 10 сар орчим чамд нэг үйлдэл байна, тэр дээр нь дуудлагаар 461 дүгээр анги руу дахин буцааж ял нэмэх гээд байгаа. Анх .... оны .... дүгээр сарын ....-нд ..... жил авахад шүүгч болон прокурорт надад 37 үйлдлээс гадна үйлдэл байгаа, мөн тэдгээр үйлдлийг дээрх Б-ын залуустай үйлдсэн, бүгдийг нь хамт шалгуулмаар байна гэсэн боловч нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар авч хэлэлцээгүй. “Б...........” гэх хүмүүсийн намайг дарамталсан, мессеж дуудлага, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, амьд гэрч байсаар байтал авч хэлэлцээгүй байна. Уг бүлгийн хүмүүс надаас гадна олон залуусыг энэ мэт байдлаар гэмт хэрэгт хүчээр татан оролцуулж байгааг би өөрөө харсан. Мөн намайг ..... оны ....дугаар сарын ....-ны өдөр .... дүгээр ангид хоригдож байхад 4 дүгээр сарын 1-нд .........дүүргийн О гэх байцаагч ирээд яг чиний аргаар Хангай хотхоноос Айпоне Х гар утас залилсан байна гэсэн. Харин би уг өдөр 461 дүгээр ангид хоригдож байсан. Энэ мэтчилэн уг хүмүүс нь нэг ижил аргаар гэмт хэрэг гаргасаар байгаа. Уг асуудлаар би .... оны....дугаар сарын ....-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус хүмүүсийг шалгуулах хүсэлт өгсөн.Тэгээд харъяаллын дагуу 5 дугаар сарын 20-ны өдөр ........дүүргийн байцаагч Ц...... гэж хүн надаас хохирогчийн мэдүүлэг авсан. Мөн дараа нь ..... дүүргийн 1 дүгээр хэсгийн байцаагч Ринчин ирээд чи битгий Босоо хөх монголынхныг хам хэргээр тат, чамд болон гэр бүлийнхэнд чинь аюултай, татчихвал чи анхны хэрэгтээ бага ял шийтгэл авна гээд явсан. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Сандэй худалдааны төвд гутлын лангуу ажиллуулж байсан. Тийм болохоор итгээд уг асуудал дээр ............гэх хүмүүсийн талаар чимээгүй орхисон. Одоо тэрэндээ харамсаж байна. Би одоо зохих ёстой ял шийтгэлээ эдлээд явж байхад уг хүмүүс сул чөлөөтэй явж байна. Иймд шүүгч танаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 658 дугаар тогтоолоор 6 сар хорих ял, мөн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр........... дүүргийн 1 дүгээр хэлтсийн У..... байцаагч дээр байгаа хэргийг нэгтгэж, мөн дээрх “Босоо хөх монгол” гэх хүмүүсийн үнэн мөнийг бүгдийг шалгуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Прокурор Я.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Босоо хөх Монгол” гэх бүлэг энэ хэрэгт хамааралтай болох нь нотлогдоогүй. Ийм мэдүүлэг болон бусад нотлох баримт огт байхгүй. Мөн .......дүүргийн Цагдаагийн газарт шүүгдэгч М.М-гийн өөр хэрэг шалгагдаж байгаа талаар нотлох баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа талаараа мэдүүлээгүй, харин шүүхийн шатанд л ингэж мэдүүлсэн.
М.М-д холбогдох хэргийн анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.М нь unegui.mn сайтад байрших зарын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ............дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах .........төв дотор уг зарыг байршуулсан хохирогч Э.С-тай уулзаж, түүний зарах гэсэн гар утсыг худалдаж авах нэрийдлээр “...эхнэртээ үзүүлчихээд мөнгийг чинь аваад гараад ирье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч, 975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.С-ын: ...Би “Самсунг галакси нөүт-9” загварын гар утсыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Сайн Электроник” төвөөс 2.990.000 төгрөгөөр худалдаж авч, хэрэглэхгүй байж байгаад мөнгөний хэрэгцээ гараад зарахаар зар тавьсан. Тэгтэл зарын дагуу 94245862 гэсэн дугаараас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр холбогдоод “үнэ ханш тохироод авъя” гэсэн. Тэгээд намайг “Топаз" төв дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгтэл 20 гарсан насны махлагдуу, нүдний шилтэй, шүдэндээ төмөртэй залуу уулзаад “эхнэртээ үзүүлчихээд мөнгийг чинь аваад гараад ирье, та түр хүлээж байгаарай” гээд “Топаз” төв рүү яваад орсон. Тэгээд гарч ирэхгүй удаад байхаар нь яваад ортол тэр хүнийг тухайн байгууллагад ажилладаг хүмүүс танихгүй, арын буудлын хаалгаар нэвт гараад явчихсан гэж хэлсэн. ...” /хх 6-7/,
гэрч Г Батмөнхийн: “Би 2019 оны 2 дугаар сарын 09-11-ний өдрийн орчимд Теди төвийн 2 давхарт байрлах хувь хүн дээрээс бэлнээр 1.400.000 төгрөгөөр Самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг худалдан авсан. Тэгээд би тухайн гар утсанд ээжийн нэр дээр байдаг сим картыг хийгээд ээж З.Нарантуяад бэлэг болгож өгсөн. Ингээд ойролцоогоор сарын дараа би тухайн гар утсыг ажлын хэрэгцээнд ашиглах зорилгоор ээжээсээ буцааж аваад Мөнхбурам гэдэг ажилтандаа өгсөн. Одоо тухайн гар утсыг Говь-Алтай аймагт байрлах уурхайд Мөнхбурам гэдэг хүн ашиглаж байгаа” /хх 22/,
гэрч Д.М-ын: “Миний бие Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчим байрлах “Тэлмэн жав” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2015 оноос хойш ажиллаж байна. 2019 оны 2 дугаар сарын үед манай барьцаалан зээлдүүлэх газарт "Самсунг нөүт 9” загварын гар утас барьцаанд тавьсан. Тухайн үед уг утсыг ямар хүн тавьсан талаар огт мэдэхгүй байна. Тухайн гар устыг барьцаанаас авахгүй хугацаа хэтэрч гэрээнд зааснаар хураан авч худалдсан. Тэгээд жилийн дараа тухайн утсыг худалдан авсан залуу ломбардад буцаж ирээд “цагдаагаас над руу яриад байна, энэ утас хулгайн утас юм байна, мөнгөө авъя” гэхээр нь "өөр утас өгье" гэж хэлсэн. Түүнээс хойш надруу цагдаагаас яриагүй, чимээгүй байхаар нь нөгөө утсыг нь буцаагаад өгсөн. Нөгөө утсыг 1.400.000 мянган төгрөгөөр зарсан” /хх 37/,
М.М-гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 14-15 цагийн үед “Үнэгүй.мн” сайтаас гар утас зарна гэдэг зарын дагуу холбогдож “Самсунг нөүт 9” маркийн утас худалдаж авахаар болсон. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаа 40 орчим настай ахтай уулзаад гар утсыг нь авахаар болоод “Топаз” зочид буудалд манайх ресторан ажиллуулдаг, би ороод эхнэртээ үзүүлээд ирье, гадаа хүлээж бай” гэж хэлээд рестораны хаалгаар ороод Супер маркетын хаалгаар гарч явсан. Тэгээд ломбардад 1.400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан” /хх 57/ гэсэн мэдүүлгүүд,
“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч М.М-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, …өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан…” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
М.М-гийн хийсэн үйлдлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд нь тохирчээ.
М.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.М-гээс өөр этгээд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, М.Мгийн өөр хэрэг бусад цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар баримт эрүүгийн хэргийн нэгдсэн мэдээллийн санд байхгүй гэсэн тайлбарыг прокурор Я.М гаргаж байх тул шүүгдэгч М.М-гийн гаргасан “...өөр хэрэгт шалгагдаж байгаатай хамт шийдвэрлүүлэх, Босоо хөх монгол бүлгийн хүмүүстэй хийсэн хэргээ хамт шийдвэрлүүлэх” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцтэл 70 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн........оны .....дүгээр сарын ......-ний өдрийн 2021/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн 70 (дал) хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ